Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 06

 

СҮХБААТАР АЙМГИЙН ЭРҮҮ, ИРГЭНИЙ ХЭРГИЙН

ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН

МАГАДЛАЛ

 

2016 оны 12 сарын 19 өдөр                      Дугаар 06                                         Баруун-Урт     

 

 

“Капитал” банкны Сүхбаатар салбарын  

нэхэмжлэлтэй Б.Батчимэгт холбогдох 

иргэний хэргийн талаар

 

Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч О.Баатарсүх даргалж, шүүгч Я.Алтаннавч, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны “А” танхимд хийв.

 

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга Д.Эрдэнэцэцэг, 

Нэхэмжлэгч ”Капитал” банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Дүүрэнбилэг,  Хариуцагч Б.Батчимэг нар оролцов. 

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 377 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, хариуцагч Б.Батчимэгийн давж заалдах гомдлоор нэхэмжлэгч Капитал банкны Сүхбаатар салбарын “Зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 266999540 төгрөг гаргуулах тухай”  нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Батчимэгт холбогдох иргэний хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч  Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч байгууллагаас шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: Иргэн Б.Батчимэг нь 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр тус банкнаас 220,000,000 төгрөгийг 36 сарын хугацаатай, сарын 2 хувийн хүүтэй зээлж авсан. Зээлдэгч Б.Батчимэгээс өнөөдрийн байдлаар үндсэн зээл 219.517.395 төгрөг, зээлийн хүү 46.136.489 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.345.655 төгрөг, нийт 266.999.540 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.

Хариуцагч Б.Батчимэг шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Капитал” банкнаас 2015 

оны 4 дүгээр сарын 13-ны өдөр 220000000 төгрөгийг 36 сарын хугацаатай сарын 2 хувийн хүүтэйгээр зээлдэн авсан юм. Түүнээс үндсэн зээл 472175 төгрөг, зээлийн хүү 34347864 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 328833 төгрөг төлсөн байна. 

Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.2-т заасны дагуу үүрэг гүйцэтгүүлэгч нь гүйцэтгэвэл зохих үүргийн гүйцэтгэлийн оронд өөр үүргийн гүйцэтгэлийг хүлээн авсан гэж үзэж байгаа тул харилцан тохиролцсон 20 сая  төгрөгөөр үүргийн гүйцэтгэл хангагдсанд тооцуулах хүсэлтэй байна. Капитал банкинд нэхэмжлэл гаргах хүртэл хугацааны үндсэн зээл 219527824 төгрөг, зээлийн хүү 32617245 төгрөг нэмэгдүүлсэн хүү 685410 төгрөг, нийт 252830479 төгрөгийг төлөх ёстойгоос өмчлөлд нь шилжүүлсэн автобусны үнэлгээ 20000000 төгрөгийг хасуулан 232830479 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ. 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 377 дугаар шийдвэрт: 1. Монгол Улсын Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар 2015 оны 04 сарын 13-ны өдрийн ЗГ-2042000094 тоот зээлийн гэрээг цуцалж, хариуцагч Б.Батчимэгээс зээлийн гэрээний үүргийн биелэлт 266999540.45 /хоёр зуун жаран зургаан сая есөн зуун ерэн есөн мянга таван зуун дөчин төгрөг дөчин таван мөнгө/ төгрөгийг гаргуулж Капитал банкны Сүхбаатар салбарт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 1521906 /нэг сая таван зуун хорин нэг мянга есөн зуун зургаа/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээн, хариуцагч Б.Батчимэгээс улсын тэмдэгтийн хураамжинд 1521906 /нэг сая таван зуун хорин нэг мянга есөн зуун зургаа/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Капитал” банкны Сүхбаатар салбарт олгож шийдвэрлэжээ. 

Хариуцагч Б.Батчимэг давж заалдах гомдолдоо: 1.Банкны шаардсаны дагуу гэрээ байгуулсан өдрөө буюу 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр уг автобусны эзэмшигчээр Капитал банкыг бүртгүүлж банкны өмчлөлд уг автобусыг шилжүүлсэн. 

Монгол Улсын Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.4-т барьцааны зүйл болох автобусны өмчлөх эрх Капитал банкинд буюу барьцаалагчид шилжсэнээр автобусны барьцааны эрх дуусгавар болсон юм. 

2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс хойш бодогдсон 14169060.88 

төгрөгийн  зээлийн хүү,  нэмэгдүүлсэн  хүүг  төлүүлэхээр  шийдвэрлэснийг  Иргэний 

хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх заалтыг зөрчсөн гэж үзэж байна. 

 

Хариуцагчийн хувьд үндсэн зээл 219527824 төгрөг, зээлийн хүү 32617245.57 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 685410 төгрөг нийт 252830479.57 төгрөг төлөхөөс тус банкны өмчлөлд шилжүүлсэн автобусны үнэ 20000000 төгрөгийг хасуулан 232830479.57 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагаас 34169060 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.   

 

                                                        ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч “Капитал” банкны Сүхбаатар салбар Б.Батчимэгээс зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү бүгд 266999540 гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасныг хариуцагч Б.Батчимэг шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрөөс хойш тооцсон зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, тус банкны өмчлөлд шилжүүлсэн 20000000 төгрөгийн автобусны үнэ бүгд 32884427 төгрөг төлөхийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Нэхэмжлэгч хариуцагчаас үндсэн зээл 219517396 төгрөг, зээлийн хүү 46136489 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1345655 төгрөг, бүгд 266999540 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн боловч, нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээлийн  хүү, нэмэгдүүлсэн хүүгийн үндэслэл нь тодорхойгүй байна.

Тухайлбал: Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон бичгийн нотлох баримтад хариуцагч зээлийн гэрээний үүргээ тухай бүр нь биелүүлээгүйгээс сар бүр хэдэн төгрөгийн үндсэн зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү тооцсон, эдгээрийг тооцсон хугацаа тодорхой бус байхад анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан “нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ.” гэж заасантай нийцэхгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэлийн шаардлагын зарим үндэслэл тодорхойгүй байхад   нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэн шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзнэ. 

Иймд хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн 377 дугаар шийдвэрт өөрчлөх боломжгүй байх тул хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Хариуцагчийн давж заалдах гомдлыг шүүх хүлээн авсан тул түүний гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 328796 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 167.2, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

Нэг. Сүхбаатар аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 377 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

Хоёр. Хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 328796 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

 

  Зохигч, тэдгээрийн төлөөлөгч нар магадлалыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл Хяналтын шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.