Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 13

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны  нарийн бичгийн дарга Б.Гантуяа, улсын яллагч Э.Ууганзаяа, шүүгдэгч Б.*******, түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг нарыг  оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй  явуулсан  шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяагаас  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар  яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч ******* овогт ******* *******т холбогдох  1936002940228  дугаартай  178/2020/0017/Э/ индекстэй эрүүгийн хэргийг 2019 оны 12  сарын 27-ны өдөр  хүлээн авч хянан хэлэлцэв.

                           Шүүгдэгчийн биеийн байцаалт:

              Монгол улсын иргэн, 1981 оны 02 дугаар сарын 11-ний  өдөр Ховд аймгийн Дуут суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, ард урианхай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-5, эцэг,эх, дүү нарын хамт  Ховд аймгийн Дуут сумын Хөх бэлчир багт оршин суух, аминдаа УАЗ-469 машин, мотоцикль-2, 560 толгой малын хөрөнгөтэй, сарын өрхийн орлого 500000 төгрөг, Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2008 оны 07 сарын 29-ний өдрийн 97 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан, *******  дугаарын регистртэй, ******* овгийн ******* *******

            Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/     

Шүүгдэгч  Б.******* нь 2019 оны 10 сарын 28-ны өдөр  Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант багийн 16-11 тоотод байрлах хохирогч Д.******* гэрт буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч, индукцен плитек, хонины хатаасан  мах хулгайлж бусдад 210000 төгрөгний   хохирол учруулсан,

2019 оны 11 сарын 25-наас 2019 оны 11 сарын  26-нд шилжих шөнө Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн 4-8 тоот хашаанд  байрлах хохирогч Б. гэрт хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч адууны каз, хөөрөг зэрэг эд зүйлс  хулгайлж бусдад 620000 төгрөгний   хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

 Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан мэдүүлэг, талуудын судалсан эд мөрийн баримтууд болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

                     Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т  зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр гэм буруугийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгийг явуулж, хэрэгт авагдсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 Хэргийн газар үзлэг хийсэн...Уг хэрэг учрал болсон гэх газар нь Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант багийн 16 тоот хашаа байв. Уг хашааны хаалга нь хоёр тийшээ онгойдог, уг хаалгаар орж ирэхэд ертөнцийн зүгээр хойд талдаа байв. Хулгай орсон  гэх байшин нь цагаан өнгийн шавар байшин байв. Уг байшингийн хаалгаар ороход баруун талд нь 2 ширхэг хаалга байв. Мах байсан гэх цэгийг “Б” үсгээр тэмдэглэв. Хаалгаар оронгуут баруун талын 2 дахь хаалга байв. Уг хаалганы өөдөөс харсан шар өнгийн хаалгаар ороход баруун талд нь ширээ байх ба ширээн дээр плитек байсан  гэж М.Ботна хэлж байв. Зүүн талын хаалгаар ороход зүүн талд нь ширээ баруун талд нь ор байв. Уг орны дээд талын цонх онгорхой түгжээ нь хугарсан байдалтай байв. Хулгай орсон гэх цонхыг “А” үсгээр тэмдэглэв. Плитек байсан гэх газрыг “В” үсгээр тэмдэглэв. Үзлэгийг цааш нь үргэлжлүүлэхэд  цэнхэр өнгийн хаалга байх ба хаалгаар ороход баруун талд шар модон ор байв. Зүүн талд нь зурагт болон гэрийн эд хогшил байв. Үзлэгийн явцыг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авч хөндлөнгийн гэрч нараас ямар нэгэн санал хүсэлт гаргаагүй болно... гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-5-рт/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Уйгар овгийн Авдалийн Мартагийн өгсөн...2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр манай охин Айсауле надруу залгаад “Асалбекийн байшингийн цонхоор хулгай ороод индукцен плитек алга болсон байна. Би цагдаагийн байгууллагад дуудлага өгчихлөө” гэж хэлсэн.Тэгээд би хүүгийн гэрт хулгай орсныг мэдсэн.  Мах болон индукцен плитек алга болсон байсан. Надад сэжиглэж байгаа хүн байхгүй. Манай хүүгийн гэр эзгүй байгааг манай гэр бүлийн хүмүүсээс өөр хүн мэдэхгүй. Манай хүү Асалбек одоо Ховд аймгийн Булган суманд эхнэр хүүхэдтэйгээ байгаа хэд хоногоос ирнэ. Би хонины махыг 160000  төгрөгөөр, индукцен плитекийг 80000 төгрөгөөр үнэлж байна...гэх мэдүүлэг/хх-ийн 8-9-рт/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Шьбарайгыр овогт Тилеухан Айсаулегийн өгсөн...2018 оны 10 дугаар сарын 28-ны өглөө хичээлдээ явах замдаа Рашаант багийн 16-11 тоот хашаанд байрлах төрсөн ах Асалбекын гэрийг хартал байшингийн наад талын цонх нь онгорхой байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. Манай ахын гэрээс одоогийн байдлаар хонины хатааж борцолсон мах болон индукцен плитка алга болсон байна. Манай ахынх 2019 оны 10 дугаар сарын 27-ноос хойш эзэнгүй байгаа. Одоо 4-өөс 5 хоноод Булган сумаас ирнэ. Надад сэжиглэж байгаа хүн байхгүй байна. Манай ахынхыг эзэнгүй байгааг бид хэдээс өөр хүн мэдэхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 10-11-рт/

Мөрдөн шалгах ажиллагаанд ******* овогт ******* *******ын гэрчээр  өгсөн...2019 оны 10 дугаар сарын 28-ны өглөө зах дээр зүгээр явж байгаад Түвшинбаяртай /Хуваа/ таарсан. Гэтэл Ш.Түвшинбаяр /Хуваа/ надаас зарах юм байна уу гэхээр нь  би доор мах байгаа гэж хэлээд хамт доошоо 36 айлруу явсан. Би доор ирээд Түвшинбаярыг хашааны гадна зогсож бай гэж хэлчихээд өөрөө хашаа давж  байшингийн цонхыг түлхэж онгойлгож ороод үүдний амбаарт байсан махыг уутанд хийж аваад гэрт нь байсан пилеткийг мөн махтай уутанд хийгээд гарсан. Тэндээс гараад Түвшинбаяр /Хуваа/ өргөөд зах орж зарах санаатай явж байтал эмнэлгийн тэнд цагдаа ирээд барьж авсан. Тэгээд цагдаатай хамт яваад цагдаагийн газар ирсэн. Миний хулгайлсан эд зүйл надад одоо байгаа. Би өглөөгүүр хулгай хийсэн, 100 грам архи авч уусан байсан. Би хулгай хийх үедээ Ш.Түвшинбаяр /Хуваа/ гэдэг залуутай хамт байсан. Намайг хулгай хийх гэж байгааг Хуваа мэдээгүй.  Хуваа гэдэг залууг би сайн танихгүй. 2019 оны 10 дугаар сарын 26-ны өдөр танилцсан юм. Намайг хулгай хийж байхыг харсан хүн байхгүй. Би хулгай хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг/хх-ийн 13-14-рт/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Буурал овогт Шагайгийн Түвшинбаярын өгсөн...2019 оны 10 дугаар сарын 28-ны өглөө 11 цагийн орчим зах дээр Б.******* /Гамбаа/ таараад 36 айл яваад ирмээр байна гэхээр нь хамт доошоо явсан. Б.******* /Гамбаа/ манай салсан авгайгийн гэрээс мах авах гэсэн юмаа чи гадаа байж бай гэсэн.Тэгэхээр нь би “нөхөр нь мэдээд авгайд чинь гай болохгүй юу” гэж хэлтэл өөрөө мэдэж байгаа  гэж хэлээд дунд талын 36 айлын доод тал байрлах дээрээсээ 2 дахь хашааруу яваад орсон. Тэгээд нэг их удалгүй гараад ирсэн. Би хулгай хийж байгааг нь мэдээгүй. Б.******* архи бага зэрэг хэрэглэсэн байсан. Би Б.*******тай 2019 оны 10 дугаар сарын 26-ны өдөр зах дээр архи ууж байгаад танилцсан. Б.******* мах болон индукцен плитка авч гарч ирэхдээ ямар нэгэн зүйл хэлээгүй. Хоёулаа явах уу гэж хэлээд л явсан...гэх мэдүүлэг/хх-ийн 17-18-рт/

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч/ 1998 оны 05 дугаар сарын 04-ны өдөр Ховд аймгийн Булган суманд төрсөн, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй  Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант багийн 05-04 тоотод оршин суудаг, ******* регистртэй/ ******* овогт ******* ******* өгсөн...2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Ховд аймгийн Булган суманд явж байтал манай нөхрийн дүү болох Т.Айсауле манай нөхөрлүү залгаад “танай гэрт хулгай ороод индукцен плетка болон мах алга болсон байна” гэсэн. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан гэдгийг хэлсэн.  Манайхыг Булган сумруу явахыг манай хадам ээж, аав, дүү нар мэдэж байсан, өөр хүн мэдээгүй. Би алга болсон махаа 160000 төгрөгөөр үнэлж байна. Индукцен плекта 85000 төгрөгөөр үнэлж байна. Эд зүйлээ буцаан авсан...гэх мэдүүлэг/хх-ийн 19-20-рт/

Эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тухай...Уг 10 кг бог малын мах нь өвчүү, шагай чөмөг, өвчүүний хормой, хавирганууд, чөмөг сүүж 2 ширхэг, богц чөмөг 2 ширхэг, LG маркийн индукцин шар хүрээтэй хар өнгийн плитка зэргийг  Д.Хуанд хүлээгэн өгсөн...тэмдэглэл, гэрэл зураг / хх-ийн 26-рт/

Эд зүйлс үнэлсэн тухай шинжээчийн дүгнэлтээр...индукцен плитек /хэрэглэж байсан/ 1 ширхэг, 50000 төгрөг, хонины мах /эр хонь/ 1 ширхэг, 160000 төгрөг  нийт 210000 гэх баримт/хх-ийн 33-рт/

 Хэргийн газар үзлэг хийсэн... Хэрэг учрал болсон гэх газар нь Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн 4-8 тоот хашаа байв. Уг хашааны хаалга нь ертөнцийн зүгээр баруун зүгт харсан бор өнгийн хаалгатай байсан. Уг хашааны хаалгаар эгц чигээрээ орж цагийн зүүний дагуу үзлэгийг үргэлжлүүлэхэд улаан өнгийн саравчтай, ногоон өнгийн хоёр цонхтой байшин, эсгий гэр байх бөгөөд хашаан дотор хяруу  цас буусан байх бөгөөд хашаан дотор ямар нэг ач холбогдол бүхий гутлын мөр илрээгүй. Эд зүйл алга болсон гэх гэрийн үүдэнд ирэхэд гэр цоожгүй байсан бөгөөд гомдол мэдээлэл гаргагчийн хэлснээр гэрийн цоожийг өөрөө тайлж орсон гэж хэлсэн. Үзлэгийг цааш нь үргэлжлүүлж гэрт ороход, гэр дотор бор цоохор өнгийн хулдаастай, хоймор хэсэгтээ улаан цоохон өнгийн хивстэй байв. Үзлэгийг цааш нь үргэлжлүүлэн цагийн зүүний дагуу явуулахад цагаан өнгийн модон угаалтуур, цагаан өнгийн угаалгын машин, газар ор, шүүгээ, гүйдэг хаалгатай бор шаргал өнгийн шкаф, хоймор хэсэгт байрлах зурагтны тавиур бүхий шкаф, дотор байсан гэж ногоон өнгийн дайланд байсан ногоон өнгийн хаш нэртэй хөөрөг байсан гэх газар 6 тоогоор тэмдэглэж, гэрэл зургаар бэхжүүлж авсан. Үзлэгийг цааш нь үргэлжлүүлэхэд цагаан өнгийн тольтой шкаф, модон ор, цагаан өнгийн хөлдөөгч зэрэг эд зүйлс байв. Гэрийн зүүн талд каз байсан гэх газрын 2 тоогоор тэмдэглэж гэрэл зургаар бэхжүүлэв. Гарын мөр илрүүлэх зорилгоор гэрийн тооно бас хөөрөг байсан гэх шкаф зэргээс гарын мөр илрээгүй. Шкафан дотор байх “Baritone” гэх чихэрний хайрцагны гадна хэсгээс 3 ширхэг гарын мөр илрүүлэн, бэхжүүлж авсан. Үзлэгийн явц байдлыг 10 кадр гэрэл зургаар бэхжүүлэн авлаа... гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд/хх-ийн 85-88-рт/

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч / Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн 4-08 тоотод оршин суух, 1969 оны 10 сарын 29-ний өдөр төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, *******/ овогт өгсөн...2019 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хөдөөнөөс адууны мах авч ирээд манай найз Н.Баатарсүрэн, Ертуган нарын хамт байшиндаа адууны каз хийсэн. Тэгээд нийт 14 каз хийж, маргааш нь манай хашааны урд талын хашаанд байдаг залуугийн байшинд байсан казак залуугаар каз яаж өлгөдгийг заалган, эсгий гэрт оруулан унинд  бүх казнуудаа өлгөсөн.  Тэгээд 2019 оны 11 дүгээр сарын 25-ны орой гэртээ зээтэйгээ хамт хоол хийж идээд, орой 20:00 цагийн үед байшиндаа орж унтаж амарсан.  2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр өглөө 09-00-10:00 цагийн үед гэртээ орж үзэхэд гэр дотор байсан пийшин дээр хөх өнгийн модон сандал байгааг хараад гэрийн доторх эд зүйлийг шалгаж үзэхэд унинд  өлгөөтэй байсан адууны 14 ширхэг каз, гэрийн хоймор хэсэгт байсан зурагттай шкафнаас ногоон өнгийн даалинтай, ногоон өнгийн хаш хөөрөг алга болсон байсан. Тэгээд хулгай орсныг мэдээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Манай гэрт каз хийдэг өдөр Н.Баатарсүрэн, Ертуган бид гурав л байсан. Манайх адууны махаа Манхан сумаас авч ирсэн. Манай гэрт адууны каз яаж өлгөдгийг зааж өгсөн залууг би танихгүй. Манай урд талын хашаанд байдаг хөрш залуугийн гэрт байсан залуу бөгөөд, надад энэ залуугаар каз яаж өлгөдгийг заалгаад авчих, би завгүй байна гэхээр нь би тэр залууг гэртээ дагуулж ирж, каз яаж өлгөдгийг заалгаж авсан юм. Би ногоон өнгийн хаш хөөргөө 200.000 /хоёр зуун мянган / төгрөгөөр, гэр дотор байсан 14 ширхэг адууны казыг тус бүрийн үнэ 30.000 /гучин мянган/ төгрөгөөр үнэлж байна...гэх мэдүүлэг/ хх-ийн 89-90-рт/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Хүрдээ овогт Цэндсүрэнгийн Довдонгийн өгсөн...Би 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн нутаг дэвсгэрт байрлах Техникийн захад 24 цагийн харуултай байсан. Би үүрэг гүйцэтгэх хугацаанд 2019 оны 11 дүгээр сарын 25-аас 2019 оны 11 дүгээр сарын 26-ныг шилжих шөнө 04 цаг орчимд Б.******* гэх залуу цоохор даавуунд ороосон адууны казтай орж ирсэн. Тэгээд би гадуур гарч гал түлээд 2 цаг гаруй явж байгаад орж ирхэд харуулын байран дотор адууны каз чаначихсан байсан. Тэгээд Б.*******, Халтар гэх залуу бид гурав адууны каз идээд дуусч байхад барааны захын харуул орж ирж адууны казнаас идсэн. Дараа нь адууны каз идчихээд бараан захын харуул буцаад явсан. Б.*******, Халтар хоёр харуулын байрны дотор унтсан. Би буцаад гадагшаагаа гарч ойр ойрхон шалгаад ажлаа хийж явж байсан. Өглөөний 8:00 орчимд Б.******* үлдсэн адууны казнуудаа аваад харуулын байрнаас гараад явсан байсан...гэх мэдүүлэг/ хх-ийн 96-97-рт/

Мөрдөн шалгах ажиллагаанд Тодгор овогт ******* *******ын гэрчээр өгсөн...Би 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр өглөөнөөс орой болтол зах дээр явсан. Оройхон хотод байдаг эмэгтэй дүү рүүгээ  утасдаад “ахдаа 10000 /арван мянга/ төгрөг явуулчаач, хоол авч идэх гэсэн юм” гээд  зах дээр ажилладаг нэг хүний дансруу шилжүүлж, мөнгөө аваад  Буянт багийн нутаг дэвсгэрт байрлах дэлгүүрээс 0.5 литрийн “Ерөөл” гэсэн архи авч ганцаараа уусан. Архи уугаад  10 мянгатын ойр хавийн айлуудаас хүргэний гэрийг асуугаад явж байсан. Тэгээд хүргэний гэрийг олохгүй болхоор нь урагшаа эргээд явж байгаад нэг айлын хашаанд монгол гэр байгааг нь хараад, хашаа руу орж монгол гэрийн тооноор нь дотогшоо орсон. Дотогшоо орж асаагуурын гэрлийг асааж ойр орчимдоо гэрэл тусгаж үзэхэд гэрийн зүүн булан хэсэгт унинд өлгөсөн адууны каз байсан. Тэгээд бүх казнуудыг уутанд хийгээд авч явах гэсэн чинь уут нь  урагдчихсан. Тэгэхээр нь  цоохор өнгийн даавуу олж аваад, даавуунд ороож авсан. Дараа нь гэрийн хоймор хэсэгт байрлах шкаф дотор даалинтай хөөрөг байсныг  авч  даалинг нь орхисон. Хөөргийг нь кармалаад,  задалсан хайрцагтай тамхины тамхийг авсан.  Тэгээд гэрийн пийшин дээр сандал тавьж байгаад адууны каз, хөөрөг зэрэг эд зүйлүүдийг аваад гэрийн тооноор нь буцаад гараад явсан. Тэгээд даавуунд ороосон адууны казыг нуруундаа үүрээд Бугаан гол зах ороод  харуулын байранд очиж,  адууны казаа чанаж идээд, үүрээр унтаад, 2019 оны 11 дүгээр сарын 26-ны өглөө 08:00 орчим сэрээд харуулын байрнаас гараад явсан. Үлдсэн адууны казуудыг Хүнсний захын харуул Тэгшээ гэдэг ахад 8000 /найман мянган/ төгрөгөөр зарсан. Харуулын байрнаас гарч яваад Халтар ах бид 2 каз зарсан мөнгөндөө 1 шил архи авч уусан. Ногоон өнгийн хөөргөө зарах гээд бильярдны зах, сум руу явдаг тээврийн хэрэгсэлний зогсоол зэрэг газруудаар явж байснаа санаж байна...гэх мэдүүлэг/ хх-ийн 99-100-рт/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Мэргэд овогт Цойжинжавын Баттулгын өгсөн...Б.******* бид хоёр нэг шил архи хувааж уучаад сум руу явдаг тээврийн хэрэгсэл зогсдог зогсоолд очиж, тэнд байсан тээврийн хэрэгслийн жолооч нарт Б.******* ногоон өнгийн хөөрөг авах уу гэж асуугаад байсан. Тэгээд нэг ногоон өнгийн микрийн жолоочид уг ногоон өнгийн хөөргийг 12.000 /арван хоёр мянган/ төгрөгөөр зарсан. Би уг ногоон өнгийн хөөргийг булааж авсан асуудал байхгүй...гэх мэдүүлэг/ хх-ийн 102-103-рт/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Сумчин овогт Дондогийн Тэгшээгийн өгсөн...Б.******* надаас ах үлдсэн казуудыг мөнгөөр нь авчихаач гэж гуйсан, би хулгайн мах биш үү гэж асуухад Б.******* үгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би 8000 төгрөг өгөөд үлдсэн казуудыг бүгдийг нь авсан. Тэгээд адууны казаа торонд хийгээд авч явж, харуулын байрнаас гараад өөрийн харуулын байранд очиж дараагийн гарах хүнд ээлж хүлээлгэж өгөөд тортой адууны казыг гэртээ аваад ирсэн. Тэгээд эхнэртэй өгөөд адууны казнуудыг  бүгдийг чануулж хүүхдүүдтэй хамт идчихсэн...гэх мэдүүлэг/ хх-ийн 105-106-рт/

Эд зүйлс үнэлсэн тухай шинжээчийн дүгнэлтээр...Адууны каз 14 ширхэг, нэг бүрийн үнэ 30000, бүгд үнэ 420000 төгрөг, Дунд гарын ногоон өнгийн хаш хөөрөг 1 ширхэг  200000 төгрөг гэх баримт/хх-ийн 109-рт/

Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт ******* овогт ******* *******ын хэргээ хүлээн мэдүүлсэн...Би 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр өглөөнөөс орой болтол зах дээр явж байгаад  оройхон хотод байдаг эмэгтэй дүү рүүгээ утасдаад “ахдаа 10.000 /арван мянга/ төгрөг явуулчаач, хоол авч идэх гэсэн юм” гэсэн. Манай дүү зах дээр ажилладаг нэг хүнд мөнгө шилжүүлж, тэрнээс 10000 төгрөг аваад, оройхон Буянт багийн нутаг дэвсгэрт байрлах дэлгүүрээс 0.5 литрийн “Ерөөл” гэсэн архи авч ганцаараа уусан. Архи уучихаад 10 мянгатын ойр хавийн айлуудаас хүргэний гэрийг асуугаад явж байсан. Тэгээд хүргэний гэрийг олохгүй болохоор нь урагшаа эргээд явж байгаад нэг айлын хашаанд монгол гэр байгааг нь хараад, хашаа руу орж монгол гэрийн тооноор нь дотогшоо орсон. Дотогшоо орж асаагуурын гэрлийг асааж ойр орчимдоо гэрэл тусгаж үзэхэд гэрийн зүүн булан хэсэгт унинд өлгөсөн адууны каз байсан. Бүх казнуудыг уутанд хийгээд авч явах гэсэн чинь уут урагдчихсан, тэгэхээр нь цоохор өнгийн даавуу олж аваад, даавуунд ороож авсан. Дараа нь гэрийн хоймор хэсэгт байрлах шкаф дотор даалинтай хөөрөг байсан, дайланг нь авч тэндээ орхиод хөөргийг нь авч кармалсан.  Мөн задалсан хайрцагтай тамхи байхаар нь дотор нь байсан хэдэн ширхэг тамхийг нь аваад явсан. Тэгээд гэрийн пийшин дээр сандал тавьж байгаад адууны каз, хөөрөг зэрэг эд зүйлүүдийг аваад гэрийн тооноор нь буцаад гараад явсан. Тэгээд даавуунд ороосон адууны казыг нуруундаа үүрээд Бугаан гол захыг чиглээд алхаад явсан. Бугаан гол захын хажууд байрлах харуулын байранд очиж тэндээ даавуунд оруулсан адууны казыг оруулж тавьж, адууны каз чанаж идээд, үүрээр унтаад, 2019 оны 11 дүгээр сарын 26-ны өглөө 08:00 орчим сэрээд харуулын байрнаас гараад явсан. Үлдсэн адууны казуудыг Хүнсний захын харуул Тэгшээ гэдэг ах харуулын байран дотор байхдаа 8000 /найман мянган/ төгрөгөөр надаас авсан. Харуулын байрнаас гарч яваад Халтар ах бид 2 каз зарсан мөнгөндөө 1 шил архи авч уусан. Тэгээд бид 2 ногоон өнгийн хөөргөө зарах гээд бильярдны зах, сум руу явдаг тээврийн хэрэгсэлийн зогсоол дээр  явж байснаа санаж байна. Бусдыг санахгүй байгаа. Хөөргийг хэнд өгсөнөө мэдэхгүй байна. Хохирлыг төлсөн. Гэм буруугаа ойлгон гэмшиж байна. Хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү...гэх мэдүүлэг  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмыг дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, яллагдагч болон гэрч хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллгааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч нарын хулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх хэрэгт авагдсан дээрхи  нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлэн ирүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгээр хэлэлцэгдсэн дээрх  нотлох баримтыг үнэлж дүгнэхэд:

Шүүгдэгч  Б.******* нь  согтуугаар 2019 оны 10 сарын 28-ны өдөр  Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант багийн 16-11 тоотод байрлах хохирогч Д.******* байшингийн цонхоор орж,  индукцен плитек, хатаасан  хонины мах зэргийг  авч яваад цагдаатай таарч, хураалгасан. 

Мөн 2019 оны 11 сарын 25-наас 2019 оны 11 сарын 26-нд шилжих шөнө Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн 4-8 тоот хашаанд  байрлах хохирогч Б. гэрийн тооноор орж, унинд өлгөөтэй байсан 14 ширхэг адууны каз, ногоон өнгийн хаш хөөрөг зэргийг  авч, Ховд аймгийн Жаргалант сумын бараан зах дээр үйл ажиллагаа явуулдаг Бугаан гол  хүнсний захын харуулын байранд  адууны казны зарим хэсгийг чанаж идсэн, харуул Д.Тэгшээд үлдэгдэл адууны казаа 8000 төгрөгөөр зарсан гэх хэргийн үйл баримт, бодит байдал тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.******* нь  хохирогч Д.******* гэрийнхэн нь  эзгүй,  байшин нь цоожтой байх үед  байшингийн цонхоор орж,  индукцен плитка,  хонины хатаасан мах  авсан, мөн  хохирогч Б. гэр нь цоожтой байх үед гэрийн тооноор шөнийн цагаар орж адууны каз, ногоон өнгийн хаш хөөрөг  авсан үйлдэлүүд  нь хэрэг нь авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудаар нотлогдон  тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.******* нь хохирогч Д.Хуанд 210000 төгрөгний, хохирогч Б.Ням-Очирт 620000 төгрөний хохирол тус тус учруулсан байна.

Шүүгдэгч Б.******* болон түүний өмгөөлөгч нар нь хулгайлах гэмт хэргийг бусдын орон байранд нэвтэрч үйлдсэн, гэм буруугийн талаар маргаагүй. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Ням-Очирт учирсан хохирол 620000 төгрөгийг төлсөн талаархи төлбөрийн баримтыг ирүүлсэн.

Мөн шүүгдэгч Б.******* нь хохирогч Б.*******  байшингаас авсан индукцен плитка, хатаасан хонины махыг авч явж  байгаад цагдаад баригдсан, мөрдөгч нь түүний  авч явсан хонины хатаасан мах, индукцен плитка  зэргийг хураан авч, хохирогчид эд хөрөнгө хүлээлгэн өгөх тэмдэглэл үйлдэж  хүлээлгэн өгсөн байна.

Шүүгдэгч Б.******* нь гэмт хэрэг үйлдэх үедээ согтуу байсан талаараа мэдүүлж байх боловч бусдын байшингийн цонхоор нэвтэрч өөрийн хэрэгцээ бүхий плитка, хонины мах  авч байгаа,  гэрийн хаалгыг цоожтой байгааг мэдсээр байж гэрийн тооноор орж, гэрийн унинд өлгөөтэй байсан адууны каз, даалинтай байсан хөөргийг далингаас нь гаргаж авч байгаа зэрэг нь уг үйлдлээ мэдэж байсан, бусдын байшин болон гэрт нэвтэрч байгаа үйлдлээ мэдэж байсан төдийгүй, бусдын гэрээс нууцаар авсан адууны казаа  харуулын үүрэг гүйцэтгэн ажлын байран дээрээ байсан харуулын өрөөнд авчиран чанаж, идэж өөрийн хэрэгцээгээ хангаж, үлдсэн казаа бусдад 8000 төгрөгөөр зарж архи авч ууж байгаа нь  байгааг хулгайлах гэмт хэргийг хүсч үйлдсэн гэж үзнэ.

Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т заасан... өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан, хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно...гэх гэм буруугийн санаатай хэлбэрийг бий болгожээ гэж үзнэ.

Бусдын эд хөрөнгийг шунахайн сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, үнэ төлбөргүй өөрийн өмчийн адил захиран зарцуулах санаа зорилготойгоор  нууц далд аргаар авахыг хулгайлах гэмт хэрэг гэх ба уг үйлдлийг  хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цонх хаалга зэргийг эвдэж  орохыг... хууль бусаар нэвтрэх гэж... хууль зүйн хувьд тодорхойлоод  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд...бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсаныг нь...хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж болохыг хуульчилж  энэ гэмт  хэргийг хүн  байнга амьдрах зориулалттай орон байран нэвтэрч үйлдсэн бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар  хүндрүүлэн  зүйлчилжээ.

Иймд шүүгдэгч Б.*******ын 2 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, энэ гэмт хэргийг  хүн байнга амьдрах зориулалттай  байшингийн цонхоор,  гэрийн тооноор нэвтэрсэн  гэмт үйлдэлд нь  Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэн  ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзнэ.

Шүүгдэгч Б.*******ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, энэ гэмт хэргийг  хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт  хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

           Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршиг :

 Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.******* байшингаас хулгайлагдсан индукцен плитка, хонины хатаасан мах зэргийг Б.*******аас хураан авч, хохирогчид хүлээлгэн өгсөн нь эд хөрөнгийг хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэлээр тогтоогдсон. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.******* нь хохирогч Б.Ням-Очирт учирсан хохирол болох адуун каз болон ногоон өнгийн хаш хөөрөгний үнэ 620000 төгрөгийг  төлсөн талаархи  620000  төгрөгний төлбөрийн баримтыг шүүхэд ирүүлсэн байх тул шүүгдэгч Б.*******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ. 

                              Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 Шүүгдэгч Б.******* нь  Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 2008 оны 07 сарын 29-ний өдрийн 97 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар 6 сарын хорих ялаар шийтгүүлж биечлэн эдэлж байсан нь хэргийн 55 дугаар хуудас дахь “ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”, 97 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар баримтаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.*******  дахин гэмт хэрэг зөрчилд холбогдоогүй болох нь  мөрдөн шалгах ажиллагаанд *******  овгийн Гончигийн ******* гэрчээр  өгсөн...Манайх 6 хүүхэдтэй Б.******* манай хамгийн том хүүхэд байгаа юм. Манай хүү Б.******* Дуут суманд 10 дугаар анги төгссөн, ямар нэгэн ажил хөдөлмөр эрхэлж байгаагүй, хөдөө мал маллаж байсан. Б.******* одоо манай гэрт байгаа. Б.*******т өөрийн гэсэн гэр орон, эд хөрөнгө, мал гэх зүйл байхгүй. Анх гэр бүл болох үед нь би гэр орон, мал өгсөн. Одоо архи уугаад ямар ч юмгүй болсон байгаа. Манай хүү архи маш их ууж байгаа.  Манай хүү Дуут сумаас надад хэлэлгүй 2019 оны 10 дугаар сарын эхээр нууцаар явсан байсан. Тэгээд аймагт ирээд ийм хэрэг үйлдсэн байна...гэх мэдүүлэг/хх-ийн 6-7-рт/, мөрдөн шалгах ажиллагаанд  Эмч овгийн ******* Адилбишийн гэрчээр  өгсөн...Манай ах Б.******* нь  Дуут сумын 10 жилийн дунд сургууль төгссөн. Өөр ямар нэгэн сургуульд сураагүй. Ажил ер нь хийж байгаагүй. Б.******* гэмт хэрэгт холбогдсон талаар 2019 оны 10 дугаар сарын 20-ны үед сонссон. Одоо манай ах ээж аав хоёрын хамт Дуут суманд амьдарч байгаа. Б.*******т өөрийн гэсэн гэр орон, эд хөрөнгө, мал гэх зүйл байхгүй. Манай ах Б.******* архи их уудаг. Сүүлийн үед бүр хулгай хийж явдаг болсон юм шиг байсан...гэх мэдүүлэг/хх-ийн 19-20-рт/-ээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.*******ыг хулгайлах гэмт хэргийг  анх удаа үйлдсэн гэж үзнэ.

Улсын яллагчийн дүгнэлтэд: Шүүгдэгч Б.*******ыг 2 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, энэ гэмт хэргийг  хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт  хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, 2 жилийн хорих ял шийтгүүлж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, цагдан хоригдсон 44 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох,  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх    дүгнэлт, тайлбарыг  гаргаж байна гэв.   

Шүүгдэгчийн өмгөөлөгч нь  өмгөөлж хэлсэн дүгнэлтдээ: Шүүгдэгч Б.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлыг төлсөн  тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан  хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй   ял оногдуулж өгнө үү гэх дүгнэлт, тайлбар гаргав.

Шүүхээс шүүгдэгч  Б.*******ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, энэ гэмт хэргийг  хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт  хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших эрүүгийн хуулийн шударга  ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн улсын яллагчаас гаргасан дүгнэлт тайлбар, шүүгдэгчийн өмгөөлөгчийн өмгөөлж хэлсэн дүгнэлт,  шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэрэг хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн,  анх удаа гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч Б.*******т нэг жилийн хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.*******ын  Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 12 сарын 03- ны өдрийн 2019/ЦХШЗ/ 22 дугаартай “Яллагдагчаар цагдан хорих тухай” шүүгчийн захирамжаар цагдан хоригдож шүүх хуралдаан хүртэл цагдан хоригдсон 44 хоногийг эдлэх ялд оруулан тооцож,эрүүгийн 1936002940228  дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,  шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч Б.*******т цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэв.

Шүүгдэгч Б.*******т холбогдох эрүүгийн 1936002940228 дугаартай хэрэгт 1936000000233 дугаартай хэрэг нь  нэгтгэгдсэн болно.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8,36.10,36.13  дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, энэ гэмт хэргийг  хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт  хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 1 жилийн хорих ял шийтгэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч ******* овогт ******* *******т  оногдуулсан 1 жилийн хорих  ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.*******ын цагдан хоригдсон 44 / дөчин дөрөв / хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

6.Эрүүгийн 1936001510256 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,  шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эрүүгийн 1936002940228 дугаартай хэрэгт 1936000000233 дугаартай хэргийг нэгтгэсэн   болохыг тус тус дурдсугай. 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар  шийтгэх тогтоол хүчин  төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******т  урьд цагдан хорихоор авсан авсан  таслан сэргийлэх  арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй. 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  шүүгдэгч, хохирогч гомдол, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Т.ЦЭЦЭГМАА