Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 253

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан би,

            Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Шаравын гудамж, 32/1  тоотод байрлах, “Хан-Уул дүүргийн тохижилт үйлчилгээ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Хан-Уул дүүрэг, Тохижилт Үйлчилгээ ХХК-ны нэгдүгээр давхар №101 тоотод байрлах, “Капитал Эстимэйт” ХХК-д холбогдох,

Түрээсийн  гэрээний үүргийн гүйцэтгэлд 2 512 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад                                                           

 

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь :

 

            Нэхэмжлэгч “Хан-Уул дүүргийн тохижилт үйлчилгээ” ХХК-ний гүйцэтгэх захирал Г.Тулга шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хүсэлтдээ:  

             Хан-Уул дүүргийн тохижилт үйлчилгээ ХХК-ны нэгдүгээр давхарын нэг өрөө болох 14,25м2 талбайг түрээслэгч “Капитал Эстимэйт” ХХК нь 2015 оны 02 сарын 11-ний № 16 тоот гэрээ, 2016 оны 12 сарын 31-нийг дуустал №02 тоот  түрээсийн гэрээ байгуулсан билээ. Манай компани конторын 1м2 талбайг 20 000 төгрөгөөр түрээслэдэг. Уг компани нь энэ хугацаанд түрээсийн төлбөрөө цаг тухайд нь төлөлгүй удаасаар 1 675 000 төгрөг болон хуримтлуулсан. Бид удаа дараа үлдэгдэл төлбөрөө төлөхийг шаардсан албан бичиг явуулсан боловч төлөлгүй өдийг хүрлээ.

 Иймд 2016 оны №02 тоот түрээсийн гэрээний 2.5-р заалтыг үндэслэн “Капитал Эстимэйт” компаниас түрээсийн төлбөр болох 1 675 000 төгрөг болон алданги тооцож, нийт  2 512 500 төгрөгийг гаргуулж  манай компанийг хохиролгүй болгож өгнө үү.

            Нэхэмжлэгч “Хан-Уул дүүргийн тохижилт үйлчилгээ” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн хариуцагч “Капитал Эстимэйт” ХХК нь манай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа тул уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү  гэжээ.

 

            Хариуцагч “Капитал Эстимейт” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Буянжаргал шүүхэд гаргасан хүсэлтдээ:

Нэхэмжлэгч “Хан-Уул дүүргийн тохижилт үйлчилгээ” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн хариуцагч “Капитал Эстимэйт” ХХК нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа тул уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү  гэжээ.

 

                                                                                                                 ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Хан-Уул дүүргийн тохижилт үйлчилгээ” ХХК нь хариуцагч “Капитал Эстимейт” ХХК-нд холбогдуулан түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2 512 500 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

            Иргэний хэрэг үүсгэснээс хойш нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 2 512 500  төгрөгийг “Капитал Эстимэйт” ХХК нь маргаангүйгээр хүлээн зөвшөөрч, энэ талаар шүүхэд хүсэлт ирүүлсэн байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэв.

           

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

                                                                                                                     ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1.”Хан-Уул дүүргийн тохижилт үйлчилгээ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Капитал Эстимэйт” ХХК-нд холбогдох түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2 512 500 төгрөгийг гаргуулахыг хүссэн иргэний хэргийн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 55 150  төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн 2603030349 тоот данснаас  27 575 төгрөг, хариуцагч “Капитал Эстимэйт” ХХК-иас 27 575 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

 

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

                                                                  

ШҮҮГЧ                                    Д.ХУЛАН