| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Загдаагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 185/2019/0691/Э |
| Дугаар | 47 |
| Огноо | 2020-01-16 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Ц.Амгаланбаатар |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 47
2020 01 16 2020/ШЦТ/47
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,
нарийн бичгийн дарга Ц.Чулуунчимэг,
улсын яллагч Ц.Амгаланбаатар,
хохирогч Д.Нармандах,
шүүгдэгч Б.Ш, түүний өмгөөлөгч Г.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Ш-г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1909000180591 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1984 оны 12 дугаар сарын 31-ний Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой эдийн засагч мэргэжилтэй, “MXW трейд” ХХК-д худалдааны зөвлөх ажилтай, ам бүл-5, эхнэр, хүүхдүүдийн хамт тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б.Ш-г /регистрийн дугаар /,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Б.Ш нь өөрийн ашиглаж байсан үүрэн холбооны 99066191 дугаарт үүрэн холбооны 99188399 дугаарын хэрэглэгч Д.Нармандахаас “Эрээний Батын танил бол данс нь Наранхүүгийнх хэд бэ?” гэж андуурсан зурвас ирэхэд нь бодит байдлыг нууж зориудаар өөрийн хаан банкны “5076245175” тоот дансыг 99188399 дугаарын хэрэглэгч рүү мессэжээр явуулан төөрөгдөлд оруулж 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 2 цугаар хорооны нутгаас 1.576.200 төгрөгийг өөрийн Хаан банкны “5076245175” тоот дансаар шилжүүлэн авч Д.Нармандахыг залилсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Б.Ш шүүхийн хэлэлцүүлэгт “…2018 оны 4 дүгээр сард Батын данс хэд вэ гэсэн мессэж миний 9906191 дугаарт ирсэн. Тэр мессэжний хариуд өөрийнхөө Хаан банкны 5076245175 дугаарыг нэргүйгээр явуулсан. Уг мессэжний хариуд 2018 оны 10 дугаар 27-ны өдөр миний Хаан банкны дансанд барааны мөнгө гэсэн утгатайгаар 1.576.200 төгрөг орлогоор орсон. Андуурсан гүйлгээг мэдсээр байж, тухайн мөнгийг өөрийн хэрэгцээндээ ашигласан буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна, гэм буруу дээрээ маргахгүй. Хохирогчтой нотариатаар гэрээ байгуулан мөнгөө төлж байгаа...” гэв.
түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “…Д.Нармандах намайг дансныхаа дугаарыг өгөөч гэсэн утгатай мессежийг надад утсаар явуулсан байхаар нь би түүнд өөрийнхөө дансны дугаарыг явуулсан байсан болохоор дараа нь 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдөр миний Хаан банкны дансаар 1.576.200 төгрөг шилжүүлсэн байсныг маргааш өдөр нь буюу 2018 оны 10 сарын 28-ны өдөр мэдсэн. Тэгээд энэ мөнгийг өөрийнхөө ажиллаж байсан Эм Эс Ди ХХК-ны орлогын мөнгийг тушаахдаа 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр данснаасаа бэлнээр аваад ...компанид тушаах ёстой байсан өглөгийн мөнгөндөө оруулаад тушаачихсан...” гэсэн мэдүүлэг /хх-98/,
Хохирогч Д.Нармандах нь шүүхийн хэлэлцүүлэгт “…Анх 2018 оны 4 дүгээр сард утсаар яриад дансыг нь авсан. Тухайн үед захиалах бараа байгаагүй учраас дансыг хадгалсан байсан. Дахиад 5 дугаар сарын 07-нд мессэж бичихэд нөгөө дансаа өгсөн. 2018 оны 10 дугаар сард авах байсан бараагаа 2018 оны 10 дугаар сарын 27-нд бараагаа захиалж, мобайл банкнаасаа 1.576.200 төгрөг шилжүүлсэн. Маргааш нь бараагаа явуулаарай гэтэл таны мөнгө орж ирээгүй байна гэсэн. Тэгээд Б.Ш руу ярьтал би мэдэхгүй, мөнгө орж хөдөөний хүн байна гээд их будилуулсан. Тэгээд Хаан банкнаас асууж, энэ залуугийн данс руу орсныг мэдсэн. Залуу хүн учраас цагдаа шүүх гээд яахав гээд өөрт нь зөндөө сануулсан. Одоогийн байдлаар 1.576.200 төгрөгөөс 315.240.00 төгрөг өгсөн. Нотариатаар гэрээ байгуулаад 1.260.960 төгрөг үлдсэн...”гэв.
түүний мөрдөн байцаалтад өгсөн “...Би БНХАУ-ын Эрээн хотод амьдардаг Бату гэх нэртэй Өвөр монгол хүнд бараа захиж мөнгө шилжүүлэх шаардлагатай байсан юм. Би өмнө нь Батутай ярьж байгаад бараа захина гэж хэлж байсан юм. Тэгээд 2018 оны 5-р сарын орчимд түүнтэй утсаар яриад бараа захихаар болоод эргээд түүний утас руу нь залгаад дансны дугаарыг нь авахдаа Шинэбаяр гэж хүний утас руу андуурч залгасан байсан юм. Тэгэхэд Шинэбаяр нь дансныхаа дугаарыг миний утсанд мессежээр явуулсан байсан бөгөөд тухайн үед би тэр дансыг Батугийн данс гээд хадгалчихсан юм. ...2018 оны 10 дугаар сарын 27-ны өдөр барааны мөнгө шилжүүлэхдээ ...утсаар ярьж лавлан асуулгүй шууд өмнө нь хадгалсан байсан данс руугаа мөнгөө шилжүүлсэн юм. ...Эрээн хотод амьдардаг Бату гэх хүнд мөнгө шилжүүлж бараа захиж авахдаа Шинэхүү гэх БНХАУ-ын Эрээн хотод амьдардаг залууд мөнгө шилжүүлж юань болгон авахаар 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр түүний утас руу залгахдаа дугаар андуурч 99066191 дугаарын утсанд залгаж бараа захиж авах гэсэн юм дансны дугаараа явуулаач гэж хэлэхэд надад 5076245175 дугаарын данс явуулсан байсан юм. Тухайн үед мөнгө шилжүүлж чадаагүй тул 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдөр би өөрийн 99183899 дугаарын утаснаас 99066191 дугаарын утсанд "Сайн байна уу Эрээний Батын танил бол данс нь Наранхүүгийнх хэд вэ?" гэсэн үгтэй мессэж явуулахад хариу нь 5076245175 гэсэн дансны дугаар явуулсан байсан. Ингээд 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Батутай утсаар ярихдаа бараа захиад өмнө нь дансных нь дугаарыг авсан надад байгаа юм чинь гэж бодоод дахин дансны дугаарыг нь лавлалгүй шууд л Хаан банкны Шинэбаяр гэсэн эзэмшигчтэй дансанд нийт 1.576.200 төгрөгийг шилжүүлсэн байдаг юм…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17, 91/,
Гэрч Б.Хулангийн “...Шинэбаярын ажлын байрны тодорхойлолтод харилцагч нараас бэлэн мөнгийг өөрийн болон байгууллагын дансаар шилжүүлэн авах ямар нэгэн заалт байхгүй. Үндсэндэз худалдааны төлөөлөгч нь бэлэн болон бэлэн бус мөнгөн гүйлгээтэй харьцдаггүй зөвхөн бараа борлуулах захиалгын ажлыг авах ёстой байдаг бөгөөд бараа бүтээгдэхүүн худалдааны мөнгийг цуглуулж авдаг жолооч авлагын ажилтан гэсэн тусдаа орон тооны ажилчид байдаг юмаа. Шинэбаярын тухайд 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс хойш жолооч болон авлагын ажилтнаар дамжуулан түүний худалдаалсан бараа бүтээгдэхүүний үнийн дүнг шилжүүлсэн төлбөр тооцооны баримтыг дансаар шүүн үзэхэд Шинэбаяраас харилцагчтай холбоотой шилжүүлсэн гэх мөнгөн гүйлгээ байгаагүй бөгөөд 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 11 сарын 01-ний өдөр хүртэл шүүж үзэхэд 1.500.000 төгрөгтэй дүйцэхүйц хэмжээний үнийн дүнтэй гүйлгээ хийгдээгүй байсан…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 97/,
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-20/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-24/, Хаан банкны депозит дансны хуулга /хх-27-30/, Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл /хх-102-103/ зэргийг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч Б.Ш нь өөрийн ашиглаж байсан үүрэн холбооны 99066191 дугаарт үүрэн холбооны 99188399 дугаарын хэрэглэгч Д.Нармандахаас “Эрээний Батын танил бол данс нь Наранхүүгийнх хэд бэ?” гэж андуурсан зурвас ирэхэд нь бодит байдлыг нууж зориудаар өөрийн хаан банкны “5076245175” тоот дансыг 99188399 дугаарын хэрэглэгч рүү мессэжээр явуулан төөрөгдөлд оруулж 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 2 цугаар хорооны нутгаас 1.576.200 төгрөгийг өөрийн Хаан банкны “5076245175” тоот дансаар шилжүүлэн авч Д.Нармандахыг залилсан болох нь дээр дурьдсан хохирогч Д.Нармандахын мэдүүлэг, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, шүүгдэгч Б.Шын сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байна.
Шүүгдэгч Б.Шын дээрх хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
Шүүгдэгч Б.Шын дээрх үйлдлийн улмаас хохирогч Д.Нармандахад 1.576.200 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчийн зүгээс хохирогчид 315.240 төгрөгийг төлсөн байна.
Иймд шүүгдэгч Б.Шаас 1.260.960 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Нармандахад олгох нь зүйтэй.
Шүүгдэгч Б.Шын дээрх үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдлуудын аль аль нь тогтоогдсонгүй.
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч Б.Шт Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 болон 7.1 дүгээр зүйлийг хэрэглэж өгнө үү” гэснийг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзлээ.
Учир нь: Шүүгдэгчийн зүгээс хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж, хохирогчтой эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулан хохирогчид учруулсан хохирлын зарим хэсэг болох 315.240 нөхөн төлсөн боловч шүүх хуралдаанд хохирогчийн зүгээс “...үлдэх хохирлыг нэг мөр авмаар байна. Гомдолтой байна.” гэж мэдүүлж байгаа нь шүүгдэгчийг “хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн” гэж үзэх боломжгүй байна.
Хэрэгт эд битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б.Ш-г Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хуурч, бодит байдлыг нуух замаар эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Шт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Б.Ш нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.
4. 5.Иргэний хуулийн 497, 510 дугаар зүйлүүдэд зааснаар шүүгдэгч Б.Шаас 1.260.960 төгрөгийг гаргуулж Д.Нармандах (РД:УХ48101702)-д олгосугай.
5. Шүүгдэгч Б.Ш нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Шт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БОЛДБААТАР