| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 168/2020/0023/э |
| Дугаар | 2020/ШЦТ/18 |
| Огноо | 2020-01-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ч.Мөнхзул |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 2020/ШЦТ/18
2020 01 10 2020/ШЦТ/18
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн
Улсын яллагч Ч.Мөнхзул
Шүүгдэгч Т.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мөнхзулаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ...... овогт Т.Б-т холбогдох 2021000000010 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ..... оны ..... дугаар сарын .....-ны өдөр Дорнод аймгийн Гурванзагал суманд төрсөн, ..... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 3, ээж, дүүгийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг, ................ тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ..... овогт Т.Б. /РД: ................../
Шүүгдэгч Т.Б нь 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс 12 дугаар сарын 18-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг, Ялалтын 13-07 тоотод гэртээ хадам аав Ж.Б-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар хайчаар хүзүү, чих орчим нь зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Т.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ...Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна..гэв.
Хохирогч Ж.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би эхнэрийн хамт Хэрлэн сумын 10 дугаар баг, Ялалтын 13-07 тоотод хүргэн Т.Б-ын гэрт очсон. Тухайн үед Т.Б гэртээ согтуу байж байсан. Тэгээд би уурлаад Т.Б-ыг “чи яахаараа шөнө орой хүүхдээ дарамталж явдаг юм” гэж хэлээд загнасан. Гэтэл Т.Б миний өөдөөс “пизда” гэж хэрэлдээд босоод ирсэн. Тэгээд бид хоёр заамдалцаж барьцалдаад авсан бөгөөд би Т.Б-ын толгой руу 1-2 удаа цохисон. Тэгэхэд Т.Б зөрүүлээд миний хүзүүнд хайчаар 2 удаа цохисон. ...Миний хийлгэсэн эмчилгээ, эм, тариа, боолт зэрэг нийт 100.000 төгрөг зарцуулагдсан. Би тэр мөнгийг бүгдийг нь Т.Б-аас бэлнээр авсан. Одоо миний хохирол төлөгдсөн учраас надад гомдол санал байхгүй...” гэжээ. /хх-ийн 12-14 тал/
Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би нөхөр Б-д хүргэн Т.Б согтуу ирж охин ******* хүүхдийнхээ хамт аваад явсан талаар хэлсэн...гэрт нь очиход хүргэн Т.Б гартаа хайч барьсан байдалтай эмээ, өвөөгийн хамт байж байсан. Тэгээд манай нөхөр “чи яахаараа хүүхэд дарамталж авч явдаг юм бэ, та хэдтэй ярилцъя” гээд намайг охины хамт гарч бай гэж хэлсэн. Тэгэхэд нь би гараад охины хамт цонхоор харахад манай хүргэн нөхөртэй зодолдож байгаа харагдсан. Тэгэхээр нь цагдаад дуудлага өгөөд цагдаа ирэхэд нь гэрт нь хамт ороход манай нөхрийн хүзүү хэсгээс цус гарсан байсан...” гэжээ. /хх-ийн 15 тал/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 24 тоот дүгнэлтэд:
1. Ж.Б-ы биед хүзүүний хатгагдаж зүсэгдсэн шарх, зүүн чихний дэлбэнгийн зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрхи гэмтэл нь хурц ир үзүүр бүхий зүйлийн 2 удаагийн үйлчиллээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл.
3. Дээрхи гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 22 тал/
- Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4 тал/
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-7 тал/
- Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 8 тал/
- Т.Б-ын гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 17-18, 27-29 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч ..... овогт Т.Б нь 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс 18-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг, Ялалтын 13-07 тоотод гэртээ хохирогч хадам аав Ж.Б-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар хайчаар хүзүү, чих орчим нь зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч Ж.Б, гэрч ******* нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 24 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Т.Б-т холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мөнхзулаас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Т.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч Т.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх санал гаргасныг харгалзан шүүгдэгч Т.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Т.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно.
Шүүгдэгч Т.Б нь гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 100.000 /нэг зуун мянга/ төгрөгийг хохирогч Ж.Б-д бэлнээр төлж барагдуулсан бөгөөд хохирогч нь шүүгдэгч Т.Б-тай эвлэрсэн, гаргах гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Т.Б-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Т.Б нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хайч 1 /нэг/ ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Т.Б-ын ............. тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ..... овогт Т.Б-ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-ын хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хайч 1 /нэг/ ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Т.Б-ын .............. тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Т.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ