Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 30 өдөр

Дугаар 04

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 180/2020/0001/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга                                   Э.Мичидмаа,

Улсын яллагч                                               Б.Бямбасүрэн,

Шүүгдэгч                                                       Д.Б  нарыг оролцуулан

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Бямбасүрэнгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Б-д холбогдох 193900...........дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Д.Б

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Д.Б нь 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Хэрлэн голын эрэг дээр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Д.Г-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж нүүр рүү нь гараараа цохих, үснээс нь зулгаах, чихнээс нь хазах зэргээр  зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Д.Б нь 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутаг Хэрлэн голын эрэг дээр согтуугаар иргэн Д.Г-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

 

1. Хохирогч Д.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Тэр охиныг Б гэдэг... Өмнө нь нэг газар цуг ажиллаж байсан... Би гэр лүүгээ явна гэж хэлэхэд явуулахгүй гээд муудалцсан. Б өөрөө согтуу байсан. Б намайг архиар шахаад байсан. Би уухгүй гэж хэлэхэд намайг цохиж зодсон... Миний чихний омог хэсгээс хазаж тасалсан. Хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-17 тал/

 

Д.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн: “... Би өнгөрсөн шөнө буюу 2019 оны 09 дүгээр сарын 21-ний шөнө 01 цагийн үед Улаанбаатар хотоос найз Балжиннямын хамтаар Багануурт ирсэн юм. Багануурт ирсэн зорилго нь Б бид хоёр түүний найз болох Болор-Эрдэнэ, Чулуунбаатар, Билгүүн, Хүрэлээ нар дээр ирсэн. Дээрх залуучууд Хэрлэн голын эрэг дээр амарч, загас барих гээд Улаанбаатар хотоос өчигдөр орой ирсэн юм байна лээ. Ингээд Б бид хоёр Багануурт ирээд Багануураас такси бариад Хэрлэн гүүр даваад доошоо 1 км орчим яваад Хэрлэн голын эрэг дээр Б-ын найзууд дээр очсон. Тэндээ бид нар 1 шил архи хувааж уугаад амарсан. Өглөө босоод мөн 1 шил архи хувааж ууцгаасан. Өглөө архи уух үед намайг архи уухгүй гэхэд Б найзыгаа бодож байвал архи уу гээд намайг архиар шахаад байсан. 14 цагийн үед Б-д би Улаанбаатар хот руу буцлаа гэхэд Б намайг явуулахгүй гэж уурлаад босч ирээд миний зүүн талын хацар руу гараараа нэг удаа алгадаж үснээс зулгаасан. Би тэр үед нь өөрийгөө хамгаалж Б-ын нүүр, хөх орчим нь гарын хумсаараа маажсан. Тэр үед Болор-Эрдэнэ ирээд Б бид хоёрыг салгаад намайг аваад Б-аас холдуулаад “... чи найзтайгаа эвлэр ээ, та хоёр эв зүйгээ ол... ” гэж хэлээд сууж байтал Б ирээд над руу “... чи ийм явж байгаа учраас чи ээжгүй байгаа юм... ” гэж хэлсэн. Тэр үед миний уур ихээр хүрсэн боловч тэсээд сууж байсан. Тэр үед Болор-Эрдэнэ Б-д хандаж “...чи ээжгүй хүнийг юу гэж загнаж байгаа юм бэ... ” гэж түүнийг загнасан. Ингээд намайг сууж байхад Б над руу ирээд дахин миний үснээс зулгаасан. Тэгэхээр нь би урдаас нь түүний үсийг мөн гараараа зулгааж бид хоёр газар зүлгэн дээр ноцолдсон. Би ноцолдож байгаад Балжиннямын доор нь ороход тэр миний толгой руу гараараа олон удаа цохиж, нүүр маажиж, хуруугаа миний ам руу хийж, баруун талын чихнээс хазсан. Тэр үед хамт байсан Хүрэлээ “... за за та хоёрыг салгаж чадахгүй юм байна, өөрсдөө учраа ол...” гэж хэлээд цаашаа яваад өгсөн. Б миний баруун талын чихнээс хазахад миний чихнээс цус гарч эхэлсэн ба тэр үед Б бид хоёр зодолдохоо больсон. Ингээд Б бид хоёр бие бие рүүгээ харж юм ярьж уйлж суусан. Ингээд би тэр газраас алхаж яваад Багануурын цагдаагийн хэлтэс дээр ирж болсон асуудлын талаар гомдол гаргасан... Би  бага зэрэг халамцуу байсан. Харин Б  нилээн согтсон байсан... Миний баруун талын чихээр хатгуулж өвдөж байна. Мөн толгой өвдөж байна... Би чих болон нүүрэнд учирсан хумсны соривоо эдгээмээр байна. Өөр надад ямар нэгэн гомдол санал байхгүй... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-19 тал/

 

2. Гэрчээр Д.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Өчигдөр буюу 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өглөө манай найз Болор-Эрдэнэ Хэнтий рүү загасанд хамт явъя гэж хэлж байсан. Болор-Эрдэнэ найз нарынхаа хамтаар тэр өдөртөө Хэнтий рүү Хэрлэн голоос загас агнана гээд Улаанбаатар хотоос явсан. Ингээд би өчигдөр орой 22 цагийн үед найз Г-г дагуулаад Улаанбаатар хотоос Болор-Эрдэний араас явж шөнө 01 цагийн үед очсон. Хэрлэн голын хөвөөн дээр Болор-Эрдэний араас очиход Болор-Эрдэнэ, Хүрэлээ, Чулуунбаатар, Билгүүнээ нар бага зэрэг архи уучихсан байсан. Тэнд очоод бид нар 1 шил архи уугаад унтаж амарсан. Өнөө өглөө босоод бид 1 шил архи хувааж уусан. 10 цагийн үед манай найз Г Улаанбаатар хот руу буцаж явна гээд байхаар нь би таньж мэдэхгүй газар ирсэн байж ганцаараа явах гэлээ гэж уурлаад Г-ийн хацар руу би 1 удаа алгадаад хоорондоо маргалдсан. Ингээд өдөр 14 цагийн үед Г бид хоёр хоорондоо маргалдаж улмаар зодолдсон бөгөөд Г миний үснээс зулгааж, нүүр маажаад болохгүй болохоор нь би түүний баруун талын чихийг хазчихсан... Тухайн үед бага зэрэг согтуу байсан. Болсон үйл явдлыг санаж байна... Миний толгой болон зүүн талын шанаа, цээжээр хатгуулж өвдөж байна. Миний биед нүүр болон хөх орчим Г-д маажуулсан шарх байна... Надад ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй... “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 21 тал/

 

3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн №218 дугаартай:

-Д.Г-ийн биед баруун чихний омог тасарсан шарх, нүүрний хэсэгт зулгаралт, баруун нүдний салст, баруун талын шилбэ хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

-Дээрх гэмтэл нь хатуу мохоо болон ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

-Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтээс хамаарна... ” гэсэн дүгнэлт /хх-ийн 26 тал/

 

4. Яллагдагчаар Д.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... 2019 оны 09 дүгээр сарын 20-ны орой Улаанбаатар хотоос найз Г-ийн хамт Багануур дүүрэгт ирсэн. Манай найзууд загсанд явъя гээд байсан. Тэгээд манай найзууд түрүүлээд Багануур дүүрэг явсан. Г эгчийнхээ хүүхдийг харж байгаа эгч ирээгүй байна эгчийг ирэхээр  хамт явъя хүлээж байгаач гэсэн тул би Г-тай хамт явах гээд найзуудаа явуулаад үлдсэн юм. Тэгээд Г бид хоёр найзуудынхаа араас Багануур дүүрэгт ирсэн. Багануур дүүрэг таксинд суугаад шөнө ирсэн. Манай найзууд Багануур дүүргээс зүүн урагш Хэрлэн голын эрэгт ирчихсэн байсан. Г  бид хоёрыг очиход манай найзууд загас бариад хоол хийгээд байж байсан. Тэгээд унтаж амарсан. Маргааш өглөө нь буюу 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр тэндээ амрая гэж ярилцсан. Г  за тэгье гэсэн. Г  гэнэт явлаа гэсэн. Би тэгэхээр нь хүний газар ирчихээд унаагүй яаж явах гээд байгаа юм. Тэгээд өөрсдийн унаагүй юм чинь гэж Г-д хэлсэн.  Тэгсэн Г  би явмаар байна гээд намайг мөрлөсөн. Би тэгэхээр нь чи одоо яасан сонин юм гээд мөр лүү нь цохисон. Тэгсэн Г  над руу дайрч маажсан, үснээс татсан. Тэгээд бид хоёр зодолдсон. Г миний үснээс татаад зулгаагаад тавихгүй байсан. Би Г-г дийлэхгүй байсан. Тэгээд Г-ийн чихнээс нь тавиулах гээд хазсан. Тэгсэн Г-ийн чихнээс цус гараад эхэлсэн. Тэгээд бид хоёр уйлж хэсэг суусан. Г хот явлаа гээд явсан. Тэгээд Багануурт очоод цагдаад дуудлага өгсөн юм байна лээ. Г-ийн чихний үзүүр тасарсан байсан... Г  бид хоёр архи уусан байсан. Гэхдээ бага хэмжээтэй байсан. 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өглөө босоод 750 грамтай архи нэг шил архи хувааж уусан байсан. Тэгээд Г бид хоёр маргалдсан... Г бид хоёртой Хүрэлээ, Билгүүнээ, Болор-Эрдэнэ нар байсан... Г бид хоёр хоорондоо зодолдсон... Миний нүүр, хөх орчим маажсан одоо сорив үлдсэн... Би анх Г-г гэмтлийн эмнэлэгт үзүүлсэн. Эм тариаг нь авч өгсөн. Мөн соривны үнэтэй тос авч өгсөн. Г-г ирж мэдүүлэг өгөх зардлыг бас гаргасан... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33-36 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгчийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.Г-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь шүүгдэгчид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй /хх-ийн 18 тал/ гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг нь харгалзан үзэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-г 600  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох  ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар Д.Б-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц сард 100.000 төгрөг төлөхөөр буюу 6 сарын дотор төлж дуусгахыг даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Д.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг  дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Б-д авсан хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ                                   Д.ГАНЗОРИГ