Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 23

 

 

 

Б.Чинзоригт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч Н.Мөнхжаргал, Б.Дамба нарын бүрэлдэхүүнтэй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Мөнхтуяа, шүүгдэгч Б.Чинзориг, түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал, Б.Лхагвацэрэн /онлайнаар/ прокурор Б.Цогтбадрах, нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг нарыг оролцуулан

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 57 дугаар шийтгэх тогтоолтой, Б.Чинзоригт холбогдох эрүүгийн 201521000427 дугаартай хэргийг шүүгдэгч Б.Чинзориг түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал нарын давж заалдсан гомдлыг үндэслэн, 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч шүүгч Б.Дамбын илтгэснээр нээлттэйгээр хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1983 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэгт төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Чингүн овогт Батхуягийн Чинзориг нь онцлох шалтгаангүйгээр 2015 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс 30-нд шилжих шөнө 02 цагаас 03 цагийн орчимд  Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэрт байрлах хуучнаар "Мөнхцохилохуй” эмнэлэг нэртэй түрээсийн нийтийн байранд түрээслэгч Г.Лхагважаргалын гэрт унтаж байсан иргэн Б.Баасансүрэнг орноос нь чирч босгож, хэл амаар доромжлон, өөрийнхөө гэрээс авчирсан гэх хайчаар Б.Баасансүрэнгийн зүүн талын нүдний орчимд 1 удаа бүлж /хатгаж/ танхайн сэдэлтээр, шууд санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Чингүн овогт Батхуягийн Чинзоригийг танхайн сэдэлтээр хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2-т зааснаар шүүгдэгч Батхуягийн Чинзоригийг 16 / арван зургаа/ жилийн хугацааны хорих ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар шүүгдэгч Б.Чинзоригт оногдуулсан 16 жилийн хугацааны хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч Б.Чинзоригийн цагдан хоригдсон 537/ таван зуун гучин долоо/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505, 508 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч  Б.Чинзоригоос 16394100 / арван зургаан сая гурван зуун ерөн дөрвөн мянга нэг зуун /  төгрөг  гаргуулан хохирогч Л.Мөнхтуяад олгож, хохирлоос 8500000 / найман сая таван зуун мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогч Л.Мөнхтуяа нь сэтгэл санааны хохирол болон бусад зардлаа  иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг нь дурдаж, шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Чинзориг түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал нарын давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 57 дугаар шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна. Шүүхийн шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн нь хавтаст хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг эрс зөрүүтэй байхад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4-д зааснаар нүүрэлдүүлэн байцаалт авч, мэдүүлгийн ноцтой зөрүүг арилгаагүй байна.

Хэрэг учрал болсон орой архидан согтуурсан залуучууд хоорондоо маргалдаж байсан, Б.Сийлэгмаа, Г.Лхагважаргал нарын хэнтэй маргаж байсан, хохирогч Б.Баасансүрэнг их хэмжээний согтолттой байсан зэргээр гэмт хэрэг гарах болсон үндсэн шалтгаан нөхцөлөө бүрэн гүйцэд тогтоогоогүй, гэрч нарын мэдүүлгээр бусдыг яллаж байгаад гомдолтой байна.

 Мөн Цагдаагийн газрын албан хаагч нар тухайн бусдын орон байранд гадны залуучууд хоорондоо маргалдаж, зодолдсон байх магадлалыг дутуу шалгаж, тэдний архидан согтуурч бусдын амгалан тайван байдлыг илэрхий алдагдуулж буй хууль бус үйлдлийг таслан зогсоогоогүй байдаг.

Захиргааны зөрчил гаргасан этгээдүүдийг эрүүлжүүлэх байтал удаа дараагийн дуудлагаар очихдоо нийгмийн хэв журам бусдын амгалан тайван байдал алдагдуулж буй үйлдлийг таслан зогсоох үүргээ биелүүлээгүй байдаг. Хохирогчийг эрүүл байсан эсхүл согтуу байсан, хохирогчийн өмнөх өдрүүдэд бусадтай маргасан зодуулсан байх магадлалыг шалгалгүй орхижээ. Мөнхцохилохуй эмнэлэг нэртэй түрээсийн байрны өмчлөгчийг тодорхой болгоогүйгээс шүүгдэгч Б.Чинзоригийг байрны эзэн гэж гэрч нарын мэдүүлэгт авагдсан нь хэрэг учрал гарсан газраа буруу тодорхойлсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 нотолбол зохих байдал, 1.1-д гэмт хэрэг гарсан байдал, бусад байдлаа бүрэн гүйцэд тогтоогоогүй байна. Мөн гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөлөө тогтоогоогүй байна.

Хэрэг гарсан шөнө тэнд байсан гэрч нар хоорондоо зодолдсон байх магадлалтай болох нь хохирогчийн цогцост учирсан олон жижиг зулгаралтууд гэмтлүүд нь хөнгөн зэрэгт хамаарна гэх шинжээчийн дүгнэлтэнд дурдсан гэмтлүүдийг хэн учруулсан нь тодорхойгүй шалгалгүй орхиж хэргийг хэтэрхий нэг талыг барьж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйл шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх хуулийн 1.2-д дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан байна. Хохирогч гавлын суурь ясны цөмөрсөн хугарал, тархины няцрал, тархины хатуу хальсан доорх цусан хурааны улмаас нас барсан. Хохирогчийн тархинд нь няцрал байна гэж дүрс оношлогооны мэргэжлийн эмч нар харж, бичиж байсан бөгөөд уг няцрал нь хайчинд хатгагдсан хурц зүйлийн үйлчлэлээр биш мохоо зүйлийн үйлчлэлээр үүсдэг тул би урд зодооны эсхүл тэр шөнө хамт архидсан залуучуудтайгаа маргалдаж байхдаа гэмтсэн эсэхийг шалгаж нягталж өгнө үү гэсэн хүсэлт удаа дараа тавихад хүлээж авахаас татгалзаж байсан баримтууд хавтаст хэрэг байна. Б.Чинзориг хайчаар хатгасан байж болох боловч энэ үйлдлээр далимдуулж амь насанд нь хүрсэн тархины няцрал үүсгэсэн зодооны эзэд мэдүүлгээ нэгтгэж, эрүүл хүмүүс үйлдсэн хэргээ ганцаараа гэрчлэх хүнгүй сэтгэцийн өвчтэй Б.Чинзоригт шахалт үзүүлж хэргийн харьяаллыг Улаанбаатар хотод өөрчилж хуульд заасан үндэслэлээр биш хууль зөрчиж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсанд гомдолтой байна.

2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн шүүх сэтгэцийн магадлан шинжилгээний 1 дугаартай дүгнэлт,  мөн 472 дугаартай шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлтүүдээр Б.Чинзориг нь хэрэг хариуцах чадваргүй гэж гарсан. Б.Чинзоригийн толгойдоо авсан гэмтэл болон ганц худаг урьдчилан хорих төвийн мэргэжлийн эмч нарын албан бичгээр нотлогдож байгаа бөгөөд анхан шатны шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 19, 20 дугаар зүйлд заасны дагуу дахин шинжээч томилуулахаар гомдол гаргаж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.1 дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй, хэргийн бодит байдалтай нийцээгүй байхад хянан шийдвэрлэж гэм буруутайд тооцсонд гомдолтой байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2-д заасан зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Цагдаагийн албан хаагч нар үүргээ биелүүлээгүйн улмаас Б.Чинзориг нь сэтгэл санаа нь цочрон давчидсан байж болзошгүй үндэслэлийг шүүхээс харгалзан үзээгүйд гомдолтой байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр Л.Мөнхтуяаг тогтоосон байтал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлд Иргэний нэхэмжлэгчээр тогтоогоогүй, мөн шүүх тогтоол, захирамж гаргаж иргэний нэхэмжлэгчээр тогтоогоогүй байж хохирлыг хянан шийдвэрлэсэнд гомдолтой байна. Мөн Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн хууль буцаан хэрэглэх хуулийн гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх боломж байгааг анхаарч үзнэ үү гэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Батсүх шүүгдэгч түүний  өмгөөлөгч нарын гомдолтой танилцаад гаргасан хариу тайлбартаа: Анхан шатны шүүх Эрүүгийн байцаан шийтгэх  хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт зааснаар хууль ёсны ба үндэслэлтэй байх зарчмыг хангасан. Хэрэгт авагдсан баримт хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад нотлох баримтууд нь хэрэгт ач холбогдолтой, хамааралтай эсэхэд эргэлзэх үндэслэл тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан баримтаар Б.Чинзориг нь танхайн сэдэлтээр хүнийг санаатай алсан гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон бөгөөд шүүгдэгчийн хувьд анхан шатны шүүх хуралдаан дээр үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, хүнийг санаатай алчихаад санаа зовсон, эмээсэн зүйл огт байхгүй байсныг шүүх анхаарч үзнэ үү. Б.Чинзоригийн үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримт, гэрч, шинжээчийн дүгнэлт шинжээчийг байцаасан тэмдэглэл бусад нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдсон. Мөн шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс хохирогч Л.Мөнхтуяаг иргэний нэхэмжлэгчээр тогтоогоогүй байж хохирлыг хянан шийдвэрлэсэн гэжээ. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 42 дугаар зүйлд зааснаар хохирлыг нөхөн төлүүлэх эрхтэй байгаа. 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 43 дугаар зүйл, 2017 оны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйл нь агуулгын хувьд ижил бөгөөд хоёрдмол утгагүй, нэг мөр ойлгохоор байгаа тул иргэний нэхэмжлэгчийг заавал шүүхээс, захирамж гаргаж тогтоох шаардлагагүй, хохирогчийн эрх тодорхой байгаа. Иймд шүүгдэгч нь бусдыг онц харгис хэрцгийгээр алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын шатанд хууль зүйн дагуу цуглуулсан нотлох баримт, шинжээчийн дүгнэлт, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийг байцаасан тэмдэглэл бусад нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчид хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэж өгнө үү гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Лхагвацэрэн давж заалдах шатны шүүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.Энхжаргал өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу хийгдсэн. Шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулах шаардлагатай. Шинжээчийн дүгнэлтийг сэтгэцийн мэргэжлийн эмч нар гаргах ёстой.

Цагдан хоригдож байх үедээ дахин хэд хэдэн удаа унаж байсан учраас дахин шинжээчийн дүгнэлт гаргуулах саналыг дэмжиж байна. Мөн орчуулгагүй баримт хэрэгт байгаа. Альфа долгион эмнэлгийн баримтыг албан ёсны эрхтэй компаниар орчуулуулсан зүйл байхгүй. Тэр англи үсэгтэй зүйлийг юу гэж ойлгосон юм.

Түүнийг заавал орчуулах ёстой. Хэдийгээр эмч нар ойлгож байгаа ч гэсэн хэлний мэдлэг нь ямар юм гэдгийг мэдэхгүй. Мөн энэ хүний удамшлын байдал ямар байна гэдгийг тогтоох ёстой. Ийм учраас энэ хэргийг мөрдөн байцаалтад буцааж, хэргийн зүйлчлэлийг зөв тогтоолгох хүсэлтэй байна. Сэтгэцийн өвчтэй мөртлөө энэ хүний байдал хохироод байгаа. Энэ хүний эрхийг хангаж өгнө үү гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Мөнхтуяа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэрийг зөв шийдвэр гаргасан гэж бодож байгаа. Л.Алтанцэцэг хүүхдээ сэтгэцийн өвчтэй гэж дайрч, хэл амаар доромжилж байгаа.

Тийм учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг зөв гарсан гэж бодож байгаа. Миний хүүг энэ хүн алсан нь үнэн. Анхан шатны шүүхэд дахин буцаах шаардлагагүй гэж үзэж байгаа. Хотын сэтгэцийн эмч нарын дүгнэлт зөв дүгнэлт гарсан гэж бодож байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Шүүгдэгч Б.Чинзориг нь хохирогч Б.Баасансүрэнг шууд санаатай алсан үйлдэл нь хэрэг учралын газарт үзлэг хийсэн болон нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлэн авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд болон бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхггүй болгож өгнө үү гэв.

                                                                                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Чинзориг нь танхайн сэдэлтээр 2015 оны 12 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг хуучин “Мөнхцохилохуй “ эмнэлгийн түрээсийн байранд хохирогч Б.Баасансүрэнгийн зүүн талын нүдний орчим хайчаар бүлж санаатай алсан гэмт хэрэг  үйлдсэн болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Чинзориг түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал нарын “. . .Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн,эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, шүүх сэтгэц эмгэг судлалын шинжилгээний “. . . Б.Чинзориг нь үйлдсэн хэргээ хариуцах чадвартай . . .  гэж гаргасан 39 дугаартай шинжээч нарын дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй . . .” гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан боловч уг гомдлыг хүлээн авах боломжгүй байна. Учир нь:

Шүүгдэгч Б.Чинзоригийн  үйлдсэн хэрэг нь нотлогдсон байх бөгөөд хэрэг хариуцах чадвартай болох нь тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан шинжээч нарын дүгнэлтээр тогтоогдсон байна.

Шинжээчийн дүгнэлтийг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүйгээс гадна дүгнэлтийг дахин гаргуулах үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд шүүгдэгч түүний өмгөөлөгч нарын гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Харин 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Үйлдэл, эс үйлдэхгүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ “ гэж заажээ.

Шүүгдэгч Б.Чинзоригийн ял шийтгүүлсэн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь хэсэгт  заасан гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний “ гэмт хэргийг танхайн сэдэлтээр үйлдэх “ гэх шинж нь 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд байхгүй болсон тул Б.Чинзоригийн үйлдэл нь 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарч байгаа бөгөөд уг зүйл хэсэгт оногдуулах ял нь  2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2-т заасан гэмт хэрэгт оногдуулах ялаас бага буюу хөнгөрүүлэн хуульчилсан байна.

Иймд Б.Чинзоригийг  2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ Хүнийг алах “ гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож түүнд оногдуулсан хорих ялын хэмжээг, шинэ хуульд нийцүүлэн хасаж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүхээс шийдвэрлэв.

Б.Чинзориг нь 2017 оны 06 дугаар сарын 20-ний өдрөөс эхлэн давж заалдах шатны шүүхээр хэрэг хэлэлцэх хүртэл нийт 82 хоног цагдан хоригдсон тул уг хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцох үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 20-ний өдрийн 57 дугаар шийтгэх тогтоолын ТОГТООХ хэсгийн

-1 дүгээр заалтыг ”Танхайн сэдэлтээр хүнийг санаатай алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож гэснийг хүчингүй болгож,  Б.Чинзоригийг “Хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай “ гэж,

-2 дугаар заалтыг 2015 оны шинэчлэн найруулсан “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Чинзоригийг 10 / арван / жил хорих ялаар шийтгэсүгэй “ гэж,

-3 дугаар заалтыг 2015 оны шинэчлэн найруулсан “Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Чинзоригт оногдуулсан 10 жилийн хорих ялыг хаалттай хорих ангид эдлүүлсүгэй. “ гэж тус тус өөрчилсүгэй.

2.Шийтгэх тогтоолын бусад зүйл, заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Чинзориг түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал нарын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3.2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар Б.Чинзоригийн анхан шатны шүүхээр хэргийг хянан хэлэлцэх хүртэл цагдан хоригдсон 587 хоног, давж заалдах шатны шүүхээр хэргийг хянан хэлэлцэх хүртэл цагдан хоригдсон 82 хоног нийт 619 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

4. Гомдол эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Н.ТУЯА

 

                                               ШҮҮГЧИД                                      Н.МӨНХЖАРГАЛ

 

                                                                                                      Б.ДАМБА