| Шүүх | Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бэгзийн Дамба |
| Хэргийн индекс | 178/2017/0061/Э/ |
| Дугаар | 25 |
| Огноо | 2017-08-11 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | Д.Дуламжав |
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 08 сарын 11 өдөр
Дугаар 25
Б.*******ид холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч Н.Мөнхжаргал, Б.Дамба нарын бүрэлдэхүүнтэй, шүүгдэгч Б.******* түүний өмгөөлөгч Н.Оюунчимэг, прокурор Ш.Сувд-Эрдэнэ, нарийн бичгийн дарга Э.Батцэнгэл нарыг оролцуулан
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 61 дугаар шийтгэх тогтоолтой, Б.*******ид холбогдох эрүүгийн 201721000099 дугаартай хэргийг шүүгдэгч Б.******* түүний өмгөөлөгч Н.Оюунчимэг нарын давж заалдсан гомдлыг үндэслэн, 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Дамбын илтгэснээр нээлттэйгээр хэлэлцэв.
Монгол улсын иргэн, 1983 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 78 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 03 жил 05 сарын хорих ялыг тэнсэж 02 жилийн хугацаагаар хянан харгалзсан, ******* ******* ******* ******* нь ялтай байх хугацаандаа давтан үйлдлээр 2017 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын ******* багт оршин суух иргэн *******ийн гэрийн цоожийг эвдэж орон байранд нэвтэрч хохирогч *******ын Волво маркийн ачааны автомашины 2 ширхэг аккумлятор хулгайлж хохирогчид 640000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч ******* ******* ******* *******ийг бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар шүүгдэгч ******* ******* ******* *******ийг эд хөрөнгө хураахгүйгээр 06 /зургаа/ сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар шүүгдэгч Б.*******ид өмнөх 2016 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 78 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 03 жил 05 сарын хорих ялаас заримыг буюу 07 сарын ялыг нэмж нийт 01 жил 01 сарын хугацааны хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Б.*******ид оногдуулсан 01 жил 01 сарын хугацааны хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.******* түүний өмгөөлөгч Н.Оюунчимэг нар давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.*******ийн үйлдсэн гэмт хэрэг нь 06 сарын баривчлах ял оногдуулсан бөгөөд ялтай байх хугацаандаа, мөн давтан гэмт хэрэг үйлдсэн байх тул эдлээгүй үлдсэн өмнөх ялаас нь заримыг нь буюу 07 сарын ялыг нэмж нэгтгэн 01 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсэн. 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн Эрүүгийн хуулинд гэмт хэрэг давтан үйлдэх мөн ялтай байх хугацаандаа гэмт хэрэг үйлдэх нь эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлаар хуульчлаагүй байх тул Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх журмын дагуу шүүгдэгч Б.*******ид оногдуулсан эрүүгийн хариуцлагыг түүнд ашигтай байдлаар хөнгөрүүлж өгнө үү гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж буй Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлд үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ гэсэн байгаа 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж буй Эрүүгийн хуульд 5.1 дүгээр зүйлд заасан ялын төрөлд баривчлах ял байхгүй болсон байгаа тиймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын баривчлах ялаас Б.*******ийг чөлөөлөх боломжтой гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.******* нь 2017 оны 03 дугаар сарын сарын 25-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын ******* багт оршин суух иргэн *******ийн гэрийн цоожийг эвдэж, орон байранд нэвтэрч хохирогч *******ын “Волво “ маркийн ачааны автомашины 2 ширхэг аккумлятор хулгайлж хохирогчид 640000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна. Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.******* түүний өмгөөлөгч Н.Оюунчимэг нар “ Б.*******ид шүүхээс оногдуулсан эрүүгийн хариуцлагыг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан эрүүгийн хуулиар түүнд ашигтай байдлаар хөнгөрүүлж өгнө үү “ гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргасныг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ. Учир нь: 2017 оны 07 дугаар сарын01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 зүйлийн 2 дахь хэсэгт “ Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй “ гэж заажээ.Шүүгдэгч Б.*******ийн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан баривчлах ялын төрөл нь 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд байхгүй болсон тул Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “ . . . гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй “ гэж зааснаар түүнийг баривчлах ялаас чөлөөлөх нь үндэслэлтэй байна. Б.*******ид шүүхээс оногдуулсан баривчлах ялаас чөлөөлсөн тул урьд тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэх боломжгүй тул ялыг нэмж нэгтгэсэн заалтыг хүчингүй болгох нь зүйтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.8 дугаар зүйлийн 1, 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ид, Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 61 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан баривчлах ялаас чөлөөлж, түүнийг шүүх хуралдааны танхимаас нэн даруй сулласугай гэсэн нэмэлт,
2.Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3,4, 7 дахь заалтыг тус тус хүчингүй болгож, тогтоолын бусад зүйл, заалтыг хэвээр үлдээсүгэй.
3.Б.******* нь 74 хоног цагдан хоригдсон болохыг дурьдсугай.
4. Гомдол эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ТУЯА
ШҮҮГЧИД Н.МӨНХЖАРГАЛ
Б.ДАМБА