Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 262

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, 

    хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

             Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан би,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, Самбуугийн гудамж-47 байрлах “Мобиком корпораци” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, 70Б  байр, 32 тоотод оршин суух, Өлзий овогтой Сэрсэндэмдид холбогдох

Утасны ярианы төлбөр болон утас зээлээр худалдах худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 1 138 962 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

            Тус компани нь 2014 оны 07 сарын 17-ны өдөр иргэн Ө.Сэрсэндэмидтэй Ай Фони багцын гэрээ, гар утас зээлээр худалдах, худалдан авах нэмэлт гэрээг тус тус байгуулж, тодорхой нөхцөл, хөнгөлөлттэйгээр гар утас, дараа төлбөрт дугаар ашиглах эрхийг шилжүүлсэн. Гэсэн хэдий ч Ө.Сэрсэндэмид нь гэрээгээр тохиролцсоны дагуу төлбөрөө хугацаандаа төлөөгүй бөгөөд дараах төлбөрийн үлдэгдэлтэй байна. Үүнд:

  1. Дараа төлбөрт дугаарын ярианы үлдэгдэл төлбөр 18 228 төгрөг,
  2. Гар утасны төлбөрийн үлдэгдэл 1 120 734 төгрөг,

3.Нийт үлдэгдэл 1 138 962 төгрөг байна. Иймд хариуцагч Сэрсэндэмидээс 1 138 962 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ө.Сэрсэндэмид шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Миний бие нь Мобикомын нэхэмжилсэн 1 138 962 төгрөгийг төлсөн болно. Тус төлбөр тооцоог барагдуулсан баримт байгааг хавсаргаж өгөв. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

  ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК нь хариуцагч Ө.Сэрсэндэмдид холбогдуулан утасны ярианы төлбөр болон утас зээлээр худалдах худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 1 138 962 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.          

            Иргэний хэрэг үүсгэснээс хойш нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 1 138 962 төгрөгийг хариуцагч Ө.Сэрсэндэмид нь маргаангүйгээр бүрэн төлж барагдуулсан болох нь хариуцагчийн шүүхэд ирүүлсэн тайлбар, Мобиком корпораци ХХК-ийн төлбөрийн баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.    

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон                                                                             

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

  1. ”Мобиком Корпораци” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ө.Сэрсэндэмдид холбогдох утасны ярианы төлбөр болон утас зээлээр худалдах худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 1 138 962 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

             

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч  “Мобиком корпораци” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 31 885  төгрөгний 15 942 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Хан-Уул дүүргийн татварын хэлстийн 2603030349 тоот данснаар 15 942 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. 

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.                        

 

 

              

 

ШҮҮГЧ                           Д.ХУЛАН