Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2015 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 1094

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

     Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Даваасүрэн даргалж, тус шүүхийн  хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

     Нэхэмжлэгч:Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Баруун Үйлдвэрийн гудамжид байрлах 2045362 тоот регистрийн дугаартай, Сан-Индустриал ХХК-ийн нэхэмжлэлтэй,

     Хариуцагч:Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Этүгэн төв 1202 тоотод байрлах 5393299  тоот регистрийн дугаартай Модерн конструкци ХХК-д холбогдох

 

     Худалдах худалдан авах гэрээний үүргийн биелэлтэд 190.635.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

     Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Сан-Индустриал ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Сарангэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Тамир нар оролцов.                                                                                          

                                                                                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

           Нэхэмжлэгч Сан-Индустриал ХХК-ийн захирал Д.Нацагдоржийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Сарангэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь Модерн конструкци ХХК-тай  2013 оны 05 дугаар сарын 15-ны өдөр бетон бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу тус компани худалдан авагч Модерн Конструкци ХХК-д захиалгын дагуу БМ150 маркын 28 м.куб, БМ3ОО маркын 1291.28 м.куб бетон зуурмагийг техинкийн нөхцөл, стандартын шаардлага хангаж, 2013 оны 05 дугаар сарын 15-наас 2013 оны 07 дугаар сарын 30-ныг хүртэл хугацаанд бэлтгэн нийлүүлсэн. Худалдан авагч тал нийлүүлсэн бетон зуурмагийн төлбөр болох 130.424.000 төгрөгийг манай талд төлөх, төлбөрөө төлөх талаар Модерн конструкци ХХК-ийн захирал Л. Гончигсүрэнтэй биечлэн уулзаж, шаардаж байсан боловч тэрээр гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй хоёр жил гаруй хугацаа өнгөрч манай компанийг хохироогоод байна. Иймд хариуцагч Модерн конструкци ХХК-иас  гэрээний дагуу нийлүүлсэн М150 маркын 28 м.куб, БМ3ОО маркын 1291,28 м.куб бетон зуурмагийн үнэ 130.424.000 төгрөг, гэрээний 5 дугаар зүйлийн 5.2-т зааснаар  гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.05 хувийн алданги 60.211.000 төгрөг, нийт  190.535.000  төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Модерн конструкци ХХК-ийн захирал Ж.Гансүх шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Энэхүү нэхэмжпэлд заасан бетон зуурмагийг барилгын талбай дээр хэдий хэмжээтэйг хэн гэдэг хүн хэрхэн хүлээж авсан талаарх мэдээлэл бүрэн байхгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

          Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад  

                                                                                                                 ҮНДЭСЛЭХ нь:

 

    Сан-Индустриал ХХК нь Модерн конструкци ХХК-д холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүргийн биелэлтэд 190.535.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

    Сан-Индустриал ХХК  2013 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Модерн конструкци ХХК-тай бетон зуурмаг бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулж, нийлүүлэгч Сан-Индустриал ХХК нь стандартын шаардлагыг бүрэн хангасан бараа бүтээгдэхүүнийг  захиалсан тоо хэмжээний дагуу нийлүүлэх, худалдан авагч Модерн конструкци ХХК нь бетон зуурмагийн үнийн төлбөрийг нийлүүлэлтээс нэг өдрийн өмнө бэлнээр буюу дансаар төлөхөөр тохирсон болох нь зохигчдын тайлбар, тэдний хооронд байгуулсан бетон зуурмаг бэлтгэн нийлүүлэх гэрээгээр тогтоогдож байна.

 

          Зохигчдын хооронд худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан байх бөгөөд гэрээг бичгээр байгуулж, эрх бүхий этгээд гарын үсэг зурж баталгаажуулснаар гэрээ хүчин төгөлдөр болжээ.

       

    Нэхэмжлэгч Сан-Индустриал ХХК нь Модерн конструкци ХХК-ийг бэлтгэн нийлүүлсэн бетон зуурмагийн төлбөрийг төлөөгүй гэж 130.424.000 төгрөг, алданги 60.211.000 төгрөг, нийт 190.535.000 төгрөг нэхэмжилж дээрх нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.

 

           Хариуцагч Модерн конструкци ХХК-ийн захирал Ж.Гансүх “нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй” гэж шүүхэд тайлбараа ирүүлсэн боловч тайлбараас өөрөөр түүнийг үгүйсгэсэн нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, татгалзлаа нотлох баримтаар нотлоогүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 107 дугаар зүйлийн 107.3‑т зааснаар маргааны үйл баримтыг татгалзаж, үгүйсгэж буй үндэслэлээ нотолж, нотлох баримтаа гаргах үүргээ биелүүлээгүй байна.

 

    Гэрээний үйлчлэх хугацаа 2013 оны 05 дугаар сарын 15-наас 2013 оны 07 дугаар сарын 30 хүртэл хугацаанд үргэлжилж, Сан-Индустриал ХХК-иас Модерн конструкци ХХК-д бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн байх бөгөөд Модерн конструкци ХХК-ийн ерөнхий захирал Л.Гончигсүрэн Сан-Индустриал ХХК-д төлөх 130.424.000 төгрөгийг 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 30.000.000 төгрөг гэх мэтчилэн 2016 оны 08 дугаар сард багтаан төлж барагдуулах талаар “өр төлбөр төлөх тухай” Сан-Индустриал ХХК-д хүргүүлсэн 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 16/07 тоот албан бичгээр нотлогдож байгаагаас гадна тус компани Сан-Индустриал ХХК-д 130.424.000 төгрөгийн өртэй талаар талуудын хооронд тооцоо нийлсэн тооцооны үлдэгдлийн баталгааны баримтаар тогтоогдож байна.   

 

     Зохигчдын хооронд байгуулсан гэрээний 5 дугаар зүйлийн 5.2-т… Худалдан авагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу хангалтгүй биелүүлж, гэрээний зүйлийг хүлээн авахаас татгалзсан бол харилцан тохиролцож, хугацаа хойшлуулснаас бусад тохиолдолд бэлтгэн нийлүүлэгч талд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд төлөөгүй үнийн дүнгийн 0.05 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлөхөөр тохирчээ.

 

     Нэхэмжлэгч нь хариуцагчийг 2013 оны 08 дугаар сарын 01-нээс гэрээний үүргээ зөрчсөн гэж үзэж мөн өдрөөс 2016 оны 03 дугаар сарын 10 /шүүхэд нэхэмжлэл гаргах/ хүртэл 2 жил, 7 сар, 9 хоног буюу 949 хоногоор тооцоход 61.886.188 төгрөг болж байх бөгөөд нэхэмжлэгч 130.424.000 төгрөгийн 50 хувь болох 60.211.000 төгрөгөөр тооцож нэхэмжилж байх тул нийт /130.424.000+60211.000/=190.535.000 төгрөгийг Модерн конструкци ХХК-иас гаргуулж Сан-Индустриал олгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

    Хариуцагч Модерн конструкци ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Гансүх 2016 оны 04 дүгээр сарын 06-нд Сан-Индустриал ХХК-ийн нэхэмжлэлийн хувийг гардаж авахдаа Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Этүгэн төв 1202 тоотод бүртгэлтэй гэж хаягаа бичсэн байх бөгөөд хариуцагчид нэхэмжлэлийг гардуулах үед Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т…"зохигч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэг хүлээнэ", хариуцагч нь хэргийн материал танилцах, нэхэмжлэлийн шаардлага татгалзлаа нотлох, шүүх хуралдаанд биечлэн оролцож мэтгэлцэх зэрэг эрхтэйг тайлбарлаж танилцуулсан боловч энэ эрхээ хэрэгжүүлээгүй, шүүх эрхээ хэрэгжүүлэхэд нь саад болоогүйг дурдах нь зүйтэй. 

 

     Модерн конструкци ХХК-д холбогдох хэргийг 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 11.30 цагт хэлэлцүүлэхээр хариуцагч Модерн конструкци ХХК-д мэдэгдэх хуудсыг хүргүүлэхэд тус компани Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Этүгэн төв 1202 тоотод байрлаж үйл ажиллагаа явуулдаггүй болох нь тус хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байна.

 

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.8-д… “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа үед хэргийн оролцогч хаягаа өөрчилбөл энэ тухай шүүхэд мэдэгдэх үүрэгтэй. Хаягаа өөрчилснөө мэдэгдээгүй зохигч хэргийн оролцогчид мэдэгдэх хуудсыг түүний сүүлчийн хаягаар хүргүүлж, энэ хуулийн 77.6-д заасан иргэн, албан тушаалтанд хүлээлгэх өгөх бөгөөд түүнийг хүргэсэнд тооцно” гэж зааснаар мэдэгдэх хуудсыг хүргэсэнд тооцож, нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх хариуцагчийн эзгүйд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэснийг тэмдэглэв.

     

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь: