Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 30

 

 

 

 

 

2017 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 123/ШШ2017/0030

Төв аймаг

 

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Хажидмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: иргэн М.Мэндсүрэнгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдуулан гаргасан “Тамгын газрын даргын 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Б/54 тоот тушаалын заалтыг зөвтгөн Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д заасны дагуу чөлөөлөх, 30 дугаар зүйлийн 30.2 дахь заалтын дагуу нэг удаагийн буцалтгүй тусламж олгох”-ыг тус тус даалгуулахыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга А.Доржпүрэв, нэхэмжлэгч М.Мэндсүрэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Мөнхтулга, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.Мэндсүрэн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэст хэлтсийн дарга, мэргэжилтнээр ажиллаж байсан.  2007 онд цэрэг, цагдаагийн алба хаасан хугацаа 25 жил болж цэргийн тэтгэвэр тогтоолгох болзол, журмыг хангасан боловч тухайн үеийн аймгийн удирдлага болох аймгийн Засаг дарга Ц.Энхбатын санал болгосноор 2009 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн тушаалаар Хууль эрх зүйн хэлтсийн даргаар томилогдон төрийн захиргааны удирдах албан тушаалд дэвшин томилогдсон учраас цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгохгүй ажилласан. ... Ингэж ажиллах хугацаандаа 1982-2009 он хүртэл цэрэг, цагдаагийн байгууллагад нийт 27 жил алба хаасан тул “Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д заасан 25-аас доошгүй жил ажилласан эрэгтэй” гэсэн шаардлагыг хангасан учир 2013 онд цэргийн тэтгэвэр тогтоолгосон. Миний бие энэ талаар тухайн үеийн аймгийн удирдлагуудад мэдэгдсэн бөгөөд тэдний зүгээс цаашид үргэлжлүүлэн ажиллахыг зөвшөөрсөн. Гэвч 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл Хууль эрх зүйн хэлтсийн даргаар, 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл төрийн албанд мэргэжилтнээр, өөрөөр хэлбэл төрийн жинхэнэ албан хаагчаар ажиллаж байгаад аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Б/54 дүгээр тушаалаар чөлөөлөгдсөн. Уг тушаалд төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3 буюу “Өөрийн хүсэлтээр” гэсэн үндэслэлээр намайг чөлөөлсөн нь Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т заасан төрийн жинхэнэ алба хаагчид 1 удаагийн буцалтгүй тусламж авах эрхийг зөрчсөн. Төрийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 11 дүгээр зүйлийн 11.2-т тус тус зааснаар төрийн тусгай болон захиргааны албыг төрийн жинхэнэ алба, алба хаагчийг төрийн жинхэнэ алба хаагч гэж тодорхойлсон, хуульд төрийн жинхэнэ алба хаагчийн тэтгэвэр тогтоолгох насыг огт заагаагүй бөгөөд харин төрийн алба хаах насны дээд хязгаарыг 65 нас гэж заасан. Миний хувьд төрийн тусгай албанд ажилласан болзол, хугацаагаар Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн гэдэг үндэслэлээр чөлөөлөгдөх бүрэн боломжтой гэж үзэж байна. Учир нь: Төрийн тусгай албан тушаалд 27 жил, төрийн захиргааны удирдах албан тушаалд 8 жил ажиллаж, нийт төрийн жинхэнэ албан хаагчаар 35 жил ажилласан.

Монгол улсын Иргэний цэргийн үүрэгтэн болон цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-т заасан болзол буюу цэргийн алба хаах насны дээд хязгаарыг 50 нас гэснийг хангасан, Цагдаагийн албаны тухай хуулийн 91.8-д цагдаагийн алба хаагчийн насны дээд хязгаарт Төрийн албаны тухай хуульд заасан насны хязгаар хамаарахгүй, Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн заалт нь Төрийн жинхэнэ алба хаагчийг төрийн албанаас чөлөөлөх үндэслэлийг заасан бөгөөд төрийн захиргааны болон төрийн тусгай алба нь төрийн жинхэнэ алба хаагч мөн тул аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга буюу намайг чөлөөлөх эрх бүхий албан тушаалтан нь Төрийн албаны тухай хуулийн 24.1.1-д заасан үндэслэлээр намайг чөлөөлөх тушаал гаргахад хууль зөрчих үндэслэл үүсэхгүй юм. ... Хууль эрх зүйн хэлтсийн даргаар ажиллаж байхад Тамгын гарын дарга Ч.Сарангэрэл надтай уулзаад цаашид таньтай ажиллах боломжгүй тул таныг өөр ажилд томилно эсхүл чөлөөлөгдөх үү гэхэд нь надад нэг удаагийн тэтгэмж олгох юм бол ажлаасаа чөлөөлөгдөхөд татгалзах зүйл алга гэж хэлэхэд Ч.Сарангэрэл дарга болно тэгье гэсэн. Би өөрөөсөө өгөхгүй юм чинь тэтгэмжийг нь өгнө гэж хэлсэн учраас ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ бичиж өгсөн.  Таны оронд ажилд авах хүн нь бэлэн болсон. Би Солонгос улс руу ажлаар явах гэж байгаа учраас хурдан ажлаа хүлээлцэх шаардлагатай байна гээд хагас сайн өдөр буюу мартын 8-н өдөр намайг дуудаж амралтын өдөр ажлыг маань хүлээж авсан. Гэтэл намайг ажлаас чөлөөлсөн тушаал гарахгүй удаж байгаад Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйл 24.1.3-т зааснаар өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн гэдэг тушаал гарсан. Иймд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Б/54 тоот тушаалын үндэслэлийг судлан үзэж “Төрийн албаны тухай хуулийн 24.1.1, 30.2 дахь заалтын дагуу тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн гэх үндэслэлээр чөлөөлсөн гэж тушаалын заалтыг зөвтгөн өөрчлөх, надад нэг удаагийн буцалтгүй тусламж олгуулахыг даалгаж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэг нь Засгийн газрын 2014 оны 405 дугаар тушаалын хавсралтад зааснаар хамаарахгүй гэж үзэж буй буруу юм. Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд 25 жил ажилласан бол нэг удаагийн тэтгэмж авна гэж заасан. Нэхэмжлэгч нь 2013 онд цэргийн тэтвэрээ тогтоолгосон боловч тэтгэмжээ аваагүй. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь тэтгэврээ 2013 онд тогтоолгосон учраас дахин тэтгэвэр тогтоож болохгүй гэж тайлбарлаж байна. Энэ нь дахин тэтгэвэр тогтоолгох гэж байгаа асуудал биш тэтгэмжээ авах гэж байгаа гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Засгийн газрын 405 дугаар тогтоолын 10 дугаар хэсэгт зааснаар болзолыг хангасан бол нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоно гэж заасан байдаг. Тэтгэвэр тогтоолгосоны дараагаар тэтгэмж олгох эсэх нь яригдана. Иймээс нэхэмжлэгч нь тэтгэвэрээ тогтоолгосон учраас нэг удаагийн буцалтгүй тусламжаа аваад ажлаас чөлөөлөгдье гэдэг хүсэлтээ өгсөн. Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйл 24.1.3-г баримталж ажлаас чөлөөлсөн нь буруу гэж үзэж байна. ... Төрийн тусгай албан хаагч учраас тухайн байгууллагаасаа тэтгэвэртээ гарсан болохоор хамаарахгүй гэж ойлгоод байна. Тухайн үед төрийн тусгай албан хаагч байсан гэхдээ М.Мэндсүрэн нь төрийн тусгай албан хаагчийн тэтгэвэр авах нөхцөл, болзлыг хангасан. Хэдэн жил хаана ажилласанаас биш төрийн жинхэнэ албан хаагч учраас нэг удаагийн тэтгэмжээ авах ёстой. М.Мэндсүрэн нь Цагдаагийн байгууллагад ажиллаж байхдаа тэтгэвэрээ тогтоолгоогүй. Хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байхдаа 2013 онд тэтгэвэрээ тогтоолгосон. Цагдаагийн байгууллагад ажилласан жил нь энэ хүний тэтгэвэр тогтоолгох болзол, журмыг хангасан. Цагдаагийн байгууллагаас тэтгэвэрт гараагүй. Тэтгэмж ч аваагүй. Төрийн жинхэнэ албан хаагч байсан учраас тэтгэвэр тогтоолсон гэдэг нь Засгийн газрын 405 дугаар тогтоолоор баталсан журамд нийцэж байна. Энэ журамд заавал 60 нас хүрээд тэтгэвэрээ тогтоолгосны дараа тэтгэмжээ ав гэсэн заалт байхгүй байгаа. Журамд зааснаар тэтгэврээ тогтоолгочихоод, тэтгэмжээ авч болно гэж заасан учраас тэтгэмжээ аваад ажлаасаа чөлөөлөгдөе гэдэг хүсэлтээ гаргасан. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Сарангэрэл шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тус шүүхэд Зуунмод сумын 1 дүгээр багийн иргэн М.Мэндсүрэн нь төрийн тусгай алба буюу цагдаагийн байгууллагад ажиллаж байгаад тэтгэвэрт гараагүй, харин цагдаагийн албанаас гарч төрийн захиргааны албанд ажиллаж байх явцдаа цэргийн тэтгэвэр тогтоолгох насандаа хүрсэн үндэслэлээр 2013 онд тэтгэврээ тогтоолгосон байдаг. Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 405 дугаар тогтоолоор батлагдсан журмын 1 дэх заалтанд “Төрийн албаны тухай хуулийн 24.1.1, 24.1.2-т заасан ундэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөж, тэтгэвэр тогтоолгосон төрийн жинхэнэ албан хаагчид Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т заасан нэг удаагийн буцалтгүй тусламж олгоход энэ журмыг мөрдөнө,” гэж заасан бөгөөд төрийн захиргааны албанаас чөлөөлөгдөж байгаа тохиолдолд тэтгэвэр тогтоолгох нас нь 60 нас болно. Иймд аймгийн ЗДТГ-ын даргын 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Б/54 тоот тушаалын үндэслэл хэсэгт төрийн захиргааны албанаас гарах үед тэтгэвэр тогтоолгох 60 насанд хүрээгүй байхад Төрийн албаны тухай хуулийн 24.1.1 дэх заалтыг баримтлах боломжгүй байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйл 24.1.1 дэх заалт нь цэргийн албан хаагч тэтгэвэр тогтоолгоход хамаарахгүй. Засгийн газрын 2014 оны 405 дугаар тогтоолын хавсралтын 2 дугаар хэсэгт цэргийн албан хаагчийн тэтгэвэр тогтоолгосон бол энэ журам хамаарахгүй гэж заасан байдаг. М.Мэндсүрэн нь 2014 онд тэтгэвэрээ тогтоолгосон байдаг. Иймээс дахин тэтгэвэр тогтоолгох боломжгүй гэж үзсэн. М.Мэндсүрэн ажлаас чөлөөлөгдөх хүсэлтдээ нэг удаагийн буцалтгүй тусламж олгож өгөх юм бол ажлаас чөлөөлөгдөе гэж гэсэн хүсэлт гаргасан. М.Мэндсүрэн нь цэрэг цагдаагийн байгууллагад ажиллаж байгаад тэтгэвэрт гарахдаа Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 18 дугаар зүйл 18.3-т зааснаар нэг удаагийн буцалтгүй тусламжаа яагаад аваагүй вэ гэдгийг мэдэхгүй байна. М.Мэндсүрэн даргыг ажлаас чөлөөлөхдөө тэтгэвэрт гарах насанд хүрээгүй учраас Төрийн албаны тухай хуулийн 24.1.3 дах хэсэгт зааснаар ажлаас чөлөөлсөн. М.Мэндсүрэн даргын ажлаас чөлөөлөгдөх хүсэлттэй танилцахад ажлаа хүлээлгэж өгье, дараа нь нэг удаагийн тэтгэмжээ авъя гэж байсан. Засгийн газрын 405 дугаар тогтоолоор баталсан энэ журмын 2 заалтаар бусад заалт нь үгүйсгэгдэж байгаа гэж ойлгож байна. М.Мэндсүрэн нь ажлаа хийж байгаад 60 нас хүрээд тэтгэвэртээ гарсан бол энэ заалт үйлчилнэ. Төрийн албаны тухай хуулийн 24.1.1-д зааснаар өгөх боломжгүй, өмнө ажиллаж байсан Цагдаагийн байгууллагаас тэтгэмжээ авах ёстой байсан. М.Мэндсүрэнгийн төрийн жинхэнэ албан хаагч төрийн байгууллагад 35 жил ажилласан байна. Одоо Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмж авах тухай хуулиар тэтгэмжээ авах эрх нь байсан. М.Мэндсүрэн даргыг ажлаас чөлөөлсөн Б/54 дүгээр тушаалд тэтгэмжийн талаар огт дурьдаагүй. Тушаалын 2 дахь заалтад байгаа бусад тооцоог хийх гэдэг дээр оруулсан гэж ойлгож байсан ч тэтгэмж олгох талаар дурьдаагүй байсаныг би сүүлд нь мэдсэн. 35 жилийн ажилласан хугацааны тэтгэмжийг Цагдаагийн газраас тэтгэмж нөхөж өгөхүү гэдэг талаар хуулийн зохицуулалтыг мэдэхгүй байна. Энэ талаар нарийвчилсан зохицуулалт байхгүй учраас шүүхээр энэ маргааныг эцэслэн шийдвэрлэх юм бол тэтгэмжийг өгөхөөс татгалзах зүйл байхгүй гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх иргэн M.Мэндсүрэнгээс Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдуулан гаргасан “Тамгын газрын даргын 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Б/54 тоот тушаалын заалтыг зөвтгөн Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д заасны дагуу чөлөөлөх, 30 дугаар зүйлийн 30.2 дахь заалтын дагуу нэг удаагийн буцалтгүй тусламж олгох”-ыг тус тус даалгуулахыг хүссэн нэхэмжлэлийн  шаардлагын хууль зүйн үндэслэл, хэргийн үйл явдал, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг үнэлэн дараах үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.  

Маргаан бүхий захиргааны актын хувьд Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан захиргааны актын шинжийг бүрэн агуулсан мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5-д заасан захиргааны байгууллагаас гаргасан байх ба тус актаар дараах асуудлыг шийдвэрлэсэн байна.

            Хариуцагч Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Б/54 тоот[1] тушаалаараа Монгол Улсын  Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4, Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 43.1-ийг тус тус үндэслэн аймгийн Засаг даргын Тамгын газрын хууль, эрх зүйн хэлтсийн хуулийн мэргэжилтэн Мажигийн Мэндсүрэнг өөрөө ажлаас чөлөөлүүлэх хүсэлт гаргасан гэж үзэж үүрэгт ажлаас нь чөлөөлж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч нь маргаан бүхий дээрхи Б/54 тоот тушаалыг эс зөвшөөрч “Уг тушаалд Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3-д заасан үндэслэлээр намайг чөлөөлсөн нь төрийн албанд 35 жил тасралтгүй ажилласан миний Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т заасны дагуу төрийн жинхэнэ алба хаагчид олгох 1 удаагийн буцалтгүй тусламжийг авах эрхийг зөрчсөн, эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр болоод байгаа юм. Би уг хуулийн 24 дүгээр зүйл 24.1.1-д заасны дагуу төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн, тэтгэвэрээ тогтоолгочихсон тул зөвхөн нэг удаагийн тэтгэмжээ л авах гэсэн юм гэж маргажээ.

Хариуцагч нь иргэн М.Мэндсүрэнг манай байгууллагаас тэтгэвэр тогтоолгох насанд хүрээд чөлөөлөгдөөгүй тул Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д зааснаар чөлөөлөх боломжгүй. Мөн өмнө нь Цагдаагийн байгууллагад ажилласан хугацаагаараа цэргийн тэтгэвэр тогтоолгосон тул төрөөс олгох нэг удаагийн буцалтгүй тусламжийг тэтгэвэр тогтоолгосон Цагдаагийн байгууллагаас авах ёстой гэж үзээд олгоогүй гэж маргаж байна.

Нэхэмжлэгч М.Мэндсүрэн нь 1982 оноос 1993 онуудад Цэргийн алба хаах, цэргийн байгууллагад алба хашиж, 1993 оноос 2009 онуудад Төв аймгийн Цагдаагийн байгууллагад ажиллаж байгаад Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2009 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 11 дүгээр тушаалаар[2] Төв аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газрын Хэрэг бүртгэх тасгийн даргын үүрэгт ажлаас чөлөөлж, Шүүхийн шинжилгээний үндэсний төвийн мэдэлд шилжүүлж шийдвэрлэсэн байна. Гэсэн ч Төв аймгийн Засаг дарга болон удирдлагууд тохиролцож, Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2009 оны 01 дүгээр сарын 08-ний өдрийн Б/04 тоот “Ажилд томилох тухай” тушаалаар [3] Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтсийн даргаар ажиллуулахаар томилсон байх тул М.Мэндсүрэн нь цэргийн байгууллагад 27 жил, төрийн захиргааны байгууллагад 8 жил гаруй, нийтдээ төрийн байгууллагад 35 жил гаруй хугацаанд ажилласан болох нь хавтаст хэрэгт авагдсан Цагдаагийн Ерөнхий газрын Төв архивын лавлагаа [4], хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, тушаалууд [5], талуудын тайлбар мэдүүлэг зэрэг  бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Мөн М.Мэндсүрэн нь 2009 оны 01 дүгээр сарын 08-ний өдрөөс хойш Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын хуулийн хэлтсийн даргын албан тушаал хашиж байх хугацаандаа буюу 2013 оны 02 дугаар сард Төв аймгийн Нийгмийн даатгалын газарт хүсэлт [6] гаргаснаар түүнд цэргийн тэтгэвэр авах болзол шаардлагыг хангасан тул Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1-д “25-аас доошгүй жил алба хаасан эрэгтэй” нас харгалзахгүйгээр цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй”. гэж заасны дагуу цэргийн тэтгэвэр тогтоосон [7] байх бөгөөд харин цэргийн тэтгэмжийг М.Мэндсүрэн нь аваагүй болох нь хавтаст хэрэгт авагдсан түүний тэтгэврийн хувийн хэрэг, гэрч, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Төрийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Төрийн албан тушаалыг дор дурдсанаар ангилна”, 5.1.2-д “төрийн захиргааны алба”, 5.1.3-д “төрийн тусгай”, 7 дугаар зүйлийн 7.1-д “Төрийн захиргааны албан тушаалд . . . чиг үүрэг бүхий дараахь албан тушаал хамаарна”, 7.1.11-д “аймаг, нийслэлийн . . . болон Засаг даргын ажлын албаны удирдах ба гүйцэтгэх албан тушаал” гэж, 8 дугаар зүйлийн 8.1-д “Төрийн тусгай албан тушаалд . . . дараахь албан тушаал хамаарна”, 8.1.6-д “. . . цагдаа, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах хамаарна.”, 11 дүгээр зүйлийн 11.2-т “энэ хуулийн 5.1.2, 5.1.3-д заасан албан тушаалын ангиллын хүрээнд төрийн удирдах, гүйцэтгэх албан тушаалыг мэргэшлийн үндсэн дээр байнга эрхэлж байгаа Монгол Улсын иргэнийг төрийн жинхэнэ албан хаагч гэнэ”, 11.4-д “Төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдлыг энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно” гэж тус тус зааснаас үзвэл иргэн М.Мэндсүрэн нь төрийн тусгай албан тушаалыг 27 жил /цэргийн болон Төв аймгийн Цагдаагийн газарт/, төрийн захиргааны албан тушаалыг 08 жил 06 сар /Төв аймгийн Засаг даргын Тамгын газарт/ хашиж ирсэн нь тогтоогдож байх тул түүнийг төрийн жинхэнэ албан хаагч гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

            Нөгөөтэйгүүр иргэн М.Мэндсүрэнд 2013 оны 02 дугаар сард Төв аймгийн Нийгмийн даатгалын байгууллагаас цэргийн байгууллагад 25-аас доошгүй жил ажилласан байх болзол шаардлагыг хангасан гэж үзэж цэргийн тэтгэвэр тогтоосон бөгөөд 1992 оны Монгол Улсын Иргэний цэргийн үүрэгтэн болон цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3-д “цэргийн жинхэнэ албан хаагч болох ахлах офицерын цэргийн алба хаах насны дээд хязгаарыг 50 нас” гэж /2016 онд хүчингүйд тооцсон/ зааснаар М.Мэндсүрэн нь 2014 онд 50 нас хүрсэн байх тул түүнийг төрийн тусгай алба хаагчийн хувьд тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Мөн Төв аймгийн Нийгмийн даатгалын байгууллагаас М.Мэндсүрэнд 2013 онд тогтоосон цэргийн тэтгэвэр дээр 2009-2017 онд Төв аймгийн Засаг даргын Тамгын газарт хууль, эрх зүйн хэлтсийн даргаар 8 жил ажилласан хугацаанд төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийг нэмж тооцож 2017 оны 03 дугаар сард тэтгэврийг нэмэгдүүлсэн болох нь хэрэгт авагдсан тэтгэвэр тогтоолтын хуудас [8], тэтгэврийн дэвтрийн хуулбар болон бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байх тул М.Мэндсүрэн нь 35 гаруй жил төрийн алба хашсан улмаарТөв аймгийн Засаг даргын Тамгын газарт ажилласан хугацааны тэтгэвэрээ тогтоолгосон гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд нэхэмжлэгч М.Мэндсүрэн нь дээрхи байдлаар 2013 онд Цэргийн тэтгэвэр тогтоолгосон, улмаар 2017 оны 03 дугаар сард төрийн захиргааны байгууллагад ажилласан хугацааны тэтгэвэрийг нэмж тогтоолгосон, 2014 онд цэргийн тэтгэвэр тогтоолгох хуульд заасан /50 нас/ насанд хүрсэн, төрөөс олгох нэг удаагийн буцалтгүй тусламжийг өмнө нь авч байгаагүй, төрийн захиргааны байгууллагад алба хашиж байгаад чөлөөлөгдөж байгаа төрийн жинхэнэ албан хаагч мөн тул Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр төрийн албанаас чөлөөлнө”, 24.1.1-д “тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн” бол чөлөөлөхөөр заасан энэхүү заалтыг хариуцагч Б/54 тоот тушаалдаа хэрэглэх боломжтой буюу хуульд харшлахгүй, мөн М.Мэндсүрэнгээс хариуцагчид хандаж ажлаас чөлөөлөгдөхөөс гадна нэг удаагийн буцалтгүй тусламж олгохыг хүсч өргөдөл гаргасан байхад энэ тухай хариуцагч шийдвэрлээгүй орхигдуулсан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хөндсөн гэж үзэхээр байна.

Өөрөөр хэлбэл М.Мэндсүрэн нь төрийн албанд тасралтгүй 35 гаруй жил ажилласан болох нь дээрхи байдлаар тогтоогдож байх тул түүнийг төрийн тусгай алба, төрийн захиргааны албаны алийг ч хашиснаас үл хамааран төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-д заасан нэг удаагийн буцалтгүй тусламжийг авах эрхтэй байна.

Мөн Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1-д “төрийн албан хаагчийн цалин хөлс, нөхөх төлбөр, тусламж, шагнал, урамшил, тэтгэвэр, тэтгэмж авах”, мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-д “Энэ хуулийн 24.1.1, 24.1.2-д заасан үндэслэлээр чөлөөлөгдсөн төрийн албан хаагчид. . . нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно. . . ” гэж зааснаар нэхэмжлэгчийн төрөөс хангагдах эрхийн баталгаа нь зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй байх тул энэхүү хуулийн заалт болон Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 405 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ын журмын 1-д “Төрийн албаны тухай хуулийн 24.1.1, 24.1.2-т заасан үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөж, тэтгэвэр тогтоолгосон төрийн жинхэнэ албан хаагчид Төрийн албаны тухай хуулийн 30.2-т заасан нэг удаагийн буцалтгуй тусламж олгоход энэ журмыг мөрдөнө,”, 3-д “Төрийн албаны тухай хуулийн 24.1.1, 24.1.2-т заасан үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөж, тэтгэвэр тогтоолгосон төрийн жинхэнэ албан хаагчид хамгийн сүүлд хашиж байсан албан тушаалын . . . нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно”, 10-д “Өндөр насны тэтгэврээ албан ёсоор тогтоолгож, ажил олгогчид өргөдөл гаргасных нь дараа энэ журамд заасны дагуу төрийн жинхэнэ албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно” гэж тус тус заасны дагуу М.Мэндсүрэнд нэг удаагийн буцалтгүй тусламж олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд дээрхи хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн шүүхэд хандан гаргасан “Тамгын газрын даргын 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Б/54 тоот тушаалын Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйл 24.1.3 гэсэн заалтыг 24 дүгээр зүйлийн 24.1.1-д заасны дагуу  гэж зөвтгөх, мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-д заасны дагуу нэг удаагийн буцалтгүй тусламж олгох”-ыг хариуцагчид даалгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4 дэх хэсэгт заасныг үндэслэн ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр 24.1.1, 27 дугаар зүйл 27.1.1, 30 дугаар зүйлийн 30.2-т заасныг тус тус баримтлан Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Б/54 тоот тушаалын Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйл 24.1.3 гэсэн заалтыг 24 дүгээр зүйлийн 24.1.1-д заасны дагуу  гэж зөвтгөх, мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-д заасны дагуу М.Мэндсүрэнд нэг удаагийн буцалтгүй тусламж олгох”-ыг Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад тус тус даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Мэндсүрэнд олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Б.ХАЖИДМАА

 


[1] Хавтаст хэргийн 7 дах тал

[2] Хавтаст хэргийн 66 дах тал

[3] Хавтаст хэргийн 26 дах тал

[4] 2012 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн ЗШ/6119 дугаар албан бичиг Хавтаст хэргийн 8 дахь тал

[5] Хавтаст хэргийн 47-59 дүгээр хуудас

[6] Хавтаст хэргийн 53 дугаар хуудас

[7] 2013 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн тэтгэвэр тогтоолтын хуудас, Хавтаст хэргийн 52 дах тал

[8] Хавтаст хэргийн 48 дах тал