Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 327

 

охигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

            Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, 7 хороолол, 46 байр, 69 тоотод оршин суух, Боржигон овогтой Баянмөнхийн Ганпүрэвийн /РД:НИ91050215/ нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 5 дугаар хороо, яармаг, цог гудамж 5 тоотод оршин суух, Онход овогт Дэмбэрэлийн Дунгармаад /РД: СЮ78111566/ холбогдох,

            Автомашин худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж, өөрийн өмчлөлийн автомашинаа буцаан авах тухай иргэний хэргийн 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2016 оны 5 дугаар сарын 30-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга З.Энхбилгүүн оролцов.

 

                                                                                                            ТОДОРХОЙЛОХ нь: 

           

Нэхэмжлэгч Б.Ганпүрэв шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

            2016 оны 1 сарын 5-ны өдөр Б.Ганпүрэв би өөрийн өмчлөлийн 72-54 УНТ улсын дугаартай автомашинаа Д.Дунгармаад 5 000 000 төгрөгөөр худалдах, уг мөнгийг Дунгармаа 2016 оны 1 сарын 03-наас эхлэн сар бүр  500 000 төгрөг төлж байх болзолтой автомашин худалдах, худалдан авах гэрээ хийсэн. Гэтэл Дунгармаа 2016 оны 4 сарын 20-ны өдрөөс эхлэн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй байгаа бөгөөд  сар бүр өгөх гэрээний үүргийн дагуу мөнгөө төлөхийг удаа дараа шаардахад янз бүрийн зовлон тоочиж, өгөхгүй байгаа тул би аргаа ядан Говь-Алтай аймгийн Алтай сумаас ажлаа орхин ирж уулзахад хэдэн сарын дараа мөнгийг чинь өгнө та яг өгч чадах уу гэхээр чадахгүй гээд байгаа тул би 2016 оны 1 сарын 05-нд байгуулсан автомашин худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж байна.

Иймээс миний өмчлөлийн 72-54 УНТ улсын дугаартай автомашиныг Д.Дунгармаагаас гаргуулан өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д.Дунгармаа шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Б.Ганпүрэвтэй 72-54 УНТ улсын дугаартай Нюндай Портер маркийн автомашиныг 2016 оны 1 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн 2016 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийг дуустал сар бүр 500 000 төгрөгийг өгч байхаар тохирч гэрээ хийсэн. 2016 оны 1 сарын 03-ны өдөр гэрээ хийхдээ урьдчилгаа 500 000 төгрөг, 2016 оны 1 сарын 20-ноос 24-ны хооронд дахин 500 000 төгрөг, 2016 оны 2 сарын 23-нд 500 000 төгрөгийг өгсөн. Энэ хугацаанд маслын тагийн солиулсан байгаа. 2016.3.21-нд 400 000 төгрөг, 2016.3.25-нд 100 000 төгрөг, 2016.4.24-нд 250 000 төгрөгийг тус тус төлсөн. 4 сарын мөнгөө төлөөд машин нь эвдэрсэн. Машинд нь кольц 90 000, уклач 20 000, ком жийрэг 40 000, агаар шүүгч 8000, маслын шүүр 8000, ирмен 8000, масло 30 000, тосол 15 000, нийт 219 000 төгрөгөөр машинд юм авсан. Засварын хүнд 50 000 төгрөгийг өгсөн.

Б.Ганпүрэвт машинд ийм юм авлаа, сар гаран хөдөлсөнгүй тэгж байтал татвар төлөх болсон татвараа төлсөн, ингээд юм юм давхцаад боломжгүй байна 1 сар харж үзээчээ гэж учирлаж гуйсан боловч ойлгоогүй. Машинаа засаад хашаанаас гараад колонк ороод ахиад зуураад асахаа больсон. Тэгээд 450 000 төгрөгөөр моторын доод анги авч тавьсан байгаа. Ингээд байж байтал Б.Ганпүрэв гэнэт гарч ирээд машинаа авч явна гээд дайраад хүчээр ачих гэсэн. Бараг 50 хувийг өгсөн байгаа дээр нь машинд өчнөөн засвар хийчихээд байхад бидэнд хохиролтой санагдаад өгөхгүй гэхэд хүч хэрэглэж хувцас хунар урж тасадсан. Б.Ганпүрэв, Б.Дунгармаа нар 50, 50 хувиар эзэмшигч болохоор би өгөөгүй. Машинаа авч явах юм бол би бас хохирогч болно. Тийм тохиолдолд миний хохирлыг барагдуулж өгөхийг хүсч байна гэжээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулсан байна. Зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээнд:

            “ …Б.Ганпүрэвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болох Ш.Сугар миний бие нь Дунгармаагаас нэхэмжилж буй мөнгөн дүнг 2016 оны 9 сарын 25-ны өдөр  гэхэд төлүүлэхээр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж байна. Д.Дунгармаа нь автомашины үлдэгдэл төлбөр болох 2 750 000 төгрөгийг мөн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45 000 төгрөг, нийт 2 790 000 төгрөгийг 2016 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөр тасалбар болгон төлж дуусгах нь үнэн болно” гэжээ.

 

                                                                                                                             ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Б.Ганпүрэв нь хариуцагч Д.Дунгармаад холбогдуулан  автомашин худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж, өөрийн өмчлөлийн автомашинаа буцаан авах тухай  нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

           Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч 2 750 000 төгрөгийн хэмжээнд эвлэрч, хариуцагч Д.Дунгармаа нь 2 750 000 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамж 45 000 төгрөгийн хамт төлөхөөр маргаангүйгээр хүлээн зөвшөөрч, уг 2 790 000  төгрөгийг 2016 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа эвийн журмаар шийдвэрлэжээ.

            Иймд зохигчид эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзэв.

 

            Нэхэмжлэгч Б.Ганпүрэвийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилсан төлсөн 94 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Дунгармаагаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-д зааснаар 45 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-д зааснаар хэргийг зохигч талын эзгүйд хянан шийдвэрлэсэн болно.

 

 

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон

            ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч Б.Ганпүрэвийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Дунгармаад  холбогдох автомашин худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, өөрийн өмчлөлийн автомашинаа буцаан авах тухай иргэний хэргийн зохигч 2 750 000 төгрөгийн хэмжээнд эвлэрч, хариуцагч Д.Дунгармаа нь 2 750 000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж 45 000 төгрөгийн хамт төлөхөөр маргаангүйгээр хүлээн зөвшөөрч, уг 2 790 000 төгрөгийг 2016 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр төлж барагдуулахаар зохигчийн эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Ганпүрэвийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн  94 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Дунгармаагаас 45 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Ганпүрэвд олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү  захирамжийг сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тохиолдолд  зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, анхан шатны шүүхэд дахин  нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Д.ХУЛАН