Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 70

 

а                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС     

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Ч.Алтанцэцэг, шүүгч Н.Баасанбат  нарын бүрэлдэхүүнтэй

нарийн бичгийн дарга: Г.Ганбаяр

улсын яллагч : А.Сайнбаяр

иргэдийн төлөөлөгч : Ц.Гантулга

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч : Н:Хандрагчаа

түүний өмгөөлөгч : Ж.Энх-Амгалан

 шүүгдэгч Б.Аын  өмгөөлөгч :  Э.Ганбат, Б.Тэнгис

шүүгдэгч Н.Вгийн  өмгөөлөгч : А.Ганбат

гэрч : Д.Эрдэнэбат

шүүгдэгч: Б.А, Н.В нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлтэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэрэгт Б.А, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дах хэсэгт  заасан гэмт хэрэгт Н.В-д тус бүр холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн 201625013566 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 25-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                                                                   

Шүүгдэгч нарын   биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б. А 1968 оны 11 дүгээр  сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 52 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй,  эрхэлсэн ажилгүй, ам  бүл 7, эхнэр, 5 хүүхдийн  хамт Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Тугалын дэнжийн задгайд оршин суудаг хаягийн бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, 1994 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 90 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж нэг жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан, 1996 онд Эрүүгийн хуулийн 260 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар  тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж,уг хорих ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, 1998 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн Баянзүрх дүүргийн шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 3 дах хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,уг хорих ялыг Мөнгөн морьт дах хорих ангид эдлэж байгаад 2000 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хорих ялын хугцаа дуусч суллагдсан, 2005 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Баянзүрх дүүргийн шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан,

          2.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Н.В, 1963  оны 5 дугаар  сарын 17-ны өдөр Төв аймгийн суманд төрсөн, 57 настай, эрэгтэй,  бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 1, Баянзүрх дүүргийн 20 дугаар  хороо Гацууртын задгайд оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж яваагүй,

 

          Холбогдсон хэргийн талаар:

          Б.А нь согтуугаар 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Түшиг Хангай ХХК-ны уурын зуухны ахуйн өрөөнд тухайн өдөр галчаар ажиллаж байсан С.Гансүхтэй маргалдаж нүүрэн тус газар нь гараараа цохиж хүнийг санаатай алсан гэмт хэрэгт

          Н.В нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гарган мэдүүлэг өгсөний дараа 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мөрдөн байцаалтын явцад өгсөн мэдүүлгээсээ эрс зөрүүтэй буюу “ А талийгаачийг огт цохиогүй, харин Б.Эрдэнэбат цохисон гэж, хэрэгт нэмэлт  мөрдөн байцаалт явуулж дахин мэдүүлэг авахад С.Гансүхийг Б.Эрдэнэбат цохиогүй, Б.А цохисон нь үнэн гэж мэдүүлсэн атлаа 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасаны дараа  Б.А талийгаачийг цохиогүй,харин Б.Эрдэнэбат цохисон гэж удаа дараа шүүхэд зориуд худал мэдүүлж Б.Эрдэнэбатыг гүтгэсэн гэмт хэрэгт  тус тус холбогджээ.

 

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.

          Шүүгдэгч Б.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Д.Эрдэнэбат манайд ирж, юм хийгээд байж байсан. Тэгээд орой нь архи уугаад, нэлээн согтчихсон байсан учир гэрт нь хүргэж өгөх гэсэн чинь “Би урьд шөнө гэртээ хоноогүй, авгай цагдаад барьж өгнө. Би уурын зуухан дээр очиж хононо” гэхээр нь уурын зуухан дээр хүргэж өгсөн. Очоод Д.Эрдэнэбат түрүүлээд яваад орсон. Би араас нь яваад ортол Д.Эрдэнэбат талийгаачтай муудалцаад зогсч байсан. Тэгээд би “та нар чинь юундаа муудалцаад байгаа юм бэ? Д.Эрдэнэбат аа, би явлаа шүү” гэж хэлээд гарахын хооронд Д.Эрдэнэбат талийгаачийг цохиод авсан. Талийгаач нь Д.Эрдэнэбатын өөдөөс хаалга түшчихсэн зогсч байсан. Уурын зууханд уур гараад, харанхуй байсан. Намайг эхлээд араас нь ороход би өндөр босгонд нь тээгэлдэж унаад, хувцас хунараа гөвчихөөд ороход Д.Эрдэнэбат түрүүлээд орчихсон байсан. Тэр хоёр намайг ороход өөд өөдөөс хараад зогсч байсан ба хоорондоо муудалцаад Д.Эрдэнэбат гар хүрээд байх шиг байсан, талийгаач ойчсон. Тэгээд би Д.Эрдэнэбатад “Чи яагаад муудалцаж байгаа юм бэ, юунаас болсон юм бэ?” гэсэн чинь “Энэ муу дальчиганаад, дарвалзаад байсан юм” гэж хэлсэн. Уг муудалцах асуудлыг Д.Эрдэнэбат өөрөө эхэлсэн. Өдөр нь мотор шатчихсан байхаар нь бид нар очиж, өргөлцөж, тавьж өгсөн юм. Тэгээд тавьж өгөхөд “Чиний ээлжин дээр дандаа мотор шатаж байдаг. Чи өөрөө хаяж гарч явж байж л мотор шатаасан биз” гэсэн чинь “Чи дандаа хүн дарамталж байдаг чи муу ер нь юу юм бэ?” гээд хоорондоо өдөр нь хэрэлдээд салсан. Би өдөр нь моторыг өргөлцчихөөд гараад явтал Д.Эрдэнэбат араас ирээд “Б.А аа, би энд нээх хийгээд байх ажил байхгүй юм чинь чамтай цуг явъя” гэхээр нь би “Би ажилтай, юманд явлаа, чи эндээ үлдчих” гэсэн. Тэгтэл “Би үлдээд яах юм бэ? Арын дэлгүүрт мөнгийг нь өгчихсөн байгаа. Нэг шил архи аваадахъя” гэхээр нь “За тэгвэл би чамайг буцаагаад хүргэж өгнө шүү” гээд гар хөдөлж болохгүй, өвчтэй байсан болохоор хүнээр машинаа бариулж явсан. Тэгээд н.Азаа гээд залуугийнд очиж, архи уусан. Миний хувьд “Би өнөөдөр юманд явна, уухгүй” гэсэн чинь Д.Эрдэнэбат тэр архийг уугаад, гараад манайх руу явах гэж байсан чинь Д.Эрдэнэбат “тамхи аваад ирье” гээд алга болчихсон. Бид нар машиндаа хүлээгээд, ирэхгүй болохоор нь яваад очсон чинь Н.В гээд өвгөнөөс “тамхи өгчих” гэхээр нь нөгөөх нь “надад алга” гэсэн чинь нөгөөхийг чинь зодоод, хамар амнаас нь цус гаргачихсан зогсч байсан. Тэгэхээр нь би очоод “настай хүнийг зодоо яаж байгаа юм бэ?” гэсэн чинь нөгөө Н.В нь “би одоо та хоёрыг хоёулангий чинь цагдаад өгнө” гэхээр нь би “яах юм бэ, Н.В гуай. Би аргалаад аваад явчихъя” гээд Д.Эрдэнэбатыг аваад явсан. Ингээд манайд очоод, ойр зуурын юм ярьж сууж байгаад, архи дарс уугаагүй байж байтал Д.Эрдэнэбат эргээд гараад алга болчихсон юм. Хаашаа явсан нь мэдэгдээгүй. Гэртээ нэлээн оройж байж байтал Д.Эрдэнэбат эргэж ирээд “Б.А аа, хоёулаа гараад ганц шил архи ууя” гэхээр нь би “би чамд юманд явна гэж хэлсэн биз дээ, би чамайг хүргэж өгье” гээд бид хоёр явган алхаад, тэгээд буцахдаа н.Ганбат гээд Гачууртын нэг таксинд явдаг залуу байдаг юм, тэрийг гуйгаад манайд ирсэн. “Би чамайг энэ таксигаар хүргэж өгнө, чи тэгээд гэртээ харьчих” гэж хэлээд манайд ерөөсөө удаагүй “за нөгөө н.Ганбат чинь гадаа хүлээгээд байна” гээд буцаад нөгөө Ганбатдаа суугаад гэрт нь хүргэж өгөх гэсэн чинь “үгүй үгүй, би ерөөсөө харихгүй, авгай, хүүхэд одоо очвол цагдаад барьж өгнө” гээд уурын зуух орцгоосон” гэв.

          Шүүгдэгч Н.В шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: мэдүүлэг өгөхгүй, яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна гэв.

         Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Хандрагчаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би ийм юм болчихно гэж санаагүй. Би бол Б.А-ийг үйлдсэн гэж бодож байна. 5 өнчин хүүхэдтэй ингээд үлдэнэ гэж би ерөөсөө бодож байгаагүй. Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу, маш хэцүү байсан. Өдий хүртэл хохирол төлөөгүй, хийсэн хэргээ ч хүлээгээгүй, уучлалт ч гуйгаагүй. Би Б.А-ийг Н.В-д сөргөөр нөлөөлж байна гэж бодож байна. Энэ хэрэг бол эзэнгүй хэрэг биш. Гэтэл одоог хүртэл шийдэгдэлгүй 3 жил гаруй болж байна. Иймд хэргийг үнэн зөвөөр шийдэж өгнө үү. Талийгаачийн минь ясыг битгий хөндөөсэй. Хүнээс асуухаар талийгаачийг төрлөө олоогүй байна гэдэг. Бид хоёр 1989 оны 6 дугаар сарын 07-ны өдөр гэр бүл болсон. Хамгийн том хүү 1989 онд, тэгээд 1992, 1993, 1997, 2006 онд төрсөн хүүхдүүд байна. Би гудамжинд кофе зараад 3 жил болж байна. Өвлийн хүйтэнд гадаа суугаад л зардаг. Надаас авдаг хүмүүс маш их болсон. Гэхдээ сургуульд сурдаг хүүхдийнхээ автобусны мөнгө, тэр охин хүүхдийн хэрэглээг нь дөнгөн данган залгуулдаг. Би өнөөдөр тэтгэвэрт гараагүй, тэтгэвэрт гарах бололцоо байхгүй. Оршуулгын зардалд Б.А-аас 6.500. 000 төгрөг нэхэмжилж байгаа” гэв.

           Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газрын схем зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд/1-р  хх-н 3-14/

         Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд/ 1-р хх-н 15-18/

         Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / 1-р хх-н 19-24/

          2016.10.19-ний өдрийн илтгэх хуудас/ 1-р хх-н 25/

          Оршуулгын зардалын баримтууд / 1-р хх-н 31-39/

          Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Хандрагчаа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “Би хэрэг гарсан өдөр Улаанбаатар хотод ажил дээрээ байсан. Нөхөр Гансүхийг нас барсан талаар утсаар манай хүүгийн найз нь хэн гэдгийг нь мэдэхгүй залуу ярьсан гэхдээ нас барсан гэж хэлээгүй Гачууртад яаралтхй ир гэж хэлээд би 2016 оны 10 дугаар сарын 12-ны шөнө очсон очиход уурын зууханд цагдаа нар ирсэн намайг оруулаагүй. Талийгаач Гансүх маань ямар нэгэн хууч өвчингүй байсан өдий 40 гартлаа нэг удаа эмнэлэгт хэвтэж байгаагүй эрүүл байсан. Би талийгаачтай хамгийн сүүлд нас барахаас нь өмнөх бүтэн сайн өдөр нь бага охиноо авах гэж очсон тэр өдөр 2016 оны 10 дугаар сарын 09-ний өдөр очиход талийгаач хэвийн зүгээр байсан нүүрэнд нь ил харагдах гэмтэл шарх байгаагүй. Би оршуулгын зардлаа нэхэмжилнэ ойролцоогоор 6.500.000 төгрөг гарсан үүний баримтууд нь байгаа би хэрэгт хавсаргаж өгье. Дээрх гарсан хохирлыг би А-аас нэхэмжилж байна. Би талийгаач Гансүхэд хийсэн задлан шинжилгээний дүгнэлттэй танилцсан санал хүсэлт байхгүй. Би уг нь  өмгөөлөгч авъя гэж бодож байсан одоохондоо яг шийдсэн юм байхгүй байна. Шүүх хуралд сууна...” гэх мэдүүлэг / 1-р хх-н 45-48/,

          Гэрч Н.В мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2016 оны 10 дугаар сарын 12-ны орой цагийн санахгүй байна, халамцуу ганцаараа явж байгаад захиргааны байрны урд талд танил А Эрдэнэбат нартай таарсан. Тэгэхэд тэр 2 бага зэрэг халамцуу байх шиг байсан. А хуучин ажиллаж байсан уурын зуух руу хамт оръё гээд Эрдэнэбат бид гурав галч Гансүх түүний хажууд галч Цолмон унтаж байсан. Гэхдээ Цолмон согтуу тасарчихсан байдалтай унтаж байхад нь А босгох гэхэд босох тэнхээгүй байсан. Харин Гансүх эрүүл байсан. Тэгэхэд Гансүх орон дээр сууж байгаад босоход А ямар ч юм ярилгүй шууд очоод нүүр рүү нь зүүн шанааны орчим байх баруун гараараа  нэг удаа хүчтэй цохисон. Тэгэхэд Гансүх газар унаад босч ирээгүй, би шүдгүй тул хоол унд идэхэд хэрэглэдэг жижиг шар иштэй хутга биедээ авч явсан болохоор тухайн үед уурандаа гаргаж ирээд Аийг айлгах гэж бодоод болчихсон юм, улмаар А Эрдэнэбат 2 гараад явахад нь би хамт дагаж яваад захиргааны байрны үүднээс салаад жижүүр рүү орсон. Тэр 2 тухайн үед ямар нэг зүйл ярилгүй шууд яваад өгсөн. Тэгээд би захиргааны байранд орж цагдаад хэлэх гэхэд нь би Тогтох жижүүрт АЭрдэнэбат 2 уурын зууханд Гансүхтэй маргасан талаар цагдаад хэлэх гэсэн юм гэж хэлээд би бие засчихаад гараад танил Түмэн гэх хүний гэрт очоод байж байхад шөнө цагдаа нар ирээд намайг авч явсан. Тухайн үед өөр ямар нэг зүйл болоогүй. Би тухайн үед халамцуу байсан, гэхдээ болсон явдлыг сайн санаж байн...” гэх мэдүүлэг /1-р хх-н 49/, 

          Гэрч Д.Эрдэнэбат мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тэгэхэд 19 цагийн үед байх А Гансүх, В хоёрыг ажил дээр архи уусан гэж уурлахад Гансүх үглээд юм хэлэх шиг болоход А юу гээд байгаа пизда вэ гээд зүүн шанааны орчим алгадсан. Тэгэхэд Аийн найз залуу, В, Цолмон бид нар байсан, харин Оошоожав, Эрдэнэдаваа 2 гадна мотороо боож байсан. Гансүх алгадахад нь төмөр орон дээр биеийн баруун талаар унаж босож ирээд яаж байна гээд маргалдсан. Тэгэхэд би учраа олчих байх гэж бодоод гарч Оошоожав, Эрдэнэдаваатай мотороо боосон. Тэгээд 30 орчим минутын дараа эргэж ороход Гансүх дээш хараад газар хэвтчихсэн байхад нь би сандраад яасан бэ гэхэд хөдлөхгүй хэвтээд байсан. Тэгэхэд А “Гансүх пизда чинь дургүй хүргээд” гэж хэлсэн. Тухайн үед хажууд нь Аийн найз залуу, Цолмон, В нар байсан. Миний араас Оошоожав орж ирээд Гансүхийг хараад наадах чинь чадарчихсан юм биш үү гэж хэлсэн. Тэгэхэд би Оошоожавыг цагдаа дууд гэж явуулаад би гачууртын нэгдсэн эмнэлэгт очиж дуудлага өгч, эмч Амаржаргал сувилагчтай нь цуг цагийг санахгүй байна уурын зуухан дээр ирэхэд Гансүхийн хажууд Цолмон, А нар байсан. Бусад нь байхгүй байсан. Эмч Гансүхийг үзээд нас барсан байна гэж хэлсэн, удалгүй Оошоожав цагдаа нартай ирсэн. А Гансүхтэй маргалдаж цохисноос энэ хэрэг гарсан байх гэж бодож байна. Анх Гансүхийг алгадахад амнаас нь цус гараагүй байсан, харин гаднаас намайг орж ирсний дараа амнаас нь цус гарчихсан байдалтай хөдлөхгүй газар хэвтэж байсан...” гэх мэдүүлэг / 1-р хх-н 50/

          Гэрч Н.В, Д.Эрдэнэбат нарыг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл /1-р хх-н 51-55/

        Гэрч Ц.Оошоожав мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би ганцаараа уг захиргааны байрнаас хий авч халаагаад байж байхад 15-20 минутын дараа хорооны эмч Амаржаргал 98110887 утсаар над руу залгаж танай слерарь Эрдэнэбат Гансүхийг ухаан алдаад уначихсан байна гэж дуудлага өгсөн гэхэд нь сандраад очиход талийгаач Гансүх Цолмонгийн унтаж байсан ажилчдын амралтын өрөөнд газар дээш хараад баруун шанааны орчим зүсэгдсэн юм шиг бага зэрэг цус гарчихсан байдалтай байсан. Хажуу талын орон дээр Цолмон тасраад унтаж байсан хэвээрээ, өөр хүн байгаагүй...В гэх хүн Гачууртын захиргааны байрны жижүүр Баттогтоход манайд ажиллаж байгаад халагдсан слесарь А одоо ажиллаж байгаа слесерь Эрдэнэбат хоёр согтуу уурын зууханд оччихсон А талийгаач Гансүхтэй маргалдаж байна гэж хэлсэн байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-н 57-62/,

        Гэрч Г.Мөнх-Отгон мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр эцэг маань өглөө 07 цаг өнгөрч байхад боссон. Бид 2 урьд орой нь гэртээ хоёулахнаа хоносон. Талийгаач эцэг маань босч хоол цайгаа идэж уучихаад 08 цаг өнгөрч байхад 09 цагаас ээлжтэй гээд усны тэргээ аваад явсан. Талийгаач эцэг маань урьд орой согтууруулах ундаа хэрэглээгүй эрүүл байсан. Би гэртээ байж байгаад 17 цагийн үед усаа авах гээд эцэгтээ тамхи дөхүүлж өгөх гээд уурын зуух руу очсон. Тухайн үед талийгаач Оошко гэх слесарьтайгаа шинэ авсан мотор нь шатах гэж байна гээд янзлаад байж байсан. Тухайн үед тэр хоёроос өөр хүн байгаагүй. Талийгаач энэ үед согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. Оошко бас эрүүл байсан. Талийгаачийн биед ил харагдах гэмтэл шарх байгаагүй. Бие өвдөж байна гэсэн ямар нэг зүйл яриагүй. Талийгаач эцгийнхээ ажил дээр 20-30 орчим минут байж байгаад усаа аваад буцсан. Бид гурвыг зуухан дээр байхад гаднаас өөр хүн орж ирээгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-н 63-64/,

        Гэрч Д.Эрдэнэдаваа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би хувцсаа солиод уурын зууханд очиход Ошко ах, Ганаа ах 2 байсан...бид 3 байж байтал Ошко ах биднийг хариуцдаг Эрдэнэбатыг дуудаад ирье гээд гараад явсан хойгуур гаднаа Ванчин, Түмээ 2 уурын зууханд орж ирээд бид 4 зурагт үзсэн тэгтэл Ганаа ах “...ахын дүү байж бай ах нь энэ хоёрыг гаргаж өгчихөөд ирье” гэж хэлээд дагуулаад гарсан. Ойролцоогоор 15 минутын дараа Ганаа ах буцаж орж ирсэн, Ошко ах Эрдэнэбатыг дуудчихлаа гээд орж ирсэн араас нь Эрдэнэбат, Цолмон, Хуягаа ах орж ирсэн. Тэгээд бид хэд эвдэрсэн моторын оронд өөр мотор тавьсан тэгээд Эрка ах Хуягаа ах, Хуягаатай хамт явсан залуу 3 гарч явсан. Тэгээд Ошко ах, Ганаа ах, Цолмон ах бид 4 мотороо засч дуусгасан...” гэх мэдүүлэг /1-р хх-н 65-67/, 

       Гэрч Я.Баттогтох мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр миний бие ээлжийн дагуу Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Захиргааны байран дээр 24 цагийн жижүүрийн үүргээ гүйцэтгээд жижүүрийн байрандаа сууж байтал уурын зуухны слесарь Оошоожав орж ирээд уурын зуухны мотороо янзлаад дуусчихлаа галлаж байна хийгээ авъя гэхээр нь дагуулаад 2 давхар руу орж хорооны зохион байгуулагч Алтанцэцэгийн өрөөнд орж хийг нь авъя гэхээр нь дагуулаад 2 давхар руу орж хорооны зохион байгуулагчийн өрөөнд нь орж хийг нь...3 удаа авсны дараа Ошко уурын зуух руу явлаа гээд явсан. Оошког яваад 10 гаруй минут болсны дараа өрөөндөө сууж байтал захигааны үүдний модон сандал дээр хүн ирээд суухаар нь гараад хартал Ванчин ганцаараа сууж байсан. Очоод уулзсан чинь Ванчин согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байхаар нь чи одоо яв яв энд юугаа хийгээд байгаа юм харьж амар гэж хэлсэн чинь Ванчин “зуухан дотор Гансүх, А 2 хоорондоо зодолдоод байна би гараад ирлээ гэсэн”... ” гэх мэдүүлэг / 1-р хх-н 68-69/,

       Гэрч Г.Солонго мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...би эмч Амаржаргалын хамтаар уурын зууханд гүйгээд ороод нилээн явж байгаад мухрын өрөөнд ороход талийгаач төмөр орны хажууд эгц дээшээ харсан байдалтай  хөлөө хагас нугалан куртик бээлий өмссөн байхаар нь куртикных нь баруун мөрийн мултлаад даралтыг нь үзэхэд амьсгал хураасан байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-н 70/, 

      Гэрч Ч.Цолмон мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тэр хэрэг гардаг өдрийг санаж байна. 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр байсан. Би тэр өдөр цагийг анзаарсангүй уурын зуух руу Эрдэнэбат, А нарын хамт орсон. Орохоосоо өмнө бид нар 2 шил архи уусан байсан. Би нилээд согтсон байсан. Уурын зууханд ороход Оошоожав, Эрдэнэдаваа, талийгаач Гансүх нар байсан, тэд нар мотор боогоод сууж байсан тэд нар архи уугаагүй байх шиг байсан, би бол их согтсон байсан, зарим юмаа санаад заримыг нь санахгүй байна. Бид нар мөнгөө нийлүүлээд нэг шил архи авч уурын зууханд АЭрдэнэбат бид гурав л архи уусан тэд нар архи уугаагүй, талийгаач Гансүх архи уусан үгүйг мэдэхгүй уг нь ажилтай байсан. Энэ үед В бас байсан мөн халамцуу байсан. Би тэгээд тэр архийг уугаад согтоод уурын зуухны ажилчдын өрөөнд орон дээр унтаад өгсөн хэдэн цаг унтсаныг санахгүй байна. Нэг сэрэхэд цагдаа ирсэн цагдаа дуудаад сэрээсэн. Энэ хэргийн талаар би ямар нэг зүйл сонсоогүй. Талийгаачийг хэн зодсоныг мэдэхгүй В харин хамт байсан гэсэн талийгаач Гансүхийг А нь гараараа цохиод унагаасан гэж хэлж байсан түүнээс өөр зүйл сонсоогүй...” гэх мэдүүлэг /1-р хх-н 80, 2-р хх-н 193/,

         Гэрч А.Намжилдорж мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Гачуурт тосгонд цагдаагийн дэд ахлагч Д.Өвгөнбүргэдийн хамтаар 24 цагийн хугацаанд үүрэг гүйцэтгэж ажилласан. Энэ хугацаанд 20-21 цагийн үед юм шиг санаж байна. Манай цагдаа Д.Өвгөнбүргэд намайг 00 орчихоод гараад ирэхэд хоёулаа Уурын зуух орчихоод ирье тэнд хүн үхсэн юм шиг байна аа гэхээр нь хамтдаа Гачууртын уурын зууханд ирэхэд уурын зуухан дотор галлагааны өрөөнд Эрдэнэбат нүүрс хийчихсэн зогсож байхаар нь юу болсон юм бэ гэж асуухад энд юм болчихсон гээд толгойгоо дохихоор нь би дагуулаад би Уурын зуухны ажилчдын амралтын өрөө рүү Эрдэнэбатыг дагуулж ороход төмөр орны өмнө талийгаач газар хэвтэж байсан. Хойд талын орон дээр нь нэг нөхөр тасарсан байдалтай хэвтэж байсан. Талийгаачийн дэргэд нь Гачууртын 2 эмч байхаар нь юу болсон талаар асуухад талийгаачийг өнгөрсөн байна аа гэж хэлсэн. Би тэнд байсан хүмүүсээс хэн хэн байсан гэж асуухад А байсан гэж Эрдэнэбат хэлэхээр нь цагдаа Д.Өвгөнбүргэд А ойр хавьд байж магадгүй чи гараад үзээд байх гэхэд гарч яваад 5-10 минутын дараа Аийг гавалчихсан Д.Өвгөнбүргэд орж ирсэн. Д.Өвгөнбүргэдийг орж ирэхийн өмнө нь Оошоожав гэх хүн орж ирсэн...А тасарчихсан байсан жижиг нөхөр, талийгаач бид нар 3 шил архи уусан гэж ярьсан. А уурын зууханд орж ирснийхээ дараа тэнд байсан Эрдэнэбат, Цолмон, Оошоожав нарт хандаж та талийгаачийг алсан биз дээ гэх ямар нэгэн яриа өгүүлэл гаргаагүй ээ...А өрөөнд байхдаа Эрдэнэбатаа чи эр хүн шиг байгаарай, чи ярьсан хэлсэндээ байгаарай пизда минь гээд хашгираад байсан. Эрдэнэбат нь юу ч дуугараагүй...Ер нь ажиглаад байхад АЭрдэнэбатыгаа дарамталдаг юм шиг байна лээ. Харагдах байдлаасаа шууд харагдаж байсан. Миний ажигласнаар А гачууртдаа атмаан гэж ойлгогдохоор юм билээ...” гэх мэдүүлэг /1-р хх-н 75-76/,

          Шинжилгээ хийлгэх шинжээч томилох /1-р хх-н 97/,  

          Цогцост хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээ 1879 тоот шинжээчийн дүгнэлт:

  1. Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр гавал тархины битүү гэмтэл их тархины баруун, зүүн тал бөмбөлгийн дух, зулайн чамархай, суурь, бага тархийг нилэнхүйд нь хамарсан зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, толгойн хуйханд цус хуралт, баруун хөмсөгт шарх, эрүүний баруун буланд зөөлөн эдийн няцрал, зулгаралт, доод уруулд цус хуралт, дотор салстад няцарсан шарх, баруун нүдний доод зовхинд хуучин цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Талийгаач нь гавал тархины битүү гэмтлийн улмаас нас баржээ.
  4. Талийгаач нь А(II) бүлгийн цустай байна.
  5. Талийгаач нь нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байсан байна.
  6. Талийгаачийн биед үхэлд хүргэх архаг өвчин тогтоогдсонгүй. гэх дүгнэлт: /1-р хх-н 98-100/,

          Шинжээч эмч М.Отгонбаатар мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...баруун нүдний доод зовхинд үүссэн хуучин цус хуралт гэмтлээс бусад гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд юм. Дээрх гэмтлийг авснаас хойшхи тодорхой хугацаанд идэвхитэй үйлдэл хөдөлгөөн хийх боломжтой. Хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй. Дээрх тохиолдолд эмнэлгийн яаралтай тусламж авсан ч амь нас аврагдах боломж муутай. Дээрх гавал тархины гэмтэл нь мохоо зүйл болох хүний гар, хөл болон мод, төмөр, чулуу гэх мэт хүчин зүйлүүдийн аль алинд нь үүсэх бөгөөд нэг удаагийн болон нэг бус удаагийн үйлчлэлээр үүснэ. Фото зургаас харахад талийчийн биед учирсан гэмтлүүд нүүрэнд учирсан гэмтлүүд унахад үүсэх боломжтой. Талийгаачийн баруун нүдэнд хуучин цус хуралт гэмтэл үүссэн гэдгийг ялгаж өгсөн байгаа уг гэмтэл нь хуучин бөгөөд гэмтлийн зэрэгт хамаарахгүй үхэлд нөлөөлөхгүй гэмтэл болно. Харин гавал тархины гэмтэл нь шинэ гэмтэл бөгөөд 3-4 хоногийн өмнө үүсэх боломжгүй...” гэх мэдүүлэш /1-р хх-н 144-145/,

         Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 8944 дугаартай шинжээчийн дүгнэлт:

  1. Ц.Гансүхийн гэх шингэн цус Ав /II/ бүлгийн харъяалалтай байна. гэх дүгнэлт /1-р хх-н  101/,

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 8943 дугаартай шинжээчийн дүгнэлт:

  1. Шинжилгээнд ирүүлсэн “Ц.Гансүх 48 эр 2016.10.13” гэж хаягласан цусанд 4, 5 промилли, ходоодны шингэнд 5,0 промилли, шээсэнд 4,2 промилли, цөсөнд 4,3 промилли спиртийн агууламж илэрсэн. гэх дүгнэлт /1-р хх-н  102/,

          Шинжээчийн дүгнэлт, байцаалтыг  танилцуулсан  тухай тэмдэглэл /1-р хх-н 103-104/   

            Шүүх сэтгэц эмгэг судлалын 708 тоот дүгнэлт:

  1. Н.В нь 2016.10.12-ны өдөр гэмт хэрэг үйлдэгдэх үед сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна. Тэр үедээ өөрийнхөө хийж байгаа үйлдлийг болон ойр орчиндоо болж байгаа үйлдлийг зөв ойлгон мэдэх чадвартай байсан байна.
  2. Н.В нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. болсон явдлыг зөв тусган авч үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. гэх дүгнэлт /2-р хх-н 221-223/,

           Б.Аийн иргэний үнэмлэхийн лавлагаа / 2-р хх-н 67/, оршин суугаа хаягийн тодорхойлолт / хх-н 46 /, ял шийтгэгдсэн  эсэхийг шалгах хуудас /1-р хх-н 165 /,    

          Б.Аийг сэжигтнээр тооцох тогтоол, байцаасан тэмдэглэл, яллагдагчаар татах тогтоол,байцаасан тэмдэглэл/ 1-р 156-161/   

          Н.Вд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /3-р хх-н 143/, прокурорын тогтоол /3-р хх-н 144-145/ ,

          Н.Вгийн иргэний үнэмлэхийн лавлагаа / 3-р хх-н 154/, оршин суугаа хаягийн тодорхойлолт / хх-н 53/, ял шийтгэгдсэн  эсэхийг шалгах хуудас /хх-н  51/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /3-р хх-н 155-156/

          Н.Вд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол/ 3-р хх-н 15-158/ зэрэг болно.            

           Б.А нь согтуугаар 2016 оны 10 дугаар сарын 12-нй өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Түшиг Хангай ХХК-ны уурын зуухны ахуйн өрөөнд тухайн өдөр галчаар ажиллаж байсан Ц.Гансүхтэй маргалдаж нүүрэн тус газар нь гараараа цохисоноос Ц.Гансүх газар унаж тархиндаа битүү гэмтэл авсаны улмаас нас барсан болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд :

          Цогцост хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээ 1879 тоот шинжээчийн дүгнэлтээр гавал тархины битүү гэмтэл их тархины баруун, зүүн тал бөмбөлгийн дух, зулайн чамархай, суурь, бага тархийг нилэнхүйд нь хамарсан зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, толгойн хуйханд цус хуралт, баруун хөмсөгт шарх, эрүүний баруун буланд зөөлөн эдийн няцрал, зулгаралт, доод уруулд цус хуралт, дотор салстад няцарсан шарх, баруун нүдний доод зовхинд хуучин цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.Талийгаач нь гавал тархины битүү гэмтлийн улмаас нас баржээ.Талийгаач нь нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байсан байна гэсэн дүгнэлт

          Шинжээч эмч М.Отгонбаатарын мөрдөн байцаалтад өгсөн ....баруун нүдний доод зовхинд үүссэн хуучин цус хуралт гэмтлээс бусад гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд юм. Дээрх гэмтлийг авснаас хойшхи тодорхой хугацаанд идэвхитэй үйлдэл хөдөлгөөн хийх боломжтой. Хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй. Дээрх тохиолдолд эмнэлгийн яаралтай тусламж авсан ч амь нас аврагдах боломж муутай. Дээрх гавал тархины гэмтэл нь мохоо зүйл болох хүний гар, хөл болон мод, төмөр, чулуу гэх мэт хүчин зүйлүүдийн аль алинд нь үүсэх бөгөөд нэг удаагийн болон нэг бус удаагийн үйлчлэлээр үүснэ. Фото зургаас харахад талийчийн биед учирсан гэмтлүүд нүүрэнд учирсан гэмтлүүд унахад үүсэх боломжтой. Талийгаачийн баруун нүдэнд хуучин цус хуралт гэмтэл үүссэн гэдгийг ялгаж өгсөн байгаа уг гэмтэл нь хуучин бөгөөд гэмтлийн зэрэгт хамаарахгүй үхэлд нөлөөлөхгүй гэмтэл болно. Харин гавал тархины гэмтэл нь шинэ гэмтэл бөгөөд 3-4 хоногийн өмнө үүсэх боломжгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-н 144-145/,

          Гэрч Н.Вгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Гансүх орон дээр сууж байгаад босоход А ямар ч юм ярилгүй шууд очоод нүүр рүү нь зүүн шанааны орчим байх баруун гараараа  нэг удаа хүчтэй цохисон. Тэгэхэд Гансүх газар унаад босч ирээгүй, ..,тухайн үед өөр ямар нэг зүйл болоогүй. Би тухайн үед халамцуу байсан, гэхдээ болсон явдлыг сайн санаж байна гэсэн мэдүүлэг /1-р хх-н 49/, 

          Гэрч Д.Эрдэнэбатын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн .... АГансүх, Ванчин хоёрыг ажил дээр архи уусан гэж уурлахад Гансүх үглээд юм хэлэх шиг болоход А юу гээд байгаа пизда вэ гээд зүүн шанааны орчим алгадсан. ....Гансүх дээш хараад газар хэвтчихсэн байхад нь би сандраад яасан бэ гэхэд хөдлөхгүй хэвтээд байсан. Тэгэхэд А “Гансүх пизда чинь дургүй хүргээд” гэж хэлсэн. Тухайн үед хажууд нь Аийн найз залуу, Цолмон, Ванчин нар байсан. Миний араас Оошоожав орж ирээд Гансүхийг хараад наадах чинь чадарчихсан юм биш үү гэж хэлсэн. Тэгэхэд би Оошоожавыг цагдаа дууд гэж явуулаад би гачууртын нэгдсэн эмнэлэгт очиж дуудлага өгч, эмч Амаржаргал сувилагчтай нь цуг цагийг санахгүй байна уурын зуухан дээр ирэхэд Гансүхийн хажууд Цолмон, А нар байсан. Бусад нь байхгүй байсан. Эмч Гансүхийг үзээд нас барсан байна гэж хэлсэн, удалгүй Оошоожав цагдаа нартай ирсэн. А Гансүхтэй маргалдаж цохисноос энэ хэрэг гарсан байх гэж бодож байна. Анх Гансүхийг алгадахад амнаас нь цус гараагүй байсан, харин гаднаас намайг орж ирсний дараа амнаас нь цус гарчихсан байдалтай хөдлөхгүй газар хэвтэж  байсан гэсэн мэдүүлэг мэдүүлэг / 1-р хх-н 50/, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

           Б.Ат холбогдох хэргийн зүйлчлэл зөв тохирсон байх тул Б.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хээгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоож хуульд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

           Б.А болон өмгөөлөгч нар нь  Ц.Гансүхийг цохиогүй, цохих ямар ч шалтгаан байхгүй тул хэргийн хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү гэсэн хүсэлт гаргасаныг шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж үзэв.

         Хэрэгт авагдсан ямар ямар нотлох баримтуудаар  Б.А Ц.Гансүхийг цохиогүй  гэдэг нь нотлогдоод байгааг тодорхойлсонгүй гэж үзэв.

       Тухайн үед уурын зууханд очиход уурын зуухан дотор Ц.Гансүх, Н.В, Ч.Цолмон нар байсан бөгөөд Ч.Цолмон унтаж байсан, Н.В, Ц.Гансүх нар зурагт үзээд сууж байсан гэж гэрчүүд мэдүүлдэг. Уурын зуухан дотор ороод Б.А  Ч.Цолмонг татахад сэрээгүй, Ц.Гансүх зурагтынхаа удирдлагын ширээ рүү шидээд орон дээрээс босоход нь Б.А түүнийг шанаа орчимд гараараа цохисоноос Ц.Гансүх газар унаж тархиндаа битүү гэмтэл авсаны улмаас нас барсан нөхцөл байдал тогтоогдож байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Д.Эрдэнэбат нь мотор эвдэрсэн асуудлаас Ц.Гансүхтэй маргалдах шалтгаан байхгүй бөайсан байна. Уурын зууханд галчаар ажиллаж байгаа нөхцөлд эвдэрсэн моторыг засах үүрэг галчид байхгүй бөгөөд засварчдыг дуудаж засуулдаг учраас мотор эвдэрсэн талаар Д.Эрдэнэбат, Ц.Гансүх, Ц.Гансүх, Б.А  нарын хооронд маргаан болох шаардлагагүй байжээ гэж шүүх үзэв.

          Б.А нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  тухай хуулийн  34.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу оршуулгын зардал төлөх талаар гаргасан хүсэлтийг үндэслэн шүүх хуралдааныг завсарлуулж энэ хугцаанд оршуулгын зардал 6.500.000 төгрөгийг төлсөн болно. Б.Аийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

         Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч өөрийн бага охиныг 18 нас хүртэл нь тэжээн тэтгэх зардалд 27.144.000 төгрөгийг нэхэмжилж байгаа боловч энэ нэхэмжлэл нь нотлох баримтаар нотлогдохгүй байх тул тэжээгчээ алдсаны тэтгэмж, цалингийн зөрүүг нотлох баримтаа зохих ёсоор бүрдүүлж жич нэхэмжлэх эрхтэйг болохыг дурьдах нь зүйтэй. 

         Н.В нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гарган мэдүүлэг өгсөний дараа 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мөрдөн байцаалтын явцад өгсөн мэдүүлгээсээ эрс зөрүүтэй буюу “ А талийгаачийг огт цохиогүй, харин Б.Эрдэнэбат цохисон гэж хэрэгт нэмэлт  мөрдөн байцаалт явуулж дахин мэдүүлэг авахад С.Гансүхийг Б.Эрдэнэбат цохиогүй, Б.А цохисон нь үнэн гэж мэдүүлсэн атлаа 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасаны дараа  Б.А талийгаачийг цохиогүй,харин Б.Эрдэнэбат цохисон гэж удаа дараа шүүхэд зориуд худал мэдүүлж Б.Эрдэнэбатыг гүтгэсэн гэмт  хэрэг  үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.Үүнд:

          2-р хх-н 124-рт 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралд Н.В гэрчээр мэдүүлэг өгөхдөө:талийгаач бид хоёрыг уурын зууханд байж байхад гаднаас А,Эрдэнэбат нар орж ирсэн.Тэгээд Гансүхээс мотороо янзалсан уу гэхэд Гансүх янзлаагүй гэсэн.Тэгэхэд Эрдэнэбат одоо хүртэл янзлаагүй юу  хийдэг пизда вэ гээд заамдаж аваад түлхээд унагаасан.Би бие засахаар гараад бие засаад байж байхад Эрдэнэбат гарч ирээд Ванчаа ахаа гэхээр нь яасан гэхэд А Гансүхийг цохичихлоо гээд та цагдаа дээр очоод хэлчих гэхээр нь би цагдаа очоод жижүүр Тоогий байхар нь цагдаа нар байна уу гэхэд байхгүй сая гараад явсан гэсэн. Тэгэхээр нь би уурын зуухных нь бүгдээрээ согтуу,маргаад байна гээд хэлээд өгөөч гэхэд за тэгье та явж бай гэхээр нь би яваад өгсөн .. гэсэн мэдүүлэг

       2-р хх-н 180-д гэрч Н.В Д.Эрдэнэбатыг өөртэй нь нүүрэлдүүлэн байцаасан байцаалтанд мэдүүлэхдээ: Тэр үед А Гансүхээс яасан  миний дүү мотороо янзалсан уу гэж асуусан.Тэгтэл Гансүх би яаж ганцаараа янзалдаг юм гэж хэлээд орон дээр телевизор үзэж сууж байгаад босч ирээд удирдлагаа телевизорын урд талын түмбүшик рүү чулуудах маягтай тавьсан. Тэгтэл А үгийн зөрүүгүй юу ч хэлэлгүй баруун гараараа Гансүхийн зүүн шанаа орчимд  нэг удаа хүчтэй алгадсан.Тэгтэл Гансүх орны төмөр хөлийг толгойгоороо баруун хажуугаараа таг хийтэл мөргөөд газар унасан. Их сонин нугдайж ухаан алдаж унасан.Тэгтэл А пизда чинь дургүй хүргээд байх юм гээд Гансүхийг эргэж харалгүй яав ийв ч гэлгүй шууд гараад явсан гэсэн мэдүүлэг өгсөн байна.

      3-р хх-н 87-рт ..2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн шүүх хуралдаан дээр гэрчээр мэдүүлэг өгөхдөө: Би даараад байхаар нь уурын зуух орсон.Тэгээд тамхи татаад сууж байхад Эрдэнэбат, А хоёр орж ирээд Ганаа мотороо зассан уу гэхэд нь Ганаа засаагүй, би яаж ганцаараа засах вэ гэхэд Эрдэнэбат босож ирээд Гансүхийг заамдаж аваад цохиод унагаасан.Тэгээд бид хоёр гараад явсан.Намайг шээгээд зогсож байхад Эрдэнэбатар араас ирээд А Гансүхийг цохичихлоо,цагдаад хэлчих гэсэн. Би цагдаад очоод хэлэх гэхэд цагдаа нар байхгүй байна гэсэн.Та яах гээд байгаа юм гэхэд нь би шээгээд гарьяа гээд нойлд орж шээчээд гарсан гэсэн  мэдүүлэг  өгч байсан анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлүүд, мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр өгч байсан мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

         Н.В анх мэдүүлэг өгөхдөө Б.А цохисон гэж мэдүүлсэн, хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байх үед Б.Аын ар гэрээс Б.Аыг цохиогүй гэж хэлж өгвөл мөнгө өгнө гэсний дагуу мэдүүлгээ өөрчилсөн, тэгээд мөнгө аваад өмгөөлөгчийнхээ мөнгийг өгсөн, тухайн өмгөөлөгчөөр ажиллаж байсан өмгөөлөгч Н.Вгээс өмгөөлөлийн хөлсөө авч байсан талаарх тодорхойлолт гаргаж өгсөн байдаг, мөн гэртээ түлээ нүүрс авч байсан талаараа мэдүүлэг өгсөн байдаг.

        Иймд Н.Вгийн дээрх үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг зөв тохирсон байх  тул Н.Вг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гарсаны дараа зориуд худал мэдүүлэг өгч гэрчийг гүтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

         Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Энэ хэргийн улмаас Б.А 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 785 хоногийг,        Н.В 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 77 хоногийг тус тус  хорих ял эдлэсэн хугацаанд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оруулан тооцох нь зүйтэй гэж үзэв.

          Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болно.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд болон 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон  хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,36.12, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1.Б.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг

          Н.В-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гарсаны дараа зориуд худал мэдүүлэг өгч гэрчийг гүтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тус тус тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.А-ийг 9 жилийн хугацаагаар хорих ялаар

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар Н.В-г 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт зааснаар Б.А Н.В нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.А-ийн цагдан хоригдсон 785 хоногийг эдлэх ялд нь оруулан, Н.В-гийн цагдан хоригдсон 77 хоногийг ял эдлэсэн хугцаанд нь оруулан тус тус тооцсугай.

7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,  битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Б.А Н.В нар нь бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурьдсугай.

8.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.А Н.В нарт  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус авч эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж эдлүүлсүгэй.

        9.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

10.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж ,тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.А Н.В нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      

 

 

                 ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН