Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 221/МА2021/0053

 

                        С.Г, Д.Д нарын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

     Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч О.Номуулин, С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2020/0675 дугаар шийдвэртэй, С.Г, Д.Д нарын нэхэмжлэлтэй, Гаалийн ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

      Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2020/0675  дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар:  Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 44.2-т тус тус баримтлан С.Г, Д.Д нарын нэхэмжлэлтэй Гаалийн ерөнхий газрын даргад холбогдох хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Гаалийн ерөнхий газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/45 дугаар тушаал хууль бус болохыг тогтоож хүчингүй болгож, нэхэмжлэгч С.Г-ыг Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагчаар, Д.Д-ийг Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын ахлах байцаагчаар томилон ажиллуулахыг хариуцагч Гаалийн ерөнхий газрын даргад даалгаж,

       2 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч нараас улсын  тэмдэгтийн хураамжид тус бүр төлсөн 70200 төгрөгөөс 35100 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 35100 төгрөгийг буцаан олгож, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт хуваан олгохоор тус тус шийдвэрлэжээ.

      Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б давж заалдах гомдолдоо: “ ... Буянт-Ухаа хилийн боомтоор шинэ коронавирусын  халдвар зөөвөрлөгдөх орж ирэх өндөр эрсдэлтэй гэж үнэлэгдэж ирсэн байдаг бөгөөд энэ эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажил хийгдэх шаардлагыг Улсын онцгой комиссоор тавьж ирсэн ба нэхэмжлэгч Д.Д болон С.Г  нарын нэр бүхий 13 хүнийг 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/45 дугаар тушаалаар Буянт-Ухаа дахь гаалийн газарт томилсон байдаг.

      Тодруулбал Гаалийн байгууллага нь төрийн тусгай албаны хувьд тухайн үед үүсээд байсан нөхцөл байдал байгууллагын үйл ажиллагаа аливаа байдлаар тасалдах болоод зогсож болохгүй байх үүргийг Гамшгаас хамгаалах тухай хуулиар хүлээсэн ба Буянт-Ухаа дахь гаалийн газрыг хүн хүчээр хангах зайлшгүй бодит шаардлагын бий болсон тул энэ шаардлагын хүрээнд нэхэмжлэгч нарыг тус газарт томилсон.

     Гэтэл дээрх шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Төрийн албаны тухай хуульд заасан төрийн жинхэн албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах тухай зохицуулалттай нийцээгүй байна гэж дүгнэсэн байгаа нь үндэслэлгүй байна. Учир нь маргаан бүхий актаар нэхэмжлэгч нарыг сэлгэн болон шилжүүлээгүй тул Төрийн албан тухай хуулийн 44 дүгээр зүйлийг энэ тохиолдолд хэрэглэх үндэслэлгүй юм.

       Харин Гамшгаас хамгаалах төрийн байгууллагын бодлого чиг үүргийн хүрээнд тухайн хүн хүч хэрэгтэй газарт үүсээд байсан нөхцөлд байдлын улмаас шууд томилсон. Өөрөөр хэлбэл, Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар бүлэгт анх төрийн жинхэнэ албан тушаалд томилогдох иргэнд хамаарах зохицуулалтыг тусгасан байх ба хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д зааснаар бол холбогдох шаардлагыг хангасан иргэнийг төрийн албан томилохоор байна.

    Харин гаалийн харилцааг нарийвчилсан зохицуулсан Гаалийн тухай хуулийн 2711 дүгээр зүйлийн 2711.1.10-т гаалийн алба  хаагчийг томилох ... гэж гаалийн албан хаагчийг томилох бүрэн эрхийг гаалийн байгууллагын удирдлагын бүрэн эрхийн хүрээнд тусгаж зохицуулсан тул уг заалтыг тухайн тохиолдолд хэрэглэх нь арга зүйн хувьд үндэслэлтэй юм.   

    Иймд Гаалийн ерөнхий газрын даргын Б/45 дугаар тушаал нь хуульд нийцсэн байх тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2020/0675 дугаар шийдвэрийг хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

       Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд шүүхийн шийдвэрийг хянаад хүчингүй болгох үндэслэлгүй байх тул гомдлыг хангахгүй орхиж, хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

       Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн Б/187 дугаар тушаалаар ажлын зайлшгүй шаардлагыг харгалзан, Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын ахлах байцаагч Д.Д, улсын байцаагч С.Г нарыг үүрэгт ажлаас нь түр чөлөөлж, мөн өдрөөс эхлэн Гаалийн ерөнхий газрын харьяа Буянт-Ухаа дахь гаалийн газарт гаалийн улсын ахлах байцаагчаар Д.Д-ийг, байцаагчаар С.Г нарыг 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл түр хугацаагаар ажиллуулахаар томилсон байна.

      Түр томилсон хугацаа дуусахад Гаалийн ерөнхий газрын дарга нь 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн “Албан тушаалд томилох тухай” Б/45 дугаар тушаалаараа Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2.3, Гаалийн тухай хуулийн 2711 дүгээр зүйлийн 2711.1.10, 273 дугаар зүйлийн 273.2, 274 дүгээр зүйлийн 274.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ... гаалийн улсын ахлах байцаагч Д.Дорж, улсын байцаагч С.Гантулга нарыг тус газарт нь жинхлэн томилжээ.

      Анхан шатны шүүх нэхэмжлэгч Д.Д, С.Г нараас уг Б/45 дугаар тушаалыг эс зөвшөөрч, хүчингүй болгуулж, Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газарт эгүүлэн томилохыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг “... Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан зохицуулалтыг хэрэглээгүй ...” гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.

    Хариуцагч давж заалдах гомдолдоо “ ... Б/45 дугаар тушаалаар нэхэмжлэгч нарыг сэлгэж, шилжүүлээгүй тул Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийг энэ тохиолдолд хэрэглэх үндэслэлгүй, Гамшгаас хамгаалах төрийн байгууллагын бодлогын чиг үүргийн хүрээнд тухайн хүн хүч хэрэгтэй газарт үүсээд байсан нөхцөл байдлын улмаас Гаалийн тухай хуулийн 2711 дүгээр зүйлийн 2711.1.1, 2711.1.10-д заасан бүрэн эрхийн хүрээнд шууд томилсон, шүүх хууль буруу тайлбарласан” гэжээ.

         Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдлыг энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно” гэж заасны дагуу гаалийн улсын байцаагч буюу төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн өөр байгууллагад шилжүүлэх, тухайн байгууллагын нэгж хооронд тодорхой хугацаатай сэлгэн ажиллуулахдаа гаалийн улсын байцаагчийн эрх зүйн байдлыг тусгайлан зохицуулсан Гаалийн тухай хуулийг, харин уг хуулиар зохицуулаагүй харилцаанд Төрийн албаны тухай хуулийг баримтлана.

          Хариуцагч нь нэхэмжлэгч нарыг  “цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой албан ажлын зайлшгүй шаардлагаар” анх Буянт-Ухаа дахь гаалийн газарт томилсон Б/187 дугаар тушаалдаа сэлгэн ажиллуулах талаарх хуулийн заалт баримтлаагүй боловч тодорхой хугацаа зааж томилсноос үзвэл Гаалийн тухай хуулийн 274 дүгээр зүйлийн 274.3-д “Гаалийн улсын байцаагчийг гаалийн газар, хороодод 2 жил хүртэл хугацаагаар сэлгэн ажиллуулж болно” гэж заасны дагуу сэлгэн ажиллуулсан гэж үзэхээр байна.

          Гаалийн тухай хуульд улсын байцаагчийг “сэлгэн ажиллуулсан” хугацаа дуусах тохиолдолд хэрхэх талаар тодорхой зохицуулаагүй тул энэхүү асуудлыг Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т “Энэ хуулийн 44.2-т заасан албан хаагчийг сэлгэн ажиллуулах хугацаа дуусмагц түүнийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь шууд үргэлжлүүлэн ажиллуулна” гэж зохицуулсан заалтыг хариуцагч Гаалийн ерөнхий газрын дарга хэрэгжүүлэх үүрэгтэй.

          Гэтэл нэхэмжлэгч нарыг түр томилсон хугацаа дуусахад урьд эрхэлж байсан ажилд нь үргэлжлүүлэн ажиллуулалгүй, түр томилогдсон Буянт-Ухаа дахь Гаалийн газарт жинхлэн томилсон нь дээрх хуулийн заалтыг зөрчсөн байна.

    Хэрэв нэхэмжлэгч нарыг Буянт-Ухаа дахь Гаалийн газарт анх түр томилох шалтгаан болсон цаг үеийн нөхцөл байдал арилаагүй, албан ажлын зайлшгүй шаардлага байгаа бол Гаалийн тухай хуулийн 274 дүгээр зүйлийн 274.3-д “2 жил хүртэл” гэж заасан хугацааны дотор хугацааг сунгах боломжтой атал “Гамшгаас хамгаалах төрийн байгууллагын бодлого чиг үүргийн хүрээнд хүн хүч хэрэгтэй газарт Гаалийн тухай хуулийн  2711 дүгээр зүйлийн 2711.1.10-д заасан гаалийн байгууллагын удирдлагын бүрэн эрхийн хүрээнд шууд томилсон. ...” гэх хариуцагчийн гомдол хууль зүйн үндэслэлгүй байна. Мөн гомдолд дурдсан Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д зааснаар зохицуулагдах “иргэнийг анх төрийн албанд томилох”-той холбоотой харилцаа үүсээгүй тул уг хуулийн заалтыг хэрэглэх үндэслэлгүй.

      Харин анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь зөв боловч маргаж буй эрх зүйн харилцааг зохицуулсан хуулийн заалтыг бүрэн баримтлаагүй,  мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1-д тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэл хангагдсан тохиолдолд улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаар нөхөн төлүүлж нэхэмжлэгч нарт буцаан олгож шийдвэрлэхээр байхад шүүхээс дутуу шийдвэрлэсэн байх тул зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэлээ.

     Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

     1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2020/0675 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтын “... хуулийн ...” гэсний дараах “... 44 дүгээр зүйлийн 44.1, 44.2-т” гэснийг “... 4 дүгээр зүйлийн 4.2, 44 дүгээр зүйлийн 44.4, Гаалийн тухай хуулийн 274 дүгээр зүйлийн 274.3-д заасныг” гэж, 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч нараас улсын  тэмдэгтийн хураамжид урьдчилсөн төлсөн 140400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 140400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Г, Д.Д нарт тус бүр 70200 төгрөгийг олгосугай.” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч Гаалийн ерөнхий газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

          2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан хариуцагч төрийн байгууллагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                   Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                   О.НОМУУЛИН

 

ШҮҮГЧ                                                  С.МӨНХЖАРГАЛ