| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвээгийн Ариунболд |
| Хэргийн индекс | 186/2019/0463/Э |
| Дугаар | 29 |
| Огноо | 2020-01-06 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., |
| Улсын яллагч | Н.Булганчимэг |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 06 өдөр
Дугаар 29
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж, шүүгчид С.Батгэрэл, Б.Халиун нарын бүрэлдэхүүнтэй,
иргэдийн төлөөлөгч Г.Энхчимэг,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,
улсын яллагч Н.Булганчимэг,
хохирогч С.Рэнцэндэлэг,
шүүгдэгч Б.Н, түүний өмгөөлөгч Д.Батбаяр, Б.Бат-Ерөөлт нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тонгорууд овгийн Бодиогийн Нд холбогдох эрүүгийн 1711013740477 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1960 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 58 настай, бүрэн дунд боловсролтой, засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ганцаараа Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 30 дугаар гудамжны 372 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Тонгорууд овогтой Б Н, РД: ..........
/Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;
Шүүгдэгч Б.Н нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Н нь Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 30 дугаар гудамжинд 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 19 цагийн орчимд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ зэвсэг хэрэглэн хохирогч С.Рэнцэндэлгийг хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь
шүүгдэгч Б.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй ...” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Б.Н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр би сэрээд урд өдөр нь уучихсан дотор муу байсан болохоор гэртээ хэвтэж байгаад өдөр тийшээ 16 цаг өнгөрч байхад гэрээсээ гараад 0,33 граммын “Монгол Стандарт” нэртэй архийг Хайлаастын Хаан банктай эцэст байх дэлгүүрээс авчихаад булан тойрч уучихаад байж байгаад миний таньдаг Рэнцэндэлэг гэх залуутай тааралдсан юм. Бид хоёр юм ярьж байгаад маргааш нь буюу 2017 оны 11 дүгээр сарын 21-ны өдөр миний төрсөн өдөр, харин өнөөдөр миний төрсөн өдрийн битүүний өдөр гэж хэлсэн. Би тухайн өдрийн урд өдөр архи уучихсан шарталтын байдалтай байсан ба ямар нэг хоол идээгүй шууд 0,33 граммын архийг ганцаараа уучихсан байсан болохоор нилээн согтсон байсан. хэн нь мөнгө гаргаж 0,75 граммын архи авсан талаар санахгүй байгаа юм. Рэнцэндэлэг бид хоёр 0,75 граммын Монгол стандарт нэртэй архийг Худгийн тэнд очиж уусан юм. Архиа хувааж ууж байх хооронд Мөнхбат ирээд бид хоёртой хэдэн минут юм ярьж байгаад яваад өгсөн. Архиа ууж дуусаад Рэнцэндэлэг намайг гэрт хүргээд өгье гэж хэлсэн болохоор нь бид хоёр манай гэр рүү явсан. Манай гэрийн хашааны үүдэнд ирснээ санаж байна. Би гэрийнхээ үүдэнд ирээд гэртээ ороод хутга авч гарч ирээд Рэнцэндэлэгийг хутгалчихаад цустай хутгаа гэртээ оруулж тавиад унтаад өгсөн байсан бөгөөд намайг унтаж байх хооронд цагдаагийн алба хаагчид ирээд намайг аваад явсан. Миний эмэгтэй дүү Оюунчимэг гэртээ ирж яваад Рэнцэндэлэгийг манай гэрийн үүдэнд хэвтэж байхад нь таарч түргэн тусламж дуудсан байсан...” гэх /1-р хх-ийн 106-108х/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 5- 10х/,
Хохирогч С.Рэнцэндэлэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 10 цагийн үед Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Хаан банктай эцсийн хүнсний дэлгүүрийн үүдэнд Нтэй хамт 0,75 литрийн “Монгол стандарт” нэртэй архи нэг шилийг хувааж уугаад гэрлүүгээ явсан. Тэгээд гэртээ байж байгаад 17 цагийн үед гэрийн ойролцоо байх худаг дээр ирэхэд Сити Мөнхбат, Н, Түмээ нар сууж байсан. Тэгээд намайг очсоны дараа Төмрөө ирээд Н ахын төрсөн өдөр гээд 0,75 литрийн “Монгол стандарт” нэртэй нэг шил архи авч өгсөн. Бид нар архиа хувааж уусан. Тэгээд Н ах Түмээтэй маргалдаад байхаар нь би Н ахын гэрт нь хүргээд өгье гээд явсан. Н ахыг гэрт оруулж өгчихөөд явах гээд гэрийнх нь үүдэнд зогсож байсан. Гэтэл Н буцаж гэрээсээ хутга барьж гарч ирээд зүүн цээж рүү нэг удаа зүүн дал орчим руу нэг удаа хутгалсан...”, “... Миний бие шүүх эмнэлэгт үзүүлээгүй тухайн үед Н ах бид хоёр хамт уусан байсан. Тэгээд юу болсон талаар санахгүй байна. Н ахтай олон жил хамт явж байгаа нэг нутгийн ах, дүү шиг хүмүүс байгаа юм. Миний хувьд Нд ямар нэг гомдол санал байхгүй...” гэх /1-р хх-ийн 21-22, 64-65х/,
Гэрч Э.Сайнбилэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...дэлгүүрийн эгч Оюунаа залгаад Рэнцэндэлэг хашааны гадаа хэвтэж байна гэхээр нь бид хоёр очсон чинь гудамжинд хэвтэж байсан ба бие нь цус болсон байхаар нь түргэн дуудсан...” гэх /1-р хх-ийн 25-26х/,
Гэрч Б.Оюунчимэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Миний бие хүү Мандахын хамт 2017 оны 11 дүгээр сарын 20-ны орой 19 цагийн орчим Нарантуул худалдааны төвөөс ирээд гэртээ амарч байхад манай манай хүү Мандах гадаа тамхи татахаар гарч эргээд орж ирэхдээ та Хундагаа эгч рүү ярь гадаа Рэнцэндэлэг ах согтуу унаад өгсөн Н ах сая гэрлүүгээ орчихсон гэж хэлэхээр нь би өөрийн 96888080 гэсэн дугаараас 98995195 дугаар луу залгаж Хундагаад танай нөхөр Рэнцэндэлэг манай гадаа согтуу хэвтэж байна гэж манай гэж хэлсэн чинь төд удалгүй Хундагаа нь нэг үл таних охины хамт ирчихсэн байна гэж манай хүү Мандах надад хэлэхээр нь би гараад очсон чинь Хундагаа нөгөө охинтойгоо Рэнцэндэлэгийн хоёр талаас өргөөд босгох гээд байхаар нь би эргээд гэрлүүгээ орсон...” гэх /1-р хх-ийн 27-30х/,
Шинжээчийн 6193 дугаартай:
Шинжилгээнд ирүүлсэн хүрмэнд уранхай, цоорхой үүссэн байна.
Шинжилгээнд ирүүлсэн: хар хүрмэнд гарсан 6х4мм, хэмжээтэй цоорхой халалтын улмаас гарсан түлэгдсэн цоорхой байна.
Хар хүрмэнд гарсан 64 см 6 см, 5 см, 3,5 см хэмжээтэй уранхай татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан байна.
Хар хүрмэнд гарсан 25*5мм 10*6мм, 9,5*9,5см хэмжээтэй уранхай хатуу үзүүртэй зүйлийн гогодох татах хүчний үйлчлэлээр гарсан байна...” гэх дүгнэлт /хх-ийн 47х/,
Шинжээчийн нарын 1182 дугаартай:
С.Рэнцэндэлэгиин биед тухайн үед цээжний зүүн хэсэгт хатгагдаж нэвтэрсэн шарх, цээжний хөндийд цус хуралдалт, хурсан цусын авч гуурс тавьсан мэс ажилбарын дараах байдал, 2 нүдний зовхинд цус хурсан зэрэг гэмтэл тогтоогдлоо.
Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломтой.
Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэргийн гэмтэл болно гэх дүгнэлт /хх-ийн 219-220х/,
Гэрч О.Мандах мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр би өөрийн гэр болох Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Согоотын 30-372 тоотод байх гэртээ байж байгаад орой 20 цагийн үед гарч тамхи татах гээд гарсан бөгөөд гадаа тамхиа татаад байж байтал ээжийн ах болох Н ах согтуу гэрлүүгээ орж явсан тэгэхээр нь би ахыгаа дандаа согтуу явж байдаг болохоор нь нэг их тоолгүй тамхи татаад дуусах гэж байтал хашааны гадна тал руу манай нохой хуцаад байсан би нохой яагаад хуцаад байгаа юм бол гэж бодоод хашааны гадна тал руу хартал манай хашааны буланд зүс таних Рэнцэндэлэг ах хэвтэж байсан ...” гэх /1-р хх-ийн 83-84х/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчилгүй, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх үзлээ.
Иймд шүүгдэгч Б.Нг зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Б.Нд ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсгийг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
Хохирогч С.Рэнцэндэлэг нь гэм хорын хохиролд нэхэмжилсэн зүйлгүй тул шүүгдэгч Б.Нг бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав.
Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Тонгорууд овогтой Бодиогийн Н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар шүүгдэгч Б.Нг 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Б.Нд оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Шүүгдэгч З Б.Нд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, төлөх төлбөргүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Нд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нарт гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Нд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.АРИУНБОЛД
ШҮҮГЧИД С.БАТГЭРЭЛ
Б.ХАЛИУН