| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дулмаагийн Оюундарь |
| Хэргийн индекс | 135/2016/01474/и |
| Дугаар | 1513 |
| Огноо | 2016-11-23 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 23 өдөр
Дугаар 1513
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:135/2016/01474И
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюундарь даргалж,
Нэхэмжлэгч: ****** аймаг, ****** сум, ****** баг, *** тоотод байрлах *** ХХК /утас: ***/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ****** аймаг, ******л сум, ******* баг,** тоотод оршин суух Б*** Ш*** /РД: ***/-т холбогдох
"3,367,750 төгрөг гаргуулах" тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э***, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Отгонсүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлага болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“*** ХХК нь 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр “******* *******” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Б***тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан, Нүүрс ангилан ачих зориулалттай хуучин барилгыг буулгах ажлыг эхлүүлсэн. Гэрээнд заасны дагуу тус компаний УҮ-ийн менежер ажилтай Т.Ш***той ажил үүргийн холбоотой ажиллаж байсан. Менежер Т.Ш*** нь “Өвөрхангай аймгийн Хужиртын рашаан сувилалд явахаар боллоо. Мөнгө зээлж санхүүгээр туслаач” гэсний дагуу “ШГ” ХК-иас олгосон ажил гүйцэтгэлд зарцуулагдах мөнгөнөөс 4.000.000 /Дөрвөн сая/ төгрөгийг компанийн ХААН банк дахь *** тоот данснаас Т.Ш***ын *** тоот дансанд 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдөр шилжүүлсэн.
Т.Ш*** нь 2015 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Өвөрхангай аймгийн Хужиртаас өөрийн данснаас 1.000.000 төгрөгийг захирал Ц.А***ын *** тоот хувийн дансанд шилжүүлснийг дипозит хуулгаар нотолно.
Үлдэгдэл мөнгө болох 3.000.000 төгрөгийг Т.Ш***ыг өөрийн санаачлагаар өгөх байх гэж удаан хүлээсэн. Арга буюу 4 сар өнгөрсөн учраас 2015 оны 9 дүгээр сард анх компаний нягтлан Д.Б*** утасдаж, учир байдлаа тайлбарлаж, үлдэгдэл мөнгөө боломжоороо өгөөч гэдэг санал тавьсан. Тэр үед Т.Ш*** нь Би “***” ХХК-иас 2.000.000 төгрөгийг дансаар авсан.Тэрнийхээ 1.000.000 төгрөгийг буцааж өгсөн. Чамтай яриад байх юмгүй гээд утсаа тасалсан. Түүнээс хойш мессеж бичих, утсаар залгахад хариу өгөөгүй, таслаад байсан. Эдгээр тохиолдолд хариу өгөхгүй хэрнээ Т.Ш*** нь өөрийн найз Дарханд амьдардаг Д*** гэх хүнд “***ын нягтлан мөнгөө нэхээд утасдаад байна. Яах вэ? гэхчилэн ярьсныг захирал Ц.А***т 2015 оны 11 дүгээр сарын 27-нд утасдаж хэлсэн. Үүнээс харахад бидний удаа даргаагийн мөнгөө нэхэмжилж, утсаар холбогдохыг оролдож, шүүхэд хандах болсноо мессежээр мэдэгдэж байхад үл тоон өнөөдрийг хүрсэн нь шүүхэд хандахад хүргэлээ.
Зээлсэн мөнгөний үлдэгдэл 3.000.000 төгрөг, татварын 2 дугаар улирлын тайлангаар 3.000.000 төгрөг оногдуулах 300.000 төгрөг, иргэний нэхэмжлэлтэй холбоотой улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 67.750 төгрөг, нийт 3.367.750 төгрөгийг иргэн Т.Ш***оос нэхэмжлэн гаргуулж өгнө үү.
“***” ХХК 2005 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр ******* ******* ХК-ийн гүйцэтгэх захиралтай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан хуучин нүүрс ангилан ачих зориулалттай хуучин барилгыг буулгах ажлыг гүйцэтгэсэн байдаг. Энэ гэрээгээр ажил гүйцэтгэсэн. Гэтэл менежер Т.Ш*** нь ажлын хөлснөөс гадна хувийн журмаар 4.000.000 төгрөгийг Баянхонгор аймгийн Шаргалжуутын амралт явах болсон. Мөнгөний шаардлагатай байна. Мөнгө зээлээч гэж хүссэнийх нь дагуу 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Хаан банкны *** тоот Т.Ш***ын дансанд шилжүүлсэн. Т.Ш*** нь 2015 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Өвөрхангай аймгийн Хужиртаас өөрийн данснаас 1.000.000 төгрөгийг шилжүүлэн үлдэгдэл мөнгийг өнөөдрийг хүртэл өгөлгүй өнөөдрийг хүрсэн. Мөнгөө өгөхийг удаа дараа шаардсан. Зээлсэн мөнгөний үлдэгдэл 3.000.000 төгрөг, татварын 2-р улирлын тайлангаар 3.000.000 төгрөг оногдуулах 300.000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 67.750 төгрөг, нийт 3.367.750 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Уг нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна” гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Манай компани 2015 онд 50 жилийн ойд бэлтгэх ажлын хүрээнд уурхайн талбай дахь 5-6 давхар хуучин ашигладаггүй дамжлагын байрыг буулгах удирдлагын шийд гарсан. Миний бие ойн бэлтгэл ажлын комиссын ахлахын хувиар барилга буулгах компанийг олж сонгох, гэрээ хийх үүрэгтэй байсан. Дарханд байдаг найзаараа дамжуулж А*** ******* *******д биеэр ирж танилцан, удирдлагатай уулзан гэрээ хийж уг барилгыг буулгасан. 2015 оны 5 сард жил бүр явдаг Хужирт рашаанд ээлжийн амралтаа аваад явж байхад 5 сарын 12-нд надруу 4,000,000 төгрөг шилжүүлсэн. Үүнийг анх гэрээ хийх үедээ ажил олж өгсөн, гэрээ хийсэн, тусалсан талыг гэрээний дүнгийн 10%-иар шагнана гэж хэлж байсны дагуу сэтгэлийн бэлэг шагнал гэж би ойлгосон.
Энэхүү нэхэмжлэл нь намайг мөнгө нэхээгүй, шаардаагүй, яриагүй байхад өөрөө санаачлан эхлүүлээд дараа нь зээлсэн мэт утгагүй, хүн чанаргүй хандлага гэж үзэж нэхэмжлэлийг бүхлээр нь хүлээх үндэслэлгүй гэж үзэж байна.
Хуучин барилга буулгахдаа гэрээ хийсэн. Т.Ш*** нь өөрөө мөнгө гуйгаагүй байхад мөнгө шилжүүлсэн байдаг. Уг компани нь байшин буулгадаг компани биш байсан. Гэрээ хийж Т.Ш*** энэ ажлыг олж өгсөн. Энэ компани мэргэжлийн компани гэж байсан боловч сүүлдээ мэргэжлийн бус компани байсан. Барилгын мөнгө орж ирэхээр 5.000.000 төгрөг өгнө гэсэн байдаг. Энэ мөнгийг шагнал маягаар өгсөн гэдэг учраас энэ мөнгийг гаргуулах нь үндэслэлгүйгэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “***” ХХК нь хариуцагч Т.Ш***оос 3 367 750 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасны зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч “***” ХХК-иас 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 4 000 000 төгрөг шилжүүлсэн болох нь ХААН банкны мөнгөн шилжүүлгийн хуулгаар батлагдаж байна.
Дээрхи гүйлгээний утгыг ажлын хөлс гэж тодорхойлсон бөгөөд нэхэмжлэгч 4 000 000 төгрөгийг зээлээч гэсний дагуу шилжүүлсэн, үүнээс 1 000 000 төгрөгийг буцаан авсан, үлдэгдэл 3 000 000 төгрөг байгаа гэж, хариуцагч Т.Ш***нь *** ХХК-ийг “******* *******” ХК-тай байгуулсан нүүрс ангилан ачих зориулалттай хуучин барилгыг буулгах ажлыг гүйцэтгүүлэх гэрээ байгуулахад зуучлан авсан шагнал гэж маргаж байгаа болно.
Талуудын нэхэмжлэлийн шаардлага, хариу тайлбарт дурдсанчлан “***” ХХК-ийг “******* *******” ХК-тай байгуулах ажил гүйцэтгэх гэрээнд зуучилсан гэж байгаа тохиолдолд энэ талаархи нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, тухайн байгуулсан гэх гэрээний нэг тал болох “******* *******” ХК-д уулын үйлдвэрийн менежэрээр ажилладагийн хувьд хариуцагч Т.Ш***т уг гэрээнд зуучлах үүрэг хүлээх эсэх, мөн тайлбарт дурдсанаар уг ажлыг эхлүүлэх шалтгаан нь “******* *******” ХК-ийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд хийгдэх ажил байсан бөгөөд, уг ойн бэлтгэл ажлын комиссын гишүүн байсны хувьд зайлшгүй оролцох ажилтан байхаар байна.
Талууд харилцан тохиролцсноор 4 000 000 төгрөгийг Т.Ш***ийн дансанд шилжүүлсэн, 1 000 000 төгрөгийг буцаан өгсөн энэ талаар маргаангүй болно.
Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д заасан эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний ******* нөхцөлийн талаар талууд тохиролцож тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцох тул зохигчдын хооронд гэрээний зүйл болсон 4 000 000 төгрөгийг шилжүүлсэн, хүлээн авсан тул гэрээ байгуулсанд тооцно.
Иргэний хуулийн 283 дугаар зүйлд зааснаар талууд зээлийн гэрээний хугацааг тохироогүй тул зээлдүүлэгчийн шаардсанаар түүнийг буцааж төлөх бөгөөд ийнхүү шаардсанаас хойш нэг сарын дотор зээлдэгч үүргээ биелүүлэхээр бөгөөд мөн хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д зааснаар үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх үүрэгтэй бөгөөд үүрэг болох 3 000 000 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй байна.
Иймд хариуцагч Т.Ш***оос 3,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “***” ХХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч “***” ХХК нь хариуцагч Т.Ш***оос ... татварын 2-р улирлын тайлангаар 3.000.000 төгрөгт оногдуулах 300.000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.
Бусдад үзүүлсэн ажил үйлчилгээнд тохирсон татвар төлөх нь тухайн хуулийн этгээдийн хуулиар хүлээсэн үүрэг бөгөөд, ямар үндэслэлээр энэ шаардлагыг гаргаж байгаа нь тодорхойгүй, энэ талаархи нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй байна.
Хариуцагч Т.Ш*** нь 3 000 000 төгрөгийн 50 хувийг төлөх талаар эвлэрүүлэн зуучлалаар ороход татгалзах зүйлгүй гэж хариу тайлбар ирүүлснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид болон хариуцагчийн өмгөөлөгчид таницлуулсан боловч талууд эвлэрэн хэлэлцэх саналгүй гэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106, 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Т.Ш***оос 3,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “***” ХХК-д олгож , 300 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч “***” ХХК-иас 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Худалдаа хөгжлийн банк төрийн сан 190 000 941 тоот дансанд тушаасан тэмдэгтийн хураамж 68,834 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээн, хариуцагч Т.Ш***оос нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан дүн болох 3,000,000 төгрөгт төлөх тэмдэгтийн хураамж 62,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “***” ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл албадан биелүүлэх учрыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОЮУНДАРЬ