Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 221/МА2021/0081

 

    “Нв” ХХК-ийн гомдолтой

                 захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гантогтох, хариуцагч татварын улсын байцаагч П.С, Э.Ц нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 391 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор “Нв” ХХК-ийн гомдолтой, Татварын ерөнхий газрын татварын хяналт шалгалт, арга зүйн газрын татварын улсын байцаагч, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 391 дүгээр шийдвэрээр: “Татварын ерөнхий хуулийн /2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө үйлчилж байсан/ 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсгийн 74.1.4, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2015 оны/ 14 дүгээр зүйлийн 14.3, 14.5, Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 2, 1.3 дугаар зүйлийн 1, 11.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2-т заасныг тус тус баримтлан гомдол гаргагч “Нв” ХХК-ийн “... татварын улсын байцаагч нарын 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 0302858 дугаар шийтгэлийн хуудасны 3 дахь хэсгийг хүчингүй болгуулах тухай” гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожшийдвэрлэжээ.

 

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Анхбаяр давж заалдах гомдолдоо: “... “Тх" ХХК-аас манай компани 2016 оны 03 дугаар сарын 19-ний өдрөөс 06 дугаар сарын 30-ны өдрийн хооронд 11 удаа, нийт 94 төрлийн бараа, тоног төхөөрөмжийг худалдан авч, өөрийн компанийн үндсэн үйл ажиллагаа болох мэдээлэл технологи, харилцаа холбооны тоног төхөөрөмжийн худалдаа, програм хангамжийн үйлчилгээ үзүүлж, сүлжээ байгуулах, гал хулгайн дохиолол, хяналтын камер суурилуулах үйл ажиллагаандаа ашигласан.  ... Гэтэл хариуцагч болон шүүхээс гаалийн байгууллагын тодорхойлолтоор импортоор бараа оруулаагүй гэдгээр худалдан авалт хийгдээгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Учир нь худалдан авч байгаа бараа нь гаалиар хэзээ орж ирсэн, эсвэл борлуулж байгаа компани хаанаас худалдан авсан болохыг худалдан авч байгаа этгээд заавал тодруулах шаардлагагүй бөгөөд ийм үүрэггүй болно. Гэтэл тухайн компани болон удирдлага нь олдохгүй байгаа гэдгээр үйл ажиллагаагаа явуулж, татвараа хуулийн дагуу төлж байгаа нэхэмжлэгч компаниар татварын өрийг нь төлүүлэх нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн шударга бус шийдвэр гэж үзэж байна. Татварын улсын байцаагч нараас “Тх” ХХК-ийг ирүүл гэсэн боловч хуулиар олгогдсон эрх бүхий төрийн байгууллага, албан тушаалтны олж чадаагүй компанийг бид олох боломжгүй байсан.

Түүнчлэн “Тх” ХХК-ийг хууль зөрчсөн болохыг тогтоосон аливаа шийдвэр, шалгаж тогтоох аливаа ажиллагаа байхгүй тухай цагдаа болон прокурорын байгууллагын тодорхойлсон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзэхэд анхан шатны шүүх гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байх боловч хууль хэрэглээний алдаа гаргасан байх тул зөвтгөсөн өөрчлөлтийг оруулж шийдвэрлэлээ.

 

Татварын ерөнхий газрын татварын хяналт шалгалт, арга зүйн газрын татварын улсын байцаагч, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч нарын 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 0302858 дугаартай шийтгэлийн хуудсаар “Нв” ХХК-ийн албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж, хий бичилттэй падааныг ашиглан 2016 онд “Тх” ХХК-иас нийт 818 181 818.30 төгрөгийн бараа, материал худалдан авсан хэмээн нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн тайланд тусгаж, татвар ногдуулах орлогоо бууруулсан зөрчил гаргасныг тогтоосон, үүнийг эс зөвшөөрч, гомдол гаргагч “Нв” ХХК-иас шийтгэлийн хуудасны холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар гомдол гаргасныг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.

Тодруулбал, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т “Албан татвар суутган төлөгч хоорондын бараа борлуулсан, ажил гүйцэтгэсэн, үйлчилгээ үзүүлсэн тухай бүрд төлбөрийн баримт олгох бөгөөд уг баримтуудыг дангаар, эсхүл хамтатган нэмэгдсэн өртгийн албан татварын падаан үйлдэнэ”, 14.4-д “Албан татвар суутган төлөгч хоорондын бараа, ажил, үйлчилгээний борлуулалтыг баталгаажуулсан нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг үндэслэн албан татварын хасалтыг хийнэ” 14.5-д “Албан татвар суутган төлөгч нь бэлтгэн нийлүүлэгчид албан татвар төлсөн нь нэхэмжлэл, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй” гэж заасан, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан дангаараа нэмэгдсэн өртгийн албан татвар төлснийг нотлохгүй, бэлтгэн нийлүүлэгч талын бараа материалаа худалдсан зарлагын баримтаас гадна худалдан авагч талын “...нягтлан бодох бүртгэлийн бусад баримт буюу төлбөрийн нэхэмжлэл, худалдах, худалдан авах гэрээ, төлбөрийн гүйлгээ гарсныг нотлох дансны дебет, кредитийн бүртгэл, мөнгөн гүйлгээний тайлан” гэх мэт санхүүгийн бусад баримтаар уг гүйлгээ гарсан нь нотлогдсон тохиолдолд уг худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг хасч тооцохоор байна.

Гомдол гаргагчаас “...“Тх” ХХК-ийг хууль зөрчсөн болохыг тогтоосон аливаа шийдвэр байхгүй, худалдагчийн борлуулж буй бараа, материалыг хаанаас худалдан авсан болохыг худалдан авагч тодруулах үүрэггүй, манайх худалдан авч, нэмэгдсэн өртгийн албан татварыг төлсөн” гэх боловч “Тх” ХХК-иас уг гүйлгээ гарсныг нотлох санхүүгийн баримт болох “төлбөрийн нэхэмжлэл, худалдах, худалдан авах гэрээ, төлбөрийн гүйлгээ гарсныг нотлох дансны дебет, кредитийн бүртгэл” гэх зэрэг баримт байхгүй болох нь тогтоогдож байхад заавал хууль бус үйл ажиллагаа явуулсан болохыг тогтоох шаардлагагүй, “Нв” ХХК-ийн гарган өгсөн баримтуудыг үндэслэн худалдан авалтыг бодитой хийгдсэн гэж үзэх боломжгүй юм.

Энэ талаар анхан шатны шүүхээс “Тх” ХХК-ийн материалын зарлагын баримт нь хүлээлгэн өгсөн эд хариуцагч, шалгасан нягтлан бодогчийн гарын үсэг байхгүй, уг компани 2016 онд импортоор болон дотоодын зах зээлээс худалдан авсан бараа материал байхгүй болох нь татварын албанд ирүүлсэн нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар, зөрчлийн хэргийн материалд авагдсан тооцоо, нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан акт, Гаалийн ерөнхий газрын 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 01-2/1683 албан тоот, Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 3/765 албан тоот зэргээр нотлогдож, бодитойгоор худалдан авалт хийгдээгүй зөрчил нь тогтоогдож байна” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй зөв.

Өөрөөр хэлбэл, гомдол гаргагч “Нв” ХХК нь гомдолд бараа, материал худалдан авсныг үгүйсгэхгүй боловч “Тх” ХХК-иас худалдан авч, нэмэгдсэн өртгийн албан татварыг оролцуулан үнийг төлсөн болох нь нотлогдохгүй байх төдийгүй гомдол гаргагч нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4-д “Аж ахуйн нэгжийн нягтлан бодох бүртгэл нь үнэн зөв байх”, 13 дугаар зүйлийн 13.1-д “Анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан, мэдээллийг үнэн, зөв гаргах үндэслэл болно”, 13.6-д “Анхан шатны баримтын үнэн зөвийг түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн, шалгаж хүлээн авсан ажилтан хариуцна” гэж заасныг зөрчиж, худалдан авалтын санхүүгийн анхан шатны баримтуудыг үнэн зөв бүрдүүлээгүй байх тул энэ үндэслэлээр татвар ногдуулах орлогыг бууруулсан зөрчилд төлбөр төлүүлэхээр тогтоосон татварын улсын байцаагчийн шийтгэлийн хуудсыг хууль бус гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байна.

Дээрх үндэслэлээр гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Харин анхан шатны шүүхээс “Нв” ХХК-ийн 2016 онд гаргасан зөрчилд дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэхдээ 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөгдсөн Зөрчлийн тухай хуулийг баримталсан нь буруу байх тул хассан өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Маргаан бүхий шийтгэлийн хуудсанд Татварын ерөнхий хуулийн /2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө үйлчилж байсан/ 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.4, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.2 дахь заалтыг баримталсан байх боловч “Нв” ХХК-ийн дээрх зөрчилд Татварын ерөнхий хуулийн /2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө үйлчилж байсан/ 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.4-д заасныг үндэслэн торгууль ногдуулсан болохоо хариуцагч нараас давж заалдах шатны шүүх хуралдаанд тайлбарласан болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 391 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын хуулийн зүйл, заалт баримталсан хэсгээс “...Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 2, 1.3 дугаар зүйлийн 1, 11.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2...” гэснийг хассан өөрчлөлтийг оруулж, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А-ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасныг баримтлан гомдол гаргагчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                              Д.БАТБААТАР

 

ШҮҮГЧ                                                              Э.ЛХАГВАСҮРЭН

 

ШҮҮГЧ                                                             Г.БИЛГҮҮН