Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 254

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо, Ремикон үйлдвэрийн байранд байрлах “Ремикон” ХК-ийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө-073, өөрийн байранд байрлах “Их булгийн тохой” ХХК-д холбогдох,

            Бүтээгдэхүүн нийлүүлсний үлдэгдэл төлбөрт 31 680 000 төгрөг  гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 3 дугаар сарын 30-ний өдөр хүлээн авч, 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга З.Энхбилгүүн оролцов.

 

                                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч “Ремикон” ХК-ийн гүйцэтгэх захирал Х.Хашчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

            “Ремикон” ХК нь барилгын үндсэн материал болох бетон зуурмаг үйлдвэрлэж барилга угсралтын компаниудад бүтээгдэхүүнээ борлуулах үйл ажиллагаа эрхэлдэг үндэсний хөрөнгө оруулалт бүхий нээлттэй хувьцаат компани юм. “Их булгийн тохой ХХК нь манай компанитай харилцан тохиролцож, 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс 2012 оны 10 дугаар сарын 31-нийг хүртэл бетон зуурмаг  худалдаж авсан. Тус компанитай 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Тооцоо нийлэн акт үйлдэхэд 31 680 000 төгрөгийн бүтээгдэхүүний үлдэгдэл төлбөртэй байсан.

 Үүнээс хойш нэг ч төлбөр төлөөгүй бөгөөд бидний зүгээс удаа дараа шаардан цагдаад гомдол гаргаж байсан хэдий ч тодорхой үр дүнд хүрэлгүй өнөөдрийг хүрээд байна. Иймд худалдан авагч “Их булгийн тохой” ХХК-иас бүтээгдэхүүн нийлүүлсний үлдэгдэл төлбөр болох 31 680 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Их булгийн тохой” ХХК-ийн захирал Ц.Мөнхзул шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Тус компани нь “Ремикон” ХК-тай тооцооны үлдэгдлийг баталгаажуулах ажлыг хийж тооцооны үлдэгдэл 30 080 000 төгрөг болохыг баталгаажуулсан. “Ремикон” ХК-ний гүйцэтгэх захирал Хашчимэг болон санхүүгийн албаныхантай харилцан тохиролцож уг өрийг хуваарь гарган төлөхөөр албан бичиг, төлөлтийн хуваарийг хүргүүлсэн. Цаашид хоёр компани тохиролцож өрийг хуваарийн дагуу төлөхөөр ярилцаж байна. “Их булгийн тохой” ХХК-ний 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдөр №139 албан тоот болон төлөлтийн хуваарийг хавсаргав.

“Их булгийн тохой ХХК нь бетон зуурмагийн төлбөр  30 080 000 төгрөгийн өртэй байгаа билээ. Эдийн засгийн хямралтай байдлын улмаас компани уг төлбөрийг барагдуулж чадахгүй өдий хүрлээ. Манай компани газар тариалангийн үйл ажиллагаа эрхэлдэг ба одоогоор санхүүгийн гүнзгий дутагдалтай байгаа болон 7 дугаар сарын сүүлээс ургац хурааж эхлэн байдал сайжирдаг байдлыг харгалзан үзэж дээрхи төлбөрийг хуваарь гаргаж барагдуулах хүсэлтийг хүлээн авна уу.

            Төлбөр барагдуулах хуваарь:

            2016.7.30- 3 000 000 төгрөг,

            2016.8.30- 5 000 000 төгрөг,

            2016.9.30- 7 000 000 төгрөг,

            2016.10.30- 6 000 000 төгрөг,

            2016.11.30-  5 000 000 төгрөг,

            2016.12.30- 4 080 000 төгрөг гэжээ.

 

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Эрдэнэ-Очир, М.Одбаяр нар шүүхэд гаргасан хүсэлтдээ:

            Дээрхи нөхцөлийг хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.

“Ремикон” ХК-ийн нэхэмжлэлтэй “Их булгийн тохой” ХХК-нд холбогдох 31 680 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид болох Т.Багахүү, М.Одбаяр, Ө.Эрдэнэ-Очир, А.Зоригтбаатар нарын эзгүйд хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

           ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч “Ремикон” ХК нь хариуцагч ”Их булгийн тохой” ХХК-д холбогдуулан бүтээгдэхүүн нийлүүлсний үлдэгдэл төлбөрт 31 680 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

           Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч эвлэрч маргаанаа эвийн журмаар шийдвэрлэсэн байна. Хариуцагчийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбарт бетон зуурмагийн төлбөрт 30 080 000 төгрөгийг 2016 оны 7 дугаар сарын 30-ний өдөр 3 000 000 төгрөг, 2016 оны 8 дугаар сарын 30-ний өдөр 5 000 000 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 30-ний өдөр 7 000 000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 30-ний өдөр 6 000 000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 30-ний өдөр 5 000 000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 30-ний өдөр 4 080 000 төгрөгийг төлж барагдуулна гэснийг нэхэмжлэгч маргаангүйгээр хүлээн зөвшөөрсөн байна.  

            Иймд зохигчид эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзэв.

 

            Нэхэмжлэгч “Ремикон” ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилсан төлсөн 316 350 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Их булгийн  тохой” ХХК-иас талуудын эвлэрсэн хэмжээнд буюу 30 080 000  төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжинд 308 350 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь шүүх хуралдаанд оролцох боломжгүй, эзгүйд хэргийг шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар тэднийг оролцуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно. 

 

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон

                                                                                                                          ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч “Ремикон” ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Их булгийн тохой” ХХК-д бүтээгдэхүүн нийлүүлсний төлбөрт 31 680 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн зохигч 30 080 000 төгрөгийн хэмжээнд эвлэрч, уг 30 080 000 төгрөгийг хариуцагч “Их булгийн тохой” ХХК нь 2016 оны 7 дугаар сарын 30-ний өдөр 3 000 000 төгрөг, 2016 оны 8 дугаар сарын 30-ний өдөр 5 000 000 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 30-ний өдөр 7 000 000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 30-ний өдөр 6 000 000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 30-ний өдөр 5 000 000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 30-ний өдөр 4 080 000 төгрөгийг төлж барагдуулахаар зохигчийн эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “Ремикон” ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 316 350  төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Их булгийн тохой” ХХК-иас  308 350 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Ремикон”  ХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү  захирамжийг сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тохиолдолд  зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, анхан шатны шүүхэд дахин  нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Д.ХУЛАН