Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 320

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

             Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, ХХҮ-1/30 3 тоотод оршин суух, Алаг адуу овогт Мөнхбатын Одбаярын /РД:ШГ83120376 /нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө, 1 хороо, 143-5 тоотод байрлах “Депод” ХХК-д холбогдох

Ажилгүй байсан хугацааны цалин хөлс 2 341 649 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай  нэхэмжлэлийг 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Баяраа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Сугар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Энхбилгүүн нар оролцов.  

                                                                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч М.Одбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:

М.Одбаяр миний бие нь “Депод” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2015 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн А/55 дугаар тушаалаар өөрийн эрхэлж буй ажлаас хууль зүйн үндэслэлгүй халагдсан.

 

 

Би өөрийн зөрчигдсөн эрхийг сэргээлгэхээр шүүхэд 2015 оны 08 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэл гаргасан бөгөөд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 102/ШШ2015/07537 дугаар шийдвэрээр “...нэхэмжлэгч М.Одбаярыг “Депод” ХХК-ийн няравын ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт 2 419 200 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн Нийгмийн даатгалын болон Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт холбогдох бичилтийг хийж, баталгаажуулахыг хариуцагч Депод ХХК-д даатгасугай” гэж нэхэмжлэлийг бүхэлд нь ханган шийдвэрлэсэн. Энэхүү анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш өнөөдрийг хүртэл хугацаанд миний нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт холбогдох нөхөн бичилтийг хийгээгүй, баталгаажуулаагүй төдийгүй энэ хугацааны цалин хөлсийг ч өгөхөөс татгалзаж намайг хохироож байна.

Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан  бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор , хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх  олговрыг олгоно” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш 3 сарын  цалинг ажил олгогчийн зүгээс нэмж олгохгүй байгаа  нь хууль бусаар халагдсаны улмаас ажилгүй байгаа, энэ хугацаанд ямар ч орлогогүй байгаа миний эрхийг дахин хохироож байна.

Иймд ажилгүй байгаа хугацааны буюу анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш 2016 оны 2 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл ажилгүй байсан 3 сарын хугацааны цалин хөлс болон 1 814 400  төгрөг,холбогдох учирсан хохирол, ажил олгогчоос гаргуулж надад олгуулах, нийгмийн  даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих нөхөн бичилтийг хийхийг хариуцагч Депод ХХК-д даалгах шийдвэр гаргаж өгнө үү.

 

Миний бие Депод ХХК-иас ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 1 814 400 төгрөгийг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын  дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг шүүхээр даалгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа.Үүнд ажилгүй байсан хугацааны буюу анхан шатны шүүхийн 2015 оны 11 сарын 27-ны өдрийн шийдвэр гарснаас хойш 2016 оны 2 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл ажилгүй байсан 3 сарын хугацааны цалин хөлсийг нэхэмжлэхдээ хуульд зааснаас өөрөөр тодорхойлсныг залруулах шаардлагатай байна. Мөн нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаал “ Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-д “... дундаж цалин хөлсөөр” гэж тодорхойлсны дагуу 3 сарын цалин хөлсний нийлбэр дүнг 2 341 649 төгрөгөөр тодруулан нэхэмжилж байгаа бөгөөд нийгмийн даатгалын эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийхийг хариуцагч Депод ХХК-д даалгуулахаар тодруулж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Баяраа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 Нэхэмжлэгч 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан. Анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн шийдвэр гарснаас хойш 2016 оны 2 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны буюу 3 сарын цалин, хөлсийг нэхэмжилж байгаа. Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож ажлаас чөлөөлсөн тушаал хэрэгт авагдсан байгаа. Хариуцагч “Депод” ХХК-ийн зүгээс дарамт, шахалт маш их ирсэн тул ажилдаа орсон ч гэсэн үргэлжлүүлэх ажиллахгүйгээр хөдөлмөрийн гэрээг харилцан тохиролцож дуусгавар болгоё гэж нэхэмжлэгч хүссэний дагуу би хариуцагчтай тохиролцсон. Ажилгүй байсан хугацааны цалинд 2 341 649 төгрөг нэхэмжилж байна. Учир нь Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны сайдын 2005 оны 55 дугаар тушаалд заагдсан дундаж цалин хөлс тодорхойлох журмын 7 дахь хэсэгт зааснаар бодох нь зүйтэй гэж үзэж байна. Бид өмнө гарсан анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол гаргаагүй, цалин хөлсийг бага бодсон талаар маргаагүй боловч энэ удаад дундаж цалин хөлс бодох журмын дагуу гаргуулахаар нэхэмжлэлийг гаргаж байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нотлох баримтгүй, гүтгэлгийн чанартай зүйл ярьж байна. “Депод” ХХК дээр очиж хэд хэдэн удаа уулзсан ч ажилд эгүүлэн аваагүй, мөнгө төгрөгийг ч өгөөгүй. Энэтэй уулз, тэрэнтэй уулз гээд явуулаад байдаг. Ерөнхий нягтлан Алтанхуягтай уулзахаар М.Одбаярыг ажилд эгүүлэн авахгүй гэдэг. Хэрэв Одбаярыг ажилд авахгүй бол ажилд авахгүй гэсэн шийдвэрээ гаргаад өгөөч гэхээр өгдөггүй. Шүүхийн шийдвэрийн дагуу ажилгүй байсан хугацааны цалинг нь өгөөч гэхэд өгөхгүй байж байгаад 2 дугаар сарын 26-ны өдөр ажилгүй байсан хугацааны цалинг өгөөд, харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгоё гэж тохиролцсон. Үүний дагуу 2 дугаар сарын 25-ны өдөр л мөнгийг өгсөн. Хариуцагч шүүхийн шийдвэрийг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй. Би бол Одбаярын итгэмжлэгдсэн төлөөлөгч. Хууль ёсны дагуу надтай биш ажлаас халсан хүнтэйгээ харилцах ёстой. Баяраа өмгөөлөгч биднийг 2 сар хүлээлгэсэн гэж ярьж байгаа нь үндэслэлгүй. Ажилд эгүүлэн авахгүй байсан тул арга ядахдаа тохиролцсон гэрээ байгуулж, ажилгүй  байсан хугацааны цалингаа авсан. М.Одбаяр огт ажилгүй, цалин хөлсгүй байхад хүндрэлтэй учир хашаа манаад авсан хөлсөөрөө нийгмийн даатгалаа төлж байсан. Шүүхийн шийдвэрийн дагуу нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн гэдэг ч Нийгмийн Даатгалын Ерөнхий Газраас ирсэн баримтаар “Депод” ХХК нь М.Одбаярын нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй гэдэг нь харагдаж байна. Тиймээс шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй учир цалингүй байсан хугацааны цалинг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Сугар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэгч Одбаяр нь ...ажилгүй байсан хугацааны буюу анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш 2016 оны 2 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл ажилгүй байсан 3 сарын хугацааны цалин хөлс болон нийгмийн даатгалын бичилт хийх шийдвэр гаргуулж өгнө үү гэжээ. Манай компани нь Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 102/ШШ2015/07537 дугаар шийдвэр буюу Одбаярыг ажилд эгүүлэн тогтоох шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч давж заалдаагүй ба Одбаярыг ажиллуулахад бэлэн байсан. Гэтэл Одбаярын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч М.Баяраа нь Одбаяр цаашид энэ компанид ажиллахгүй гэсэн хариу бидэнд өгсөн ба энэ тухайгаа албан ёсоор бичгээр баталгаажуулж өгье гэж тохиролцсон. Тухайн үеийн шүүхийн шийдвэр гарснаас хойш өмгөөлөгч болон нэхэмжлэгчийн зүгээс ирж ажилдаа орох талаар ирж уулзаагүй байж байгаад 1 сард өмгөөлөгч Баяраа ирж уулзсан. Тухайн үед шүүхээс төлөхөөр шийдвэрлэсэн цалин мөнгөө авмаар байна, манай хүн цаашид энд ажиллахгүй ээ гэдгээ дахин хэлсэн. Манай компаний зүгээс мөнгө төгрөгний бололцоо муу байнаа хэсэг хугацаа өгөөчээ гэсэн хүсэлт тавьж 2016 оны 2 сард багтаан олгохоор хоорондоо тохиролцсон. Гэтэл анхнаасаа энд ажиллахгүй гэдгээ хэлж байсан мөртлөө манай компанийн буруугаас болж 2,3 сараас ажилгүй байж хохирсон мэтээр яваад байгаа нь үнэхээр жудаггүй хэрэг мэт санагдаж байна. Тэгээд ч бид шүүхээс төл гэж заасан төлбөрийг бүрэн барагдуулсан тул цаашид төлбөр төлөх хууль зүйн үндэслэл байхгүй гэж үзэж байна.

 

Манай компанийн зүгээс Одбаярын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Өмнө нь шүүхээс Одбаярыг ажилд нь эгүүлэн тогтоох тухай шийдвэр гарахад бид шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн. Тухайн үед Баяраа өмгөөлөгч Одбаяр ажилдаа буцаж орохгүй, тиймээс мөнгөө аваад тохиролцъё гэсэн бөгөөд мөнгө төгрөгийг өгч авах үед хөдөлмөрийн гэрээг харилцан тохиролцож цуцласан тухай гэрээг байгуулъя гэсэн. Шүүхийн шийдвэр 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр гарсан. Үүнээс хойш Одбаяр болон Баяраа өмгөөлөгчийн аль аль нь холбоо бариагүй, алга болсон. 2016 оны 1 дүгээр сард Баяраа өмгөөлөгч ирж уулзаад Одбаярын ажилгүй байсан хугацааны цалинг нь авъя гэсэн боловч компаний санхүү хэцүү байсан тул мөнгийг шууд гаргаж өгч чадаагүй. 2016 оны 2 дугаар сарын 25-ны өдөр Баяраа өмгөөлөгчид 1 987 552 төгрөгийг шүүхийн шийдвэрийн дагуу өгсөн. Ингээд талууд тохиролцсоны дагуу харилцан тохиролцож, ажлаас чөлөөлсөн гэдэг үндэслэлээр гэрээ байгуулж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон. Одбаярын нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөөд тайланд оруулаад төлсөн. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. 

Мөн Одбаяр нь ажилдаа буцаад оръё гэсэн сэтгэлтэй байсан бол компани дээр ирж уулзаж, бидэнтэй ярих байсан. Гэтэл надтай нэг ч удаа ирж уулзаж, ярьж байгаагүй. Би нягтлан биш учраас мөнгөө авах асуудлаараа Алтанхуягтай уулз гэж хэлсэн. Баяраа өмгөөлөгч л өөрөө шүүхийн шийдвэр гарсны дараа Одбаяр буцаж ажилдаа орохгүй, зүгээр л цалингаа аваад харилцан тохиролцож гэж хэлсэн. Тэгээд гэрээгээ цалингаа авахдаа байгуулья гэж хэлсэн. Тиймээс л бид ажилд томилсон тушаалыг нь гаргаагүй байлгаад байсан. Хэрвээ Баяраа өмгөөлөгч тэгж хэлээгүй бол бид тэр дор нь тушаалыг нь гаргаад авах байсан. Угаасаа Одбаярыг үндэслэлгүй халагдчихлаа гэдгийг бид мэдэж байсан, тиймээс ч шүүхийн шийдвэрийг давж заалдаагүй юм.

Баяраа өмгөөлөгчийн хэлсний дагуу бид тохиролцож хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон тухай гэрээгээ байгуулсан. Гэтэл танай компани мөнгөө өгөхгүй байгаа юм чинь нийгмийн даатгалыг төл гэсэн. Бид ямар нэг шийдвэргүйгээр төлж чадахгүй гэхэд энэ асуудлыг шүүхээр шийдүүлнэ дээ гэсэн. Залуу хүн байж ингэж худлаа ярьж байгаад гайхаж байна. Хэрвээ манай байгууллагыг шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй гэж үзсэн бол энэ асуудлаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад албадан гүйцэтгүүлэхээр хандсан асуудал байхгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М.Одбаяр нь хариуцагч “Депод” ХХК-нд  холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлс 2 341 649 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж дүгнэв.

           

Нэхэмжлэгч нь ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байхад хариуцагч шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй, ажилд эгүүлэн авахгүйгээр хохироосон тул ажилгүй байсан хугацааны олговрыг олгуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэж өгнө үү гэсэн.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, өөрөө ажилдаа орно гэж ирээгүй, анхан шатны шүүх хуралдааны дараа хариуцагчийн өмгөөлөгч нь ажилдаа эргэж орохгүй гэж хэлсэн, мөн харилцан тохиролцоод цалингаа авсан, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлээгүй байж дахин шүүхэд хандсан нь үндэслэлгүй гэж маргасан.

 

Нэхэмжлэгч М.Одбаярыг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн №102/ШШ2015/07537 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар “Депод” ХХК-ийн няравын ажилд буюу өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон байна. /хэргийн 7-9 хуудас/

Уг шүүхийн шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр болсон байхад хариуцагч тал буюу ажил олгогч “Депод” ХХК нь нэхэмжлэгч буюу ажилтан М.Одбаярыг өмнө эрхэлж байсан няравын ажилд нь эгүүлэн аваагүй, хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй болох нь зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байна гэж үзэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгчийг өөрөө ажилдаа орох талаар санаачлага гаргаагүй, шүүх хуралдааны дараа өмгөөлөгч нь ажилдаа эргэж орохгүй гэж хэлсэн, энэ талаар харилцан тохиролцоод цалингаа авсан, мөн ажил хийж, цалин авч нийгмийн даатгалын шимтгэлээ төлж байгаа тул төлөхгүй гэж маргаж, шүүхэд М.Одбаярын нийгмийн даатгалын шимтгэл төлсөн лавлагаа, Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай баримтыг ирүүлсэн. /хэргийн 42-44, 48-р хуудас/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь М.Одбаярыг ажилдаа эргэж орохгүй гэж хариуцагчтай тохиролцоогүй, ажилд нь эгүүлэн авах талаар удаа дараа шаардаж байсан гэж мэтгэлцсэн.

Хариуцагч “Депод” ХХК нь 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн М.Одбаярыг ажилд нь эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 2016 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн №А/15 тоот гүйцэтгэх захирлын тушаалаар М.Одбаярыг архины шилний няраваар 2016 оны 2 дугаар сарын 26-ны өдрөөс эргүүлэн томилсон болох нь хэрэгт авагдсан “Депод” ХХК-ийн гүйцэтгэх захирлын тушаал, зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна. /хэргийн хуудас 11-р хуудас/

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ажилдаа эргэж орохгүй гэж М.Одбаярын өмгөөлөгчтэй харилцан тохиролцсон гэж 2016 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн “Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгох тухай” баримтыг шүүхэд ирүүлсэн боловч уг баримтыг М.Одбаярыг шүүхийн шийдвэрээр эгүүлэн тогтоосон ажилдаа эргэж орохгүй гэсэн тохиролцоо гэж үзэх боломжгүй, мөн уг баримтыг шүүхийн шийдвэр гарсны дараа биш 2016 оны 2 дугаар сарын 25-ны өдөр үйлдсэн байх тул  түүний тайлбар үндэслэлгүй байна гэж үзэв.

Мөн ажил олгогч буюу “Депод” ХХК-ийн зүгээс нэхэмжлэгч М.Одбаярыг ажилдаа орох талаар санаачлага гаргаагүй гэсэн боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т зааснаар “ажил олгогч нь ажилтныг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол ажилд нь эгүүлэн авах үүрэгтэй” бөгөөд хуульд заасан үүргээ биелүүлсэн талаараа хариуцагч шүүхэд нотлоогүй, М.Одбаярыг ажилд эгүүлэн тогтоосон тушаалаа гаргаагүй, түүнийг ажилдаа ор гэж мэдэгдсэн гэж тайлбарласан боловч үүнийг нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэгчийг шүүхийн шийдвэрийг биелээгүй бол албадан гүйцэтгүүлэхээр захирамж гаргуулж, шийдвэр гүйцэтгэлийн байгууллагад хандаагүй нь буруу гэсэн боловч хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ” гэсэн үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч дахин шүүхэд мэдүүлэх эрхээ эдлэж, нэхэмжлэл гаргасныг буруутгах үндэслэлгүй, шаардах эрхтэй байна гэж үзэв.  

 

Иймд нэхэмжлэгчийг анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс хойш ажилд аваагүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул ажилгүй байсан хугацааны олговрыг 2015 оны 11 сарын 27-ны өдрөөс ажилд эгүүлэн авах тушаал гарсан 2016 оны 2 дугаар сарын 26-ны өдөр хүртэлх тооцож гаргуулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн дундаж цалинг тус шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн №102/ШШ2015/07537 дугаар шийдвэрээр 604 800 төгрөгөөр тооцож гаргуулсныг нэхэмжлэгч маргаагүй, шийдвэр хүчин төгөлдөр болсон байх тул түүний ажилгүй байсан хугацааны цалинг 604 800 төгрөгөөр тооцох нь зүйтэй гэж үзэв.  

Хариуцагч “Депод” ХХК-иас нэхэмжлэгч М.Одбаярын ажилгүй байсан хугацааны цалинд 1 979 320 төгрөгийг /604 800 төгрөг х 2сар =1 209 600, 604 800 : 22 хоног=27 490 төгрөг, 27 490 х 28 хоног=769 720 төгрөг, 1 209 600 +769 720=1 979 320 төгрөг/ гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

           Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д “Ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй”, 46.2-т “ ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй” гэж тус тус заажээ.

           Иймд “Депод” ХХК-нд М.Одбаярын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг үүрэг болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.  

 

 Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2,  116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон                                                                                                                                 

 ТОГТООХ НЬ:

 

   1.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар “Депод” ХХК-иас 1 979 320 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М.Одбаярт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 362 329 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.    

            2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг даатгуулагчийн төлбөл зохих Нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тогтоон суутгаж, нийгмийн даатгалын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлж, энэ талаар нэхэмжлэгч М.Одбаярын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг “Депод” ХХК-нд даалгасугай. 

 

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 52 500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 46 619 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Д.ХУЛАН