Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 001/ХТ2018/00565

 

А.Э-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 283 дугаар шийдвэр

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 204/МА2017/00024 дүгээр магадлалтай

А.Э-ийн нэхэмжлэлтэй

Д.Солонгыг 2002 онд үрчилж авсан болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгч А.Э-ийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

Шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мэндхишиг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч А.Э- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 3 хүүхэд төрүүлсэн ба том охин Д.Номинчулуун нь 2000 оны 08 дугаар сарын 13-нд охин Д.Солонгыг төрүүлсэн. Охин Д.Номинчулуун маань Д.Солонгын эцэгтэй хамтран амьдарч байгаад цаашид амьдрах боломжгүй болсон тул жирэмсэн байх хугацаандаа салсан. Нөхөр бид 2 охиныхоо хүүхдийг элэг бүтэн өсгөхийн тулд өөрсдийн асрамжид авахаар охинтойгоо ярилцаж шийдсэн. Охин Д.Номинчулуун маань төрөхийн хүндрэлийн улмаас сэхээн амьдруулах тасагт cap гаруйн хугацаанд хэвтэн эмчлүүлсэн тул тухайн үед бидний зүгээс Д.Солонгыг ээжээр нь овоглон гэрчилгээг авсан. 2007 онд охин маань сургуульд орох болж овгийг солиулсан. Д.Солонго маань Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрж мөн үрчлэлтийн бүртгэлийг ч Хархорин сумын Засаг даргын тамгын газарт бүртгүүлсэн. Охин маань төрсөн цагаасаа эхлэн нөхөр бид хоёрын асрамжид өссөн ба одоог хүртэл амьдарч байна. Угтаа бол охин Д.Солонгыг 2002 онд үрчлэн авсан хэдий ч иргэний бүртгэлд 2007 онд үрчлэгдсэн хэмээн бүртгэгдсэн ба Хархорин сумын Засаг даргын тамгын газарт иргэний бүртгэлд өөрчлөлт оруулахаар удаа дараа хандсан боловч үрчлэгдсэн огноонд өөрчлөлт оруулахаас татгалзсан тул эрх зүйн ач холбогдол бүхий үйл баримтыг тогтоолгохоор шүүхэд хандаж байгаа болно. Иймд Д.Солонгыг 2002 онд үрчилж авсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 283 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч А.Э-ийн Д.Солонгыг 2002 онд үрчилж авсан болохыг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 204/МА2017/00024 дүгээр магадлалаар Өвөрхангай аймгийн Хархорин дахь сум дундын шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 145/ШШ2017/00283 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хүсэлт гаргагч А.Э-ийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, хүсэлт гаргагч А.Э-ээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хүсэлт гарагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мэндхишиг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Өвөрхангай аймгийн Хархорин сумын сум дундын шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 146/ШШ2017/00028  дугаар шүүхийн шийдвэр Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн дугаар 204/МА2017/00024 дүгээр магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт гэрч Ж.Бадрах, Б.Даваасүрэн нар нь Д.Солонгыг 2002 онд тухайн үед ёслол үйлдэн үрчилж авч байсан талаар /хавтаст хэргийн 21-22 хуудас/ гэрчилж байгаач энэ нь уламжлалт зан заншлын үйл ажиллагаа хэмээн бичжээ. Гэтэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д юуг нотлох баримт болохыг заагаад 37.2-т ...гэрчийн мэдүүлэг зэрэг нь нотолгооны хэрэгсэл болохоор зааж өгсөн байхад анхан болон давж заалдах шатны шүүхээс хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

Мөн анхан шатны шүүхээс хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэн ажиллагааны журам зөрчсөн буюу нэхэмжлэгчийг өмгөөлөгчийн туслалцаа авах боломжоор хангаагүй зэрэг процессын алдаа гаргасан тул шийдвэр магадлалыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх үйл баримтыг үндэслэл бүхий тогтоосны үндсэн дээр хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, Д.Солонгыг 2002 онд үрчилж авсныг тогтоолгохыг хүссэн А.Э-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байх боловч хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй байна.

Нэхэмжлэгч буюу хүсэлт гаргагч А.Э- нь өөрийн төрсөн охин Д.Номинчулууны төрсөн охин Солонгыг төрсөн цагаас нь өөрийн асрамжид байлгаж, өсгөж, хүмүүжүүлсэн, одоог хүртэл хамтран амьдарч байгаа, 2002 онд үрчлэн авсан боловч Иргэний бүртгэлд 2007 оноор бүртгэгдсэн үндэслэлээр охин Солонгыг 2002 онд үрчилж авсныг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Улсын бүртгэлийн төв архивын 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Үрчилсний бүртгэлийн лавлагаагаар Номинчулууны Солонгыг Б.Даваадорж, А.Э- нарт 2007 оны 03 дугаар сарын 22-ны өдөр үрчлүүлж, Даваадоржийн Солонго болгож бүртгэсэн байх бөгөөд дээрх бүртгэл хүчин төгөлдөр байна.

Нэхэмжлэгч А.Э- нь 2007 онд охин Солонго сургуульд орох болж, овгийг нь солиулсан гэж тайлбарлах боловч хэргийн 28 дугаар талд авагдсан Өвөрхангай аймгийн Хар хорин сумын ЗДТГ-ын Хүүхэд үрчлэлт, гэрлэлт цуцалсан, эцэг тогтоолгосон тухай 1970-2008 оны бүртгэлд 2007 онд үрчлэлтийг бүртгэсэн бүртгэл авагдсан, 2002 онд ямар нэг байдлаар бүртгэгдээгүй байна.

Хүүхдийн эрхийн 1989 оны конвенцын 21 дүгээр зүйлд “үрчлэлтийн тогтолцоо бүхий болон түүнийг хүлээн зөвшөөрсөн оролцогч улсууд нь хүүхдийн эцэг эх, төрөл садан, хууль ёсны асран хамгаалагч нарын зүгээс хүүхэд үрчлүүлэхийг зөвшөөрсөн, эсхүл дээрх сонирхогч хүмүүс шаардлагатай зөвлөгөө авсны үндсэн дээр үрчлүүлэх зөвшөөрлөө тодорхой мэдээлэлтэйгээр өгсөн, үрчлэлтэд хамаарах болон найдвартай эх үүсвэрээс авсан бүх мэдээллийг үндэслэн дагаж мөрдөж байгаа хууль, журмын дагуу гаргасан эрх бүхий байгууллагын шийдвэрээр хүүхдийг үрчлүүлнэ” гэж зааснаас үзвэл үрчлэлт нь энэ талаар эрх бүхий байгууллагын шийдвэр гарсан үеэс бий болдог эрх зүйн ойлголт.

Иргэний бүртгэлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.-д зааснаар үрчлэн авагч нь хүүхдийг үрчлэн авсан тухайгаа иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд бүртгүүлэх үүрэгтэй.

Нэхэмжлэгч А.Э- нь “...өөрийн төрсөн охин Д.Номинчулууны охин Солонгыг төрсөн цагаас нь эхлэн асран хамгаалж, өсгөж хүмүүжүүлсэн, 2002 онд 2 настайд нь үрчилж авахаар гэр бүлийн хүрээнд ёслол үйлдэж, тухайн үед захиргааны байгууллагад бүртгүүлсэн...” гэж тайлбарлах боловч эрх бүхий байгууллагад бүртгүүлсэн нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй байна.

Үрчлэлт нь зөвхөн төрийн захиргааны эрх бүхий этгээдийн албан ёсны шийдвэр гарч, бүртгэлийн байгууллагад бүртгүүлснээр хүчин төгөлдөр болдог тул А.Э-ийг 2002 онд Солонгыг үрчилж авсан гэж үзэх боломжгүй.

Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлэх хуульд заасан журмыг зөрчөөгүй боловч хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлаж хэрэглээгүй байх тул шийдвэр, магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 204/МА2017/00024 дүгээр магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалт, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 283 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн хууль тогтоомжийг удирдлага болгох хэсэгт “...133.1.1. дэх хэсэгт” гэснийг “...133.1.1., 135 дугаар зүйлийн 135.2.3.-т...” гэж өөрчлөн, Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Гэр бүлийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1., 55.1.8 дахь хэсэгт зааснаар “2000 оны 08 дугаар сарын 13-нд төрсөн Д.Солонгыг 2002 онд үрчилж авсныг тогтоолгохыг хүссэн А.Э-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтын “...7.1.1...” гэснийг “...7.1.2....” гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

       ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР       

ШҮҮГЧ                                                            Х.ЭРДЭНЭСУВД