Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 23

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 180/2020/0034/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд хийсэн хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                 Г.Отгонзаяа,

Улсын яллагч                                               Ж.Батбаатар,

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                 Г.Баярсайхан,

Шүүгдэгч                                                       Г.Э нарыг оролцуулан

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батбаатараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Э-д  холбогдох 193900..... дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Г.Э

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Г.Э нь 2019 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Сэцэн хан” зоогийн газраас иргэн Д.Ч-ын “Самсунг А9” маркийн гар утсыг хулгайлж 700.000   төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Г.Э нь 2019 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Сэцэн хан” зоогийн газраас иргэн Д.Ч-ын “Самсунг А9” маркийн гар утсыг хулгайлж 700.000   төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

1. Хохирогч Д.Ч-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Цэцэнхаан төвд оршин суудаг. Өнөөдөр буюу 2019 оны 10 дугаар сарын 06-ны өдөр би зоогийн газрынхаа вип өрөөнөөс өөрийн “Самсунг А9” маркийн гар утсаа алдсан. Тэгээд зоогийн газрынхаа телекамерийг шүүхэд Хэрлэн сумын 1 дүгээр багт оршин суудаг Э хулгайлсан байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан. ... Би өөрийн гар утсаа одоогоос нэг жилийн өмнө 2.200.000 төгрөгөөр аймгийн мобикомоос худалдан авсан. ... Хар өнгийн Самсунг А9 гэдэг гар утас байсан. ... Зах зээлийн ханшаар үнэлнэ. ... Миний гар утасны маань улаан өнгийн гэр нь байхгүй байсан. Би гар утасныхаа гэрийг нь нэхэмжилж байна. Надад гомдол санал байхгүй. ... Манай зоогийн газраар байнга согтуу орж ирж хүнээс мөнгө гуйж байдаг. Архины хамааралтай хүн байгаа юм... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-20 тал/

2. Г.Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн: “... Би Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Хийдийн 7а-1 тоотод ээжийн хамтаар амьдардаг юм. Би 2019 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 14 цагийн үед өөрийн найз Мэгзэр гэх хүнтэй таарсан. Тухайн үед Мэгзэр надад хандан: “ Хөгшөөн би гэрээ дулаалах гэсэн юм. Хамт туслалцаад өгөөч ” гэж гуйхаар нь зөвшөөрөөд Хэрлэн сумын 2 дугаар баг Булгийн тоот хаягийг нь санахгүй байна. Мэгзэрийн гэрт очиж гэрийг нь дулаалцаж өгсөн. Тэгээд Мэгзэр надад 0.75 литрийн Монгол стандарт архи авч өгөхөөр нь би архийг нь аваад Хэрлэн сумын 3 дугаар баг Баянмөнхөд байдаг Зоригоо гэх хүний гэрт нь очиж Зоригоотой Мэгзэрийн авч өгсөн архийг хувааж уугаад тэндээсээ гэр лүүгээ ганцаараа харьсан. Тухайн үед би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учраас гэрийнхээ наад талд байдаг Цэцэн хан зоогийн газрын бие засах өрөө рүү бие засах санаатай орсон. Тэгээд “00” өрөөнөөс гараад хажууд нь байдаг жижиг өрөөний хаалгыг нь нээсэн чинь дотроо хүнгүй ширээн дээр ундаа, ус байхаар нь нэг ундааг нь авах санаатай ороод нэг ундааг нь аваад хажууд нь ширээн дээр байсан улаан өнгийн гэртэй, мэдрэгчтэй том утсыг аваад Цэцэн хан төвөөс гараад гэртээ харьсан. Тэгээд гэртээ ирээд хулгайлж авсан улаан өнгийн гэртэй мэдрэгчтэй том утсыг орныхоо ширдгэн доор нууж орхиод эргээд Хэрлэн сумын 3 дугаар багт байдаг Нас тогтох бүжиг рүү очоод тэндээсээ цагдаад баригдаад цагдаа дээр ирэхэд Ч лам ирчихсэн надад хандан: “ чи миний гар утсыг хулгайлсан уу?  Зоогийн газрын камерт бичигдсэн байна “ гэж хэлсэн. Тэгэхээр нь би: “ Тийм ээ. Би авсан. Гар утас чинь манай гэрт байгаа ” гэж хэлээд цагдаагийн ажилчидтай гэртээ очиж гар утсыг нь гаргаж өгсөн. ... Би цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаагаа мэдэж байсан. 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр манай төрсөн дүү Улаанбаатар хотоос над руу залгаад “ Хүүхэд харах хүн байхгүй байна. Хэд хоног хүүхэд хараад өгчих ” гэж гуйхаар нь би тэр өдөртөө таксинд суугаад Улаанбаатар хот руу явсан юм. ... Би тухайн үед архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учраас зоогийн газрын ширээн дээр байсан гар утсыг хулгайлсан юм. ... Тийм ээ. Би хүлээн зөвшөөрч байна... “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 21 тал/

3. Гэрч Ц.Гомбожагдагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Хүү маань зан байдлын хувьд төлөв даруухан. Ажилд сайн. Гэр орны ажлыг сайн хийдэг. Хүнтэй хэрэлдэж муудалцдаггүй. Сайн хүү байгаа юм. Хааяа жаахан архи уудаг. Архи уухаараа агсан согтуу тавьдаггүй. Зүгээр л унтаад өгдөг. Миний үгэнд их ордог хүү байгаа юм. Одоогоор хүү бид хоёр Хэрлэн сумын 2 дугаар баг Хийдийн 7а-1 тоотод амьдарч байна. ... Хүү маань согтуу явж байгаад хүний гар утас хулгайлсан гэсэн. ... Хүү маань архи уудаг. ... Хүү маань Улаанбаатар хотод дүүгийнхээ хүүхдийг харж байгаад ирсэн... “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23 тал/  

4. Гэрч А.Мэгзэрийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Булаг 16-13 тоотод эхнэр, хүүхдүүдийн хамтаар амьдардаг юм. 2019 оны 10 дугаар сарын 06-ны өдөр өөрийн найз Г.Э-тэй таараад “ Хөгшөөн хүйтэн болж байна. Манай гэрийг хамт дулаалцаад өгөөч ” гэж хэлсэн. Тэгээд Э зөвшөөрөөд бид хоёр манай гэр лүү очиж гэрийг маань дулаалцсан. Тэгээд би Э-д дэлгүүрээс 0.75 литрийн Монгол стандарт архи авч өгсөн. Тухайн үед би ажилтай байсан учир архинаас уугаагүй. Э миний авч өгсөн архийг аваад явсан. Ийм асуудал болсон. ... “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 24 тал/

5. Хөрөнгийн үнэлгээний Фэйр Валуэшн ХХК-ны 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн №284 дугаартай: “... Д.Ч-н нь /СЭ68041670/ Хэнтий аймгийн 1 дүгээр баг Цэцэнхаан зоогийн газраасаа алдсан самсунг А9 загварын гар утасны зах зээлийн үнэлгээг 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр тогтоов... “ гэсэн дүгнэлт /хх-ийн 26 тал/

6. Яллагдагчаар Г.Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Хийдийн 7А-1 тоотод ээжийн хамтаар амьдардаг юм. Би 2019 оны 10 дугаар сарын 06-ны өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээд согтуу гэр лүүгээ харьж явахдаа гэрийнхээ наад талд байдаг “Сэцэн хан” зоогийн газар луу бие засах санаатай орсон. Тэгээд орж бие засчихаад “00” –ын өрөөнөөс гараад хажууд нь байдаг жижиг өрөөний хаалгыг нь нээсэн чинь дотроо хүнгүй ширээн дээр ундаа ус байхаар нь согтуу байсан учраас нэг ундааг нь авах санаатай ороод задалсан тал жижиг ундааг нь аваад хажууд нь ширээн дээр байсан улаан өнгийн гэртэй, том мэдрэгчтэй утсыг аваад “Сэцэн хан” төвөөс гараад гэртээ харьсан. Ийм л асуудал болсон. ... Сүүлд сонсоход “Сэцэн хан” зоогийн газрын захирал Ч гэх хүний утас байсан. ... Би тухайн үед архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учраас ширээн дээр байсан гар утсыг аваад гарчихсан юм. ... Би мэдэхгүй. ... Улаан өнгийн гэртэй, том мэдрэгчтэй гар утас байсан. ... Би цагдаад баригдаад дээрх гар утсыг эзэнд нь эргүүлж өгсөн. ... Тийм ээ. Би хүлээн зөвшөөрч байна. ... Тийм ээ. Би барагдуулсан. ... Би архины халуунд бусдын гар утсыг хулгайлсандаа гэмшиж гэм буруугаа ойлгож байна.... “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-32 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгч Г.Э-ийн бусдын эд хөрөнгийг хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1  дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.Ч-т 700.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч нь шүүгдэгчид гомдол саналгүй /хх-ийн 19 тал/ гэсэн мэдүүлгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн, хулгайд алдсан гар утсаа буцааж авсан болох нь эд зүйл хүлээлгэж өгсөн тэмдэглэл /хх-ийн 16 тал/-ээр тогтоогдож байгаа бөгөөд  шүүх хурлын тов мэдэгдэж дуудахад “... нэхэмжлэх зүйлгүй... ” гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.  

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа бусдад төлөх хохирол төлбөргүй байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 

 

1. Шүүгдэгч  Г.Э-г  бусдын эд хөрөнгийг хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э-ийг 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Г.Э-д оногдуулсан 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг Хэнтий аймгийн Цагдаагийн газарт өдөрт дөрвөөс дээшгүй цагаар, нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэж эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э-д оногдуулсан 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй ба түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                           Д.ГАНЗОРИГ