Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 20

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 180/2020/0029/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд хийсэн хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                    Г.Отгонзаяа,

Улсын яллагч                                                 Б.Бямбасүрэн,

Хохирогч                                                            Д.М,

Шүүгдэгч                                                         Д.Ц  нарыг оролцуулан

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Бямбасүрэнгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Ц-т холбогдох 203900.........дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Д.Ц

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч  Д.Ц нь 2019 оны 12 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Хэрлэн сумын  5 дугаар баг Саригийн 18А дугаар гудамжны 2 тоотод өөрийн төрсөн ах Д.М-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүнийг газар унагааж нүүр лүү нь хөлөөрөө өшиглөж  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч  Д.Ц нь 2019 оны 12 дугаар сарын 18-ны шөнө согтуугаар Хэнтий аймгийн Хэрлэн сумын  5 дугаар баг Саригийн 18А дугаар гудамжны 2 тоотод өөрийн төрсөн ах Д.М-тай маргалдаж нүүр лүү нь өшиглөж  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

1. Хохирогч Д.М-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би өчигдөр буюу 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 20 цагийн үед гэртээ 0.5 граммын ерөөл архи ганцаараа уусан юм. Тэгээд архи уучихаад 21 цагийн үед дүү Ц-ынхаар очсон чинь гэрт нь хоёр хүүхэд байхаар нь тэднийхээсээ гараад хойшоо Саригт байдаг ээж Цагаанбүүвэйгийнх рүү очсон. Намайг очиход манай ээж хөдөөнөөс ирсэн гээд архи уучихсан гэртээ байж байсан. Тэгээд ээжийнд сууж байхад манай дүү Ц ээжийнд ирснээ үгийн зөрөө байхгүй гөлөг минь гээд над руу дайрч намайг барьж аваад зодсон. Тэгээд бид хоёр зууралдаад ээжийнхээс гарахад мөн ээжийн гэрийн гадаа намайг цохиж зодсон. Тэр үед миний толгой хагарчихсан цус гарч байсан. Тэгээд түргэний машин ирж намайг эмнэлэг рүү авч яваад оёдол тавьсан. ... Мэдэхгүй ээжийнд сууж байхад л орж ирээд над руу дайрч намайг зодсон.  ... Миний төрсөн дүү байгаа юм. ... Мэдэхгүй унчихсан байхад толгой руу өшиглөсөн байх. ... Миний толгой өвдөж байна. Мөн толгойдоо нилээн хэдэн оёдол тавиулсан. ... Би одоо хэндээ ч гомдохов дээ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9-10 тал/

                

2. Гэрчээр Д.Ц-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Өчигдөр манай байгууллагын шинэ жилийн арга хэмжээ болсон юм. Тэгээд манай байгууллагын арга хэмжээ шөнийн 00 цагийн үед тарсан юм. Тэгээд гэртээ ирээд байж байхад манай ээж над руу утасдаад  “ах чинь согтуу ирчихээд хаалга үүд өшигчөөд байна”  гэхээр нь би гэрээсээ гараад ээжийнх рүү очсон. Тэгээд гэрээс гараад ээжийнх рүү явах замдаа салхинд цохиулаад нилээн согтчихсон байна лээ. Нэг мэдсэн ээжийнд ирчихсэн ахтай ээжийн гэрийн гадаа зодолдож байсан. Тэгсэн нэг мэдсэн цагдаа энэ тэр ирчихсэн байх шиг байсан. ... М  ч согтуу, би ч согтуу, ээж мөн согтуу бид гурав гурвуулаа согтуу байсан. Ер нь бол намайг ажил төрөлтэй үед манай ах М согтуу ирчихээд манай болон ээжийн амгалан тайван байдлыг алдагдуулаад ойр хавийнхаа хүнийг зүгээр байлгадаггүй юм. Тэгээд өчигдөр мөн согтуу ээжийнд ирчихээд ээжтэй маргалдахаар нь би өмөөрөөд маргалдаж муудсан байх. Тэрнээс бол зүгээр байж байгаад юунд зодолдохов. ... Энэ оны наадмаар мөн М-тай маргалдаж муудсан. Намайг гэртээ амарч байхад мөн М ирээд намайг өдөж байгаад маргалдаж муудсан. Тэр үед би торгуулсан. ... Миний биед гэмтэл учраагүй... “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-13 тал/

 

3. Гэрч Б.Цагаанбүүвэйгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр манай Сүхбаатар аймгийн хоёр таньдаг хүн манайд ирээд бид гурав манайхаас гараад Булагт нэг айлд очиж ганц нэг шил архи хувааж уусан. Тэгээд 18 цагийн үед манай хоёр найз намайг Саригт байдаг хүү Ц-ын гэрийн гадаа буулгасан. Тэгээд би хүүгийнхээрээ ороход хүү маань байхгүй эхнэр нь хүүхдүүдтэйгээ гэртээ байсан. Тэгээд би тэндээсээ шууд гэр лүүгээ харьсан. Тэгээд гэртээ ирээд хажуу айл руугаа ороход манай том хүү М манай хажуу айлын Мөнхбатын гэрт нь нилээн халамцуу сууж байхаар нь би нээх олон юм ярилгүй гараад явсан. Тэгээд гэртээ орж ирээд гал түлэх гээд сууж байхад гэнэт л гадаа М-ын дуу нь хадаад, чимээ гарах шиг болохоор нь би гэрээс гараад харахад манай бага хүү Ц ирчихсэн М-гаа газар унагаагаад зодож байсан. Би тухайн үед нилээн согтуу байсан болохоор яагаад тэр хоёрыг зодолдсон талаар нь мэдэхгүй байгаа. Манай бага хүү Ц хэзээ нь хаанаас ирээд ах М-гаа зодолдсоныг мэдэхгүй байна. Тэгээд дараа нь эмнэлгийн машин ирээд М-ыг эмнэлэг аваад явсан. ... Би тухайн үед яг юунаас болж маргалдсаныг нь бол мэдэхгүй байна. М нь ер нь архи уучихаараа их агсан зантай. Манай бага хүү бол тайван. Ийм ээ тийм ээ зан байхгүй. М архи уучихаараа дүүгээ өдөөд өөрөө зодуулдаг юм. Миний бодож байгаагаар М нь өдөр архи ууж яваад дүүгийнхээ гэрээр очоод хаалга үүдийг нь эвдсэн сурагтай байсан. Тэгээд дүү нь уурлаад ах дээрээ ирж зодолдсон байх. Тэгэхээс бол миний бага хүү Ц зүгээр хүн зодох хүн биш. М нь архи уучихаараа өөрөөсөө болдог юм... “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 14 тал/

 

4. Хэнтий аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн №19 дугаартай:

     1. Д.М-ын биед духны баруун дээд хэсэгт, баруун хөмсөгний дээд хэсэгт язарсан шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.  Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй.

5. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...“ гэсэн дүгнэлт /хх-ийн 17 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгч Д.Ц-ын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.М-ын биед хөнгөн хохирол учирсан ба хохирогч нь шүүх хуралдаанд “... гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэж мэдүүлсэн тул шүүгдэгч Д.Ц-ыг хохирогч Д.М-д төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч  Д.Ц-г  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ц-ыг 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ц-т оногдуулсан 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг Хэнтий аймгийн Цагдаагийн газарт өдөрт 4 цагаас дээшгүй хугацаагаар нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэж эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ц-т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Ц-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

         

 

 

ДАРГАЛАГЧ                                       Д.ГАНЗОРИГ