Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 2020/ШЦТ/32

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах,

Улсын яллагчаар хяналтын прокурор Ч.Батзориг,

Шүүгдэгч Н.Н- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Н-д холбогдох эрүүгийн 1938008630492 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Н.Н.

Шүүгдэгч Н.Н- нь Хөвсгөл аймгийн Түнэл сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр Хужирт гэх газраас 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдөр зохих зөвшөөрөлгүй хууль бусаар 2.1 м.куб хуурай шинэс мод бэлтгэж байгаль орчинд 126.000 төгрөгний шууд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Н.Н- нь ашиг хонжоо олох зорилгоор Хөвсгөл аймгийн Түнэл сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр “Хужирт” гэх газраас 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдөр зохих зөвшөөрөлгүй хууль бусаар 2.1 м.куб хуурай шинэс мод бэлтгэж байгаль орчинд 126.000 төгрөгний шууд хохирол учруулан  “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийг үйлдсэн байна. 

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:

  • Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/,
  • Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-5 дугаар хуудас/,
  • Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-8 дугаар хуудас/,
  • Хохирогч С.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: Түнэл сумын нутаг дэвсгэрээс Налгар овогтой Н.Н- нь зөвшөөрөлгүй мод бэлтгэж тээвэрлэж яваад Мөрөн суманд орж ирээд цагдаад баригдсан тул манай Засаг даргын тамгын газраас намайг томилж энэ хэрэгт оролцуулах болсон. Би шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан 126.000 төгрөгийг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 12 дугаар хуудас/,
  • Гэрч Н.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би ... ХӨА улсын дугаартай машиныг 2009 онд худалдаж аваад машинаар тулж зарж байсан. Бүрэнтогтох сум руу хүнд зарсан. Тийм учраас тэр машины талаар мэдэхгүй. Н.Н- хүмүүсээс дамжуулж ... ХӨҮ улсын дугаартай машиныг худалдаж авсан юм шиг байгаа юм. Түүнээс биш би Н.Н-г таньж мэдэхгүй. Миний зарсан хүнээс хэдэн хүн дамжигдаж энэ машин худалдагдсан талаар би мэдэхгүй. Энэ машин надад хамаа байхгүй, албан ёсоор нэрийг нь шилжүүлж өгөөд энэ асуудлаас салмаар байна” гэх мэдүүлэг /хх-ийн 15 дугаар хуудас/,
  • Гэрч С.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 00 цаг З5 минутанд би Мөрөн сумын 10-р багт эргүүлийн үүрэг гүйцэтгэж явахад ... ХӨА улсын дугаартай Серс маркын тээврийн хэрэгслээр Д.Н.Н- нь хууль бусаар мод, үхэрийн арьс 7 ширхэг, ямааны арьс 20 ширхэг тээвэрлэж явахад нь би саатуулсан юм. Тээвэрлэж явсан мод нь гоожин байхгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар хуудас/,
  • Гэрч Л.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Н.Н- нь Хөвсгөл аймгийн Түнэл сумын 5 дугаар багийн Хужирт гэх газраас 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдөр мод бэлдэж шөнөдөө Мөрөн сум руу надтай хамт өөрийнхөө машинтай орж ирсэн юм. Тэр үед 2019 оны 12 дугаар сарын 02-ны 00 цаг өнгөрч байхад Мөрөнд орж ирж цагдаад баригдсан ба тэр өдрөө өглөө нь Түнэл сумаас гоожин аваад Мөрөн руу явах гэж байтал миний бие өвдөж намайг эмнэлэг хүргэж өгөх гэж яараад бид хоёр явсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 18-р хуудас/
  • Хөвсгөл аймгийн “Дэлгэрмөрөн” сум дундын ойн ангийн 2019 оны 12 дүгээр сарын 05-ны өдрийн: “...2.1 м.куб хэмжээтэй түлшний зориулалтаар тайрч бэлтгэсэн хуурай шинэс модны экологи-эдийн засгийн үнэлгээ 126.000 төгрөг” гэх дүгнэлт, бөөрөнхий модон материалын хэмжилтийн хүснэгт /хх-ийн 24-25 дугаар хуудас/,
  • Хөрөнгийн үнэлгээний ... ХӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг 4.800.000 төгрөгөөр үнэлсэн тайлан /хх-ийн 30-32 дугаар хуудас/,
  • 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн улсын байцаагчийн: “ойн санд учирсан хохирол ойн экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх 378.000 төгрөгийн нөхөн төлбөр ногдуулна” гэх дүгнэлт /хх-ийн 36 дугаар хуудас/,
  • Шүүгдэгч Н.Н-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Хөвсгөл аймгийн Түнэл сумын 5 дугаар багийн Хужирт гэдэг газраас өөрийн эзэмшлийн ... ХӨА улсын дугаартай ачааны машинаар шинжээчийн дүгнэлтэд заагдсан 2.1 м.куб модыг хууль бусаар зөвшөөрөлийн бичиг авалгүй бэлтгэж Мөрөн суманд 2019 оы 12 дугаар сарын 02-ны шөнийн 00 цаг өнгөрч байхад орж ирж яваад замын цагдаад баригдсан. Би мод зарж мөнгө олох гэж ашиг хонжоо харсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 46 дугаар хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэж хариулж байсан болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:

  • Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 39 дугаар хуудас/,
  • Шүүгдэгч Н.Н-гийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 40 дугаар хуудас/,
  • Н.Н-гийн жолооны үнэмлэхний хуулбар /хх-ийн 41 дүгээр хуудас/ зэрэг баримт бичгүүд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн байгаль орчин, экологийн мэдлэг дутмаг байдал дээрх гэмт хэргийг үйлдэх шалтгаан нөхцөл болсон байна.

Шүүгдэгч Н.Н- нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдож байна.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан төрийн хамгаалалтад байх ойн санд хохирол учруулан хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийг үйлдэж, байгаль экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулсан хор уршигт зориуд хүргэж, “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийг үйлдсэн нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.

Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзлээ.

Гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хийсэн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг зэрэг нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход чухал ач холбогдолтой болсон байна.

Шүүгдэгч Н.Н- нь ашиг хонжоо олох зорилгоор Хөвсгөл аймгийн Түнэл сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр Хужирт гэх газраас 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдөр зохих зөвшөөрөлгүй хууль бусаар 2.1 м.куб хуурай шинэс мод бэлтгэж байгаль орчинд 126.000 төгрөгний шууд хохирол учруулан “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийг үйлдсэн нь шунахайн сэдэлтээр, санаатайгаар дээрх гэмт хэргийг үйлдсэн байна.    

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т “ойн санд учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” тогтоосон байх тул шүүгдэгч Н.Н-гийн  үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь байгаль орчин, экологи-эдийн засагт 378.000 төгрөгийн хохирол учирсан гэж шүүх дүгнэлээ.

Шүүх хуралдаанд шүүгдэгч Н.Н-гаас 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Хөвсгөл аймгийн Түнэл сумын төрийн сангийн 100171300988 дугаартай данс руу 126.000 төгрөгийг шилжүүлсэн Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримтыг гарган өгч байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хавтаст хэрэгт баримтжуулсан шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Н.Н-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан “зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн” үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдал, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага, шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа зэргийг харгалзан үзсэн болно.

Шүүгдэгч Н.Н- нь урьд гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох ял шийтгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.

Шүүгдэгчийн хувьд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй байна.

Шүүх шүүгдэгч Н.Н-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг харгалзан шүүгдэгчид торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч Н.Н-гийн хууль бусаар бэлтгэсэн 2.1м.куб хэмжээтэй, 126.000 төгрөгийн үнэлгээ бүхий хэрэглээний хуурай шинэс модыг хураан авч худалдан борлуулж, улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгаж, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллгааны зардалгүй байх тул шүүгдэгч Н.Н-гийн эзэмшлийн “Серс” маркийн ... ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжлэлээс чөлөөлж шийдвэрлэв.

Шүүгдэгч Н.Н- нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.  

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Н.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 хэсэгт заасан “Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэж хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н-г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н- нь торгох ялыг биелүүлээгүй бол  хорих ялаар солихыг анхааруулсугай.

4. Шүүгдэгч Н.Н-д оногдуулсан торгох ялыг гүйцэтгэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Н.Н-гийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Серс” маркийн ... ХӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжлэлээс чөлөөлж, хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч Н.Н-гийн хууль бусаар бэлтгэсэн 2.1м.куб хэмжээтэй, 126.000 төгрөгийн үнэлгээ бүхий хэрэглээний хуурай шинэс модыг хураан авч, худалдан борлуулж улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.АЗЖАРГАЛ