Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 189

 

 

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гансүх даргалан,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Алтанлхам,

            Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуул,

            Шүүгдэгч: Х.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Х-гийн Б-т холбогдох 1935004490221 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1991 оны 5 дугаар сарын 23-нд Увс аймгийн Тариалан суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн  хамт Увс аймгийн Тариалан сумын 5-р багийн 7-21 тоотод оршин суух, урьд өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй, төрөөс авсан гавъяа шагналгүй Х овогт Х-гийн Б / РД:............../.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/:

             Шүүгдэгч Х.Б нь 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Увс аймгийн Тариалан сумын нутаг байрлах ахлах сургуулийн урд талаас хохирогч Б.Б-гийн эзэмшлийн мустанг-150 загварын 70-92 УВЗ улсын дугаартай мотоциклыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 585.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгч Х.Б бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

            2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Увс аймгийн Тариалан сумын нутаг байрлах ахлах сургуулийн урд талаас хохирогч Б.Б-гийн эзэмшлийн мустанг-150 загварын 70-92 УВЗ улсын дугаартай мотоцикл алдагдасан үйл баримт тогтоогдсон байна.

1. Хохирогч Б.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр гэрээсээ өөрийн 70-92 УБЗ улсын дугаартай улбар шар өнгийн мотоциклтой өөрийн ажил болох дээр 15 цаг 30 минутад ирээд явган хүний зам буюу сургуулийн хашааны урд талд уг мотоциклыг тавьчихаад сургууль руу ороод орой 18 цаг 30 минут гээд гарч ирээд мотоциклоо авах гэтэл байхгүй байсан. Тэгээд ойр орчимд нь хайгаад олоогүй. Сүүлд сумын төвийн дугуй засвар дээр миний хулгайд алдсан мотоциклийг манай сумын Б гэх залуу унаж явсан. Уг мотоциклыг олж авахад 2 толь арын гэрэл, арын обуд, суудлын бүрээсийг сольсон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26, 27-28-р талд/,

2. Гэрч Г.А-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 9 дүгээр сарын сүүлээр байх сумын төвийн дугуй засвар дээр хүнд бичиг хүргэж очтол 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр сургуулийн гадна талаас хулгайд алдсан мустанг-150 загварын мотоциклыг манай сумын Б гэх залуу унаж ирсэн байхаар нь шууд нөхөр Б руу залгаад хулгайд алдсан мотоциклыг Б унаж явсан талаар хэлсэн. Тэгээд манай нөхөр уулзсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-р тал/,  

3. Гэрч Ц.О-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 9 дүгээр сарын 15-наас 20-ны үед байх сумын төвд байрлах өөрийн дугуй засвар дээрээ ажлаа хийж байтал 10-11  цагийн үед байх манай сумын Б улбар шар өнгийн мотоцикль унаж ирээд зогсож байтал Бгийн эхнэр нь манай дугуй засвар дээр бичиг хүргэж ирээд манай гадна байсан Бын мотоциклийг хараад манай хулгайд алдсан мотоцикль мөн байна гэсэн хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-35-р тал/,

4. Гэрч М.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 9 дүгээр сард манай нөхөр Х.Б гэгч нь хүний мотоциклийг авсан талаар мэдээгүй юм. 2019 оны 9 дүгээр сард тус аймгийн Тариалан сумын нутагт гэртээ байгаагүй бөгөөд намайг аймагт байхад нөхөр Х.Б нь надтай ирж уулзахдаа тухайн улбар шар өнгийн улсын дугааргүй, мустанг-5 загварын мотоциклийг унаж ашиглаж байсан. Би хэний мотоцикль юм гэж өөрийн нөхөр болох Х.Баас асуухад хүний мотоцикль гэж хэлсэн. Би тухайн мотоциклийг хулгайлж авсан болохыг сүүлд мэдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37-р тал/,

5. Гэрч Б.М-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр ойролцоогоор 19 цагийн үед манай төрсөн ах Б.Б нь өөрийнхөө гар утасны дугаараас над руу яриад миний эзэмшлийн мотоцикль сургуулийн гадна талаас хулгайлагдчихлаа гэж хэлсэн. ...2019 оны 9 дүгээр сарын сүүлээр байх миний төрсөн ах Б.Б над руу яриад миний мотоцикльтой ижилхэн мотоциклийг Х.Б гэгч нь унаж яваа юм байна гэж хэлсэн. Тэгээд бид хоёр уулзаад хамтдаа О гэгчийн хашааны гадна очиход Х.Б манай төрсөн ах Б.Бгийн эзэмшлийн 70-92 УВЗ улсын дугаартай улбар шар өнгийн мотоциклийн 2 ширхэг толь хугалчихсан, хойд талын обуд хагалчихсан, урд талын гэрэл хагарчихсан байдаг хар өнгийн суудлын бүрээстэй, бүрээсийг нь сольсон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39-р тал/,

 

6. Шүүгдэгч Х.Б-ын мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Би 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр тус аймгийн Тариалан сумын нутагт архи ууж яваад Тариалан сумын нутагт байрлах  дугуй засварын газар О гэгчийн ажлын байранд очсон. Тухайн ажлын байранд архи уусан бөгөөд тухайн ажлын байрнаас хэдэн цагт явснаа санахгүй байна. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учраас болсон үйл явдлыг тодорхой санахгүй байгаа бөгөөд тус сумын төвд Соёлын урд талаар баруун зүгт яваад сургуулийн гадна очсон. Сургуулийн урд талын хашааны урд хэсэгт байрлах зогсоол дээр нэг мустанг загварын мотоцикль байсан. Тэгэхээр нь би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, согтуу байхдаа тухайн мотоциклийг унаад явсан...” гэх мэдүүлгүүдээр хохирогч Б.Бгийн эзэмшлийн мустанг-150 загварын 70-92 УВЗ улсын дугаартай мотоциклыг шүүгдэгч Х.Б хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан болох нь  нотлогдож тогтоогдсон байна.

            Шүүгдэгч Х.Б-ын нууц далд аргаар авсан хохирогч Б.Б-гийн мустанг-150 загварын мотоцикль нь 585.000 төгрөгийн үнэтэй болох нь “Гэрэгэ эстимэйт” ХХК-ий 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 209 дугаартай дүгнэлт /хх-ийн 48-р тал/ тогтоогдсон тул  энэ гэмт хэргийн улмаас нийт 585.000 төгрөгийн хохирол учирсан гэж үзнэ.           

            Шүүгдэгч Х.Б нь Б.Б-гийн мотоциклийг хууль бусаар, нууц далд аргаар авсан үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжтэй бөгөөд, мустанг-150 загварын мотоцикль нь 585.000  төгрөг буюу “бага хэмжээний хохирол”-оос илүү байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

            Шүүгдэгч Х.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэм буруугийн талаар маргаагүй болно.

2. Шүүгдэгч Х.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч Х.Б бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Х.Б-ын хувийн байдлын талаар гэрч М.Б-ийн өгсөн: “...Манай нөхөр Х.Б нь цовоо сэргэлэн зантай, ажилсаг, тусархуу, хүнийг үгэнд их сайн ордог заримдаа хүний үгнээс зөрөөд зөрүүд болчихдог, зарим зүйлийг надаас нуудаг, эелдэг зөөлөн зан ааштай, олон нийтийн дунд биеэ зөв боловсон авч явдаг. Манай нөхөр Х.Б нь урьд өмнө бөх барилдаж байгаад гараа хугалж эмнэлэгт хэвтэж эмчтлгээ хийлгэж байсан, өөр ямар нэг байдлаар эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэж байгаагүй, бие, эрүүл мэндийн хувьд эрүүл, биеийн хөгжил хэвийн биед нь ямар нэг өвчин эмгэг байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 43-44-р тал/, Гэрч П.С-ын өгсөн: “...Хгийн Б 2009 онд цэргийн алба хаахаар яваад 2010 онд цэргээс халагдаж ирсэн. Х.Б хөдөө цөөн тооны мА, эрхэлсэн тодорхой ажилгүй, өрхийн амжиргааны түвшин доогуур өрх юм. Манай найз Х.Б нь хүүхэд байхдаа цовоо сэргэлэн зантай, ажилсаг, тусархуу, эелдэг зөөлөн ааш зантай, биеийн тамирын спортоор хичээллэх дуртай, гүйлтийн спортоор хичээллэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46-р тал/,-үүд хэрэгт авагдсан байна.

Хэрэгт авагдсан баримтаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан “гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн” гэх ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Х.Б-т 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан шүүгдэгч Х.Баас гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох мотоциклийн үнэ 585.000  төгрөгийг гаргуулан улсын орлого болгох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Х.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгтэд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Х.Бт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Х овогт Х-гийн Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б-т 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найман/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

4. Шүүгдэгч Х.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан шүүгдэгч Х.Б-аас гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох мотоциклийн үнэ 585.000  төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Х.Б-т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.ГАНСҮХ