| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бавуугийн Гансүх |
| Хэргийн индекс | 177/2019/0182/э |
| Дугаар | 185 |
| Огноо | 2019-12-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Энхтуул |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 185
Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гансүх даргалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Алтанлхам,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуул,
Хохирогч: Ц.Б,
Хохирогчийн өмгөөлөгч: Д.Д,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Улсын өмгөөлөгч М.М,
Шүүгдэгч: Б.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Б-гийн А-т холбогдох 1935000000186 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1990 оны 2 дугаар сарын 27-ны өдөр Увс аймгийн Наранбулаг суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, хөдөө мал малладаг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Увс аймгийн Наранбулаг сумын 4-р багт оршин суух, урьд Увс аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 43 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99.1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүлж байсан, Т овогт Б-гийн А /РД:.............. /.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/:
Шүүгдэгч Б.А нь Увс аймгийн Наранбулаг сумын 4 дүгээр багийн нутагт 2019 оны 10 дугаар сарын 06-ны өглөө хохирогч Ц.Б-ийг мөнгө өгсөнгүй гэх шалтгааны улмаас зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
1. Шүүгдэгч Б.А-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Б.А нь Увс аймгийн Наранбулаг сумын 4 дүгээр багийн нутагт 2019 оны 10 дугаар сарын 06-ны өглөө хохирогч Ц.Б-ийг зодсон болох нь
Хохирогч Ц.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би Б.А-аас 2019 оны 8 дугаар сарын сүүлээр 43 тооны хонь буюу 12 тооны 2 настай төлөгийг 100.000 төгрөгөөр, 31 тооны эх хонийг 110.000 төгрөгөөр худалдан авахаар болж ярьж тохиролцоод малаа авахаасаа өмнө А-т 2.000.000 төгрөг урьдчилаад өгөөд А надад өгөх малаа Э гэх айлд тууж хүргэж өгөхөөр тохиролцсон юм. А-ын Э-д тууж хүргэсэн малыг ямар мал байсныг нүдээр хараагүй юм. Дараа нь Э-ээс А-ын өгсөн малыг ачиж авч аймгийн төв орж худалдахаар очтол А анх тохиролцсон 43 тооны хонинд 12 тооны 2 настай төлөг ёстой байтал 16 тооны төлөг, үлдэгдэл нь эх хонь өгсөн байсан. Энэ байдлыг мэдээд би А руу утсаар ярьж "чиний өгсөн мал чинь анх тохиролцсон 12 төлөг биш 16 төлөг ирсэн байна, чамд өгөх малын үнийн дүнд зөрүү гараад байна, чи хүрээд ир хамт малаа заръя чиний мал зүсээрээ, имээрээ байна" гэдгийг хэлсэн чинь А "эхэндээ би тохиролцсон ёсоороо малаа өгсөн, зөрүүтэй мал байхгүй" гээд байхаар нь би "тэгвэл малыг чинь буцааж хүргэж өгнө" гэж хэлсэн чинь А "та аргалаад зарчих, тэгээд зарсан мөнгөө надад өгчих, хоорондоо учраа олж тохиръё" гэхээр нь би өөрөө 27 тооны малыг нь зарсан, үлдэгдэл 16 тооны хонийг нь өөрийн дүү Боор заруулсан. А-ын малыг 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл 10 хоногийн хугацаанд зарсан ба уг хугацаанд малын зах зээлийн ханш унасан. Мөн Аын малын чанар Атай анх тохиролцсон төлөг 100.000 төгрөг, эх хонь 110.000 төгрөг гэсэн үнэлгээнд хүрэхээр хэмжээний мал биш байсан тул өөрөө зарсан 27 тооны хонийг Атай тохиролцсон үнээр, Боор заруулсан 16 хонийг бүгдийг нь 90.000 төгрөгөөр зарж борлуулан Ат нийтдээ 3.950.000 төгрөг өгч, үлдэгдэл 300.000 гаруй төгрөг дараа өгөхөөр болсон. Би тэгээд Ат үлдэгдэл мөнгийг таархаараа өгьё гэж бодож яваад тааралдахгүй явсаар би 2019 оны 10 дугаар сарын 06-нд Наранбулаг сумын Улаан-Үзүүр багт мал цуглуулах ажлаар Б гэх айлд очиж хоносон. Б-гийн гэрийн хажууд А-ынх байсан ба орой гэрт нь орж Атай уулзаж мал зарсан үлдэгдэл мөнгөний учраа ольё гэж бодоод байж байтал А гэрээсээ яваад ирэхгүй удсан тул тэр орой А-тай уулзаж чадаагүй. Өглөө 07 цаг өнгөрч байхад Аын эхнэр нь Бгийн гэрт орж ирхээр нь би "таны малын тооцоог хийнэ, энэ айлд малаа цуглуулж дуусчаад 3 хоногийн дараа үлдэгдэл тооцоог хийнэ" гэдгээ хэлж ойлгуулсан. Б бид 2 цай ундаа уучихаад малаа цуглуулахаар машинтай Б, А-ын гэрээс 500 метрийн зайтай газарт явж байтал араас А мотоцикльтэй гүйцэн ирж машины хажуугаар зам хөндлөн хааж урд гарч зогссон. Би А-ыг зөрөөд зогстол А ирээд миний дээлний захнаас заамдаж татаж машинаас буулгаад "чи яахаараа тооцоо хийдэггүй хүн бэ, чамайг ална" гээд байхаар нь би "2-лаа учраа ольё, хоорондоо ярилцая" гэж хэлэхийн хооронд миний толгой руу болон нүдний хэсэг рүү цохьсон. Тэр үед Б машинаас буугаад бид 2-ын хажууд ирсэн чинь А Б руу цохих гээд дайрах шиг болсон чинь Б өөрийгөө хамгаалаад, А-аас зайгаа аваад холдсон чинь А дахиад над руу дайрч миний толгой руу цохиж зодсон. Тэр үед миний хамарнаас цус гарч эхэлсэн. Би хамарнаас гарсан цусаа дээлээрээ арчаад машиндаа сууж машинаа асааж зугатаагаад Ааас холдож зогсоод А-ыг хаашаа явахыг нь харж байтал А гэр рүү явчихаар нь би шууд аймгийн төв рүү орьё гэж бодоод явж байтал А дахин миний араас мотоцикльтой гүйцэж ирэхээр нь би зогсохгүй шууд зугатаагаад явсан. Би Б.А-т зодуулсаны улмаас эрүүл мэндийн байгууллагад үзүүлж эм тариа хийлгүүлж эмчлүүлэхэд 380.000 төгрөгийн хохирол, Тариалан суманд очиж бариачид бариулахад 50.000 төгрөгний хохирол, эрүүл мэндийн байгууллагад үзүүлж, эм тариа авах, эмчлүүлхэд нийт 430.000 төгрөгний хохирол учирсан. Мөн Б.А-т зодуулахаас өмнө би эхнэрийн хамт Наранбулаг суманд нядалгааны мал худалдан авах ажил хийж байсан. Зодуулснаас болж уг мал худалдан авах ажил 15 хоног тасалдсан, тухайн үед цуглуулж байсан малаа харуулхаар өдрийн 35.000 төгрөгөөр 2 хүн хөлслөн авсан. Уг зардалд 1.050.000 төгрөгний хохирол учирсан. Би өөрсдийн эрх ашгаа хамгаалхаар өмгөөлөгч 320.000 төгрөгөөр авсан. Эрүүл мэндийн байгууллагад үзүүлэх ажлаар гэр, эмнэлэг 2-ын хооронд явахад 100.000 төгрөгний таксигаар үйлчлүүлсэн. Ингээд Б.А-т зодуулсаны улмаас надад 1.900.000 төгрөгний хохирол учирсан ба уг хохиролын 1.900.000 төгрөгийг Б.А-ыг гаргаж өгхийг шаардаж байгаа юм. Хэрвээ би Б.А-аар зодуулаагүй байсан бол мал авах ажлаа өөрсдөө хэвийн хийх байсан ба эрүүл мэндийн байгууллагад үзүүлж, эмчлүүлсэн 15 хоногийн хугацаанд би худалдаж авсан малаа эргэлтэнд оруулсан бол хамгийн багадаа 5 сая төгрөгийн ашиг олох байсан юм. Энэ 5 сая төгрөгийн ашгийг хохиролд тооцож оруулахгүй байгаа ба Б.А-ыг ойлгоосоо гэж бодож байгаа юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8, 9-10-р тал/,
Гэрч И.Ж /Б/-ын мөрдөн байцаалтад өгсөн: “Ц.Б нь мах авдаг ченж хийдэг. 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 21-22 цагийн үед Ц.Б худалдааны хэдэн мал авна гэж ирэхээр нь авч ирсэн малд нь тэмдэг тавиад гэрт орсон. Бид хэд хоол идчээд унтаж амарсан. Маргааш өглөө нь босоод цай унд уугаад байж байтал Аын эхнэр орж ирсэн. Бтэй малын мөнгөний талаар ярьж чанга чанга дугараад эхэлхээр нь От манай гэрт битгий хэл ам хийтэн гэж хэлсэн чинь гэр рүүгээ явсан. Б бид хоёр цайгаа ууж дуусаад урд айлаас мал авахаар машинтай ойролцоогоор 500-аад метр явж байтал А мотоцикльтэй бид хоёрын араас гүйцэж ирээд машин зогсоосон. Тэгтэл А шууд Б-ийн дээлний захнаас заамдаж бариад муу хулгайч луйварчин миний хонь идлээ гээд уурлаж маргалдаж эхэлсэн. Би хажуунаас нь А-т чи боль эв зүйгээ ол гэсэн чинь баян луйварчинг зугуйдаж яах гэсий гэсэн зүйл надад хэлсэн. Тэгээд Б машинаас буусан. Тэд үед А уурлаж Б-ийн нүүр рүү цохьсон. Би машинаас буугаад тэр хоёрыг салгах гэтэл А над руу цохих гээд ална шүү гэхээр нь би өөрийгөө хамгаалаад зайгаа аваад зогссон. Тэр үед А-ын эхнэр нялх хүүхэдтэйгээ бид нарын хажууд ирэхээр нь би нялх хүүхдийг аваад гэр рүү явсан. Үлдсэн хүмүүс намайг явсаны дараа яасныг мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 11-13-р тал/,
Гэрч М.О-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “Манайх 2019 оны 08 дугаар сард Б гэх мал, махны ченжид 43 тооны буюу 30 эх хонь, 13 төлөг зарсан ба бидэнд одоогийн байдлаар 3,950,000 төгрөг өгсөн ба нөхөр бид 2-ын тооцоогоор үлдэгдэл 800,000 төгрөг байгаа юм. Гэтэл Б 800,000 төгрөг өгөх ёсгүй гээд нөхөр бид 2-той маргалдаж байсан юм. 2019 оны 10 дугаар сарын 05-ны орой манай хажууд байх авга ах Б-д нөгөө ченж Б ирж хоносон. Тэр орой нөхөр А маань хувийн ажлаар айлруу яваад маргааш нь өглөө нь 06-07 цагийн хооронд гэртээ ирсэн. Тэгээд намайг Б-гийн ороод Б-тэй уулзаад "малынхаа үлдэгдэл мөнгийг асуугаад ир" гэхээр нь би ах Бгийн орж Бтэй уулзсан чинь "чамд хамаа байхгүй, нөхөртэй чинь ярьна, малны нас зөрүүтэй байсан үнэнийг нь олж байж мөнгийг чинь дараа болоё" гэж хэлсэн. Бийн хэлсэн яриаг гэрт орж нөхөртөө "малны шүд дарж хэлж өгсөн үнэнийг олж байж чамд мөнгийг өгөх юм шиг байна" гэдгийг нь хэлсэн чинь нөхөр маань өөрөө Бтэй уулзна гээд 08 цагийн үед гэрээс гартал Б машинаа асаагаад хөдпөж байхаар нь А араас нь мотоциклиороо уулзах гээд явсан. Би тэд нарын араас байгаа газарт 8 сартай хүүхдээ тэврээд яваад очтол А, Б 2 хоорондоо маргалдаад. энэ 2-ын хажууд Б хараад зогсож байсан. А, Б 2 хоорондоо маргапдаж байтал Б эхлээд Аын эрүүний хэсэгрүү 1 удаа цохих шиг болтол А буцаагаад Б нүүр, толгойны хэсэгрүү цохиж зодсон чинь Бийн хамарнаас цус гарсан. Тэр үед ах Б Аыг хувцаснаас татаж Б-ээс холдуулчаад надаас миний хүүхдийг аваад гэрлүүгээ явсан. Харин Б нүүрээ дээлээр ороож өөрийгөө хамгаалсан байдалтай сууж байгаад машиндаа орж суугаад хамарныхаа цусыг арчиж тогтоочоод Ат "танайд очиж ярилцаж учраа олоё" гэж хэлсэн чинь А мотоциклиороо гэрлүү явсан Б бас машинаараа манай гэрлүү чиглэж яваад ах Бгийн гадна зогссон. Би ч бас гэрлүүгээ алхаад очиж байтал Аыг гэрлүү орсон чинь Б машинаа асаагаад зугатаагаад явсан..” гэх мэдүүлэг /хх-ийн 14-р тал/,
Гэрч Ү.Э-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “2019 оны 8 дугаар сард найз Бийн мал манайд цугларч байхад А 43 тооны хонь Б-ийн цуглуулж байсан малд авч ирж нийлүүлсэн. Тухайн үед 43 тооны малаа Б-д худалдсан байсан. А-ын хонь 43 байсан ба ирсэн даруйд цагаан өнгийн будгаар тэмдэг тавьж малд нийлүүлсэн. Малын насыг шүдэлж үзээгүй. гэх мэдүүлэг /хх-ийн 15-16-р тал/,
Шүүгдэгч Б.А-ын мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Би Увс аймгийн Наранбулаг сумын Улаан-Үзүүр багт цөөхөн тооны мал маллан эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг. 2019 оны 8 дугаар сард /өдрийг сайн санахгүй байна/ нэг өдөр гэртээ байж байтал Ц.Б гэх мал, махны ченж "мал авна" гээд явж байхдаа манайд ирсэн. Тухайн үед Ц.Б-д 43 тооны хонь худалдхаар болж эх хонь 115,000 төгрөг, төлөг 100,000 төгрөгөөр өгч, авалцхаар ярилцсан ба Ц.Б мал авахаасаа өмнө надад урьдчилгаа 2.000.000 төгрөг өгсөн. Би Ц.Бд худалдах мал буюу 30 тооны эх хонь, 13 тооны төлөгийг Э гэх хүнд хүргэж өгсөн. Учир нь тухайн үед Э ченж Ц.Б-ийн малыг өөр дээрээ цуглуулж байсан ба энэ үед Ц.Б надад нэмж 1.000.000 төгрөг өгсөн. Үүнээс хойш 2019 оны 9 дүгээр сарын сүүлээр Ц.Б надад дахин малын үнэ гэж 950.000 төгрөг өгсөн ба надад нийтдээ 3.950.000 төгрөг өгч, 800.000 гаруй төгрөг үлдсэн гэж би тооцсон. Гэтэл Ц.Б болохоор "надад 800.000 төгрөг өгөхгүй, чи бид 2-ын хооронд өр төлбөр дууссан" гэсэн зүйл утсаар ярьж хэлж бид 2 маргалдаж эхэлсэн юм. Тэгж байтал 2019 оны 10 дугаар сарын 05-нд Ц.Б манайтай айл байгаа ах Б-гийнд худалдааны мал ачиж ирэхээр нь би малд нь тэмдэг тавилцаж тусалчаад гэр рүүгээ орсон. Миний араас Ц.Б-ийг манайд ирж малны мөнгөний учрыг олох байх гэж бодсон чинь манайд орж ирэхгүй болохоор нь би хувийн ажлаар айлд очиж хоноод маргааш нь өглөө 05 цагийн үед гэртээ ирсэн. Өглөө нь Ц.Б бас л манайд орж ирэхгүй болохоор нь би эхнэрээ ах Бгийн гэр рүү оруулж Ц.Б-тэй уулзуулж малны мөнгөө асуулгасан чинь эхнэрт "чамд хамаа байхгүй, нөхөртэй чинь уулзаж учраа олно" гэж хэлүүлсэн байсан. Тэхээр нь би өөрөө очиж уулзая гэж бодоод гэрээс гарсан чинь Б, Б 2 машинд суугаад явах гэж байхаар "байж байтан" гэж хэлээд гараа өргөсөн чинь намайг тоосон шинжгүй шууд явахаар нь миний уур хүрч мотоциклиороо тэр 2-ын араас хөөж гэрээс холгүйхэн явж байхад очиж машины урдуур нь хөндлөн хашаж зогсоогоод Ц.Б-ээс "мөнгөө авмаар байна ш дээ" гэсэн чинь "чи бид 2-т асуудал байгаа" гэхээр нь би "асуудал гээд байх юм байхгүй" гэж хэлж уурлаад машинаасаа буугаад ир" гэсэн чинь Б бууж ирэхгүй болохоор нь хажууд байсан ах Бруу уурлаад "та 2 зогс гээд гараа өргөж байхад яагаад зогсдоггүй юм бэ гээд хэлээд байж байтал Б машинаас бууж ирээд "чи бид 2-ын асуудал Б-д хамаагүй" гэхээр нь би Бийг цааш нь бай гээд түлхээд холдуулсан чинь буцаж эргээд миний хувцаснаас заамдаж барихаар нь би бас зөрүүлээд Бийн дээлний захаар нь заамдаж бариад хоолойг нь боож байсан чинь Б гараараа миний эрүү, шанааны хэсэг рүү 1 удаа цохьсон. Үүнд нь миний уур бүүр их хүрсэн тул Бийг гараараа цохиж зодсон. Тэр үед миний эхнэр бид нарын хажууд ирсэн байсан ба эхнэр болон Б 2 намайг Б-ээс холдуулхаар нь би газраас чулуу аваад дайрах гэтэл нөгөө 2 надаас чулууг салгаж авсан. Тэгээд Бийг хартал хамарнаас цус гарсан тогтоогоод байж байсан. Би Бийн нүүр, толгой руу цохисноос болж хамарнаас нь цус гарсан байсан. Б хамарнаас гарсан цусаа тогтоогоод байж байснаа машиндаа сууж машинаа асаагаад зугатаагаад явхаар нь би араас нь мотоциклиор хөөж очиж зогсоох гэсэн боловч чадаагүй тул буцаж гэртээ ирсэн.” гэх мэдүүлгүүдээр нотлогдож тогтоогдсон байна.
Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 691 дугаартай шинжээчийн “Ц.Б-н биед тухайн үед гэмтэл үүссэн байна. Тархины доргилт, баруун нүдний эвэрлэгт цус харвалттай, баруун нүдний зовхинд цус хуралт, няцралт зэрэг гэмтлүүд учирсан байна. Дээрх гэмтэл нь гадны мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тогтоолд заасан болон хэргийн цаг хугацаанд үүссэн байхыг үгүйсгэхгүй. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Ц.Б-ийн биед урьд бэртэл гэмтэл байхгүй. Дээрхи гэмтэл нь эрүүл мэнд хөдөлмөрийн чадварыг түр хугацаанд сарниулах гэмтэл болно” гэх дүгнэлт /хх-ийн 22-р тал/-ээр хохирогч Ц.Б-ийн биед учирсан гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь тогтоогдсон байна.
Шүүгдэгч Б.А энэ үйлдлийг хийх зайлшгүй /гарцаагүй байдал, аргагүй хамгаалалт гэх мэт/ шаардлага бий болоогүй байхад өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдэж толгой, нүд орчим цохиж хохирогчийн биед гэмтэл учруулж болохыг ухамсарлаж, зориуд цохиж байгаа санаатай үйлдэл бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирогч Ц.Бийн биед гэмтэл учирч, хохирол, хор уршигт хүргэсэн байгаа тул түүнийг санаатайгаар энэ гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Б.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.А нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.
2. Шүүгдэгч Б.А-т эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Б.А нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.А урьд Увс аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 43 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99.1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүлж байсан нь хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 47-р тал/-аар нотлогдсон.
Шүүгдэгчийн хувийн зан байдлын талаар: Гэрч Ж.Н-гийн өгсөн: “А нь эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг. Даруу зантай, ажил хөдөлмөрт сайн, мал маллаад байж байдаг. Эхнэртэйгээ эвтэй байдаг. А нь хэл ам хэрүүл маргаан хийгээд байдаггүй. Харин гэнэт уурлахаараа биеэ барих чадвар муу, юу хийж байгаагаа бараг мэдхээргүй болдог.” гэх мэдүүлэг /хх-ийн 17-р тал/, Гэрч Ц.Б-гийн өгсөн: “Б.А-ын Б-гийн ганц залуу бөгөөд эрх талдаа өссөн хүүхэд юм. Даруу төлөв зантай, хүмүүстэй найрсаг, элгэмсэг харьцдаг, ямар нэгэн сөрөг хар буруу зан гаргаад байдаггүй, ямар ч үед инээгээл байдаг, хүн өөрийг нь загниж зэмлэж байхад урдаас инээгээл байдаг хүүхэд юм. Бага зэргийн шартай, шаралхуу зантай байж магадгүй. Б.А эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг боловч давхар ээжийгээ харж хандаж байдаг ба ээжийнхээ малтай нийлээд цөөхөн тооны шийр малтай юм. Б.А нь гэнэн томоогүй зангаасаа болж ченжид мал зарахдаа ямар нэгэн баримтгүй өгчөөд малны мөнгөө дутуу авснаас болж маргалдаж байхдаа ченжээ цохьсон юм шиг байна. Түүнээс биш Б.А ямар нэгэн шалтгаангүй хүний биед халдах ёсгүй юм. Ченж нь мал авчаад мөнгөө удааж дутуу өгснөөс болж Б.А уурлаж бухимдсан байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 18-р тал/, Гэрч Б.Ч-ийн өгсөн: “Б.А нь эхнэр О, 2 хүүхдийн хамт Увс аймгийн Наранбулаг суманд мал маллаж амьдардаг. Зан чанарын хувьд даруухан, дуу цөөнтэй, хүнтэй хэрүүл маргаан хийгээд байдаггүй боловч ууралсан үедээ хурдан түргэн зантай болчихдог. Гэрийн ажилд эхнэртээ сайн тусалдаг, хүүхдүүдээ сайн харж өсгөж хүмүүжүүлдэг. Жилийн 4 улиралд цөөхөн хэдэн малаа маллаад л байж байдаг.” гэх мэдүүлэг /хх-ийн 19-р тал/ -үүд хэрэгт авагдсан байна.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Б-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тогтоогдсон бөгөөд уг гэмтлийн эмчлүүлэхтэй холбоотойгоор хор уршиг учирсан гэж үзэх тул уг хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй.
Хохирогч Ц.Б-ийн шүүхийн хэлэлцүүлэгт “Сэтгэл санааны хохиролд нэг сая төгрөг нэхэмжлэж байна” гэх мэдүүлснийг хүлээн авах үндэслэлгүй гэж дүгнэлээ.
Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2-д “...гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөөнд шууд учирсан үр дагаварыг гэмт хэргийн хохиролд тооцно, ...хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заажээ.
Иймд шүүгдэгч Б.А-ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Б-ийн бие махбодид учирсан гэмтэл нь шууд хохиролд, түүнийг эмчлүүлэхэд гарсан бодит зардал нь гэмт хэргийн хор уршигт тооцогдоно.
Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1-д “эдийн бус гэм хорыг арилгуулахаар хохирогч шаардах эрхтэй” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5-д “шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор, уршгийг арилгахад гарах зардлыг мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно” гэж тус тус заасан.
Хохирогч Ц.Б-ийн биед учирсан “Тархины доргилт, баруун нүдний эвэрлэгт цус харвалттай, баруун нүдний зовхинд цус хуралт, няцралт” гэмтлүүд нь түүний эрүүл мэнд хөдөлмөрийн чадварыг түр хугацаанд сарниулахаас бус өөрөө бие даан амьдрах чадваргүй болох, байнга өвдөж, зовиурлах байдалд хүргэж, сэтгэл санааны хувьд хямралд оруулахаар гэмтэл биш тул хохирогчийг сэтгэл санааны хохирол хүлээсэн гэж үзэхгүй энэ нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдлыг тус тус харгалзан шүүгдэгч Б.А-т нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Б.А нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овогт Б-гийн А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-т 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найман/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулий 36.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан хохирогчийн сэтгэл санааны хохиролд нэхэмжилсэн 1.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан хохирогч энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.
5. Шүүгдэгч Б.А нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.А-т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГАНСҮХ