| Шүүх | Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бэгзийн Дамба |
| Хэргийн индекс | 178/2016/0067/Э/ |
| Дугаар | 26 |
| Огноо | 2016-09-11 |
| Зүйл хэсэг | 181.2.1, |
| Улсын яллагч | А.Анхбаяр |
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 09 сарын 11 өдөр
Дугаар 26
Н.*******д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч Н.Мөнхжаргал, Б.Дамба нарын бүрэлдэхүүнтэй, шүүгдэгч Н.*******, түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, прокурор А.Анхбаяр, нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг нарыг оролцуулан
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 70 дугаар шийтгэх тогтоолтой, Н.*******т холбогдох эрүүгийн 201721000118 дугаартай хэргийг шүүгдэгч Н.******* түүний өмгөөлөгч М.Мандалбаяр нарын давж заалдсан гомдлыг үндэслэн, 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч шүүгч Б.Дамбын илтгэснээр нээлттэйгээр хэлэлцэв.
Монгол улсын иргэн, 1951 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Ховд аймгийн******* суманд төрсөн, 65 настай, эрэгтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ******* ******* ******* ******* ******* нь Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн нутаг дэвсгэр Баруун бүсийн төв захын гадна талд иргэн *******ныг бараа зарж байхад нь 2017 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, догшин авирлаж танхайрч *******ныг зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч ******* ******* ******* ******* *******т Ховд аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж, шүүгдэгч ******* ******* ******* ******* *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлаж Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ******* ******* ******* *******ийг 450 нэгж буюу 450000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ******* ******* ******* ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд төлөөгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож торгох ялыг хорих ялаар солих учиртайг тайлбарлаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Н.******* түүний өмгөөлөгч М.Мандалбаяр нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Н.******* нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирогчид учирсан хохирлыг сайн дураараа нөхөн төлсөн байхад хохирогч цаашид гарах хохирлоо нэхэмжлэх эрхтэй гэж шийтгэх тогтоолд дурьдсан нь бодит байдалд нийцэхгүй байна гэж үзэж байна.
Хөнгөн гэмтэл нь гэмтлийн шалгуур шинжээрээ хохирогчийн эрүүл мэнд дөрвөн долоон хоногоос доош хугацаанд сарнисан, эрүүл мэндийн байдал нь дөрвөн долоон хоногийн дотор эдгэрч хэвийн болсон байдгаараа бусад гэмтлээс онцлог байдаг. Н.******* нь 2017 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хохирогчид гэмтэл учруулсан байдаг ба хохирогчид учирсан гэмтэл нь шалгуур шинжээрээ эдгэрч биеийн нь эрүүл мэнд хэвийн байдалдаа орох хугацаа өнгөрсөн байхад хохирол нэхэмжлэх эрхтэй гэж шийтгэх тогтоолд дурдсан нь хуульд нийцэхгүй байгаа тул шийтгэх тогтоолын 5 дахь заалтыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хохирогч Т.Кулимхан нь давж заалдах шатны шүүхэд гаргасан шүүгдэгч түүний өмгөөлөгч нарын гомдолтой танилцаад гаргасан хариу тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Иймд шүүгдэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Яллах дүгнэлт үйлдэхдээ 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 буюу танхайн гэмт хэргээр зүйлчилж, хэргийг шүүх рүү шилжүүлсэн. Танхайрсан гэдэг зүйлчлэл хуулиас хасагдсан учраас Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр буцаан хэрэглэж байна гээд хэрэглэхдээ хуулийг төсөөтэй хэрэглэсэн байгаа. Шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гараагүй, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан учраас Н.*******ийг ялаас чөлөөлж өгнө үү гэсэн саналаа дэмжиж байна. Мөн шийтгэх тогтоолын 5 дахь заалтын жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн 2017 оны 08 сарын 01-ний өдрийн 70 дугаартай шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй гарсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Н.******* нь 2017 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн нутаг дэвсгэр Бараан захын үүдэн тус газарт хохирогч *******нтай маргалдаж улмаар нүүрэн тус газар гараараа нэг удаа цохиж, тархи доргилт, зүүн нүдний ухархайн зөөлөн эдэд нэвчдэс, зүүн нүдний дээд, доод зовхинд 5х3 см, эрүүний баруун доод хэсэгт 2х1см, мөн зүүн нүдний салстад, баруун хөлний шилбэнд 2х3 см тус бүр цус хуралтууд, хамрын зүүн хажууд 0.8 см зүүн шанаанд 0,5 см өнгөц зулгаралт гэх гэмтэл буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн хууль зүйн үндэслэлтэй байна.
Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Н.******* түүний өмгөөлөгч М.Мандалбаяр нарын гаргасан “ . . . Н.******* нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирогчид учирсан хохирлыг сайн дураар нөхөн төлсөн байхад торгох ял оногдуулсан нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан тул ялаас чөлөөлж өгнө үү” . . . гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан боловч уг гомдлыг хүлээн авах боломжгүй байна. Учир нь:
2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрхзүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ “ гэж заажээ.
Иймд шүүгдэгч Н.*******т Ховд аймгийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг тодорхойлж байсан “ танхайрах гэмт хэрэг” мөн “ гэмт хэргийг танхайн сэдэлтээр үйлдэх “ гэдэг ойлголт 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд байхгүй болсон тул Н.*******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах “ гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж хуульд заасан торгох ялыг оногдуулсан нь ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ “ гэсэн заалтыг анхан шатны шүүх зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Нөгөөтэйгүүр 2015 оны Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1-т зааснаар хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн бол ялаас чөлөөлөхөөр хуульчилсан бөгөөд Н.*******ийн ял шийтгүүлсэн зүйл хэсэг нь хорих ялгүй тул энэ хуулийн зохицуулалтын дагуу түүнийг ялаас чөлөөлөх боломжгүй юм. Иймд шүүгдэгч Н.******* түүний өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хүлээн авах боломжгүй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Н.******* түүний өмгөөлөгч М.Мандалбаяр нарын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож, Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 70 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.
2. Гомдол эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ТУЯА
ШҮҮГЧИД Н.МӨНХЖАРГАЛ
Б.ДАМБА