Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 07

 

СҮХБААТАР АЙМГИЙН ЭРҮҮ, ИРГЭНИЙ ХЭРГИЙН

ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН

МАГАДЛАЛ

 

2016 оны 12 сарын 19 өдөр                      Дугаар 07                                         Баруун-Урт     

 

 

“Буянцацрах” хадгаламж зээлийн хоршооны 

нэхэмжлэлтэй, Б.Эрдэнэчимэгт холбогдох иргэний хэргийн талаар

 

Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч О.Баатарсүх даргалж, шүүгч Я.Алтаннавч, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд хийв. 

 

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга Д.Эрдэнэцэцэг, 

Нэхэмжлэгч “Буянцацрах” хадгаламж зээлийн хоршооны төлөөлөгч Т.Доржготов,  

Хариуцагч Б.Эрдэнэчимэг нар оролцов. 

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 363 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, хариуцагч Б.Эрдэнэчимэгийн давж заалдах гомдлоор нэхэмжлэгч “Буянцацрах” хадгаламж зээлийн хоршооны “Үндсэн зээл 5000000 төгрөг, зээлийн хүү 2981000 төгрөг нийт 7981000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлтэй хариуцагч Б.Эрдэнэчимэгт холбогдох иргэний хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч  Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: Буянжаргалын Эрдэнэчимэг нь тус хоршооноос 2013 оны 12 сарны 31-нд 8300000 төгрөгийн зээл авч 2300000 төгрөгийг төлж, үлдэгдэл 6000000 төгрөгийг 2014 оны 5 дугаар сарын 16-аас 2014 оны 12 сарын 26-ны өдрийг хүртэл сунгуулж зээлээс 1000000 төгрөгийг төлж, үлдэгдлийг төлөхгүй хугацаа хэтрүүлсэн бөгөөд зээл болон хүүгийн төлбөрийг төлөхийг удаа дараа хойшлуулж байгаа учир зээл 

5000000 төгрөг, хүү 2981000 төгрөгийг Б.Эрдэнэчимэгээс гаргуулж өгнө үү гэв. 

 

Хариуцагч Б.Эрдэнэчимэг шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие нь 2013, 2014 онуудад зээлийн гэрээ байгуулж, хоршооноос мөнгө бэлнээр хүлээж аваагүй. Анх авсан зээлээсээ төлбөрийг бэлнээр өгдөг байсан. “Буянцацрах” хадгаламж зээлийн хоршооноос 2007.08.31-ний өдөр 6000000 төгрөг, 10 сарын 19-нд 4200000 төгрөг, 12 сарын 18-нд 10000000 төгрөг, нийт 20200000 төгрөгийг зээлж авсан. Үндсэн зээлээс 2007 онд 4200000 төгрөг, 2008 онд 6000000 төгрөгийг төлсөн. 2014 он хүртэл нийт үндсэн зээлээс 16500000 төгрөгийг төлж энэ хугацаанд хүүнд 19817650 төгрөг, алдангид 885590 төгрөг, нийт үндсэн зээл, зээлийн хүү, алдангид нийт 37203240 төгрөгийг төлсөн байна. Иймд дээрх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. 

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 377 дугаар шийдвэрт: 1. Монгол улсын Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Эрдэнэчимэгээс үндсэн зээл 5000000 төгрөг, зээлийн хүү 2 795000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 139750 төгрөг, нийт 7934750 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Буянцацрах хадгаламж зээлийн хоршоонд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас илүү нэхэмжилсэн 46250 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,  Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Буянцацрах хадгаламж зээлийн хоршооны улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 142646 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 141906 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ. 

 

Хариуцагч Б.Эрдэнэчимэг давж заалдах гомдолдоо: Шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий хуулийн шаардлагыг хангаагүй. 2007 онд зээлсэн 20 сая төгрөгийг тус хоршоонд 37.2 сая төгрөг болгон төлсөн. Иймээс Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-р “Мөнгө эд хөрөнгийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулсанд тооцно” мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-р зүйлд “эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар заасан бол гэрээний гол нөхцлийн талаар талууд тохиролцож тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулсанд тооцно гэсэн хуулийн зохицуулалт хэрэглэгдэх байтал зээлдэгч “Буянцацрах” ХКХ нь миний өмчлөлд эд хөрөнгийг ямар баримтаар шилжүүлснээ нотолж чадахгүй байхад хөрөнгө шилжиж зээлийн гэрээ байгуулсан гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны журмаар дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Нэхэмжлэгч “Буян-Цацрах” хадгаламж зээлийн хоршоо Б.Эрдэнэчимэгээс үндсэн зээл, зээлийн хүү нийт 7981000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч төлөхгүй  гэж маргажээ.

Шүүх нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгаар зүйлд зааснаар үнэлсэн атал шийдвэрийн үндэслэх хэсэгт хариуцагчийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтад эрх зүйн дүгнэлт хийлгүй  орхигдуулсан байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д “Нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол тэдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй” гэж заажээ.

Хариуцагч Б.Эрдэнэчимэг нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаагаа нотолсон баримтуудыг шүүхэд ирүүлсэн боловч, нотариатаар гэрчлүүлэх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул шүүх тэдгээрийг үнэлэх боломжгүй гэж үзнэ.     

         Шийдвэрийн үндэслэх хэсэгт дээрх дүгнэлт хийсэн явдал нь шийдвэрийг өөрчлөх болон хүчингүй болгох үндэслэл болохгүй юм.

Хариуцагч Б.Эрдэнэчимэг нь давж заалдах шатны шүүх хуралдаанд “Буян-Цацрах “ хадгаламж зээлийн хоршоонд 5000000 төгрөгийн үндсэн зээлийн үлдэгдэлтэй, зээлийн гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тухайгаа тайлбарласан нь хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар давхар нотлогдож байх тул түүний давж заалдах гомдлыг хангахгүй орхих үндэслэлтэй байна. 

Иймд хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 141910 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв. 

 

Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1, 167.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

Нэг. Сүхбаатар аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 363 дугаар  шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

Хоёр. Хариуцагч Б.Эрдэнэчимэгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 141910 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл Хяналтын шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.