Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 2020/ШЦТ/26

 

 2020           01            15                                           2020/ШЦТ/26

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

  Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ,

  Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Эрхэмбаяр,  

   Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ганзориг,

  Насан хүрээгүй хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч Б.Ганчимэг,

  Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Даваахүү,

   Шүүгдэгч Б.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

  Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч М Б С-ндхолбогдох эрүүгийн 1934008760475 дугаартай, 1 хавтас хэргийг 2019 оны 12 дугаар сарын 13-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, М Б С, 1987 оны 9 дүгээр сарын 20-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, малчин мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Архангай аймгийн Эрдэнэмандал сумын 1 дүгээр багт хувиараа мал аж ахуй эрхлэн оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, 87092013 регистрийн дугаартай.

  Холбогдсон хэргийн талаар:

  Шүүгдэгч Б.С нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Б.С өгсөн: Би Архангай аймгийн Эрдэнэ мандал суманд эхнэр хүүхдүүдийн хамт мал маллаж амьдардаг. 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр эхнэр хүүхдүүдийн хамт Улаанбаатар хотод ахынхаа шинэ байрны цайллагад ирчхээд буцаад хадам ээж, эхнэр хүүхдүүдийн хамт буцахаар болсон. Тэгээд буцахдаа өөртөө машин худалдаж авахаар болоод “Да хүрээ” зах дээгүүр хэд хоног явсан. Санаанд таарах машин олдохгүй явсаар 9 дүгээр сарын 29-ний өдөр “Да хүрээ” зах дээрээс “SSANG YONG Муссо” маркийн тээврийн хэрэгслийг 9 000 000 төгрөгөөр өөрийн нэр дээр худалдаж аваад 9 дүгээр сарын 30-ны өдөр эхнэр, 2 хүүхэд, хадам ээжийн хамт 17 цагийн үед Улаанбаатар хотоос Архангай аймаг руу гарсан. Бид нар замдаа бензин авах гэж зогсоод цааш зогсолтгүй явсаар осол болсон газар ирсэн. Засмал замаар эгнээгээрээ явж байхад зам дээр том нүх байх шиг харагдахаар нь нүх зайлуулах гээд рулээ баруун тийш дараад урд дугуй нүх өнгөрөхөөр нь буцаагаад рулээ зүүн тийш дарсан. Тэгсэн зүүн тал руу рулээ булаагаад замын голын цагаан шугам давах шиг болохоор нь сандраад  баруун тийш нь рулээ огцом дарахад жолоогоо алдсан. Би нэг хэсэг юу болсон талаар мэдэхгүй, байж байгаад сэргэхэд зам тээврийн осол болсон байсан. Машинаас буугаад харахад манай эхнэр 2 хүүхэд аль хэдийн машинаас буучихсан зогсож байсан. Харин хадам ээж маань харагдахгүй байсан. Тэгээд машины эргэн тойронд харахад машины баруун хойд талд хэвтэж байсан. Тэгээд яаралтай түргэн дуудаад хүлээж байсан. 40 гаруй минутын дараа эмнэлэг ирж бид нарт яаралтай тусламж үзүүлээд талийгаачийг үзээд ухаан оруулсан. Тэгээд яаралтай хот руу авч явна гээд машиндаа суулгаад Улаанбаатар хот руу хөдөлсөн. Ээж маань хот руу явснаас хойш ойролцоогоор 1 цаг гаруй болсны дараа эхнэр маань залгаад ээж нас барсан гэж хэлсэн. Тэгээд бид нар эмнэлэг рүү яаралтай явсан. Тухайн үед Муссо маркийн 1856 АРА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй явж байсан. Уг тээврийн хэрэгслийг осол болохоос 2-3 хоногийн өмнө худалдаж аваад 2019 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр өөрийн нэр дээр бүртгэлтэй болгосон байсан. Осол болох үед би машинаа жолоодоод миний дэргэд талийгаач Г.Бямбажав, арын суудал дээр эхнэр, 2 хүүхэд маань сууж явсан. Бид нар суудлын бүс зүүгээгүй байсан. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан, миний харахад 60-70 км цагийн хурдтай явсан. Яг осол болоход зогсоох арга хэмжээ авсан эсэх талаар сайн мэдэхгүй байна. Осол болоход үзэгдэх орчин гэгээтэй нар жаргаж байсан. Цаг агаарын хувьд осол болох үед нөлөөлсөн зүйл байхгүй. Уг нүх нь хэр том хэмжээтэй байсан талаар нарийн харж чадаагүй холоос харахад л нүх байгаа нь мэдэгдэж байсан. 9 дүгээр сарын эхээр тээврийн хэрэгсэл оношилгоонд орсон байсан. Би өөрийн гэм буруугаа бүрэн ойлгож байгаа. Тээврийн хэрэгслийг жолоодож яваад зам тээврийн осол гаргасан минь үнэн. Уг ослоос болоод ээж минь нас барсан болохоор би маш их харамсаж байна. Манай гэр бүлээс   талийгаачийн оршуулгын зардалд 3 сая төгрөг өгсөн гэх мэдүүлэг,

Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:

 Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ганзоригийн өгсөн: Би талийгаач Г.Бямбажавын төрсөн хүүхэд нь байгаа юм. Би осол болсон талаар тухайн осол болсон өдрийн орой ээж маань Улаанбаатар хот руу орж ирээд нас барсан гэдгийг нь мэдсэн. Миний болон манай ах, эгч, дүү нарын зүгээс ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Уг осол нь болгоомжгүй гэнэтийн байдлаас үүссэн тул хүргэн Б.С аас нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй. Манай хүргэн ах С  нь ар гэрийнхэндээ анхаарал халамжтай бусадтай нийтэч харьцаатай сайн хүн байгаа юм. Ээжийг минь амьд сэрүүн байх үед анхаарал халамж сайн тавьдаг халамжтай үлгэр жишээ хүргэн байсан. Тийм болохоор С-ыг минь өршөөж өгнө үү гэж хүсмээр байна гэх мэдүүлэг /хх 21-22/,

Насанд хүрээгүй хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч Б.Ганчимэгийн өгсөн: Би С.Эрдэнэжаргалын төрсөн ээж нь байгаа юм. Би төрсөн ээж Г.Бямбажав, нөхөр С, төрсөн хүү С.Дүүрэнжаргал, С.Эрдэнэжаргал нарын хамт нөхрийнхөө муссо нэртэй 1856 АРА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар хотоос Архангай аймгийн Эрдэнэ мандал сум руу гарсан. Улаанбаатар хотоос гарахад л манай нөхөр машинаа бариад жолоочийн урд талын суудал дээр ээж маань суугаад би хоёр хүүхэдтэйгээ хойд суудалд сууж явсан. Тэгээд миний санаж байгаагаар Төв аймгийн Аргалант сумын ойролцоо явж байхад зам дээр нүх байхыг нь хараад нүх гэж хэлэхэд манай нөхөр уг нүхийг зүүн талаар нь тойрч гараад эсрэг урсгал руу ороод буцаагаад өөрийнхөө явах урсгал руу дарж ороход баруун гар тийшээ рулийг нь булаалаа гээд замын хажуу руу ороод осолдсон. Машинаас буугаад хүүхдүүдээ шалгаад ээж гээд дуудахад дуугарахгүй байхаар нь очиж үзэхэд машин дотор байхгүй машины баруун талд газар уначихсан байхаар нь очиж үзэхэд ухаангүй хэвтэж байсан. Эмч нар ээжийг үзээд яаралтай Улаанбаатар хот руу авч явж нарийн мэргэжлийн эмч нарт үзүүлнэ гээд аваад явсан. Ээж маань замдаа өөрийнхөө овог, нэрээ бүгдийг нь хэлээд манай хүргэн жолоо барьж явсан. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй гэж байсан. Тэгээд хот руу орж ирээд Саппорогийн тойрог дээр эргээд гэмтэл рүү явж байх замд амьсгал нь тасалдаад удалгүй нас барсан. Тухайн ослоос болоод С.Дүүрэнжаргалын хувьд тархи доргисон, баруун хацар зулгарсан шархтай болсон. Харин охины маань хувьд гавал ясны заадлын хугаралтай, дух нь цус хурсан байсан. Өөр гэмтэл байгаагүй. Бага охин Эрдэнэжаргал гэмтэл согог судлалын үндэсний төвд хүүхдийн тасагт 7 хоног хэвтэж эмчлүүлсэн. Том охин Дүүрэнжаргал маань гэрээр эмчилгээ хийлгэсэн. С.Дүүрэнжаргал, С.Эрдэнэжаргал нарын биед учирсан гэмтэлд гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Тухайн үед манай нөхөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. 70 километр цагийн хурдтай явж байсан. Үзэгдэх орчин сайн харагдаж байсан. Манай ээж эцэг эхээс 5-уулаа, айлын 4 дэх хүүхэд байгаа юм. Манай нөхөр С гэр бүлдээ хайр халамжтай ажилсаг сайн хүн. Манай гэр бүлийн зүгээс С-даа ямар нэгэн гомдол саналгүй тул ял шийтгэлийг нь хөнгөн оногдуулж өгөхийг хүсч байна гэх мэдүүлэг,

Гэрч Б.Болор-Эрдэнийн өгсөн: 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр би 104 дүгээр сургууль дээр ажил дээрээ байхад манай дүү Ганчимэг миний утас руу залгаад зам тээврийн осолд орсон гэж хэлсэн. Тэгээд би Улаанбаатар хотоос өөрийнхөө машинтай гараад хэргийн газар очиход эмнэлэг ирээд ээжийг маань болон Ганчимэг, Дүүрэнжаргал, Эрдэнэжаргал нарыг Улаанбаатар хот руу аваад явсан байсан. Харин хүргэн С машин дээрээ ганцаараа үлдсэн байсан. Тэгсэн араас гэрийнхэн залгаад ээжийг эмнэлэг орох замдаа нас барлаа гэж хэлэхээр нь би буцаад Улаанбаатар хот руу явсан. Эмнэлэг дээр ирэхэд ээжийг маань эмнэлгийн норгт хийсэн, Дүүрэнжаргал, Эрдэнэжаргал хоёрыг эмнэлгийн өрөөнд оруулаад үзлэг хийж байсан. Бид нарт ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх 33/,

Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 719 дугаартай дүгнэлт: "1.С.Дүүрэнжаргалын биед тархи доргилт, дух, баруун хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. 3.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 4.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй" гэх /хх 47-48/,

Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 720 дугаартай дүгнэлт: "1.С.Эрдэнэжаргалын биед гавал ясны лямда заадасны хугарал, тархи доргилт, духанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. 3.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 4.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.4-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээнээс хамаарна" гэх /хх 53-54/,

Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 2124 дугаартай дүгнэлт: "1.Талийгаач Г.Бямбажавын биед тархины баруун бөмбөлөгийн дагзны дэлбэн, зүүн тал бөмбөлөгийн зулайн дэлбэнгийн аалзан хальсан доорхи цус харвалт, тархины эдийн няцрал, зулайн хуйхан дахь цус хуралт, гавлын орой яс, баруун чамархай ясны хальсан дахь цус хуралт, цээжний зүүн талын I-VIII хавирганы хугарал, уушигны авчилт, элэг, бөөрний няцрал, хэвлийн хөндий дэх сул /500гр/, зовхи, уруулны цус хуралт, дух, баруун нүдний гадна булангийн няцарсан шарх, арьсны зулгаралт, баруун хацар, доод эрүүний арьсны зулгаралт гэмтэл тогтоогдлоо.2.Дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн, нэг цаг хугацаанд үүссэн тул дарааллыг тогтоох боломжгүй. 3.Дээрхи гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл болно. 4.Талийгаач нь ерөнхий судасны хатуурал өвчтэй. 5.Талийгаач нь гавал тархи, цээж, хэвлийн хавсарсан гэмтлийн улмаас нас баржээ. 6.Талийгаачийн нас барсан цаг хугацааг  жижүүр эмч тогтооно. 7.Талийгаачийн цус нь Вlll бүлгийн цустай байна гэжээ. 8.Талийгаач нь нас барах үедээ спиртийн зүйл илрээгүй байна." гэх /хх 63-64/,

Төв аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 149 дугаартай дүгнэлт: "1.Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд SSANG YONG Муссо  маркийн 1856 АРА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.С нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэм заалт зөрчсөн гэж үзэв. 2.Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд SSANG YONG Муссо маркийн 1856 АРА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.С  нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2 "Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.”, 12.3 "Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна гэж үзэв. 3.Осол болох үндсэн шалтгаан нь 2 дугаар асуултын хариулт болно. 4.Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд зам тээврийн осол болсон газрын зам нь: Асфальт, уруу, хуурай, зохицуулдаггүй, суурингийн гаднах, үзэгдэх орчин: чөлөөтэй гэрэлтүүлэггүй, тогтуун, тусгаарлах зурвастай, эгнээний тоо 2, явган хүний замгүй, хашлагагүй, хайсгүй гэжээ. Иймд зам тээврийн осол гарахад цаг агаар, замын нөхцөл байдал нөлөөлөөгүй гэж үзэв. 5.Б.С  нь “В” ангиллын №737334 дугаартай хүчинтэй үнэмлэхтэй болно. 6.Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд асуултад дурдагдаагүй боловч хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал илрээгүй.” гэх /хх 71-73/,

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 9-15/, осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх 8/, цогцосны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх  16-19/, Б.С, Б.Ганчимэг нарын эрүүл мэндэд гэмтлийн зэрэг тогтоогдоогүй талаарх Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 717 /хх 35-36/, 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 718 /хх 41-42/ дугаартай шинжээчийн дүгнэлтүүд, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 106/, Готовын Бямбажав 63 настай 2019.9.30-ны өдөр авто ослоор нас барсан талаарх №0000240246 дугаартай нас барсны гэрчилгээний хуулбар /хх 101/, шүүгдэгч Б.С эзэмшлийн №0278087 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, №737334 дугаартай жолоочийн үнэмлэх зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд болно.

Дээр дурдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:   

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл хууль зүйн хувьд шүүгдэгч Б.С  нь өөрийн эзэмшлийн 1856 АРА улсын дугаартай Муссо /SSANGYONG MUSSO/ маркийн бага оврын ачааны тээврийн хэрэгсэлтэй айлын найранд орчхоод Улаанбаатар хотоос 2019 оны 9 дүгээр сарын 30-ний өдөр 17 цагийн үед хадам эх Г.Бямбажав, эхнэр Б.Ганчимэг, өөрийн 1 ой 9 сартай охин С.Эрдэнэжаргал, 4 настай охин С.Дүүрэнжаргал нарын хамт Архангай аймаг руу буцаж явах замдаа замын нүх таарсны улмаас хурдаа хасаж, зогсоох арга хэмжээ аваагүйн улмаас Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2, 12.3 дахь заалтуудыг зөрчиж Төв аймгийн Аргалант сумын 2 дугаар багийн нутаг Уушгийн хөтөл гэх газар онхолдож нэг хүний амь насыг хохироож, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.4-т заасан 1 хүний эрүүл мэндэд хүнд, мөн журмын 2.4.1-т заасан 1 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.С нь Төв аймгийн Аргалант сумын 2 дугаар багийн нутаг Уушгийн хөтөл гэх газар Улаанбаатар хотоос Архангай аймаг руу  явдаг асьфалтан зам дээр 2019 оны 9 дүгээр сарын 30-ны орой өөрийн эзэмшлийн 1856 АРА улсын дугаартай Муссо /SSANGYONG MUSSO/ маркийн бага оврын ачааны тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2 "Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.”, 12.3 "Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан  Г.Бямбажав тархины баруун бөмбөлөгийн дагзны дэлбэн, зүүн тал бөмбөлөгийн зулайн дэлбэнгийн аалзан хальсан доорхи цус харвалт, тархины эдийн няцрал, зулайн хуйхан дахь цус хуралт, гавлын орой яс, баруун чамархай ясны хальсан дахь цус хуралт, цээжний зүүн талын I-VIII хавирганы хугарал, уушигны авчилт, элэг, бөөрний няцрал, хэвлийн хөндий дэх сул /500гр/, зовхи, уруулны цус хуралт, дух, баруун нүдний гадна булангийн няцарсан шарх, арьсны зулгаралт, баруун хацар, доод эрүүний арьсны зулгаралт гэмтэл учирч, талийгаач гавал тархи, цээж, хэвлийн хавсарсан гэмтлийн улмаас нас барсан, 4 настай С.Дүүрэнжаргалын эрүүл мэндэд тархи доргилт, дух, баруун хацарт зулгаралт бүхий хөнгөн хохирол, 1 ой 9 сартай С.Эрдэнэжаргалын эрүүл мэндэд гавал ясны лямда заадасны хугарал, тархи доргилт, духанд цус хуралт бүхий хүнд хохирол учирсан болох нь;

шүүгдэгч Б.С өгсөн: "Би Архангай аймгийн Эрдэнэ мандал суманд эхнэр хүүхдүүдийн хамт мал маллаж амьдардаг. 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр эхнэр хүүхдүүдийн хамт Улаанбаатар хотод ахынхаа шинэ байрны цайллагад ирчхээд буцаад хадам ээж, эхнэр хүүхдүүдийн хамт буцахаар болсон. 9 дүгээр сарын 29-ний өдөр “Да хүрээ” зах дээрээс “SSANG YONG Муссо” маркийн тээврийн хэрэгслийг 9 000 000 төгрөгөөр өөрийн нэр дээр худалдаж аваад 9 дүгээр сарын 30-ны өдөр эхнэр, 2 хүүхэд, хадам ээжийн хамт 17 цагийн үед Улаанбаатар хотоос Архангай аймаг руу гарсан. Засмал замаар эгнээгээрээ явж байхад зам дээр том нүх байх шиг харагдхаар нь нүх зайлуулах гээд рулээ баруун тийш дараад урд дугуй нүх өнгөрөхөөр нь буцаагаад рулээ зүүн тийш дарсан. Тэгсэн зүүн тал руу рулээ булаагаад замын голын цагаан шугам давах шиг болохоор нь сандраад  баруун тийш нь рулээ огцом дарахад жолоогоо алдсан." гэх мэдүүлэг,

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ганзоригийн өгсөн: "Би талийгаач Г.Бямбажавын төрсөн хүүхэд нь байгаа юм. Би осол болсон талаар тухайн осол болсон өдрийн орой ээж маань Улаанбаатар хот руу орж ирээд нас барсан гэдгийг нь мэдсэн."  гэх мэдүүлэг /хх 21-22/,

насанд хүрээгүй хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч Б.Ганчимэгийн өгсөн: "Улаанбаатар хотоос гарахдаа манай нөхөр машинаа бариад жолоочийн урд талын суудал дээр ээж маань суугаад би хоёр хүүхэдтэйгээ хойд суудалд сууж явсан. Тэгээд миний санаж байгаагаар Төв аймгийн Аргалант сумын ойролцоо явж байхад зам дээр нүх байхыг нь хараад нүх гэж хэлэхэд манай нөхөр уг нүхийг зүүн талаар нь тойрч гараад эсрэг урсгал руу ороод буцаагаад өөрийнхөө явах урсгал руу дарж ороход баруун гар тийшээ рулийг нь булаалаа гээд замын хажуу руу ороод осолдсон. Машинаас буугаад хүүхдүүдээ шалгаад ээж гээд дуудахад дуугарахгүй байхаар нь очиж үзэхэд машин дотор байхгүй машины баруун талд газар уначихсан байхаар нь очиж үзэхэд ухаангүй хэвтэж байсан. ...тэгээд хот руу орж ирээд Саппорогийн тойрог дээр эргээд гэмтэл рүү явж байх замд амьсгал нь тасалдаад удалгүй нас барсан. Тухайн ослоос болоод С.Дүүрэнжаргалын хувьд тархи доргисон, баруун хацар зулгарсан шархтай болсон. Харин охины маань хувьд гавал ясны заадлын хугаралтай, дух нь цус хурсан байсан. Өөр гэмтэл байгаагүй. Бага охин Эрдэнэжаргал гэмтэл согог судлалын үндэсний төвд хүүхдийн тасагт 7 хоног хэвтэж эмчлүүлсэн. Том охин Дүүрэнжаргал маань гэрээр эмчилгээ хийлгэсэн. С.Дүүрэнжаргал, С.Эрдэнэжаргал нарын биед учирсан гэмтэлд гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй." гэх мэдүүлэг,

Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 719 дугаартай дүгнэлт: "1.С.Дүүрэнжаргалын биед тархи доргилт, дух, баруун хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. 3.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 4.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй" гэх /хх 47-48/,

Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 720 дугаартай дүгнэлт: "1.С.Эрдэнэжаргалын биед гавал ясны лямда заадасны хугарал, тархи доргилт, духанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. 3.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 4.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.4-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээнээс хамаарна" гэх /хх 53-54/,

Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 2124 дугаартай дүгнэлт: "1.Талийгаач Г.Бямбажавын биед тархины баруун бөмбөлөгийн дагзны дэлбэн, зүүн тал бөмбөлөгийн зулайн дэлбэнгийн аалзан хальсан доорхи цус харвалт, тархины эдийн няцрал, зулайн хуйхан дахь цус хуралт, гавлын орой яс, баруун чамархай ясны хальсан дахь цус хуралт, цээжний зүүн талын I-VIII хавирганы хугарал, уушгины авчилт, элэг, бөөрний няцрал, хэвлийн хөндий дэх сул /500гр/, зовхи, уруулны цус хуралт, дух, баруун нүдний гадна булангийн няцарсан шарх, арьсны зулгаралт, баруун хацар, доод эрүүний арьсны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 5.Талийгаач нь гавал тархи, цээж, хэвлийн хавсарсан гэмтлийн улмаас нас баржээ." гэх /хх 63-64/,

Төв аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 149 дугаартай дүгнэлт: "1.2.Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд SSANG YONG Муссо маркийн 1856 АРА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.С нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2 "Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.”, 12.3 "Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна гэж үзэв. 3.Осол болох үндсэн шалтгаан нь 2 дугаар асуултын хариулт болно. 4.Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд зам тээврийн осол болсон газрын зам нь: Асфальт, уруу, хуурай, зохицуулдаггүй, суурингийн гаднах, үзэгдэх орчин: чөлөөтэй гэрэлтүүлэггүй, тогтуун, тусгаарлах зурвастай, эгнээний тоо 2, явган хүний замгүй, хашлагагүй, хайсгүй гэжээ. Иймд зам тээврийн осол гарахад цаг агаар, замын нөхцөл байдал нөлөөлөөгүй гэж үзэв. 5.Б.С  нь “В” ангиллын №737334 дугаартай хүчинтэй үнэмлэхтэй болно.” гэх /хх 71-73/,

хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 9-15/, осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх 8/, цогцосны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх  16-19/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

Иймд шүүгдэгч Б.С-ыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Амь хохирогч Г.Бямбажавын хууль ёсны төлөөлөгч Ганзориг, насанд хүрээгүй хохирогч С.Эрдэнэжаргал, С.Дүүрэнжаргал нарын хууль ёсны төлөөлөгч Б.Ганчимэг нараас гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол шүүгдэгчээс нэхэмжлээгүй болохыг дурдав.

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Б.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний амь насыг хохироосон үйлдэлд нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 3 жил 2 сар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлт,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Даваахүү хохирлоо нөхөн төлсөн, анх удаа болгоомжгүй гэмт хэрэгт холбогдсон, хувийн байдлын хувьд бага насны 2 хүүхэдтэй, одоо дахин бүл нэмэх гэж байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Хавтаст хэрэгт шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

Шүүгдэгч Б.С нь урьд ял шийтгэгдэж байгаагүй талаарх ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 106/, 2014.8.08-ны өдөр Б.Ганчимэгтэй гэр бүл болсон талаарх гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх 99/, 2018.3.22-ны өдөр төрсөн охин С.Эрдэнэжаргал, 2015.10.21-ний өдөр төрсөн охин С.Дүүрэнжаргал нарын төрсний гэрчилгээний хуулбар /хх 102-103/, хууль ёсны төлөөлөгч Б.Ганзоригийн өгсөн: "Манай хүргэн ах С  нь ар гэрийнхэндээ анхаарал халамжтай бусадтай нийтэч харьцаатай сайн хүн байгаа юм. Ээжийг минь амьд сэрүүн байх үед анхаарал халамж сайн тавьдаг халамжтай үлгэр жишээ хүргэн байсан." гэх мэдүүлэг /хх 21-22/, хууль ёсны төлөөлөгч Б.Ганчимэгийн өгсөн: "Манай нөхөр С гэр бүлдээ хайр халамжтай ажилсаг сайн хүн. Манай гэр бүлийн зүгээс С даа ямар нэгэн гомдол саналгүй тул ял шийтгэлийг нь хөнгөн оногдуулж өгөхийг хүсч байна." гэх мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтууд авагджээ.

  Шүүгдэгч Б.С-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан "тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн" хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.С-д дээрх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон түүний хувийн байдлыг харгалзан нийгмээс тусгаарлахгүйгээр, 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1-т "Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт  хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно." гэж заасан байх тул мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан шүүгдэгч Б.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгчийн тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан ялыг хугацааг үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолохыг дурдав.

Эрүүгийн 1934008760475 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж,

хэрэгт хураагдан ирсэн шүүгдэгчийн №737334 дугаартай В ангиллын жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Архангай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, №0278087 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг шүүгдэгчид буцаан олгож шийдвэрлэв.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч М Б С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т заасан Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол, нэг хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч Б.С тэнссэн 3 жилийн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй. 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-д оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээ авагдсан 3 жилийн хугацаанд үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулсугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолохыг дурдсугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 185, 186 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С тэнсэж, үүрэг хүлээлгэсэн хугацаанд хяналт тавихыг Архангай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт хураагдан ирсэн шүүгдэгч Б.С №737334 дугаартай В ангиллын жолоочийн үнэмлэхийг Архангай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, №02578087 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг шүүгдэгч Б.С-д буцаан олгосугай.

8.Эрүүгийн 1934008760475 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг дурдсугай.

9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

10.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.С-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Т.БАТЖАРГАЛ