Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 2020/ШЦТ/15

 

2020        01         08                                               2020/ШЦТ/15

                                   

                                      Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн

Улсын яллагч Э.Идэрбат

Иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Нямсүрэн

Иргэний нэхэмжлэгч Л.Баярсайхан /онлайнаар/

Шүүгдэгч С.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Идэрбатаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ..... овогт С.Б-д холбогдох эрүүгийн 1921005840341 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .... оны .... дугаар сарын ....-ний өдөр Дундговь аймгийн Сайнцагаан суманд төрсөн, ...... настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, “..................” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэг, ...............тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ..... овогт С.Б. /РД: .........../

 

Шүүгдэгч С.Б нь 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Дорнод аймгийн Халхгол сумын 2 дугаар багийн нутаг, Газрын тосны 21 дүгээр талбайгаас баруун зүгт 20 км зайд “..............” маркийн ............. улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож байхдаа Замын Хөдөлгөөний дүрмийн 12.3 дугаар зүйлд заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж “Их Агдир” ББСБ ХХК-д 68534.983 төгрөгийн шууд, 17528.758 төгрөгийн шууд бус, нийт 86063.741 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

   Шүүгдэгч С.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ...Миний өөрийн үүсгэн байгуулсан “..................” ХХК Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт багт сургуулийн спорт заал барих тендер авч ажил гүйцэтгэхээр болсон. 2019 оны 08 дугаар сараас манай компани Дорнод аймгийн Халхгол сумын  Ялалт багт барилгын ажлаа эхлүүлсэн. Би ажлын явцыг харахаар Халхгол суманд очсон.  2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Ялалт багаас компаний нэр дээр гэрээгээр авсан “.............” маркийн машинтай аймгийн төв орохоор менежер Ариунаа, Пүрэвсүрэн нарын хамт хөдөлсөн. Тэндээс гараад 15 км орчим яваад, замын нөхцөл байдал шавартай, усархаг байснаас болоод шарваж унасан. Унах асуудал маш богино хугацаанд болсон. Шүүхийн шийдвэр эцэслэн гарсны дараа машинаа засварлуулах байсан. 2019 оны 05 дугаар сраын 16-ны өдөр зээлээр худалдаж авсан. Тухайн “..............” маркийн машиныг “Мөнх-Хада” ХХК-иас санал болгосон “Их Агдир” ББСБ-аас дэмжлэг авч, урьдчилгаа 15 хувийн төлбөр төлж санхүүгийн түрээсээр авсан. Миний зүгээс зээлийн төлбөрийг цаг алдалгүй төлж байсан. Би тээврийн хэрэгслээ “Монгол даатгал” ХХК-д жолоочийн хариуцлагын даатгал хийлгэсэн. “Монгол даатгал” ХХК 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр миний асуудлаар хуралдаж хохирлыг шийдвэрлэнэ гэсэн...гэв.

 

            Иргэний нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Л.Баярсайхан мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Манай компани нь тээврийн хэрэгслийн зээлийн үйлчилгээ явуулдаг бөгөөд “.........” ХХК-ийг төлөөлж С.Б гэх хүн 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 165.270.000 төгрөгийн үнэтэй “...........” маркийн тээврийн хэрэгслээс урьдчилгаа төлбөр болох 25.270.000 төгрөгийг өгч үлдэгдэл 140.000.000 төгрөгийг зээлээр авсан. Зээл сар бүр төлөлт хэвийн явагдаж байгаа. Тээврийн хэрэгсэл Дорнод аймагт осолдож засварын үнэлгээ нь 96.654.180 төгрөгийн хохирол учирсан байгаа юм. Уг авто тээврийн хэрэгсэл нь Монгол даатгалд даатгагдсан байгаа. ...Манай  “Их  Агдир” ББСБ-ын зүгээс машины засвар үйлчилгээг “Мөнх Хада” ХХК-иар хийлгэх байр суурьтай байна. Манай талаас “..............” маркийн машины засварыг “Мөнх Хада” ХХК-иар хийлгэсэн тохиолдолд ямар нэгэн асуудал байхгүй...” гэжээ. /хх-ийн 29-30 тал/

 

            Гэрч Н.Пүрэвсүрэн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би “...........” ХХК-ийн манаач хийдэг юм. Ингээд Халхгол сумын 2 дугаар баг буюу Ялалт багаас захирал С.Б, менежер Ариунаа нарын хамт ............. улсын дугаартай “..............” маркийн тээврийн хэрэгсэлтэй 09 цаг 40 минутын орчимд Хэрлэн сум руу явсан. Тухайн тээврийн хэрэгслийг манай захирал С.Б жолоодож би жолоочийн арын суудалд сууж, харин Ариунаа жолоочийн хажуу талын суудалд суусан. Тэгээд Халхгол сумын 2 дугаар баг, 21 дүгээр талбайгаас баруун тийш 15-20 км зайд миний санаж байгаагаар 14 цаг 30 минутын орчимд явж байтал сууж явсан машины дугуй нь хальтарч, тэнхлэгээрээ бүтэн эргэж осолдсон. ...Архи уудаггүй...Бид гуравт ямар ч гэмтэл учраагүй...” гэжээ. /хх-ийн 33 тал/

 

            Гэрч С.Ариунаа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Захирал С.Б, ажилтан Пүрэвсүрэн нарын хамтаар ............ улсын дугаартай “.............” маркийн тээврийн хэрэгслийг манай захирал С.Б жолоодож, би түүний хажуу талын суудал дээр суусан. Пүрэвсүрэн жолоочийн ард талын суудал дээр сууж явсан. Ингээд Халхгол сумын 2 дугаар баг, 21 дүгээр талбайгаас 14-15 км зайд явж байтал хэсэг устай газар таарсан. Тухайн устай хэсгээр явтал ямар нэгэн зүйлд цохигдох шиг болсон улмаар шавранд дугуй нь халтирч тэнхлэгээрээ бүтэн нэг эргэж осолдсон...” гэжээ. /хх-ийн 34 тал/

 

            - Замын цагдаагийн тасгийн техникийн шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 44 тоот дүгнэлтэд:

            1. ............. маркийн ............. улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч С.Б /................./ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчиж зам тээврийн осол гаргасан байна.

            2.  Тухайн хэргийн газарын үзлэг, схем зураглалд тоормосны мөр илрээгүй байх тул тээврийн хэрэгслийн хурдыг тоормосны мөрөөр тогтоох аргачлалын дагуу хурдыг тогтоох боломжгүй, шарвалт үүссэн цэгээс ............. улсын дугаартай тээврийн хэрэгсэл онхолдсон байршил хүртэл 11.0 метр байгаагаас дүгнэхэд уг тээврийн хэрэгсэл хурд хэтрүүлээгүй явсан болох нь тогтоогдож байна.

            3. ЦЕГ-ын Бүртгэл хяналтын төвийн жолоочийн цахим сангаас лавлагаа авахад /............../ регистрийн дугаартай С овогтой Б нь тээврийн хэрэгсэл жолоодох “В, С, D, M” ангиллын 290309 дугаартай хүчинтэй эрхийн үнэмлэхтэй байна.

            4. Хэрэг ослын газарт очсон ЗЦТ-н зохицуулагч цагдаагийн дэслэгч Н.Баатарсүрэнгийн үзлэг дүгнэлтээс харахад ............... маркийн ........... улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь техникийн хувьд бүрэн бүтэн замын хөдөлгөөнд оролцох боломжтой байсан байна.

            5. ................ маркийн .............. улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Замын хөдөлгөөний дүрмээр тээврийн хэрэгсэлд тавигдах ерөнхий шаардлагуудыг хангасан байна гэж үзлээ” гэжээ. /хх-ийн 46-47 тал/

 

            - Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 9-11 тал/

            - Ослын схем зураглал, зам тээврийн хэрэгсэлд осолдсон тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол дээр тогтоосон акт, жолоочийн согтуурлыг багажаар шалгасан тэмдэглэл /хх-ийн 12-15 тал/

            - Хөрөнгийн үнэлгээний “Вендо” компанийн 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 15061108 тоот үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 18-19 тал/

            - “Их Агдир” ББСБ ХХК-ийн санхүүгийн түрээсийн гэрээ /хх-ийн 72-78 тал/

            - “Тоёота Ланд-200” маркийн ................. улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ /хх-ийн 79 тал/

            - С.Б-ийн гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 31-32, 56-57 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

 

            Шүүгдэгч ...... овогт С.Б нь 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Дорнод аймгийн Халхгол сумын 2 дугаар багийн нутаг, Газрын тосны 21 дүгээр талбайгаас баруун зүгт 20 км зайд “..................” маркийн ................. улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын Хөдөлгөөний дүрмийн 12.3 дугаар зүйлд заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж “Их Агдир” ББСБ ХХК-д 68534.983 төгрөгийн шууд, 17528.758 төгрөгийн шууд бус, нийт 86063.741 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Л.Баярсайхан, гэрч Н.Пүрэвсүрэн, С.Ариунаа нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, ослын схем зураглал, зам тээврийн хэрэгсэлд осолдсон тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол дээр тогтоосон акт, жолоочийн согтуурлыг багажаар шалгасан тэмдэглэл, хөрөнгийн үнэлгээний “Вендо” компанийн 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 15061108 тоот үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт, “Их Агдир” ХХК-ийн санхүүгийн түрээсийн гэрээ, “......................” маркийн .............. улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, Замын цагдаагийн тасгийн техникийн шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 44 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.    

 

Шүүгдэгч С.Б-д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Идэрбатаас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул  шүүгдэгч С.Б-ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч С.Б-ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч С.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно.

Шүүгдэгч С.Б-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч С.Б-ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч С.Б-д оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т жолоодох эрхийг заавал хасахаар хуульчилсан байх тул гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, цаашид гарч болзошгүй үр дагавар зэргийг харгалзан шүүгдэгч С.Б-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг 1 /нэг/ жилийн хугацаагаар тогтоовол зохино.

 

Иргэний нэхэмжлэгч байгууллага “Их Агдир” ББСБ ХХК-ийн төлөөлөгч Л.Баярсайхан нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 96.654.180 төгрөгийг нэхэмжилж байх боловч энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй. Харин шүүгдэгч С.Б-ийн үйлдлийн улмаас “Их Агдир” ББСБ ХХК-д 68.534.983 төгрөгийн шууд, 17.528.758 төгрөгийн шууд бус, нийт 86.063.741 төгрөгийн хохирол учирсан нь хавтас хэрэгт авагдсан “Хөрөнгийн үнэлгээний Вендо” ХХК-ийн үнэлгээний тайлангаар нотлогдож байх тул шүүгдэгч С.Б-ээс нийт 86.063.741 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч байгууллага “Их Агдир” ББСБ ХХК-д олгох нь зүйтэй байна гэж үзлээ.

 

 Шүүгдэгч С.Б нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч С.Б-ийн ............. тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ..... овогт С.Б-ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч С.Б-ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч С.Б-д оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч С.Б-д мэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч С.Б-ийн ............ тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-ээс бусдад учруулсан эд хөрөнгийн хохиролд нийт 86.063.741 /наян зургаан сая жаран гурван мянга долоон зуун дөчин нэг/ төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч байгууллага “Их Агдир” ББСБ ХХК /РД: 6159478/-д олгосугай.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч С.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Л.БАТЖАРГАЛ