Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 2020/ШЦТ/27

 

     2020             01                 15                                                  2020/ШЦТ/27 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ,

Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Эрхэмбаяр,

Хохирогч А.Отгонбаяр,

Хохирогчийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Тэгшмандал,

Шүүгдэгч Б.Б  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Х Б Б-тд  холбогдох эрүүгийн 1934010020516 дугаартай, 1 хавтас хэргийг 2019 оны 12 дугаар сарын 19-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Х Б Б , 1986 оны 2 дугаар сарын 14-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, аялал жуучлалын хөтөч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо Залуус хорооллын 48А тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, 86021413 регистрийн дугаартай.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

 

Шүүгдэгч Б.Б-ын өгсөн: 2019 оны 10 дугаар сарын 27-ны өглөө 8 цагийн үед Улаанбаатар хотоос найз Хосбаяртай машинтай Төв аймгийн Баянжаргалан суманд байх өөрийн эцэг Батнасангийн гэр лүү явсан. 13 цагийн орчим Төв аймгийн Баянжаргалан сумын Тарган гэх газар нутаглах аавынд очсон. Биднийг очиход Отгонбаяр малын хашааны үүдэнд машинаа тулгаад зогсоочихсон малаа ачиж байсан. Тэгэхээр нь малаас нь ачилцаж өгсөн. Үлдсэн малаа маргааш авахаар болж, малыг нь ачилцаж дуусаад би Отгонбаяртай уулзсан. Уулзаад малаа бүгдийг нь аваад яваарай чи манай аавыг өмнө нь зодсон байсан шүү гэж хэлсэн. Тэгсэн Отгонбаяр "чи тэгээд яах юм бэ" гээд бид хоёр зууралдаад автал миний толгой руу 2-3 удаа цохиж авсан. Тэгээд удалгүй найз болон аав маань боль гэж хэлээд больсон. Тэгээд машинаас бууж ирээд байж байтал манай найзын эхнэр Гансүх чиний нүүрийг ураад аймаар болгочихсон байна гэж хэлээд миний нүүрийг цэвэрлэж өгсөн. Тэгээд би Отгонбаяр дээр эргэж очоод чи миний нүүрийг хар ийм болгосон байна би багш хүн ш дээ гэж хэлсэн. Тэгсэн чиний нүүр яадаг юм гэсэн. Тэгээд бид 2 ахин барилцаж авсан. Би барилцаж байхдаа биеийн доод хэсэгт нь нэг удаа өшиглөсөн, Отгонбаярын 2 хөлийнх нь завсараар өшиглөсөн. Манай аавыг зодсон болохоор нь ярилцах гэж очоод ойлголцоогүй үл ойлголцох шалтгааны улмаас муудалцсан. Тэр үед манай аав Батнасан, миний найз Хосбаяр, Батмэнд нар байсан гэх мэдүүлэг,

 

Хохирогч А.Отгонбаярын өгсөн: Миний төрсөн эгч Б ын аавтай 20 гаруй жил хамтран амьдраад салах болсон. Тэдний дээр миний хэдэн мал байдаг байсан. 2019 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Төв аймгийн Баянжаргалан сумын Эрдэнэ 3 дугаар багийн нутгаас Батнасан ахынд эгчийнхээ ямааг авахаар очсон. Өөрийн хонь малаа ялгаад байж байтал машинтай хүмүүс ирсэн. Б  машинаас бууж ирээд хонийг нь бүгдийг нь өгөөд явуул гэж хэлсэн. Тэгэхээр нь би машинд багтахгүй байна эргэж ирээд үлдэгдлийг нь авья гэж хэлсэн. Тэгтэл Б  надад хандан "чамайг зөндөө зүгээр өнгөрөөсөн, хохь чинь шүү, чамайг ална шүү" гээд байсан. Тэгэхээр нь би "чи яах гээд байгаа юм бэ" гэж хэлтэл Б  чамайг ална гээд машин дээр гарч ирээд миний толгой руу гараараа 2 удаа цохисон. Би биеэ хамгаалах гээд нүүр, ам руу нь самардсан. Тэгээд би машин дээрээс буугаад холдоод явтал араас гүйж ирээд надыг үргүй болгож хөнгөлж засна гээд миний доод эрхтэн рүү өшиглөсөн. Тэгээд намайг тонгойтол миний бэлэг эрхтэн рүү өшиглөсөн, мөн миний баруун талын гуя руу хэд хэдэн удаа өшиглөсөн. Би хашааны буланд очоод суусан чинь надыг зодохоо больж цаашаа явсан. Намайг аавыг нь зодсон гээд над руу дайрсан надтай муудалцах шалтаг байгаагүй. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй харин Б аас үнэртэж байсан. Б  намайг зодсоноос хойш би үртэй үргүй болох нь тодорхойгүй болчхоод байна. 10 гаруй хоног Аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн. Надад 900 000 гаруй төгрөгийн хохирлын баримт байна. Дээрх хохирлоо гаргуулж авмаар байна. Мөн цаашид гарах эмчилгээний зардлаа гаргуулж авмаар байна. Миний хувьд гомдолтой байна гэх мэдүүлэг,

 

Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:

 

Гэрч Г.Хосбаярын өгсөн: Би өвлийн идэш болох нэг тооны шүдлэн үхэр худалдаж авахаар найз Б ын аавынд очихоор Төв аймгийн Баянжаргалан сумын Эрдэнэ 3-р багийн нутагт 2019 оны 10 дугаар 27-нд ирсэн. Тэгтэл mathy маркийн машин дээр үл таних хоёр хүн хонь ялгаад ачаад зогсож байсан. Тэгээд хонь нь багтахгүй дараа ирж авъя гэсэн. Тэгээд Б , Отгонбаяр хоёр маргалдаж эхэлсэн. Б  чи яагаад манай аавыг дээрэлхэж зодсон бэ гээд зодолдож эхэлсэн. Тэгээд Отгонбаяр би аавыг чинь зодсон бол цагдаад хэлэхгүй яасан юм бэ тухайн үед нь гээд хоорондоо барилцаж авсан. Тэгээд хоорондоо машины тэвшин дээр түлхэлцээд ноцолдоод байсан. Тэгээд нэг харсан чинь Б ын нүүр цус болчихсон байсан. Машинаас бууж ирээд дахин барилцаж аваад ноцолдоод байсан. Тэгээд манай эхнэр гарч ирж салгасан. Отгонбаяр нь Б ын аавыг өмнө нь дээрэлхсэн байх шиг байсан тэгээд хоорондоо муудалцсан. Тухайн үед Отгонбаяр, Б  нар архи согтууруулах ундааны зүйл огт хэрэглээгүй байсан. Тэр хоёр машин дээр хоорондоо ноцолдож байгаад бууж ирээд нэгнийгээ нэг хоёр удаа өшиглөсөн гэх мэдүүлэг /хх 12-13/,   

 

Гэрч Ц.Батмэндийн өгсөн: 2019 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Төв аймгийн Баянжаргалан сумын Эрдэнэ 3-р багийн нутагт найз Б-ын аавын гэрт нь өвлийн идэш болох нэг бяруу хийхээр ирсэн. Тэгтэл үл таних хоёр хүн mathy маркийн тээврийн хэрэгслийн ачаан дээр хонь ачаад зогсож байсан. Тэгээд хонь ачиж дуусчхаад Б  Отгонбаяртай уулзаад чи яагаад манай аавыг зодчихвоо гээд муудалцаж ачаан дээр хоорондоо түлхэлцээд ноцолдож байсан. Тэгээд бууж ирээд нэгэнтэйгээ  барилцаж зогсож байгаад салсан. Отгонбаяр гэх ах Б-ын аавыг өмнө нь зодож байсан юм шиг байна лээ. Отгонбаяр нь Б-ын нүүрийг ураад нэг удаа цохисон тэгээд Б Отгонбаярыг өшиглөөд хоорондоо тийрэлцэж байгаад салсан.Тухайн үед аль аль нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан гэх мэдүүлэг /хх 16/,

 

Шинжээч эмч И.Ганболорын өгсөн: 2019 оны 11 дүгээр сарын 07-ний өдрийн 773 дугаартай дүгнэлтээр А.Отгонбаярын баруун талын төмсөг нь хаван хавдартай үүнийг нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын дагуу хөнгөн зэргийн гэмтэлд хамаарах тул “гэмтлийн хөнгөн” зэрэгт хамаарна гэж дүгнэлт гаргасан байгаа. А.Отгонбаярын биед учирсан гэмтэл нь цаашид эрүүл мэндэд нь сөргөөр нөлөөлж үргүй болох эсэхийг тогтоох боломжгүй. Үүнийг нарийн мэргэжлийн эмч болон нарийн мэргэжлийн эмнэлгээр тогтоогдоно. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлээр 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл. А.Отгонбаярын биед өөр гэмтэл байгаагүй гэх мэдүүлэг /хх 30/,

 

Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн №773 дугаартай шинжээчийн дүгнэлт: "1.2.А.Отгонбаярын биед баруун төмсөгт зөөлөн эдийн няцралт гэмтэл тогтоогдлоо. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна." гэжээ /хх 20/,

 

Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 11 дүгээр сарын 04-ны өдрийн №768 дугаартай шинжээчийн дүгнэлт: "1.Б.Б-ын биед зүүн чихний дэлбэнд цус хуралт, баруун хацарт зулгарал, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй." гэжээ /хх 27/,

 

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 40/, Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 50-51/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд болно.  

 

Дээр дурдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:   

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл шүүгдэгч Б.Б нь хууль зүйн хувьд хохирогч А.Отгонбаярыг аавыг нь зодсон гэх шалтгаанаар “танхайн” сэдэлтээр, хохирогчийн эрх чөлөөнд халдан эрүүл мэндэд нь санаатай үйлдлээр, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Б  нь 2019 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Төв аймгийн Баянжаргалан сумын Эрдэнэ 3 дугаар багийн нутаг Тарганы өвөлжөө гэх газар иргэн А.Отгонбаярыг “аавыг зодсон” гэх шалтгаанаар маргалдан бэлэг эрхтэн тус газар нь өшиглөж эрүүл мэндэд нь "баруун төмсөгт нь зөөлөн эдийн няцрал" бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:

 Шүүгдэгч Б.Б-ын өгсөн: "2019 оны 10 дугаар сарын 27-ны өглөө 8 цагийн үед Улаанбаатар хотоос найз Хосбаяртай машинтай Төв аймгийн Баянжаргалан суманд байх өөрийн эцэг Батнасангийн гэр лүү явсан. 13 цагийн орчим Төв аймгийн Баянжаргалан сумын Тарган гэх газар нутаглах аавынд очсон. Биднийг очиход Отгонбаяр малын хашааны үүдэнд машинаа тулгаад зогсоочихсон малаа ачиж байсан. Тэгхээр нь малаас нь ачилцаж өгсөн. Үлдсэн малаа маргааш авахаар болж, малыг нь ачилцаж дуусаад би Отгонбаяртай уулзсан. Уулзаад малаа бүгдийг нь аваад яваарай чи манай аавыг өмнө нь зодсон байсан шүү гэж хэлсэн. Тэгсэн Отгонбаяр "чи тэгээд яах юм бэ" гээд бид хоёр зууралдаад автал миний толгой руу 2-3 удаа цохиж авсан. ...Тэгээд би Отгонбаяр дээр эргэж очоод чи миний нүүрийг хар ийм болгосон байна би багш хүн ш дээ гэж хэлсэн. Тэгсэн чиний нүүр яадаг юм гэсэн. Тэгээд бид 2 ахин барилцаж авсан. Би барилцаж байхдаа биеийн доод хэсэгт нь нэг удаа өшиглөсөн, Отгонбаярын 2 хөлийнх нь завсараар өшиглөсөн." гэх мэдүүлэг,

хохирогч А.Отгонбаярын өгсөн: "...Тэгээд би машин дээрээс буугаад холдоод явтал араас гүйж ирээд надыг үргүй болгож хөнгөлж засна гээд миний доод эрхтэн рүү өшиглөсөн. Тэгээд намайг тонгойтол миний бэлэг эрхтэн рүү өшиглөсөн, мөн миний баруун талын гуя руу хэд хэдэн удаа өшиглөсөн. Би хашааны буланд очоод суусан чинь надыг зодохоо больж цаашаа явсан. Намайг аавыг нь зодсон гээд над руу дайрсан надтай муудалцах шалтаг байгаагүй." гэх мэдүүлэг,

гэрч Г.Хосбаярын өгсөн: "Б  чи яагаад манай аавыг дээрэлхэж зодсон бэ гээд зодолдож эхэлсэн. Тэгээд Отгонбаяр би аавыг чинь зодсон бол тухайн үед нь цагдаад хэлэхгүй яасан юм гээд хоорондоо барилцаж авсан. Тэгээд хоорондоо машины тэвшин дээр түлхэлцээд ноцолдоод байсан. Тэгээд нэг харсан чинь Б ын нүүр цус болчихсон байсан. Машинаас бууж ирээд дахин барилцаж аваад ноцолдоод байсан. ...тэр хоёр машин дээр хоорондоо ноцолдож байгаад бууж ирээд нэгнийгээ нэг хоёр удаа өшиглөсөн." гэх мэдүүлэг /хх 12-13/,   

гэрч Ц.Батмэндийн өгсөн: "Отгонбаяр нь Б-ын нүүрийг ураад нэг удаа цохисон. Тэгээд Б  Отгонбаярыг өшиглөөд хоорондоо тийрэлцэж байгаад салсан. Тухайн үед аль аль нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан." гэх мэдүүлэг /хх 16/,

Шинжээч эмч И.Ганболорын өгсөн: "2019 оны 11 дүгээр сарын 07-ний өдрийн 773 дугаартай дүгнэлтээр А.Отгонбаярын баруун талын төмсөг нь хаван хавдартай энэ нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын дагуу хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. А.Отгонбаярын биед учирсан гэмтэл нь цаашид эрүүл мэндэд нь сөргөөр нөлөөлж үргүй болох эсэхийг тогтоох боломжгүй. Үүнийг нарийн мэргэжлийн эмч болон нарийн мэргэжлийн эмнэлгээр тогтоогдоно. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлээр 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл. А.Отгонбаярын биед өөр гэмтэл байгаагүй." гэх мэдүүлэг /хх 30/,

Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн №773 дугаартай шинжээчийн дүгнэлт: "1.2.А.Отгонбаярын биед баруун төмсөгт зөөлөн эдийн няцралт гэмтэл тогтоогдлоо. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна." гэх /хх 20/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

 

Шүүгдэгч Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх

 

зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч А.Отгонбаяр нь унааны болон эмчилгээний зардалд нотлох баримтаар 911 250 төгрөг нэхэмжилж, цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхих хүсэлтийг шүүхэд гаргажээ.

 

Хохирогчийн нотлох баримтаар нэхэмжилсэн 911 250 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзсэн бөгөөд, 

 

Дээрх хохирлыг нөхөн төлөхөөр шүүгдэгч болон түүний өмгөөлөгч гэм буруугийн шүүх хуралдаанаас завсарлага авч хохирлоос 600 000 төгрөгийг төлж үлдэх 311 250 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг 2020.01.20-ны дотор төлөхөө илэрхийлжээ. 

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

            Улсын яллагчаас шүүгдэгч Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550 000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг,

шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирлыг тодорхой хэмжээгээр нөхөн төлж, үлдэх хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан хуулийн зүйл хэсэгт заасан торгуулын ялын доод хэмжээгээр оногдуулж өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

 

            Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Б.Б нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь хавтаст хэргийн 40-р хуудсанд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байх бөгөөд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч хохирогчийн нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг тодорхой хэмжээгээр төлж, үлдэх хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон зэрэг нөхцөл байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялын доод хэмжээ болох 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв. 

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт "Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно." гэж заасан бөгөөд шүүгдэгчийн орлого олох байдлыг харгалзан 450 000 төгрөгийн торгох ялыг гурван сарын хугацаанд

 

 

шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 150 000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

 

Шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол оногдуулсан торгох ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.

 

Эрүүгийн 1934010020516 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,  битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Х Б Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан 450 000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 150 000 /нэг зуун тавин мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-аас 311 250 /гурван зуун арван нэгэн мянга хоёр зуун тавь/ төгрөг гаргуулж Төв аймгийн Мөнгөнморьт сумын 2 дугаар Байдлаг багийн иргэн хохирогч Боржигон Авирмэдийн Отгонбаяр /РД:НВ79012010/-т олгож, хохирогч А.Отгонбаяр нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг болохыг дурдсугай. 

 

6.Эрүүгийн 1934010020516 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

8.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Т.БАТЖАРГАЛ