Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 01

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 180/2020/0013/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга                                   Э.Мичидмаа,

Улсын яллагч                                               Ж.Батбаатар,

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                 С.Нарангэрэл,

Шүүгдэгч                                                          Л.Э  нарыг оролцуулан

 

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батбаатараас  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Э-д холбогдох 193900...........дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр  хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Л.Э

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Л.Э нь 2019 оны 07 дугаар сард Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 1 дүгээр баг “Бага цагаан айраг” гэх газарт байрлах “Астра рүүт” ХХК-н эзэмшлийн пад тракторын мотор 1 ширхэг, цахилгаан үүсгүүр 1 ширхэгийг завшиж 1.300.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Л.Э нь 2019 оны 07 дугаар сард Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 1 дүгээр баг “Бага цагаан айраг” гэх газарт байрлах “Астра рүүт” ХХК-нд манаачаар ажиллаж байхдаа тус компаны эзэмшлийн пад тракторын мотор 1 ширхэг, цахилгаан үүсгүүр 1 ширхэгийг завшиж 1.300.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

1. Хохирогч Л.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би “Астра рүүт” ХХК-ны захирал ажилтай. Манай ажил Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 1 дүгээр баг хөдөө хэсэг Хэрлэнбаян-Улаан тосгонд газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм. 2017 оны 12 дугаар сард манайх Л.Э гэх залууг талбайн манаачаар ажиллуулсан. Манай компани өвөлдөө үйл ажиллагаа явуулдаггүй учраас Э-г хашааныхаа талбайг мануулдаг байсан. 2018 оны 12 дугаар сараас 2019 оны 05 дугаар сар хүртэл манай компани Э-д өгөх ёстой цалингаа гүйцэд өгч чадаагүй яваад байсан юм. 2019 оны 07 дугаар сарын дундуур манай талбай хариуцсан захирал Аюуш над руу утасдаад талбай дээр байсан пад тракторын мотор мөн цахилгаан үүсгэвэр зэрэг алдагдсан байна гэж хэлсэн. Тэрнээс хойш 2 хоногийн дараа би дээрх эд зүйлсийг манайд манаачаар ажиллаж байсан Э авсныг мэдээд Улаанбаатар хотоос Дэлгэрхаан сум руу Э-тэй очиж уулзсан. Тухайн үед Э надад хандан “таныг цалингаа гүйцэд өгөхгүй болохоор чинь талбай дээр байсан пад тракторын мотор, цахилгаан үүсгэвэр зэргийг гэрийнхээ гадаа авчирсан. Цалингаа гүйцэд өгвөл дээрх эд зүйлсийг танд эргүүлж өгөх гэж байсан. Надад ямар нэгэн хулгайлах санаа зорилго байгаагүй шүү” гэж хэлсэн. Тэгээд би цалингаа гүйцэд өгөх болоод дээрх эд зүйлсийг аваад явсан. Ийм л асуудал болсон. Миний хувьд Э-д ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй... Манай компани Э-гийн цалинг гүйцэд өгч чадаагүй учраас уг асуудал үүссэн. Э-д компанийн эд хөрөнгийг хулгайлах санаа зорилго байгаагүй байх. Иймдээ ч намайг гэр лүү нь очиход Э надад хандан “Таныг цалингаа гүйцэд өгчихвөл дээрх эд зүйлсийг эргүүлж танд өгнө. Надад хулгайлах зорилго байгаагүй шүү” гэж хэлж байсан. Тэр нь ч үнэн байх гэж бодож байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23 тал/

Гэрчээр Л.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Л.Э нь гэрээгээр манай хашааг манаж байсан. Цогзолмааг Э-ийн эхнэр гэдгээр нь мэднэ... Л.Э-ийн гэрээний дүн сарын 300.000 төгрөгөөр ажиллах гэрээ хийсэн. Түүний 10 хувь нь хүн амын орлогын албан татварт суутгагддаг. Цалинг нь сар бүрийн 20-ноос 25-ны өдрүүдэд олгож байсан. 350.000 төгрөгийн цалин олгогдоогүй байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33-34 тал/

 

2. Иргэний нэхэмжлэгч Д.Дэлгэржаргалын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Л.Э нь манай ээжийн төрсөн дүүгийн хүүхэд байгаа юм... Дээрх ачааны машин нь миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Би одоогоос хэдэн жилийн өмнө Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 1 дүгээр баг Хэрлэнбаян-Улаан тосгонд оршин суух өөрийн хамаатны дүү Л.Э-д унаж бай гэж өгсөн... Надад хэлэхдээ Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 1 дүгээр баг Хэрлэнбаян-Улаан тосгонд үйл ажиллагаа явуулдаг “АСТРА РҮҮТ” ХХК-д дүү маань ажилладаг байсан гэсэн. Тэгээд дээрх компани цалингаа тухай бүр гүйцэт өгөхгүй болохоор нь байгууллагын пад тракторын мотор 1 ширхэг, цахилгаан үүсгүүр 1 ширхэг зэргийг 76-92 УНУ улсын дугаартай цагаан өнгийн “Киа Бонго” маркын тээврийн хэрэгсэлд ачаад гэрийнхээ гадаа авчирч буулгасан гэсэн... Надад ямар нэгэн санал хүсэлт, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25 тал/

3. Гэрч Т.Ган-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2019 оны 07 дугаар сарын 18-ны өглөөний 07 цагт ногооны талбайд очих үед пад тракторын мотор байхгүй байсан. Тэгээд би захирал Э-д мэдэгдсэн...07 дугаар сарын 11-ний өдөр байсан... Улаан өнгийн хажуу талдаа том бөөрөнхий дамартай мотор байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 35-36 тал/ 

 

4. Гэрч Ю.Аюушийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 11 цагийн үед манай ажлын ерөнхий захирал Э над руу залгаад падын мотор байхгүй байна гэж байна гэхэд нь би очиж шалгахад мотор байрлуулсан араам үлдсэн байсан... Пад тракторын мотор, цахилгаан үүсгэвэр хоёр алга болсон байсан... 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдөр талбайд очиж шалгахад бүрэн байсан. Би 16 цагийн үед очсон... 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотоос 1 сая 500 мянган төгрөгөөр авч байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 37-38 тал/

5. Гэрчээр Л.Э-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би өөрийн эзэмшлийн 76-92 УНУ улсын дугаартай пронтер маркийн тээврийн хэрэгсэлтэй Э ахын тариалангийн талбайгаас пад машины мотор болон цахилгаан үүсгэврийг модоор өргөж байгаад доор нь юм тавиад машиндаа ачаад гэртээ авчраад тавьсан... 2019 оны 07 дугаар сарын хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна. 22 цагийн үед орж авсан... Э ах надад 700.000 төгрөгийн цалин өгөх ёстой байсан юм. Тэрийгээ өгөхгүй болохоор нь очоод авчихсан... Манай гэрээс 100 метрийн зайнд 1 метрийн гүнтэй нүх ухаад булчихсан байгаа... Би ганцаараа явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 39-40 тал/

6. Гэрч Г.Цогзолмаагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2019 оны 07 дугаар сарын хэдний өдөр байсныг санахгүй байна. Бид хоёр “АСТРА РҮҮТ” ХХК-д манаач хийдэг байсан юм. Тэгтэл захирал сүүлийн 2, 3 сарын цалин өгөхгүй байсан. Тэгээд манай нөхөр нэг өдөр би моторыг нь очоод аваад ирье гээд орой нь нэг мэдэхэд аваад ирсэн байсан. Тэгээд манай нөхөр Э-д хэлдэг юм билүү гээд айгаад байсан. Бид хоёрт зарж үрэх санаа байгаагүй... Бид хоёр сүүлийн хэдэн сарын цалингаа аваагүй. Тэгээд айлгаж байгаад цалингаа авна гэж бодсон...Манай гэрийн гадаа хаваржааны хажууд нүхэнд байгаа... Ганцаараа явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 41-42 тал/

Гэрч Г.Цогзолмаагийн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин өгсөн: “...Л.Э нь манай нөхөр байгаа юм. Манай нөхөр Л.Э хувийн зан байдлын хувьд төлөв даруухан ажилд их хичээнгүй, мал сайн малладаг, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй, бүрэн дунд боловсролтой хүн байгаа юм... Манай нөхөр дээрх эд зүйлсийг санаатайгаар хулгайлаагүй. Манай нөхөр “АСТРА РҮҮТ” ХХК-д манаачаар ажиллаж байсан. Тэгээд тухайн компани нь 2018 оны 12 дугаар сараас 2019 оны 05 дугаар сар хүртэл цалингаа өгөөгүй. Тэгээд нөхөр маань удаа дараа захирал Э руу утсаар ярьж байсан. Сүүлд Э гэх хүн гар утсаа ч авахаа больсон. Би өөрөө 5 сартай жирэмсэн биеийн байдал тааруу байгаа. Нөхөр надад хэлэхдээ дээрх компанийн тракторын мотор болон цахилгаан үүсгэврийг нь миний цалинг өгсөн тохиолдолд буцааж өгнө гэж надад хэлж байсан. Юмаа авахаа ирэхдээ миний мөнгийг авчирах байхдаа тэр үед нь өгье дөө гэж байсан. Тэр болтол нь эд зүйлсийг нь алга болох, эсвэл эвдэрчихвий дээ гээд дээрээс нь юмаар хучиж байсан. Тэгээд манай гадаа байж л байсан. Дараа нь цагдаа ирээд аваад явсан. Манай нөхөр дээрх эд зүйлсийг хулгайлж ашиг хонжоо олох зорилго байгаагүй. Тэрнээс биш үнэхээр тийм бодол санаа байсан бол аль авсан даруйдаа авч яваад зарж борлуулах боломж байсан... Манай гэрээс 2-с 3 алхам зайтай хөрзөн байдаг. Уг хөрзөнгийн ард нь юмаар хучаад орхисон байсан. Тухайн үед 7 дугаар сар байсан учраас бороо их орж байсан болохоор байгууллагын эд зүйлсийг гэмтээчих юм болов уу гэж бодоод дээгүүр нь юмаар бүтээсэн байсан... Э гэх хүн өөрөө манай нөхрийг дээрх зүйлсийг өөр дээрээ түр хугацаагаар байлгаж байгаад буцааж өгөх гэж байсан гэдгийг зөвөөр тайлбарлаж хэлэх  байх гэж бодож байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 43-44 тал/

7. Гэрч Л.Цэдэвсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Дүү маань хуучин Дэлгэрхаан сумын 1 дүгээр баг “Бага цагаан айраг” гэх газарт байрлах “АСТРА РҮҮТ” ХХК-ны талбайн манаачаар ажиллаж байсан юм.  Тухайн үед дээрх компани нь цалингаа тухай бүрт нь өгөхгүй болохоор талбай дээр ил байдаг тракторын мотор, цахилгаан үүсгэвэр зэргийг машинаараа авчраад буулгаад орхисон гэсэн. Тэгээд хэд хоног удаагаад нөгөө хүмүүсээс айгаад хэлэхгүй удсан чинь цагдаа ирсэн гэж надад өөрөө хэлсэн. Бас дүү маань дээрх мотор, цахилгаан үүсгэврийг захирал Э нь цалингаа гүйцэд өгчихвөл эргүүлж өгөх гэж байсан юм гэж анх л надад хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 45 тал/

8. Хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ны 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн №14060033 дугаартай: ...Хулгайд алдагдсан пад тракторын мотор, цахилгаан үүсгэвэр зэргийн зах зээлийн үнэлгээг 1.300.000 /нэг сая гурван зуун мянга/ төгрөгөөр үнэлсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 48-49 тал/

9. "АСТРА РҮҮТ" ХХК-ны гүйцэтгэх захирал Л.Энхбатын 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 19/89 дугаартай: "... Л.Э нь 2019 оны 09 сар хүртэл тус компанид ажиллаж байсан нь үнэн болно..." гэсэн тодорхойлолт /хх-ийн 97 тал/

10. Яллагдагчаар Л.Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би “АСТРА РҮҮТ” ХХК-д манаачаар ажилладаг. Уг компани нь 2018 оны 12 дугаар сараас 2019 оны 05 дугаар сар хүртэлх миний цалинг өгөөгүй. Би өөрөө энэ цалингаараа амьдрал гэр бүлээ тэжээдэг. Би 4 настай хүүхэдтэй. Эхнэр маань одоо 5 сартай жирэмсэн. Тэгээд цалин мөнгөө нэхэж Энхбат захирал руу удаа дараа ярьж байсан. Сүүлдээ утсаа авахаа больсон. Тэгээд аргаа бараад эмийн ургамлын талбай дээрээс пад  тракторын мотор 1 ширхэг, цахилгаан үүсгэврийг барьцаанд авчихвал мөнгөө өгчих болов уу гэж бодсон. Тэгээд энэ талаараа Э захиралд хэлсэн боловч Э захирал утсаа ердөө аваагүй. Тэгээд гэрийнхээ гадаа авчирч хөрзөнгийнхөө ард тавьсан. Тэгээд би эхнэртээ компанийн эд зүйлийг аваад ирлээ гэдгээ хэлсэн. Энийгээ авах гээд ирэхдээ миний цалин мөнгийг авчрах байх тэр үед нь би өгнө гэж хэлж байсан... Миний хувьд дээрх компани нь надад 4 сарын цалин болох 800.000 төгрөг өгөөгүй учраас би дээрх эд зүйлсийг эмийн ургамлын талбайгаас нь авсан. Надад хулгай хийх санаа зорилго байгаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 53-55 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгч Л.Э-ийн бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Л.Э-д 1.300.000 /нэг сая гурван зуун мянга/ төгрөгийн  хохирол учирсан бөгөөд хохирогч нь шүүгдэгчид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй /хх-ийн 23, 72 тал/ гэсэн тул шүүгдэгч Л.Э-г бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөргүй зэрэг байдлуудыг харгалзан үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Л.Э-г бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Э-г 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Э-д оногдуулсан 3.000.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц сард 300.000 төгрөг төлөхөөр буюу 10 сарын дотор төлж дуусгахыг даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Э-д оногдуулсан 3.000.000 төгрөгөөр торгох ялыг тогтоосон  хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 5 дахь  хэсэгт зааснаар энэ хэрэгт 76-92 УНУ улсын дугаартай Киа Бонго  маркийн автомашиныг битүүмжилсэн Хэнтий аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Ц.Бямбадоржийн 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 46 дугаартай тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, автомашиныг хууль ёсны эзэмшигч Д.Дэлгэржаргалд буцаан олгож, түүний  үнэ болох 2.500.000 төгрөгийг шүүгдэгч Л.Э-гээс гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй. 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй ба түүний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.   

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Л.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.     

 

ДАРГАЛАГЧ                          Д.ГАНЗОРИГ