| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бавуугийн Гансүх |
| Хэргийн индекс | 177/2019/0193/э |
| Дугаар | 187 |
| Огноо | 2019-12-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Анхбаяр |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 13 өдөр
Дугаар 187
Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гансүх даргалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Болорзаяа,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр,
Шүүгдэгч: И.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт И-ийн Г-д холбогдох 1935004480218 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1982 оны 11 дүгээр сарын 16-нд Увс аймгийн Наранбулаг суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Увс аймгийн Наранбулаг сумын 4 дүгээр багт оршин суух Б овогт И-ийн Г / РД:............./.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/:
Шүүгдэгч И.Г нь Увс аймгийн Наранбулаг сумын 4 дүгээр багийн нутаг Бор толгой гэх газарт 2019 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хувийн таарамжгүй харилцааны улмаас иргэн Д.Бтэй маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
1. Шүүгдэгч И.Г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүгдэгч И.Г нь Увс аймгийн Наранбулаг сумын 4 дүгээр багийн нутаг Бор толгой гэх газарт 2019 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хувийн таарамжгүй харилцааны улмаас иргэн Д.Б-тэй маргалдаж зодсон болох нь
хохирогч Д.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 14 цагийн үед бог малаа харилаад явж байтал Г ирж надтай уулзсан ба бид хоёр газарт суугаад хоорондоо эвээр ярилцаж Г надад хэлэхдээ “намайг малаа өвөлжөөний газарт 3 удаа орууллаа” гэж хэлж ярилцаж байсан. Тэр үед би тамхи татах гээд мотоцикль дээрээ гараад суутал Г ямар шалтгаангүйгээр “чи хаахалзлаа” гэж хэлж байснаа Г-ыг намайг арай цохиж, зодно гэж бодоогүй байж байтал намайг зодож миний нүүрний хэсэгт хамар, ам руу гараараа цохиж, хамар луу мөргөж миний биед гэмтэл учруулсан. Дахиад цохих гээд дайрахаар нь би өөрийгөө хамгаалж Г-ын 2 гарыг бариад хөдөлгөөнийг нь хориглосон чинь Г эсэргүүцхээ больсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23-р тал/,
Шүүгдэгч И.Г-ын мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “..2019 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр гэртээ байж байтал манай малын бэлчээр болох Наранбулаг сумын 4-р багийн нутаг “Бор толгой” гэх газарт манай багийн харьяат Д.Б шийр малаа оруулж өвс идүүлж байхаар нь би уурлаад Д.Бтэй уулзахаар очсон. Тухайн үед Д.Б ганцаараа малаа хариулсан явсан ба бид хоёр эхлээд мэнд мэдээд малын бэлчээрт мал оруулж өвс идүүлсэн талаар ярилцаж би Д.Б-д “чи манай бэлчээрээс малаа гарга” гэсэн чинь Д.Б “хаана явахаа чамаар заалгахгүй” гэж хэлсэн. Үүнийг сонсоод миний уур улам их хүрч Д.Б-г мотоцикль дээр суугаад тамхи татах гэж байхад нь гараараа Д.Бгийн нүүр, амны хэсэг рүү цохьсон Д.Б өөрийгөө хамгаалаад миний хувцасны энгэр хэсгээс бариад газарт унагаад миний хөдөлгөөнийг хориглож дарж суугаад миний амны хэсэг рүү гараараа 1 удаа цохисон. Тэгээд энэ өвсөө ид гээд газраас өвс аваад миний ам руу хийсэн. Би Д.Б-гийн доороос босоод Б-гийн хувцаснаас барьж өөр лүүгээ татаад хамарны хэсэг рүү мөргөсөн чинь хамарнаас дахиад цус гарахаар нь би Д.Б-гээс зайгаа аваад 2 талд суугаад хоорондоо хэрэлдсэн. Хэсэг хугацаанд хэрэлдэж байгаад бид хоёр 2 тийш явсан. Тэгтэл маргааш нь Д.Б цагдаагийн байгууллагад гомдол гаргасан байсан. Би үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж гэм буруугаа ойлгосон тул Д.Б-гийн хохирлыг барагдуулж уучлалт гуйсан...” гэх мэдүүлгүүдээр нотлогдож тогтоогдсон байна.
Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 766 дугаартай шинжээчийн “Д.Б-н биед хамар ясны хугарал, тархи доргилт, доод уруулын дотор талд язарсан шарх, гадна талд зулгаралт үүсэж тав тогтсон, үүдэн шүдний үзүүр хэсэгт эмтэрсэн, духны хэсэгт эмзэглэлтэй зөөлөн эдийн няцралт гэмтэл учирсан байна. Дээрх гэмтэл нь гадны мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд дээрх гэмтэл өөрийнх нь хэлж байгаа тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 9-р тал/-ээр хохирогч Д.Бгийн биед учирсан гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь тогтоогдсон байна.
Шүүгдэгч И.Г энэ үйлдлийг хийх зайлшгүй /гарцаагүй байдал, аргагүй хамгаалалт гэх мэт/ шаардлага бий болоогүй байхад өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдэж шүд орчим цохиж хохирогчийн биед гэмтэл учруулж болохыг ухамсарлаж, зориуд цохиж байгаа санаатай үйлдэл бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирогч Д.Бгийн биед гэмтэл учирч, хохирол, хор уршигт хүргэсэн байгаа тул түүнийг санаатайгаар энэ гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.
Иймд шүүгдэгч И.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч И.Г нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.
2. Шүүгдэгч И.Г-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч И.Г нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч И.Г урьд нь ял шийтгүүлж байгаагүй нь хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43-р тал/-аар нотлогдсон.
Шүүгдэгчийн хувийн зан байдлын талаар: Гэрч Д.А-ын өгсөн: “Би И.Гтой баз боловч нэг нутгийн хүмүүс тул багаас нь мэднэ. И.Г даруй төлөв зантай, хүнтэй хэрэлдэж маргалдаад яваад байхыг хараагүй, хүн цохиж гэмтэл учруулсан гэхээр нь санаанд багтахгүй байгаа юм. Учир нь И.Г хүн цохих байтугай хүнд үг хэлж, хүн загниж зандарч чаддагүй сул дорой хүн байдаг. Эхнэр Уранцэцэг болон 3 хүүхдийн хамт Наранбулаг суманд цөөхөн хэдэн малаа маллаад амьдарч байгаа. Хүнээс илүү гарсан малгүй, эд хөрөнгөгүй боловч амьдрал ахуйгаа сайн сайхан авч явах гэж хичээж байгаа хүн байдаг. Анх удаа гэмт хэрэгт холбогдон цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа энэ юм. Урьд өмнө нь сөрөг муу үйл гаргаж шалгуулж байхыг үзээгүй. Энэ удаад бэлчээрийн маргаанаас болж хүний биед халдаж цохисон байна. Уг нь малчид бэлчээрийн асуудлыг хоорондоо эв зүйгээр учраа олж байвал хэн хэндээ зөв зүйл болох юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 25-р тал/, Гэрч З.У-ийн өгсөн: “...Миний хүргэн ах И.Г даруухан, аливаа зүйлийг бодож тунгааж байж хийдэг, эелдэг зөөлөн зантай хүн байдаг. И.Г нь багаасаа олог дүүтэйгээ өнчин өсөж зовлон үзсэн тул хүнд туслахыг л хичээж байдгаас биш хүнтэй хэрүүл зодоон хийж байхыг нь хараагүй юм. Гэтэл саяхан хүн цохисон хэрэгт холбогдсоныг сонсоод үнэхээр их гайхсан. Учир нь Г хүнтэй хэрүүл маргаан хийж зодолдоод байхыг урьтал болгоод байдаггүй хүн цохисон гэдгийг нь сонсоод миний инээд хүрч гайхширсан. Хэтэрхий тайван дөлгөөн хүн байдаг. Гэтэл Бтэй бэлчээрээс болж маргалдаж байгаад цохиж хэрэгт холбогдсон байна. Миний хүргэн ах амжиргааны эх үүсвэр болсон хэдэн малынхаа бэлчээрийн өвсний төлөө бусадтай маргалдаж байгаад ийм хэрэгт орсон гэж бодож байна. И.Г архи уудаггүй, тамхи татдаггүй, элдэв муу хорт зуршилгүй хүн байгаа.” гэх мэдүүлэг /хх-ийн 26-р тал/ -үүд хэрэгт авагдсан байна.
Шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт “...учруулсан хохирлыг нөхөн төлсөн” заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдлыг тус тус харгалзан шүүгдэгч И.Год 500 нэгж буюу 500’000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч И.Г нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт И-ийн Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Г-д 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч И.Г-д нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч И.Г-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГАНСҮХ