| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бавуугийн Гансүх |
| Хэргийн индекс | 177/2019/0192/э |
| Дугаар | 192 |
| Огноо | 2019-12-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Анхбаяр |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 13 өдөр
Дугаар 192
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гансүх даргалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Алтанлхам,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Улсын өмгөөлөгч М.Мөнхөө,
Шүүгдэгч: Х.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Х-ын Э-т холбогдох 1935000000212 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1966 оны 4 дүгээр сарын 27-нд Увс аймгийн Хяргас суманд төрсөн, 53 настай, эрэгтэй, боловсролгүй, мужаан мэргэжилтэй, хөдөө мал малладаг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Увс аймгийн Хяргас сумын 2 дугаар багт оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, төрөөс авсан гавьяа шагналгүй, Х овогт Х-ын Э / РД:......./.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/:
Шүүгдэгч Х.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Увс аймгийн Хяргас сумын 2 дугаар багийн нутагт 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр иргэн Б.Ж-ийн гэрт түүнтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний толгой тус газар нь шаазан аягаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
1. Шүүгдэгч Х.Э хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Х.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Увс аймгийн Хяргас сумын 2 дугаар багийн нутагт 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр иргэн Б.Ж-ийн гэрт түүнтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний толгой тус газар нь шаазан аягаар цохьсон болох нь
Хохирогч Б.Ж-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр гэртээ ганцаараа байж байтал манай эхнэрийн төрсөн дүү Э гэгч нь 1 шил архи барьж орж ирсэн. Тэгээд бид хоёр тэр архиа хувааж уугаад дуусгасан. Э би танайд хонон гэж хэлээд морио идүүлчээд ирье гээд гараад явсан. Э морио идүүлчихлээ гэж хэлээд орж ирээд галын хажууд суусан. Тэгээд надад хандаж хүргэн ах нэг цай хийгээд өг гэж хэлэхээр нь би аяга цай хийж өгсөн. Тэгсэн Э цайгаа ууж байсан аа гэнэт над руу аяга шидсэн тэгээд миний дух хэсэг дээр онож хагарсан. Тэгээд би яаж байгаа юм бэ? гэж асуухад Э гэрээс гараад явсан. Тэгээд эмч дуудаад эмч намайг авч яваад эмчилгээ хийгээд 4 ширхэг оёдол тавьсан. ...Надад ямар нэг гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй... ” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13, 14-р тал/,
Гэрч Б.А-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 22 цагийн үед гэртээ байж байтал над руу манай ээлжийн сувилагч яриад манай сумын иргэн Б.Ж-ийн хамраас цус гарч байна гэж дуудлага өгсөн. Тэгээд би гэрт нь очиж үзэхэд Б.Ж гэртээ ганцаараа хамар, духнаас цус гарсан байдалтай байсан. Тэгээд би цус тогтоох тариа хийгээд эмнэлэг рүү авч явсан. Эмнэлэг дээр ирээд үзэхэд Ж-ийн биеийн ерөнхий байдал дунд, ухаан санаа саруул, орчиндоо харьцаатай царай цайвар, нүүрний дух хэсэг, хамарны хэсэгт язралттай ил шархтай цус гарна, гарын үзүүр хүйтэн, зүрхний авиа тод зүрхний хэм жигд байсан. ...Иргэн Ж надад хэлэхдээ манай хадам дүү Э намайг цай ууж байсан аягаараа цохичихлоо гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-р тал/,
Гэрч Х.Д-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр манай сумын Ж гэдэг хүний гэрт очсон чинь тэднийд хүн байхгүй байхаар нь би гараад явсан. Хэсэг хугацааны дараа Ж ах гэртээ духандаа боолт хийлгэсэн ирсэн. Тэгээд яагаад духаа боосон талаар асуухад Э манайд 1 шил архи авч ирж надтай хувааж уусан. Тэгээд цай хийгээд өг гэж хэлэхээр нь би цай хийж өгсөн тэгээд цай ууж байгаад гэнэт над руу аяга шидсэн. Тэгээд миний дух, хамар хэсэгт цохисон гэж надад хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-р тал/,
Гэрч Э.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн: “Манай эхнэрийн дүү утсаар яриад намайг дуудлагад машинаараа хамт яваад өгм гэж хэлэхээр нь би Атарцэцэг их эмчийг аваад явсан. Тэгэн чинь манай сумын иргэн Ж-ийн гэрт очсон. Ж-ийн дух болон хамар хэсэгт задарч цус гарч байсан. Тэгээд их эмч Атарцэцэг үзээд цус тогтоох тариа хийгээд эмнэлэг рүү аваад явсан. Тэгээд эмнэлэг дээр хүргэж өгөөд би харьсан. Жийг Э цай ууж байсан аяга шидэж цохисон гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-р тал/,
Шүүгдэгч Х.Э-ын мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр өөрийнхөө морьтой хүргэн ах Ж-ийн гэрт очсон. Ж ах гэртээ ганцаараа байсан, би тэдний гэрт очихдоо нэг шил “Цагаан” гэх нартэй 0.5 литр архи авч очсон. Ж ах бид хоёр тэр архийг хувааж уугаад би тэднийхээс гараад унаж ирсэн морио аргамжлаж уяад Ж ахын гэрт хонох гээд орсон. Тэгээд би Ж ахыг нэг аяга цай хийгээд өг гэж хэлсэн тэгсэн надад шаазан аяганд цай хийж өгөхөөр нь би уугаад сууж байгаад Ж ахаас та яагаад миний эгчтэй хэрүүл маргаан хийгээд байдаг юм бэ? гэж хэлсэн чинь Ж ах чамд ямар хамаатай юм бэ гэж хэлсэн. Тэгэхээр нь би согтуу байсан болохоор цай ууж байсан аягаа Ж ах руу шидсэн чинь нүүр хэсэгт нь оносон. Тэгээд би тэдний гэрээс гараад явсан. ...Ж ах хохирол төлбөр нэхэмжлээгүй. Би хүний ёсоор уучлалт гуйж эвлэрсэн...” гэх мэдүүлгүүдээр нотлогдож тогтоогдсон байна.
Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 772 дугаартай шинжээчийн “Б.Ж-ийн биед гэмтэл учирсан байна. Хамар, духны хэсэгт язарсан шархтай, оёдол тавигдсан, 2 нүдний зовхи хар хөхөрсөн зөөлөн эдийн няцралт гэмтэл учирсан байна. Дээрх гэмтэл нь гадны мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд өөрийнх нь хэлж байгаа хэрэг болсон гэх хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварыг түр хугацаагаар сарниулна.” гэх дүгнэлт /хх-ийн 22-р тал/-ээр хохирогч Б.Ж-ийн биед учирсан гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь тогтоогдсон байна.
Шүүгдэгч Х.Э-ын энэ үйлдлийг хийх зайлшгүй /гарцаагүй байдал, аргагүй хамгаалалт гэх мэт/ шаардлага бий болоогүй байхад өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдэж нүд хамар орчим цохиж хохирогчийн биед гэмтэл учруулж болохыг ухамсарлаж, зориуд цохиж байгаа санаатай үйлдэл бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирогч Б.Ж-ийн биед гэмтэл учирч, хохирол, хор уршигт хүргэсэн байгаа тул түүнийг санаатайгаар энэ гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Х.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Х.Э нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.
2. Шүүгдэгч Х.Э-т эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Х.Э нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Х.Э урьд нь гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байгаагүй нь хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 46-р тал/-аар нотлогдсон.
Хохирогч Б.Ж хохирол төлбөр нэхэмжлээгүй тул шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэв.
Шүүгдэгчийн хувийн зан байдлын талаар: Гэрч Б.М-ийн өгсөн: “Э ах Увс аймгийн Хяргас сумын 2 дугаар багт хүний мал маллаж амьдардаг. Эхнэр 3 хүүхдийн хэмт амьдардаг. Э ах даруу төлөв зантай, бусадтай нийтэч бусдад тусархаг, хөдөлмөрч хичээнгүй хүн байгаа юм. Архи согтууруулах ундааны зүйлийг баяр ёслолын үеэр хэрэглэдэг. Бусадтай хэрүүл маргаан үүсгэх дургүй хүн байгаа юм..” гэх мэдүүлэг /хх-ийн 19-р тал/-үүд хэрэгт авагдсан байна.
Шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан “гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөн” гэх ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдлыг тус тус харгалзан улсын яллагчийн санал болгосныг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Эт нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Х.Э нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 8 ширхэг аяганы хэлтэрхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч Х.Э-т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтоов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Х-ын Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Э-т 250 /хоёр зуун тавь/ цаг нийтэд тустай ажил ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найман/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч Х.Э-т нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1,8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 6 ширхэг цаазан аяганы хэлтэрхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Х.Э-т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГАНСҮХ