Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 31

 

 

 

 

2017 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 123/ШШ2017/00__

Төв аймаг

 

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Хажидмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: “Бор өндрийн хишиг” зарим гишүүд бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Төв аймгийн Угтаалцайдам сумын Засаг даргад холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Төв аймгийн Угтаалцайдам сумын Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн А/94 дугаартай “Хориг тавих тухай” тухай захирамжийг хүчингүй болгуулж, 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдийн “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг Төв аймгийн Угтаалцайдам сумын Засаг даргад даалгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга А.Доржпүрэв, нэхэмжлэгч Бор өндрийн хишиг” зарим гишүүд бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн захирал М.Төгсболд , хариуцагч Угтаалцайдам сумын Засаг дарга Р.Батбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Бор өндрийн хишиг” зарим гишүүд бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн захирал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай нөхөрлөл нь 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр холбогдох хууль тогтоомжийн дагуу 5 гишүүдтэй үүсгэн байгуулагдсан. Бид бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай гэрээг тус сумын Засаг даргатай 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл хугацаагаар байгуулсан бөгөөд үүнтэй холбоотойгоор тус сумын иргэдийн Төлөөлөгчийн Хурлын 06 дугаартай тогтоол гарсан бөгөөд уг тогтоолоор манай нөхөрлөлд бичил уурхайн зориулалтаар орон нутгийн тусгай хэрэгцээнд авах газарт олборлолт явуулахаар 5 жилийн хугацаатайгаар тогтоосон, Үүний дагуу  бид Төв аймгийн Угтаалцайдам сумын нутагт Бор өндөр нэртэй газар бичил уурхайн байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх болон хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны хүрээнд авах арга хэмжээний төлөвлөгөөг тус сумын Засаг даргаар батлуусан. Бидний үйл ажиллагаа холбогдох хууль тогтоомжийн дагуу явагдаж байсан бөгөөд тус ажилд их хэмжээний зээл авах, хөрөнгө оруулалт хийж ажиллаж байхад тус сумын Засаг дарга Н.Гантулга нь 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдөр “Хориг тавих тухай” А/94 дугаартай илт хууль бус захирамжийг гаргаснаар бидний ажилд маш ихээр хүндрэл учруулж байна. Монгол Улсын Засгийн газрын 2017-05-24-ны өдрийн 151 дугаартай тогтоолын 1 дэх хавсралт болж батлагдсан “Бичил уурхайгаар ашигг малтмал олборлох тухай журам”-ын  Арван нэгдүгээр зүйлд: “хөдөлмөрийн аюулгүй байдал. эрүүл ахуйн нөхцөлөөс шалтгаалан олборлолтыг үргэлжлүүлэх боломжгүй болсон тухай эрх бүхий улсын байцаагчийн дүгнэлт гарсан”, “бичил уурхай эрхлэгч этгээд талбайг цаашид ашиглах боломжгүйн улмаас хүлээлгэн өгөх хүсэлт гаргасан, гэрээг цуцалсан” “гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, гэрээг талууд дүгнэсэн”. Гэсэн дээрх гурван үндэслэлээр талбайг буцаан хүлээлгэн өгөх үүрэгтэй. Манай нөхөрлөл хайгуул хийх газартаа кемп байгуулсан. Төнөг төхөөрөмж урдаас оруулж ирээд одоо тухайн газартаа авчирсан байгаа. Квош, экскаватор түрээслэсэн. Одоо 2 хүн байрлаж байгаа. Мөн ажилчдын амрах байр барьсан. Машин зогсоол хийсэн. Хөрс хуулах ажлаа эхлүүлж байсан. Сумын Засаг даргатай байгуулсан гэрээнд Засаг даргын зүгээс бичил уурхай эрхлэх нөхцөл бололцоог хангаж өгөх үүрэг хүлээсэн. Манай нөхөрлөл үйл ажиллагаагаа эхлээд 7 хонож байхад хориг тавьсан болохоор бүх үйл ажиллагаагаа зогсоосон. Иймд Төв аймгийн Угтаалцайдам сумын Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн А/94 дугаартай “Хориг тавих тухай” тухай захирамжийг хүчингүй болгож, 2017 оны 07 сарын 03-ны өдийн “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай гэрээ”-ээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг Төв аймгийн Угтаалцайдам сумын Засаг даргад даалгаж өгнө үү  гэжээ.

Хариуцагч Төв аймгийн Угтаалцайдам сумын Засаг дарга  шүүхэд  болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Угтаалцайдам сумын Засаг дарга Н.Гантулга нь 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус 2 дугаар хуралдааны 02 тоот тогтоолыг хэрэгжүүлж ажиллан “Бор өндрийн хишиг” нөхөрлөлтэй бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай гэрээг 2017  оны 07 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан байна. Энэ үед ашигт малтмалын газраас Засгийн газрын 151 тогтоолыг хэрэгжүүлж ажиллах албан тоот Төв аймгийн Засаг даргад ирүүлсэн байна. Мөн Угтаалцайдам сумын Улаанбаатар хотод амьдардаг зарим иргэдээс тус нөхөрлөлийн үйл ажиллагааг зогсоох хүсэлт шаардлага ирүүлсэн учраас Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3 “н” заалт, Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2, 12.1.3 дахь заалт, 29 дүгээр зүйлийн 29.2 дахь заалтуудыг үндэслэн 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн Засаг даргын А/94 тоот захирамжаар хориг тавьсан байна. 2017 оны 08 дугаар сарын 04-ны өдөр А/94 тоот захирамжийг өмнө Засаг даргаар ажиллаж байсан Н.Гантулга Улаанбаатар хотод ажиллаж амьдардаг зарим иргэдийн эсэргүүцэлтэй тулгархаараа хүчингүй болгосон байдаг. Энэ захирамжийн үндэслэл нь сумын Засаг дарга Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар бүрэн эрхийн хүрээнд захирамж гаргасан. Өөр бусад заалтыг тодорхойлон зааж өгөөгүй байсан. Мөн тухайн бичил уурхайн үйл ажиллагааг зогсоож, нөхөн сэргээлт хийхийг үүрэг болгосон байна. Бичил уурхай эрхлэх талаар анх сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар олонхын саналаар зөвшөөрөгдсөн. Засгийн газрын 308 дугаар тогтоолын дагуу үйл ажиллагаагаа явуулж байхад хориг тавьж. Хуулийн дагуу үйл ажиллагаагаа эрхэлж байхад нь үйл ажиллагааг нь ямарч үндэслэлгүй зогсоосон нь үндэслэлгүй болсон гэж үзэж байна. Иргэдээс ирсэн өргөдөл гомдол сошиал ертөнцөөр Засаг дарга руу дайрч хэл амаар доромжилсон зүйл гарсан. Мөн эсэргүүцэл үзүүлсэн хүмүүс хэвлэлийн бага хурал хийсэн гэж байсан. Иргэдийн зүгээс ямар эсэргүүцэл үзүүлсэн талаар нотлох баримт байхгүй нь үнэн. Facebook-ээр хэл амаар доромжилсон байдаг. Түүнээс өөр өргөдөл, гомдол баримт байхгүй. Засаг даргын А/94 тоот захирамжийг гаргахдаа Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйл 12.1.2, 12.1.3 дахь заалтуудыг үндэслэж үйл ажиллагаанд хориг тавьсан байна. Тухайн үедээ зөрчил гаргасанд нь биш. иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан учраас үйл ажиллагааг нь зогсоосон гэдэг юм билээ. Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйл 12.1.3-т “байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, хүн амын эрүүл мэндийг хамгаалах болон орон нутгийн төсөвт төвлөрүүлэх төлбөрийн талаар хүлээсэн үүргээ тусгай зөвшөөрөл эзэмшигч хэрхэн биелүүлж байгаад хяналт тавина” гэж заасан. Энэ талаар үйл ажиллагаа явуулаад удаагүй учраас хяналт шалгалт хийсэн болон гаргасан зөрчил байхгүй. Бичил уурхай, ашигт малтмал ашиглах гэрээний үүргээ биелүүлээгүй гэдэг дээр маргах зүйл байхгүй гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх “Бор өндрийн хишиг” зарим гишүүд бүрэн хариуцлагатай нөхөрлөлөөс Төв аймгийн Угтаалцайдам сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Төв аймгийн Угтаалцайдам сумын Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн А/94 дугаартай “Хориг тавих тухай” тухай захирамжийг хүчингүй болгуулж, 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдийн “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг Төв аймгийн Угтаалцайдам сумын Засаг даргад даалгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэл, хэргийн үйл явдал, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг үнэлэн дараах үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

Маргаан бүхий захиргааны актын хувьд Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан захиргааны актын шинжийг бүрэн агуулсан мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5-д заасан захиргааны байгууллагаас гаргасан байх ба тус актаар дараах асуудлыг шийдвэрлэсэн байна.

Хариуцагч Төв аймгийн Угтаалцайдам сумын Засаг дарга 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн А/94 тоот[1] захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3 “н” заалт, 29 дүгээр зүйлийн 29.2, Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2, 12.1.3 дахь заалтыг тус тус үндэслэн 1 дэх заалтаар тус сумын Хар Чулуут багийн Бор өндөр уулын өвөрт олборлолт явуулж байгаа “Бор өндрийн хишиг” зарим гишүүд бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн цаашид “Бор өндрийн хишиг” /ЗГБХН/ үйл ажиллагааг зогсоож, 2 дахь заалтаар Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийн ажлыг хийж гүйцэтгэхийг тус нөхөрлөлд үүрэг болгон шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч нь маргаан бүхий дээрхи А/94 тоот тушаалыг эс зөвшөөрч хоер ч удаагийн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдаанаар хэлэлцэж баталсан тогтоолууд байдаг, Засаг дарга өөрөө гэрээгээр хүлээх үүргээ биелүүлээгүй байж, ямар ч үндэслэлгүйгээр манай үйл ажиллагааг зогсоож, илт хууль бус захирамж гаргаж биднийг эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироож байна” гэж маргажээ.

Хариуцагч нь сумын Засаг даргаар ажиллаж байсан Н.Гантулгад Улаанбаатар хотод амьдардаг Угтаалцайдам сумын зарим иргэдээс тус нөхөрлөлийн үйл ажиллагааг зогсоох хүсэлт шаардлага ирүүлсэн, сошиал ертөнцөөр Засаг дарга руу дайрч хэл амаар доромжилсон гэдэг. Гэхдээ энэ талаар нотлох баримт байхгүй тул хэлэх зүйл алга гэж тайлбарлаж байна.

Маргаан бүхий Төв аймгийн Угтаалцайдам сумын Хар Чулуут багийн Бор өндрийн өвөр нэртэй 3,5 га газрыг “сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 02 дугаар “Орон нутгийн тусгай хэрэгцээнд авах газрын байршил, талбайн хэмжээ, солбицолыг батлах тухай” тогтоол [2]-оор, мөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 06 дугаар “Орон нутгийн тусгай хэрэгцээнд авах газрын байршил, талбайн хэмжээ, солбицолыг батлах тухай” тогтоол[3]-оор Бичил уурхайн зориулалтаар орон нутгийн тусгай хэрэгцээнд 5 жилийн хугацаатай авахаар газрын байршил, талбайн хэмжээ, солбицолыг нэгж талбараар нь баталж тус тус шийдвэрлэсэн нь Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т “Тодорхой газрыг тусгай хэрэгцээнд байлгах хугацаа 5 жилээс доошгүй байна” гэж заасантай нийцэж байна.

Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Эрх бүхий байгууллага тодорхой газрыг тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргасан бол дор дурдсан мэдээллийг шийдвэр гарснаас хойш ажлын 10 өдөрт багтаан төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ”, Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн тогтоолоор баталсан “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ын наймдугаар зүйлийн 8.1.6-д “энэхүү журмын 7.1.2-т заасан шийдвэр, холбогдох мэдээллийг Ашигт малтмалын тухай хуулийн 14.1-д заасны дагуу төрийн захиргааны байгууллагад хүргүүлж бүртгүүлэх”, долоо дугаар зүйлийн 7.1.2-т “аймаг, нийслэлийн Засаг даргын бичил уурхайн зориулалтаар газрыг тусгай хэрэгцээнд авах талаар гаргасан саналыг хэлэлцэн шийдвэрлэж, шийдвэрээ ажлын 5 өдөрт багтаан хүргүүлэх” гэж заасны дагуу 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 165 дугаар албан бичиг[4]-ээр 06 дугаар тогтоолоо бүртгүүлэхээр хүргүүлсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Мөн дээрх журмын Зургаадугаар зүйлийн 6.1.2-т “бичил уурхайгаар ашигт малтмал олборлох талаар бичил уурхай эрхлэгч этгээдийн гаргасан өргөдлийг үндэслэн тухайн талбайд дүгнэлт гаргуулах саналыг аймаг, нийслэлийн Засаг даргад уламжлах” гэж тусгажээ. Аймгийн Засаг дарга Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсээс “Дүгнэлт гаргуулах тухай” 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 01/1046 [5] дугаар албан бичгээр хандсаны хариуд “Төв аймгийн Угтаалцайдам сумын нутагт “Бор өндрийн өвөр” нэртэй 3.5 га талбайг Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмын дагуу бүртгэсэн, Монгол Улсын Засгийн газрын 151 дүгээр тогтоолын дагуу “бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ын дагуу орон нутагтаа зохион байгуулж ажиллахыг 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 07/4969 дугаар албан бичгээр [6] мэдэгджээ.

Ийнхүү бүртгэгдсэний дагуу мөн дээрх журмын Зургаадугаар зүйлийн 6.1.3-т “энэ журмын 7.1.2-т “сумын Засаг дарга нь шийдвэрийг үндэслэн өргөдөл гаргасан бичил уурхай эрхлэгч этгээдтэй бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээг тухайн талбайн ашигт малтмалыг ашиглаж дуусах хүртэлх хугацаагаар байгуулах” бүрэн эрхтэй гэж зааснаар 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай” 01 дугаар гэрээ [7], 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр “Нийгмийн хариуцлагын гэрээ[8]-г” сумын Засаг дарга, “Бор өндрийн хишиг” ЗГБХН-ийн захирал М.Төгсболд нар тус тус байгуулсан байна.

Гэтэл Угтаалцайдам сумын Засаг дарга маргаан бүхий 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн А/94 дугаар актаар Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2, 12.1.3 дахь заалтийг үндэслэн “Бор өндрийн хишиг” ЗГБХН-ийн үйл ажиллагааг зогсоохдоо Ашигт малтмал тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2-т “харьяалах нутаг дэвсгэрт нь тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг зориулалтаар ашиглуулах, зөрчил гаргавал таслан зогсоох”, 12.1.3-т “байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, хүн амын эрүүл мэндийг хамгаалах болон орон нутгийн төсөвт төвлөрүүлэх төлбөрийн талаар хүлээсэн үүргээ тусгай зөвшөөрөл эзэмшигч хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих”, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “. . . гаргасан шийдвэрийнхээ биелэлтэд хяналт тавих, . . .”, 20.2.2-д “газар эзэмшигч, ашиглагчаас . . . гэрээний дагуу үр ашигтай, зохистой ашиглаж, хамгаалж байгаад хяналт тавих, зөрчлийг арилгах шийдвэр гаргаж, хэрэгжилтийг зохион байгуулах” бүрэн эрхтэй гэж тус тус заасны дагуу “Бор өндрийн хишиг” ЗГБХНөхөрлөлийг эзэмшил бүхий талбайгаа зориуулалтын дагуу ашигласан эсэх талаар хяналт тавиагүй, ямар зөрчлийг шалгаж илрүүлсэн, тогтоосон, улмаар өөрсдөд нь мэдэгдэж, зохих үйл ажиллагааг явуулаагүй, арга хэмжээг аваагүй болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, мэдүүлэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.

Мөн хариуцагч сумын Засаг дарга нь “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ын 11 дүгээр зүйлийн 11.1.1-д “хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөлөөс шалтгаалан олборлолтыг үргэлжлүүлэх боломжгүй болсон тухай эрх бүхий улсын байцаагчийн дүгнэлт гарсан”, 11.1.2-д “бичил уурхай эрхлэгч этгээд талбайг цаашид ашиглах боломжгүйн улмаас хүлээлгэн өгөх хүсэлт гаргасан, гэрээг цуцалсан”, 11.1.3-д “гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, гэрээг талууд дүгнэсэн” үндэслэл байвал Бичил уурхай эрхлэгч этгээд бичил уурхайгаар ашигт малтмал олборлох талбайг буцаан хүлээлгэж өгөх, мөн 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай” 01 дугаар гэрээний Хоёрдугаар зүйл 2.3-т “Засаг дарга дараах эрхтэй. Үүнд”, 2.3.4-т “Гэрээний үүргээ биелүүлээгүй, ашигласан талбайн нөхөн сэргээлт хийгээгүй, нөхөрлөлийн ашигтт малтмал олборлох үйл ажиллагааг зогсоож, гэрээг цуцлах” гэж тус тус заасан байхад ямарч байгууллагын дүгнэлт гараагүй, хамтарсан гэрээгээ дүгнээгүй гэх зэргээр дээрх журамд заасан нөхцөл байдлууд үүсээгүй байхад хууль, журмын заалтуудыг зөрчсөн болох нь тогтоогдож байна.

Хариуцагч нь хэдийгээр зарим иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан, иргэдээс өргөдөл гомдол гарсан тул нэхэмжлэгчийн үйл ажиллагааг зогсоосон гэж тайлбарлах боловч ямар ямар иргэд, хэдийд, хэнд хандаж гомдол гаргасан, түүнийг нь хүлээн авсан эсэх, хүлээн аваад Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргах өргөдөл гомдлын тухай хууль, Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу хэрхэн шалгаж, ямар зөрчил тогтоосон талаар нотлох баримт байхгүй, түүнийг нэхэмжлэгч “Бор өндрийн хишиг” ЗГБХНөхөрлөлд мэгдэж, хариу тайлбар гаргах, эрх ашигаа хамгаалах эрхийг нь хангах талаар хуульд заасан арга хэмжээг аваагүй зэргээр ямар ч хууль зүйн үндэслэлгүй болох нь тогтоогдож байх тул “Төв аймгийн Угтаалцайдам сумын Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн А/94 дугаартай “Хориг тавих тухай” тухай захирамжийг хүчингүй болгож, 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдийн “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай” гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг Төв аймгийн Угтаалцайдам сумын Засаг даргад даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4 дэх хэсэгт заасныг үндэслэн ТОГТООХ нь:

1. Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2, 12.1.3, 14 дүгээр зүйлийн 14.1, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 20.2.2-д заасныг тус тус баримтлан Төв аймгийн Угтаалцайдам сумын Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн А/94 дугаартай “Хориг тавих тухай” захирамжийг хүчингүй болгож, 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх”-ийг Төв аймгийн Угтаалцайдам сумын Засаг даргад даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Бор өндрийн хишиг” зарим гишүүд бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн захирал М.Төгсболдод олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Б.ХАЖИДМАА

 


[1] Хавтаст хэргийн 4 дэх тал

[2] Хавтаст хэргийн 72-77 дугаар хуудас

[3] Хавтаст хэргийн 84-96 дугаар хуудас

[4] Хавтаст хэргийн 15 дугаар тал

[5] Хавтаст хэргийн 45 дугаар тал

[6] Хавтаст хэргийн 14 дүгээр тал

[7] Хавтаст хэргийн 12-13 дугаар хуудас

[8] Хавтаст хэргийн 16-18 дугаар хуудас