Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 252

 

   Зохигч талуудын эвлэрлийг батлаж,

                               хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан би,

            Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 16 дугаар хороо, Бэлхийн 29 гудамж 623 тоотод оршин суух, Доо ван овогт Алагхүүгийн Болор-Эрдэнийн /РД:СФ78102100/ нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 6 дугаар хороо, Нүхтийн 5 дугаар гудамж, 87 тоотод оршин суух, Сархай овогт Буяндалайгийн Базаррагчаад /РД: ШД78080801/ холбогдох,

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2 600 476 төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад                                                           

                                                                                                             ТОДОРХОЙЛОХ нь :

 

            Нэхэмжлэгч А.Болор-Эрдэнэ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:     

            Миний бие 2015 оны 12 сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Нүхтийн 5-87 тоотод оршин суугч Буяндалайгийн Базаррагчаатай харилцан тохиролцож, 1 700 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж мөнгөө зээлдүүлсэн. Гэтэл зээлдэгч Базаррагчаа нь зээлийн гэрээнд заасан хугацаандаа зээлээ төлөлгүй өдийг хүрч 5 сар өнгөрлөө. Иймд зээлийн гэрээний 2.7-д заасны дагуу хугацаа хэтэрсэн 164 хоногт алданги тооцоход 850 850 төгрөг болж байна. Энэ хүн цаашид хугацаа алдах тутам төлбөрөө төлж чадахгүйд хүрэх учир арга буюу шүүхэд хандахаар шийдлээ. Иймд Базаррагчаагаас 1 700 000 төгрөг түүний алданги 850 850 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 49 576 төгрөг, нийт 2 600 475 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

                                                                                                                           ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч А.Болор-Эрдэнэ нь  хариуцагч Б.Базаррагчаад холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2 600 476 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Иргэний хэрэг үүсгэснээс хойш зохигч маргааны талаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан байна. Зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээнд: “...А.Болор-Эрдэнэ миний бие Б.Базаррагчаад 1 700 000 төгрөгийг зээлдүүлсэн бөгөөд уг зээл нь эргэн төлөгдөхгүй байсаар өдийг хүрсэн. Одоо энэ мөнгө нь 2 600 476 төгрөг болсон бөгөөд Хан- Уул дүүргийн иргэний шүүхэд хандсан болно. Б.Базаррагчаа нь одоогоор бүрэн гүйцэт төлж чадахгүй учир зээлээ хэсэгчлэн төлөхөөр тохиролцож энэхүү гэрээг бичив. Уг зээлийн 1 000 000 төгрөгийг 2016  оны 08 сарын 07-нд төлж, үлдэгдлийг нь 2016 оны 9 сарын 07-ны өдөр 350 000 төгрөг, 2016 оны 10 сарын 07-ны өдөр 350 000 төгрөг, 2016 оны 11 сарын 07-ны өдөр 350 000 төгрөг, 2016 оны 12 сарын 07-ны өдөр 350 000 төгрөгийг тус тус төлөхөөр тохиролцов” гэжээ.

Зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээгээр талууд 2 400 000 төгрөгийн хэмжээнд эвлэрч, уг 2 400 000 төгрөгийг хариуцагч маргаангүйгээр хүлээн зөвшөөрч, 2016  оны 08 дугаар сарын 07-ны өдөр 1 000 000 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр 350 000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 350 000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 350 000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 350 000 төгрөгийг тус тус төлөхөөр харилцан тохиролцжээ.

Иймд зохигч талуудын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэв.                   

                                                                       

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                                   ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.А.Болор-Эрдэнийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Базаррагчаад холбогдох  зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2 600 476 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн зохигч 2 400 000 төгрөгийн хэмжээнд эвлэрч, хариуцагч Б.Базаррагчаа нь уг 2 400 000 төгрөгийг маргаангүйгээр хүлээн зөвшөөрч, 2016  оны 08 дугаар сарын 07-ны өдөр 1 000 000 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр 350 000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 350 000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 350 000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 350 000 төгрөгийг тус тус төлөхөөр зохигчийн эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч  А.Болор-Эрдэнийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 56 600  төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн 2603030349 тоот данснаас 28 300 төгрөг, хариуцагч  Б.Базаррагчаагаас 26 675 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

 

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

                                                                                                                                   

 

                                    ШҮҮГЧ                                          Д.ХУЛАН