Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 2020/ШЦТ/33

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах,

Улсын яллагчаар хяналтын прокурор Ц.Мөнхжаргал,

Шүүгдэгч А.А- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.А-д холбогдох эрүүгийн 1805021260423 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, А.А.

Шүүгдэгч А.А- нь 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр иргэн Д.М-ын фэйсбүүк хаягаар нэвтрэн иргэн Н.Д-ээс 200.000 төгрөг залилан мэхэлж авсан,

2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр иргэн Д.Б-ын цахим хаягаар нэвтэрч иргэн Д.С-гаас 200.000 төгрөг залилан мэхэлж авсан,

2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр иргэн Д.Б-гийн цахим хаягаар нэвтэрч иргэн Д.О-аас 500.000 төгрөг залилан мэхэлж авсан,

2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр иргэн Ж.М-ын фэйсбүүк хаягаар нэвтрэн иргэн С.У-ээс 500.000 төгрөг залилан мэхэлж авсан,

2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр иргэн Б.О-ын фэйсбүүк хаягаар нэвтрэн иргэн Ц.Ц-гээс 450.000 төгрөг залилан мэхэлж авсан гэмт хэргийг тус тус үйлдсэнд холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: 

Шүүгдэгч А.А- нь шунахайн сэдэлтээр 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр иргэн Д.М-ын фэйсбүүк хаягаар нэвтрэн цахим хэрэгсэл ашиглан хохирогч Н.Д-ээс “...1 дэх өдөр хүртэл 200.000 төгрөг хүүтэй ч байсан хамаагүй зээлээч” гэж худал хэлэн зохиомол байдлыг зориудаар бий болгон иргэн Н.Д-ийг төөрөгдөлд оруулж, түүнээс 200.000 төгрөг залилан мэхэлж авсан,

2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр шунахайн сэдэлтээр иргэн Д.Б-ын цахим хаягаар нэвтрэн цахим хэрэгсэл ашиглан хохирогч Д.С-гаас “мөнгө зээлэх үү” гэж худал хэлэн зохиомол байдлыг зориудаар бий болгон иргэн Д.С-аг төөрөгдөлд оруулж, түүнээс 200.000 төгрөг залилан мэхэлж авсан,

2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр шунахайн сэдэлтээр иргэн Д.Б-гийн цахим хаягаар нэвтрэн цахим хэрэгсэл ашиглан хохирогч Д.О-аас “нөгөөдөр хүртэл 500.000 төгрөг зээлээч” гэж худал хэлэн зохиомол байдлыг зориудаар бий болгон иргэн Д.О-ийг төөрөгдөлд оруулж, түүнээс 500.000 төгрөг залилан мэхэлж авсан,

2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр шунахайн сэдэлтээр иргэн Ж.М-ын фэйсбүүк хаягаар нэвтрэн цахим хэрэгсэл ашиглан хохирогч С.У-ээс “500.000 төгрөг зээлээч” гэж худал хэлэн зохиомол байдлыг зориудаар бий болгон иргэн С.У-ийг төөрөгдөлд оруулж, түүнээс 500.000 төгрөгийг залилан мэхэлж авсан,

2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр шунахайн сэдэлтээр иргэн Б.О-ын фэйсбүүк хаягаар нэвтрэн цахим хэрэгсэл ашиглан хохирогч Ц.Ц-гээс “2 хоногийн хугацаатай хүүтэй мөнгө зээлээч” гэж гэж худал хэлэн зохиомол байдлыг зориудаар бий болгон 450.000 төгрөгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн байна.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:

  • Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 6, 2-р хх-ийн 8, 3-р хх-ийн 7, 4-р хх-ийн 2 дугаар хуудас/,
  • Хохирогч С.У-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр намайг гэртээ байж байтал 11 цаг 19 минутанд манай нагац ахын хүүхэд болох Ж.М-ын “...” гэх хаягнаас фэйсбүүкийн мэссенжэрээр “500.000 төгрөг хэрэг болчихлоо зээлээч” гэхээр нь би нөхөр Д- руу залган “М- мөнгө зээлээч гэж байна” гэж хэлтэл манай нөхөр “дансны дугаарыг нь аваад явуулчих” гэсэн. Тэгэхээр нь би М-аас ирүүлсэн ... гэсэн дансны дугаартай А.А- гэх хүний Хаан банкны данс явуулахаар нь нөхөртөө энэ данс руу 500.000 төгрөг явуулчих гэж хэлэн тухайн дансыг явуулсан. Тэгээд би М-ын ... дугаартай утас руу залгаад “500.000 төгрөг хийчихлээ гэж хэлтэл М- юун мөнгө вэ би тань руу юм бичээгүй шүү дээ” гэж хэлсэн. ...А.А- гэх хүнээс 500.000 төгрөгийн хохирлоо би хүлээн авсан. Надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 11-12, 37 дугаар хуудас/,
  • Гэрч Ж.М-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 11 цаг өнгөрч байхад би таксинд явж байтал авга эгч С.У- залгаад “яасан миний дүү нөгөө мөнгөө аваа юу” гэхээр нь би “юун мөнгө вэ та дугаар андуураад байгаа юм биш үү, М- дүү чинь байна” гэхэд утсаа салгачихаад удалгүй дахин залгаад “чи фэйсбүүкээр надаас мөнгө нэхээд чатлаад байсан шүү дээ” гэсэн. Тэгэхээр нь би фэйсбүүк ороогүй машин бариад явж байсан талаараа хэлсэн чинь чи мэссенжэрээ шалгаад үз гэхээр нь би машинаа түр зогсоогоод гар утсаараа фэйсбүүк ортол хүнтэй чаталсан юм байхгүй байсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 14-15 дугаар хуудас/,
  • Шүүгдэгч А.А-ын депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-ийн 25 дугаар хуудас/,
  • Хохирогч Ц.Ц-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 17 цагийн үед намайг хорооллын “Далд засал” гэдэг хувийн эмнэлэгт хэвтэж байхад над руу хуурай ах болох О-ын “...” гэсэн нэртэй цахим хаягнаас нь “юу байна ахын дүү, танайхан сайн уу” гэсэн захиа ирсэн. Би хариуд нь “сайн сайн” гэсэн юм. Тэгээд бага зэрэг байж байгаад ах нь юм асуух гээд “9 хүртэл хүнээс 900.000 төгрөг зээлчихсэн юм. Тэгээд өнөөх хүнд маань ажил явдал гараад ядаж зээлсэн мөнгөний талыг нь ч гэсэн өгчих гэхээр нь ах нь мөнгө сураглаад байна” гэхээр нь би хүүхдийн сургалтын төлбөр гэж 500.000 төгрөг байна гэхэд “тэгвэл ... дугаартай Хаан банкны данс руу 450.000 төгрөгийг нь шилжүүлчих ах нь хагас сайн өдөр буюу 2018 оны 08 сарын 18-ны өдөр буцаагаад өгчихье” гэхээр нь ойролцоох АТМ-ны машин ороод тухайн данс руу нь шилжүүлчихээд явуулчихлаа гэж хуурай ах О-ын дугаар руу залгахад холбогдох боломжгүй байсан. Тэгээд хагас сайн өдөр холбогдоход “юун мөнгө билээ би ямар нэгэн мөнгө нэхээгүй шүү дээ” гэхэд нь залилуулсан гэдгээ ойлгосон юм” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 21-22 дугаар хуудас/,
  • Фейсбүүк хаяганд үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх-ийн 12-18 дугаар хуудас/,
  • Хохирогч Ц.Ц-гийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2-р хх-ийн 10 дугаар хуудас/,

- ... тоот дансыг А.А- эзэмшдэг гэх ХААН банкны тодорхойлолт /2-р хх-ийн 32 дугаар хуудас/,

- Гэрч Б.О-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Нээснээс хойш 1 жилийн хугацаанд идэвхитэй ажиллуулж байгаад намайг өөрийн гар утсаа солих үедээ би тухайн фэйсбүүк хаягаа алдчихсан эсхүл нууц кодоо мартчихсан юм. Тэгээд би өөр фэйсбүүк хаяг нээж ашигласан юм. 2018 оны 08 сарын 21-ний орой хуурай дүү Ц- над руу залгаад “О- ах аа би тань руу мөнгө шилжүүлсэн шүү дээ” гэхээр нь би “юун мөнгө билээ” гэж асуухад Ц- нь би охиныхоо сургалтын төлбөрийг хүнд алдчихсан юм байна шүү дээ гэж асуухад би тайвшраад цагдаагийн байгууллагад ханд гэж хэлсэн юм” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 53 дугаар хуудас/,

- Хохирогч Д.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны 09 сарын 28-ны өдөр 15 цаг 30 минутад миний төрсөн эгч болох Б-гийн фэйсбүүкээс над руу “сайн уу юу байна” гэж эхэлж хоорондоо харилцаж байгаад эгч нь нэг юм асуух гэсэн юм “нөгөөдөр хүртэл 500.000 төгрөг түр зээлээч” гэхээр нь би дансаа өгчих гэтэл ... гэсэн данс явуулсан. Эгч нь найздаа өгөх ёстой юм, ах нь хагалгаанд орсон гээд А.А- гэдэг хүний данс байгаа гэхээр нь юм бодолгүй шууд тус данс руу шилжүүлчихсэн. Ингээд хэд хоногийн дараа би Б- эгч рүү залгаж “нөгөө зээлсэн мөнгөө өгөх боломж байна уу” гэхэд “эгч нь фэйсбүүк хаягаа хакердуулсан, би чамаас мөнгө аваагүй шүү дээ” гэхээр нь өөрийгөө залилуулснаа мэдсэн” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 23-24 дүгээр хуудас/,

- Хохирогч Д.С-агийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2018 оны 03 сарын 20-ны өглөө 09 цаг 25 минутын үед манай ажлын ... гэх фэйсбүүк нэршилтэй хүнээс “сайн уу нэг юм асуучих уу 200.000 төгрөг зээлж болох уу” гэхээр нь манайд олон жил ажиллаж байгаа итгэлтэй хүн учраас зөвшөөрч ... тоот А.А- гэсэн хүний данс руу 200.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд маргааш өглөө нь Б-аас “зээлсэн мөнгөө авья” гэхэд өөдөөс гайхаад “би тийм зүйл асууж аваагүй шүү дээ” гэхээр нь өөрийгөө залилуулснаа мэдсэн” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 30-31 дүгээр хуудас/,

- Гэрч Д.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2018 оны 10 сарын 03-ны өдөр миний төрсөн дүү О- манай ажил дээр ирсэн. Тухайн үед нь би ажил дээрээ их хүнтэй байсан учир дүү юм ярилгүй гарсан. Тэгээд гар утас руу “таны фэйсбүүк хаягаар эгчдээ 500.000 төгрөг зээлээч гэсэн мэссеж ирсэн. Тэгээд би мөнгө байсан учир шилжүүлсэн. Тэгтэл та биш юм шиг байна таны фэйсбүүк хаягаар өөр хүн орж мөнгө авсан юм шиг байна сая хүмүүс байсан учир учрыг нь хэлж чадсангүй” гэсэн мэссэж ирсэн. Тэгээд би тодруулж асуугаад фэйсбүүк хаягийнхаа кодыг сольсон” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 35 дугаар хуудас/,

- Гэрч Д.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...өнөө өглөө надаас мөнгө нэхэхээр нь юун мөнгө гэж асуусан чинь өчигдөр чи надаас мөнгө зээлсэн шүү дээ гэж хэлсэн. Тэгээд ямар учиртай юм бол гэж асуусан чинь чиний фэйсбүүк хаягнаас 200.000 төгрөг зээлээч гэсэн мэссэж ирэхээр нь би мөнгө шилжүүлсэн талаар ярьсан” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 36 дугаар хуудас/,

- Шүүгдэгч А.А-ын депозит дансны дэлгэрэнгүй хуулга /3-р хх-ийн 61 дүгээр хуудас/,

- Хохирогч Д.С-агийн Худалдаа хөгжлийн банкны төлбөрийн картын хуулга /3-р хх-ийн 63 дугаар хуудас/,

- Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /4-р хх-ийн 12-15 дугаар хуудас/,

- Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /4-р хх-ийн 18 дугаар хуудас/,

- Хохирогч Н.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны 04 сарын 06-ны өдөр өөрийн Сүхбаатар дүүргийн бага тойрог ... тоотод үйл ажиллагаа явуулдаг “Иванова” дэлгүүрт сууж байхад найз М-ын “Д.М-” нэртэй фэйсбүүк хаягнаас найз нь юм асуух гэсэн юм “1 дэх өдөр хүртэл 200.000 төгрөг хүүтэй ч хамаагүй зээлээч” гэхээр нь за тэгвэл дансаа явуулчих гэсэн чинь хүнээс мөнгө авчихсан чинь хүүхдийнх нь бие өвдсөн гээд өнөөдөр гээд нэхээд байна гэхээр нь ... А.А- гэсэн данс руу 200.000 төгрөг шилжүүлсэн. Шилжүүлсэн чинь за баярлалаа орой ярья гээд алга болсон. Орой нь М- над руу залгаад “чамаас нэг ойлгомжгүй чат ирээд байна” гэхээр нь би “чам руу өдөр 200.000 төгрөг шилжүүлсэн” гэсэн чинь “тийм юм болоогүй шүү дээ би өдөр нэг линк рүү орж юм үзсэн юм. Тэгээд хакердуулчихлаа” гэхээр нь би өөрийгөө залилуулснаа мэдсэн” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 27-28 дугаар хуудас/,

  • Хохирогч Н.Д-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /4-р хх-ийн 62 дугаар хуудас/,
  • Шүүгдэгч А.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би бусдаас мөнгө залилсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. ...Би тухайн цаг хугацаанд мөнгөний асуудалд орчихсон байсан учраас хүмүүсийн фейсбүүкээр орж хүмүүсээс мөнгө залилсан. Би хүмүүсийн гар утасны дугаарыг таамгаар хийгээд нууц үгэн дээр нь ч гэсэн бас утасны дугаарыг нь хийж үзээд бусдын фейсбүүк хаягруу нэвтрэн ордог. Би М-ын фейсбүүк хаяг руу ч гэсэн таамгаар орж нууц кодыг нь таамгаар хийж орсон. Тэгээд найзууд руу нь мөнгө зээлээч гэж чат бичихэд У- гэж хүн 500.000 төгрөг зээлэхээр болоод би өөрийн ... дугаарын дансыг явуулаад энэ дансаараа мөнгө авсан. ... Би өөрөө хүмүүсээс хүүтэй мөнгө зээлээд авчихсан байсан. Тэр мөнгөө л төлж барагдуулсан. ... Би 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр, 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрүүдэд 250.000 төгрөгөөр хоёр хувааж У- гэж хүний хохирлыг барагдуулсан. ...2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр утасны дугаарыг ашиглаад нэвтрэх код болгож оруулаад тухайн хаяг руу нэвтэрсэн. Тэгээд тэр хаягнаас нэг хаяг сонгоод “мөнгөний хэрэг байна, 3 хоногийн хугацаатай мөнгө зээлээч” гэж бичээд өөрийнхөө ... тоот данс руу 450.000 төгрөгийг шилжүүлэн авсан. ...Би Б- гэж хүний фейсбүүк хаяг руу ч гэсэн таамгаар орж нууц кодыг нь таамгаар хийж орсон. Тэгээд О- гэж хүний хаяг руу чатаар нь 500.000 төгрөг зээлээч гэж чат бичихэд О- гэж хүн 500.000 төгрөг зээлэхээр болоод би өөрийн ... дугаарын дансыг явуулаад энэ дансаараа мөнгө авсан. ... Би Б- гэж хүний фейсбүүк хаяг руу ч гэсэн таамгаар орж нууц кодыг нь таамгаар хийж орсон. Тэгээд С- гэж хүний хаяг руу чатаар нь 200.000 төгрөг зээлээч гэж чат бичихэд С- гэж хүн 200.000 төгрөг зээлэхээр болоод би өөрийн ... дугаарын дансыг явуулаад энэ дансаараа мөнгө авсан. ...2019 оны 04 дүгээр сарын эхээр байсан би өөрийн гар утаснаасаа таамгаар гар утасны дугаарыг хийгээд кодон дээр нь бас утасны дугаарыг нь хийж үзэж байтал Д.М- нэртэй фейсбүүк хаягруу орсон. Нэвтэрч ороод найзууд руу нь чат бичиж байгаад Д- гэж хүнээс 200.000 төгрөгийг өөрийн дансруу шилжүүлж авсан. Дансруу шилжүүлж авсан мөнгөө Өгөөж төвийн АТМ-ээс бэлнээр гаргаж авсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 35, 2-р хх-ийн 27-28, 3-р хх-ийн 53, 56, 4-р хх-ийн 43-44, 86 дугаар хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт “Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. ...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:

- Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Үерт 9-р багийн Засаг даргын тодорхойлолт /2-р хх-ийн 29, 4-р хх-ийн 46 дугаар хуудас/,

- Байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт /2-р хх-ийн 30 дугаар хуудас/,

- Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /2-р хх-ийн 31, 4-р хх-ийн 57 дугаар хуудас/,

- Иргэний үнэмлэхний хуулбар /2-р хх-ийн 33, 4-р хх-ийн 48 дугаар хуудас/,

- Иргэний үнэмлэхний лавлагаа /2-р хх-ийн 34 дүгээр хуудас/,

- Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /2-р хх-ийн 35 дугаар хуудас/,

- 2012.05.30-нд төрсөн М.Э- төрсний гэрчилгээний хуулбар /4-р хх-ийн 56 дугаар хуудас/,

- 2010.10.20-нд төрсөн М.Т- төрсний гэрчилгээний хуулбар /4-р хх-ийн 59 дүгээр хуудас/,

- 2017.07.28-нд төрсөн М.И- төрсний гэрчилгээний хуулбар /4-р хх-ийн 58 дугаар хуудас/,

- Урьд нь ял шийтгүүлж байсан болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 40, 4-р хх-ийн 47 дугаар хуудас/,

- Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 185 дугаартай шийтгэх тогтоол /2-р хх-ийн 41-43 дугаар хуудас/,

- Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 285 дугаартай шийтгэх тогтоол /2-р хх-ийн 47-49 дүгээр хуудас/ зэрэг баримт бичиг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

 Мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгчээс авсан гэрчийн мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” гэх үндэслэлээр шүүх үнэлээгүй болохыг дурдаж байна.

Гэмт хэрэг гарахад иргэдийн залилан мэхлэх цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдлэг дутмаг, мөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиг үүрэг бүхий байгууллага холбогдох хууль журмыг сурталчлах, соён гэгээрүүлэх ажил хангалтгүй хийгдсэн, гэмт хэрэг зөрчлийн талаарх мэдээллийг Цагдаагийн байгууллага хангалтгүй зохион байгуулж, энэ талаарх сургалт сурталчилгааг зохих төвшинд, холбогдох хүмүүст нь хүртэл хийж чадаагүй зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна.

Шүүгдэгч А.А- нь дээрх гэмт хэргийг ганцаараа үйлдсэн болох нь гэрч, хохирогч нарын мэдүүлгээр нотлогдож байна.

Шүүгдэгч А.А- нь шунахайн сэдэлтээр 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр иргэн Д.М-ын фэйсбүүк хаягаар нэвтрэн цахим хэрэгсэл ашиглан хохирогч Н.Д-ээс “...1 дэх өдөр хүртэл 200.000 төгрөг хүүтэй ч байсан хамаагүй зээлээч” гэж худал хэлэн зохиомол байдлыг зориудаар бий болгон иргэн Н.Д-ийг төөрөгдөлд оруулж, түүнээс 200.000 төгрөгийг 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр шунахайн сэдэлтээр иргэн Д.Б-ын цахим хаягаар нэвтрэн цахим хэрэгсэл ашиглан хохирогч Д.С-гаас “мөнгө зээлэх үү” гэж худал хэлэн зохиомол байдлыг зориудаар бий болгон иргэн Д.С-аг төөрөгдөлд оруулж, түүнээс 200.000 төгрөгийг, 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр шунахайн сэдэлтээр иргэн Д.Б-гийн цахим хаягаар нэвтрэн цахим хэрэгсэл ашиглан хохирогч Д.О-аас “нөгөөдөр хүртэл 500.000 төгрөг зээлээч” гэж худал хэлэн зохиомол байдлыг зориудаар бий болгон иргэн Д.О-ийг төөрөгдөлд оруулж, түүнээс 500.000 төгрөгийг, 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр шунахайн сэдэлтээр иргэн Ж.М-ын фэйсбүүк хаягаар нэвтрэн цахим хэрэгсэл ашиглан хохирогч С.У-ээс “500.000 төгрөг зээлээч” гэж худал хэлэн зохиомол байдлыг зориудаар бий болгон иргэн С.У-ийг төөрөгдөлд оруулж, түүнээс 500.000 төгрөгийг, 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр шунахайн сэдэлтээр иргэн Б.О-ын фэйсбүүк хаягаар нэвтрэн цахим хэрэгсэл ашиглан хохирогч Ц.Ц-гээс “2 хоногийн хугацаатай хүүтэй мөнгө зээлээч” гэж гэж худал хэлэн зохиомол байдлыг зориудаар бий болгон 450.000 төгрөгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн болох нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 6, 2-р хх-ийн 8, 3-р хх-ийн 7, 4-р хх-ийн 2 дугаар хуудас/, хохирогч С.У-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 11-12, 37 дугаар хуудас/, гэрч Ж.М-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 14-15 дугаар хуудас/, шүүгдэгч А.А-ын депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-ийн 25 дугаар хуудас/, хохирогч Ц.Ц-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2-р хх-ийн 21-22 дугаар хуудас/, фейсбүүк хаяганд үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх-ийн 12-18 дугаар хуудас/, хохирогч Ц.Ц-гийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2-р хх-ийн 10 дугаар хуудас/, ... тоот дансыг А.А- эзэмшдэг гэх ХААН банкны тодорхойлолт /2-р хх-ийн 32 дугаар хуудас/, гэрч Б.О-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2-р хх-ийн 53 дугаар хуудас/, хохирогч Д.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /3-р хх-ийн 23-24 дүгээр хуудас/, хохирогч Д.С-агийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /3-р хх-ийн 30-31 дүгээр хуудас/, гэрч Д.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /3-р хх-ийн 35 дугаар хуудас/, гэрч Д.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /3-р хх-ийн 36 дугаар хуудас/, шүүгдэгч А.А-ын депозит дансны дэлгэрэнгүй хуулга /3-р хх-ийн 61 дүгээр хуудас/, хохирогч Д.С-агийн Худалдаа хөгжлийн банкны төлбөрийн картын хуулга /3-р хх-ийн 63 дугаар хуудас/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /4-р хх-ийн 12-15 дугаар хуудас/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /4-р хх-ийн 18 дугаар хуудас/, хохирогч Н.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /4-р хх-ийн 27-28 дугаар хуудас/, хохирогч Н.Д-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /4-р хх-ийн 62 дугаар хуудас/, шүүгдэгч А.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 35, 2-р хх-ийн 27-28, 3-р хх-ийн 53, 56, 4-р хх-ийн 43-44, 86 дугаар хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудаар тогтоогдож, шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч нь Монгол Улсын иргэний Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөл, эзэмшилд байгаа эд юмс, түүнийг хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг зөрчсөн хор уршигт зориуд хүргэж, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдсэн нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.

Шүүгдэгч А.А- нь шунахайн сэдэлтээр, бусдын эд хөрөнгийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй байх санаа зорилгыг агуулж, бусдыг хуурч, ...цахим хэрэгсэл ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өмчлөгчийн эд хөрөнгийг хуурч мэхлэх замаар шилжүүлэн авч өөрийн өмчийн нэгэн адил захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн нь “Залилах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хийсэн гэрч, хохирогч нарын мэдүүлэг зэрэг нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход чухал ач холбогдолтой болсон байна.

Шүүгдэгчийн мэдүүлж байгаагаас үзвэл “...Би өөрөө хүнээс хүүтэй мөнгө зээлээд авчихсан байсан. Тэр мөнгөө төлж барагдуулсан” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 43/-ээс үзвэл иргэд цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдлэг дутмаг, өөрсдийн эд хөрөнгөндөө хайхрамжгүй хандах, бусдад хэт итгэх, гэмт хэргийн шинжтэй үйлдэл гарсан даруйд цаг алдалгүй арга хэмжээ аваагүй зэрэг нөхцөл байдал дээрх гэмт хэргийг үйлдэх шалтгаан нөхцөл болсон гэж үзэхээр байна. 

Шүүгдэгч А.А-ын үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь бусдын өмчлөх эрхийн халдашгүй байдалд 1.850.000 төгрөгийн бодит хохирол учирсан гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч А.А- нь хохирогч С.У-т учруулсан 500.000 төгрөгийн, хохирогч Н.Д-д учруулсан 200.000 төгрөгийн, хохирогч Ц.Ц-д учруулсан 450.000 төгрөгийн, хохирогч Д.О-т учруулсан 500.000 төгрөгийн, хохирогч Д.С-ад учруулсан 200.000 төгрөгийн хохирлыг тус тус нөхөн төлсөн болох нь хохирогч С.У-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...А.А- гэх хүнээс 500.000 төгрөгийн хохирлоо би хүлээн авсан. Надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 37/, ХААН банкны 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Н.Д-ийн ... тоот данс руу 200.000 төгрөгийг шүүгдэгчээс шилжүүлсэн орлогын мэдүүлгийн баримт, ХААН банкны 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Д.С-аийн ... тоот данс руу 200.000 төгрөгийг шүүгдэгчээс шилжүүлсэн орлогын мэдүүлгийн баримт, ХААН банкны 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Ц.Ц-гийн ... тоот данс руу 450.000 төгрөгийг шүүгдэгчээс шилжүүлсэн орлогын мэдүүлгийн баримт, ХААН банкны 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Д.О-ийн ... тоот данс руу 500.000 төгрөгийг шүүгдэгчээс шилжүүлсэн орлогын мэдүүлгийн баримт, ХААН банкны 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн П.Д-ийн ... тоот данс руу 250.000 төгрөгийг шүүгдэгчээс шилжүүлсэн мөнгөн шилжүүлгийн баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хавтаст хэрэгт баримтжуулсан шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч А.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийг үргэлжилсэн үйлдлээр гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан “Хуурч, ...цахим хэрэгсэл ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан..” үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч А.А-ыг Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 285 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 185 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 272 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн нийт 672 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн байна.

Шүүгдэгч А.А- нь Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 285 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 672 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас 376 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлж, 296 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял үлдсэн болох нь Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн албан тоотоор тогтоогдож байна.

Шүүгдэгч А.А- нь Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 285 дугаартай шийтгэх тогтоолоор нийтэд тустай жил хийлгэх ял шийтгүүлсэн байх ба Хөвсгөл аймгийн Прокурорын газраас ирүүлсэн эрүүгийн 1805021260423 дугаартай хэрэг нь 2018 оны 3, 4, 8, 9, 11 дүгээр саруудад үйлдсэн байх тул ялаа эдэлж дуусахаас өмнө гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж байх тул шүүгдэгч А.А-ын дээрх 5 удаагийн үйлдэл нь үргэлжилсэн нэг гэмт хэрэгт тооцогдохоор байна.

Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо төлсөн, хохирогч нараас уучлалт гуйсан, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдал, түүний үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын хэр хэмжээ, шинж чанар, хохирол, хор уршигт хандаж буй хандлага, шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа зэргийг харгалзан үзсэн болно.

Шүүгдэгч А.А- нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байсан болох ял шийтгэлийн лавлагаа, шийтгэх тогтоолуудын хуулбараар тогтоогдож байна.

Шүүгдэгчийн хувьд гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас 700 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” санал гаргасан, шүүгдэгчээс “ар гэрийн хувьд бага насны хүүхэдтэй, гэр бүлээ харж хандах зайлшгүй шаардлагатай учраас хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү” гэснийг тус тус харгалзан үзэв.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Шүүгдэгч А.А- нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан камерийн бичлэг бүхий СД 1 ширхэгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах нь зүйтэй байна.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч А.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, ...цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А-ыг 424 /дөрвөн зуун хорин дөрөв/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.А-д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 424 /дөрвөн зуун хорин дөрөв/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялд Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 285 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 672 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 296 /хоёр зуун ерэн зургаа/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн нийт 720 /долоон зуун хорь/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.А-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 /дөрөв/ цагаар, Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст архив, бичиг хэргийн ажил хийлгэхээр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А- нь нийтэд тустай ажил хийлгэх ялаас зайлсхийсэн тохиолдолд хорих ялаар солихыг анхааруулсугай.

6. Нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн шүүгдэгч А.А-д хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан камерийн бичлэг бүхий СД 1 ширхэгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч нар эс зөвшөөрвөл тогтоол гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.АЗЖАРГАЛ