Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 78

 

 

 

 

 

 

 

 

2020         01          27                                   2020/ШЦТ/78       

 

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Дарьсүрэн даргалж, тус шүүхийн “В” танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар  

 

Нарийн бичгийн дарга Ц.Чулуунчимэг,

Улсын яллагч С.Оюунжаргал,  

Хохирогч Ч.Сандуйжав,

Иргэний хариуцагчийг төлөөлж  Э. Болормаа,

Шүүгдэгч Г.Б/өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Даваадорж овогт Ганболдын Батмөнхөд холбогдох эрүүгийн 1903013700565 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1992 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Макс эксим” ХХК-д борлуулалтын жолооч ажилтай, ам бүл 5, аав, ээж эхнэр, охины хамт Баянгол дүүргийн 3 дугаар хороо 3 дугаар байр /үйлдвэрийн/ 72 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай. Даваадорж овогт Ганболдын Батмөнх /РД: АЮ 92082412/

 Холбогдсон гэмт хэргийн талаар: /Прокурорын 2020 оны 01 сарын 09-ний өдрийн 19 дугаартай  яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Г.Бнь Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр Засгийн газрын ордоны баруун хойд талын гэрлэн дохиотой уулзварын явган хүний гарцан дээр “Тоёота Хайс” маркийн 20-96 УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.18-д заасан “Гэрэл буюу зохицуулагчийн хориглосон дохиогоор жолооч “Зогс-шугам” (1.11 тэмдэглэл буюу 5.32 тэмдэг)-ийн өмнө зогсох бөгөөд хэрэв тийм тэмдэг, тэмдэглэл байхгүй бол тухайн уулзвар, явган хүний гарцын өмнө, бусад газарт тээврийн хэрэгсэл, явган зорчигчийн хөдөлгөөнд саад болохгүйгээр гэрлэн дохио, зохицуулагчийн наана, эсхүл энэ дүрмийн 17.5-д заасны дагуу төмөр замын гармын өмнө зогсоно, мөн дүрмийн 8.9-д заасан “Гэрэл дохио нь дараахь утгатай байна: б/ шар гэрэл дохио нь гэрэл дохио солигдох гэж байгааг анхааруулах бөгөөд энэ дүрмийн 8.19-т зааснаас бусад тохиолдолд замын тухайн хэсэг рүү (энэ дүрмийн 8.18-д заасан зогсох газар руу) нэвтрэн орохыг хориглоно;” гэсэн заалтыг зөрчин гарцаар гарч явсан явган зорчигч Ж.Сандуйжавыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулан Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь  нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Г.Бнь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “ 2019 оны 12 дугаар сарын 05 нд ажилаа хийгээд И-март худалдааны төв рүү Засгийн газрын ордны баруун талаар баруунаас зүүн чиглэлтэй явж байсан.Гэрлэн дохион дээр туслах зам руу шар гэрлээр ортол анзаараагүйн улмаас хохирогчийг мөргөсөн. Тэгээд машинаа зогсоогоод гүйж очоод түргэн дуудах уу гэсэн чинь цагдаа дууд гэхээр нь зам дээр байгаа цагдаа авчираад түргэн дуудсан. Түргэн тусламжийнхан ирээд хохирогчийг гэмтлийн эмнэлэг рүү аваад явсан. Тээврийн цагдаагийн газраас хэргийн газарт үзлэг, хэмжилт хийсэн,тэгээд би цагдаагийн газар дээр очиж мэдүүлэг өгсөн гэв.

Хохирогч Ж. Сандуйжав шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “ Би 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр сургуулиасаа хичээл тараад гарч явахдаа Засгийн газрын ордны баруун талын туслах замаар ногоон гэрэл асахаар нь явтал гэнэт машин орж ирээд зүүн талаас мөргөөд 3 алхам орчим газар шидэгдсэн, баруун гар талаараа бүх ачаалалаа авч унаад бэртэл авсан. Дараа нь босоод юу хийчихдэг залуу вэ гэхэд би ажилтай яарч яваа учраас та миний бичиг баримтыг аваад явж байх уу гэсэн. Цагдаа болон эмнэлэг дуудах хэрэгтэй байгаагаа хэлсэн. Тэгээд түргэн дуудаад эмнэлэг явъя гэхээр нь эхлээд цагдаа дууд гэж хэлсэн. Ингээд замын голд байсан цагдаад очиж хэлээд, түргэн дуудсан. Түргэнийхэн ирээд анхан шатны боолт хийж өгөөд, гэмтлийн эмнэлэг рүү очсон ” гэв.

Иргэний хариуцагч Э. Болормаа шүүхийн хэлэлүүлэгт мэдүүлэхдээ “ Макс Эксим” компанийн жолооч Г.Бнь тус компанийн эзэмшлийн авто тээврийн хэрэгслийг жолоодон ажил үүргээ гүйцэтгэх явцдаа замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрмийг зөрчсөн нь техникийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна. Энэ ослын улмаас хохирогчид хүндэвтэр хохирол учруулсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, хохирогчийн зүгээс гаргаж өгч буй баримт болон мэдүүлэгээс харахад компаниас халагдсан олох ёстой байсан орлого, сэтгэл санааны хохирол зэрэг хэрэгт баримтаар нотлогдоогүй хохирлыг төлөх боломжгүй, уг хохирлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Жолоочийн буруутай үйлдэл нь шүүхээр тогтоогдвол манай байгууллагаас хохирогчид учирсан бодит зардлыг хуульд заасан үндэслэлээр төлж барагдуулна. ” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ж. Сандуйжаваас шинээр гаргаж өгсөн:  Эмчлүүлэгчийн карт /эх хувиараа/, Орхон жимс ногоо ХК-ны ТУЗ-ын даргын тушаал – 1 хуудас, хохиролын баримт -1 хуудас, хохирол төлүүлэх талаар шүүхэд хандаж гаргасан -1 хуудас баримт,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г. Батмөнхөөс гаргаж өгсөн  Голомт банкны дансны хуулга – 1хуудас зэрэг баримтууд болно.

Эрүүгийн 1903013700595 тоот эрүүгийн хэргээс:

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 3-4 дугаар хуудас /, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн  6 дугаар хуудас /, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-8 дугаар хуудас/,

Хохирогч Ж. Сандуйжавын мэдүүлэг “"...Би 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 12 цаг өнгөрч байхад Засгийн газрын ордны баруун хойд талын гэрлэн дохиотой уулзварын туслах замын явган хүний гэрлэн дохиотой гарцан дээр явган хүний улаан гэрлээр зогсож байгаад явган хүний ногоон гэрлээр зам хөндлөн гарах үед буюу явган хүний гарцны голд ирэхэд гэнэт миний зүүн талаас урд зүгээс уг туслах замын уулзвараар баруун гар тийшээ эргэж байсан цагаан өнгийн автомашин ирж намайг мөргөсөн, би 2-3 метрийн зайд нисэлттэйгээр зам дээр унасан юм. Одоо баруун гар шохойдсон учир хөндүүр оргиж, намайг зүүн талаас ирж мөргөсөн зүүн хөл мөн хөндүүр оргиж байна, толгой жаахан өвдөж байна…” гэх  мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар хуудас/,  

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ¹14544 дугаартай шинжээчийн дүгнэлт:

1. Ж.Сандуйжавын биед баруун шууны доод булуу хэсгийн далд хугарал, доргилт, зүүн сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрхи гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой…” гэжээ. /хх-ийн 30 дугаар хуудас/,

Тээврийн цагдаагийн албаны техникийн шинжээчийн 567 дугаартай  дүгнэлт:

  1. Тоёота хайс маркийн 20-96 УАЕ улсын дугаартай автомашины жолооч Ганболд овогтой Батмөнх нь МУ-ын ЗХД-ийн 8.18. Гэрэл буюу зохицуулагчийн хориглосон дохиогоор жолооч «Зогс-шугам» (1.11 тэмдэглэл буюу 5.32 тэмдэг)-ийн өмнө зогсох бөгөөд хэрэв тийм тэмдэг, тэмдэглэл байхгүй бол тухайн уулзвар, явган хүний гарцын өмнө, бусад газарт тээврийн хэрэгсэл, явган зорчигчийн хөдөлгөөнд саад болохгүйгээр гэрлэн дохио, зохицуулагчийн наана зогсоно. 8.9. Гэрэл дохио нь дараахь утгатай байна: б/ шар гэрэл дохио нь гэрэл дохио солигдох гэж байгааг анхааруулах бөгөөд энэ дүрмийн 8.19-т зааснаас бусад тохиолдолд замын тухайн хэсэг рүү (энэ дүрмийн 8.18-д заасан зогсох газар руу) нэвтрэн орохыг хориглоно; гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.
  2. Явган зорчигч Жамба овогтой Сандуйжав нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна.
  3. Зам тээврийн осол гархад зам орчны нөхцөл байдал нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна.

Баянгол дүүргийн Техникийн хяналтын үзлэгийн төвийн оношлогооны дүгнэлтэнд дурьдагдсан эвдрэл гэмтэл нь зам тээврийн осол гархад нөлөөлөөгүй байна …” гэжээ /хх 42-43 дугаар хуудас/

“Макс Эксим “ ХХК болон  иргэн Ганболд овогтой Батмөнх нарын хооронд байгуулсан “Хөдөлмөрийн гэрээ” /хх-56-57 дугаар хуудас/

Яллагдагч Г. Батмөнхөөс хохирогч Ж. Сандуйжавийн эмчилгээнд зарцуулсан баримт /хх 77-80 дугаар хуудас/

Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл:  "... Үзлэг хийсэн талаар: Цэнхэр өнгийн сидинд 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 12 цаг 05 минут 05 сеукндээс 12 цаг 08 минут 11 секундийн хоорондох буюу 03 минут 09 секундийн бичлэг байлаа. Бичлэгийг шүүж үзэхэд Засгийн газрын баруун хойд талын зүүн тийшээ эргэх замын уулзвар харагдах ба явган зорчигчийг урдаасаа зүүн тийшээ эргэх үедээ тээврийн хэрэгслийн жолооч нь явган хүний гарцан дээр мөргөж байгаа бичлэг байлаа.  Тээврийн хэрэгслийн жолооч нь урдаасаа зүүн тийшээ эргэх үедээ явган зорчигчийг явган хүний гарцаар дээр 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 12 цаг 05 минут 10 секундэнд мөргөж, 12 секундэд явган зорчигч газар унаж байсан ба гэрлэн дохио бичлэгт харагдахгүй байлаа. Бичлэгт өөр ач холбогдолтой зүйл байгаагүй тул үзлэгийг дуусгав. Үзлэгтэй холбогдуулж хөндлөнгийн гэрч болон бусад оролцогч нараас санал хүсэлт гараагүй болно. ..." гэжээ /хх-ийн 82 дугаар хуудас/,

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан эдгээр  баримтууд нь уг хэрэгт хамааралтай,  ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай үйл баримтыг тогтоосон  гэж шүүх үнэлсэн болно. Иймд шүүгдэгч Г. Батмөнхийн гэм буруу болон түүнд оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Г.Бнь Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр Засгийн газрын ордоны баруун хойд талын гэрлэн дохиотой уулзварын явган хүний гарцан дээр “Тоёота Хайс” маркийн 20-96 УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.18,  8.19-т заасан заалтуудыг тус тус зөрчин  гарцаар зам хөдлөн  гарч явсан явган зорчигч Ж.Сандуйжавыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулан Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд  гэм буруугаа  хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ж.Сандуйжавын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №14544 дугаартай дүгнэлт, техникийн шинжээчийн №567 дугаартай дүгнэлт, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл  зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Г. Батмөнх нь 2015.04.09-ны өдөр “В” ангилалын жолоодох эрхтэй болсон нь Жолоочийн лавлагаа /хх-ийн 54 дүгээр хуудас/ баримтаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Г. Батмөнхийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3-т “ ....... хохирол хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсныг мэдэлгүй  үйлдсэний улмаас хохирол хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж заасан байх тул болгоомжгүйгээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаар:

Шүүгдэгчээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд  хохирогч Ж.Сандуйжавын эмчилгээний зардалд  641.940 / зургаан зуун дөчин нэгэн мянга есөн зуун дөчин/ төгрөг, дансаар 200.000 / хоёр зуун мянга / төгрөг нийт 841940 / найман зуун дөчин нэгэн мянга есөн зуун дөчин / төлсөн болох нь / хх-ийн 77 дугаар хуудас / нотлогдсон  ба  хохирогч болон шүүгдэгчийн хэн аль нь энэ тал дээр маргаагүй болно. Харин хохирогч Ж. Сандуйжав нь шүүгдэгчээс цаашид гарах эмчилгээний зардалд 5000.000 / таван сая / төгрөг нэхэмжилсэн  боловч холбогдох нотлох баримтыг шүүхэд гаргаж ирүүлээгүй тул 5000.000 / таван сая / төгрөгтэй холбогдох иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж цаашид шаардлага хангасан нотлох баримтаа бүрдүүлэн  хариуцагч байгууллагаас иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг “тогтоох” хэсэгт заахаар  шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Г. Батмөнх нь гэмт хэрэгт холбогдох үедээ “Макс эксим” ХХК-д хөдөлмөрийн гэрээний дагуу “ Түгээгч бэлэн мөнгөний нярав”-ийн  албан тушаалд ажиллаж байсан ба хэрэг болох үед албан үүргээ гүйцэтгэж явсан болох нь шүүгдэгчийн яллагдагчаар өгсөн “ тухайн өдөр ажилтай байсан ба Сансарын И-март дэлгүүрт бараа хүргэхээр явж байсан...” гэх мэдүүлгээр тогтоогдож байна.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Макс эксим ХХК-ыг иргэний хариуцагчаар татан оролцуулж, хуулийн этгээдийг төлөөлөн Эрдэнэбаяр овогтой Болормааг / РД: УМ-90012468 / хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлд нийцжээ

Иргэний хуулийн 498 дугаар  зүйлийн 498.1-т “ Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/ - ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажилллуулж байгаа ажил олгогч хүлээнэ ” гэж, мөн хуулийн 498.5 -т “ энэ хуулийн 498.1, 498.2, 498.4 –т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохиролыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй” гэж тус тус заажээ.   Дээр дурьдсан Иргэний хуулийн холбогдох заалтаар энэ хэрэгт иргэний хариуцагчаар татагдсан Макс Эксим ХХК нь жолооч Г. Батмөнхийн ажил үүргээ гүйцэтгэх явцдаа бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг хүлээж, хариуцан арилгах үүрэгтэй байна.  

Шүүгдэгч Г. Батмөнх нь  өөрийн санаачилгаар хохирогчид учирсан хохиролыг нотлох баримтын хэмжээнд төлж барагдуулсан, бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүхээс шүүгдэгч Г.Батмөнхийг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Улсын яллагчаас шүүгдэгч Г. Батмөнхөд 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргалаа.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохиролоо сайн дураараа нөхөн төлсөн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал болох ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг харгалзан үзлээ.

Шүүгдэгч Г. Батмөнхийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2-т зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан ялаас торгох ялыг сонгон хэрэглэж улсын яллагчийн санал болгосон хэмжээгээр оногдуулж торгуулийн ялыг хуульд заасан хугацааны дотор буюу шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш  3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр  шийдвэрлэв.    

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч Г.Бнь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

 

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 4, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ НЬ:

1. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Даваадорж овогт Ганболдын Батмөнхийг Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1.3, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Батмөнхийг 1000 / нэг мянган / нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 1000.000 / нэг сая / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бнь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 /зургаа / сарын хугацаанд хэсэгчилэн төлөхөөр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Г.Бнь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

5. Шүүгдэгч Г.Бнь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд зүйл хураалгаж битүүмжлээгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Ж. Сандуйжавт 841940 /найман зуун дөчин нэгэн мянга есөн зуун дөч / төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.

 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1-дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ж. Сандуйжаваас гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын төлбөр 5000.000 / таван сая/ төгрөгтэй холбогдох иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, цаашид өөрийн эрүүл мэндэд учирсан хохиролыг шаардлага хангасан нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хариуцагч “Макс эксим” ХХК-аас  нэхэмжлэх, иргэний хариуцагч нь өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй болохыг тус тус заасугай.

 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээсүгэй.

         8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч,  өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш , эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасаны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Энэхүү шийтгэх тогтоол  уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Батмөнхөд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Д.ДАРЬСҮРЭН