| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бавуугийн Гансүх |
| Хэргийн индекс | 177/2019/0195/э |
| Дугаар | 191 |
| Огноо | 2019-12-13 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Я.Дина |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 13 өдөр
Дугаар 191
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гансүх даргалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Алтанлхам,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Дина,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ө.Нарантуяа,
Шүүгдэгч: М.П нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Динагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт М-гийн П-д холбогдох 1935004120215 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1998 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Увс аймгийн Өндөрхангай суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хөдөө мал малладаг, ам бүл 5, аав, ээж, ах нарын хамт Увс аймгийн Өндөрхангай сумын 1 дүгээр багт оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй Х овогт М-гийн П/РД:............. /.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.П нь 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Увс аймгийн Өндөрхангай сумын Цалуу багийн нутгаас хохирогч П.Э-ын 4 тооны ямаа хулгайлж 400.000 /дөрвөн зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, энэ хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.
2019 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Увс аймгийн Өндөрхангай сумын Цалуу багийн нутгаас хохирогч П.Э-ын 4 тооны ямаа хулгайд алдагдсан болох нь малд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-4-р тал/, эд мөрийн баримт /мотоцикль/-аар хураан авах тухай прокурорын зөвшөөрөл, эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3, 7-р тал/ хохирогч П.Э-ын мэдүүлгүүдээр нотлогдож байна.
Хохирогч хохирогч П.Э-ын 4 тооны ямааг шүүгдэгч М.П хулгайлж авсан болох нь:
Хохирогч П.Э-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Улаангом суманд ажлаар явсан бөгөөд уг хугацаанд манай малыг миний төрсөн ах, П.Э маллаж байсан. Манай ах П.Э бид хоёрын мал нэг байдаг бөгөөд би Улаангом явсан хойгуур ах мал маллаж 1 сар болсон. Би ирж малаа ахаасаа авахдаа тоолж бүртгэж үзсэн чинь улаан зүсмийн хоёр эр ямаа 5 настай, улаан халзан эм ямаа 5 настай, эвэр дээрээ шар будагтай, улаан 5 настай зүүн хөл нь цагаан эр ямаа нийт 4 ямаа дутсан. Бүгд зүүн чих нь цуулбар, буруу чих нь шоорголжин имтэй байсан. Уг ямаанууд дутахаар нь би ойр хавийн айлуудын малыг шүүж үзэхэд ямар нэгэн юм мэдэгдээгүй. 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр манай мал Д.Б ахын малтай зүүн гол дээр нийлээд бид хоёр ялгасан чинь миний хайж байсан 4 ямаа Д.Б ахын малд байсан. Б ах надад наад 4 ямааг О гэх ченжийн надад худалдсан ямаа гэсэн. О-той утсаар ярьж тодруулж асуухад М.П гэх залуу авч ирж худалдсан гэж хэлэхээр нь Пүрэвхүүтэй уулзаж асуухад 2019 оны 8 дугаар сарын 20-ны үеэр танай мал харж хонохдоо би танай малаас 4 ямаа хулгайлж О гэж хүнд зарсан гэсэн ба таны хохирлыг барагдуулна гээд бэлнээр 370.000 төгрөг өгсөн. ...сүүлд 10 хоногийн дараа над дээр ирээд 30.000 төгрөгийг нэмж өгсөн. Би М.П-гээс нийт 400.000 төгрөг бэлнээр авсан юм. Одоо надад нэхэмжпэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-14-р тал/,
Иргэнийн нэхэмжлэгч Г.Т-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2019 оны 9 дүгээр сарын 15- ны өдөр Өндөрхангай сумын Цалуу багийн иргэн Ж.Д-гаас 200.000 төгрөгөөр худалдан авсан. Би Д-гаас худалдан авсан мотоцикль улсын дугааргүй, арлын дугаар L76RCKLVXG4044614 дугаартай 2016 онд үйлдвэрлэсэн мотоцикль байгаа юм. Би Даваагаас худалдан авсан мотоцикпоо авмаар байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17-р тал/,
Гэрч Д.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Улаангом сумын мал махны ченж О гэх хүн надад 88 хонь, 13 ямаа нийт 101 тооны малыг 2 сар хариулж өгөөч гэж гуйгаад хадгалуулсан бөгөөд би тоо ёсоор нь хадгалж байтал 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр манай хонь нийлсэн. Уг нийлсэн хонь Б гэж хүний хонь бөгөөд бид хоёр малаа ялгахад Б /Э/ нь танай малд миний алга болсон 3 эр ямаа, 1 эм ямаа байна ямаагаа авна гэсэн. Эрдэнэбаатарын зүсэлж хэлсэн ямаа нь ченж О-гийн надад хадгалуулсан ямаа байсан юм. Би О гэж ченжрүү утсаар холбогдож уг 4 ямааны зүсийг хэлж Э гэж хүний хулгайд алдсан ямаа байна гэсэн чинь би Э-тай яриад учрыг нь олъё би авсан хүнээ мэдэж байгаа гэж хэлсэн. ...Би О-той утсаар холбогдсон чинь наад 4 ямааг надад П гэж залуу авч ирж худалдсан би тэр залууг танина гэж ярьсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19-р тал/,
Гэрч П.Э-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 8 дугаар сарын 21-ний өдөр дүү Э-ын малыг өдөр нь Хужирт гэх газар хариулж маллаж байгаад сумын төвд ажил гарахаар нь эхнэр С-ийн ах М гэж хүний хүүхэд П-г авч ирж миний малыг нэг шөнө хараад хоноод өгөөч гэж хэлээд орхиод явсан. Би малаа ямар нэгэн байдлаар тоолж үлдээгээгүй. Манай дүүгийн мал манай мал хоёр нэг байдаг бөгөөд манай дүү Э тухайн үед Улаангом сум руу ажлаар явсан байсан. ...2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр манай дүү Э зүүн голын усан дээр Д.Б-ын хоньтой хонио нийлүүлээд өөрийнхөө 4 ямааг олж харсан бөгөөд судалж үзсэн чинь П манайд хонохдоо миний малаас 4 ямаа хулгайлж авсан байна. М.П-тэй уулзсан чинь 4 ямаа хулгайлж аваад хүнд худалдсан гэдгээ хүлээж төлбөрөө барагдуулсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21-р тал/,
Гэрч Б.О-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 8 дугаар сарын Өндөрхангай сумаас хонь, ямаа худалдаж авсан бөгөөд 13 тооны ямаа, 340 хонь худалдаж авсан. Миний худалдаж авсан 13 ямааг нийт 3 хүнээс худалдаж авч 250 хонь Улаанбаатар хот руу ачуулаад бусад малыг Б гэж хүнд 11 сар хүртэл маллуулахаар тоолж хүлээлгэж өгсөн. 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Д.Б ах над руу утсаар холбогдоод чиний хадгалуулсан ямаа дотор 4 тооны ямаа нь Эрдэнбаатар гэж хүний хулгайд алдсан ямаа байна гэж хэлсэн. ...Э-тай холбогдож ямааны зүсийг нь асуухад М.П-гийн надад 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдөр худалдсан ямаа байсан. ...П-гээс улаан эр ямаа 2, улаан халзан эм ямаа, эвэртэй улаан ямаа нийт 3 эр ямаа, 1 эм ямаа худалдаж авсан. 4 ямаа нийт 360.000 төгрөг бэлнээр өгч худалдаж авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23-р тал/,
Шүүгдэгч М.П-гийн мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2019 оны 8 дугаар сарын 21-ний өдөр манай аавын талын хүргэн ах П.Э-ын ах П.Э ах надтай сумын төвд таараад би дүүгийнхээ мал маллаж байсан чинь сумын төв дээр ажилтай болчихлоо чи мал хараад нэг хоноод өг гэж гуйхаар нь би П.Э-тэй түүний мотоциклиор явж П.Э-ын гэрт очсон. Би тухайн үед 20 цагийн үед очоод ганцаараа гэрт үлдчихээд байж байгаад мөнгөний хэрэгцээ гарсан байсан тул хэдэн ямаа авч худалдаж борлуулья гэж бодоод өөрийн төрсөн ах М.Д-г утсаар та намайг ирээд авчих би Цалуу багийн нутаг Хужирт гэх газар П.Э-ын гэрт байна гэж хэлсэн. Ах М.Д мотоцикльтой ирсэн бөгөөд ах М.Д-г сумын төв рүү мотоциклиор оруулж өгөөд надад мотоциклиор амжуулах ажил байна гэж хэлээд буцаж яваад П.Э-ын хотноос 3 эр ямаа, 1 эм ямаа нийт 4 тооны ямааг хулгайлж мотоциклиор хоёр удаа сумын төврүү зөөж Т.М-ын хашаанд аваачиж амбаарт нь хонуулаад маргааш буюу 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдөр аймгийн төвийн Б.О гэх ченжид эр ямааг 100.000 /нэг зуун мянган/ төгрөг, эм ямааг 60.000 /жаран мянган/ төгрөгөөр бодож нийт 360.000 /гурван зуун жаран мянган/ төгрөгөөр худалдаж мөнгийг нь бэлнээр авсан юм. Тухайн үед тэр мөнгө хүнд өртэй байснаа өгч бусдын өөртөө хэрэглэсэн. ...Надад сонсгосон ялыг би хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлгүүдээр нотлогдож тогтоогдож байна.
Увс финанс Аудит ХХК-ны 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 375 дугаар “Эр ямаа 100.000 /нэг зуун мянга/, эм ямаа 60.000 /жаран мянга/ төгрөгийн үнэ ханштай болохыг тодорхойлов" гэх дүгнэлт /хх-ийн 37-р тал/-ээр тогтоогдсон байна.
Шүүгдэгч М.П нь хохирогч П.Э-ын тус бүр нь 100.000 төгрөгийн, үнэлгээтэй, 3 тооны ямаа, 60.000 төгрөгийн үнэлгээтэй 4 настай, 1 тооны эх ямааг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авсан үйлдэл нь бусдын малыг хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан гэж дүгнэв.
Иймд шүүгдэгч М.П мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч М.П нь “Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэж мэдүүлэн, гэм буруугийн тал дээр маргаагүй болно.
2. Шүүгдэгч М.П-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч М.П нь мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч М.П урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь эрүүгийн харицлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 72-р тал/-аар нотлогдож байна.
Шүүгдэгчийн хувийн зан байдлын талаар: Гэрч Т.Н-ийн өгсөн: “...М.П нь үг дуу цөөнтэй бусадтай их нийтэч харьцдаг ба адуу малд нүдтэй ах тусархуу залуу байдаг юм. Сум багийн ажилд их идэвхтэй оролцдог ядарч зүдэрсэн хүмүүст их тустай, тусархуу бөгөөд архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд байдаггүй юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 30-р тал/, Гэрч М.Ц-ийн өгсөн: “...М.П нь миний төрсөн эгч М.Цэцэгээ эгчийн М ахтай гэрлээд 3 хүүхэд төрүүлсэн бөгөөд бүгд тустай гарч айл гэр болоогүй байгаа. М.П нь хүнд тусархуу, үг дуу цөөн, их ажилсаг бөгөөд архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд байдаггүй юм.” гэх мэдүүлэг/хх-ийн 32-33-р тал/-үүд хэрэгт авагдсан байна.
хохирогч П.Э нь шүүгдэгч М.П-гийн 4 ямааны үнэ болох 400.000 төгрөгийн хохирол төлүүлж авсан одоо нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэсэн тодорхойлолт гэх мэдүүлэг /хх-ийн 13-14-р тал/-ийг өгсөн тул шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй гэж үзнэ.
Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т “гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн” гэж заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдлыг харгалзан, гэмт зан үйлийг ухамсарлуулан ойлгуулах зорилгоор нийтэд ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж, битүүмжлэгдэж ирсэн шүүгдэгч М.Пгийн өмчлөлийн 1 мотоциклийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, иргэний нэхэмжлэгч Г.Тд буцаан олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч М.П нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч Х овогт М-гийн П-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.П-д 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найман/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч М.П нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан мотоцикль битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож, мотоциклийг иргэний нэхэмжлэгч Г.Т-д буцаан олгосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан шүүгдэгч М.П-гээс гэмт хэрэг үйлдэж олсон орлого 360.000 төгрөг, гэмт хэрэг үйлдэхдээ уналга болгон ашигласан мотоциклийн үнэ 250.000 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлого болгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч М.П-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГАНСҮХ