Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 2020/ШЦТ/09

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн

Улсын яллагч Ч.Мөнхзул

Шүүгдэгч Д.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Төрболдоос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн .......... овогт Д.Г-т холбогдох 1921000000408 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ...... оны ..... дугаар сарын .....-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, ..... настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хүнсний технологич мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 1, Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, ..................... тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ...... овогт Д.Г. /РД: ................../

 

Шүүгдэгч Д.Г нь 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, Тээвэрчидийн 6 дугаар гудамж 27 тоотод орших гэртээ иргэн Г.Б-тай архидан согтуурах явцдаа үл ялих шалтгааны улмаас маргалдаж улмаар зүүн бугалга тус газар нь хутгаар хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

            Шүүгдэгч Д.Г шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ...Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна..гэв.

 

Хохирогч Г.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр өөрийн гэр болох Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, ............... тоотод ганцаараа байж байхад 13 цагийн орчим найз Д.Г, Энхдорж хоёр жаахан халамцуу хараа архитай орж ирсэн. Ингээд бид гурав юм яриад архиа уугаад сууж байхад гаднаас Тайван орж ирсэн бөгөөд мөн тэр архинаас хамт уусан. Найз Д.Г дахин дэлгүүрээс “Хараа” архи авчирж уусан. Тэгээд архи ууж дууссаны дараа найз Энхдорж уусан архиндаа согтсон учир найз Тайван гэрт нь хүргэж өгөх гээд явж, би найз Д.Г-ын хамт архи уухаар болж дэлгүүрээс “Хамаг монгол” гэх шошготой 0.5 литрийн архи аваад Д.Г-ын гэр рүү явсан. Ингээд найз Д.Г-ын гэр болох Хэрлэн сумын 2 дугаар баг, ............ тоотод очоод би уусан архиндаа согтоод хэрүүл маргаан үүсгэсэн. Найз Д.Г гэрийнхээ хойд талд буюу миний өөдөөс хараад хутгаар хонины толгой өвчиж байснаа миний хэлсэн үгэнд уурлаж гартаа барьж байсан хутгаараа миний зүүн бугалга орчимд нэг удаа хатгасан. ...Надад гаргах гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэжээ. /хх-ийн 13-15 тал/

 

Гэрч Д.Баатарцэнд мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр өөрийн төрсөн дүү Д.Г-ын гэрт 19 цагийн орчим ороход манай дүү Д.Г өөрийн найз Батсуурийн хамт сууж байсан. Д.Г, Б нар тухайн үед нилээн согтуу сууж байсан. Тэгээд би гэр рүүгээ очоод түлээ, нүүрсээ бэлдээд байж байтал 10-20 минутын дараа Д.Г манай гэрт ирээд “ахаа би Б-ийг зодчихлоо” гэхээр нь гэрт нь очтол Б-ийн гарнаас цус гарсан байдалтай байж байсан. ...Тэгээд би дүү Үржинханд руу залгаад “Д.Г хүн хутгалсан байна” гэж хэлсэн. Тэгээд удалгүй манай дүү Үржинханд нөхрийн хамт, түүний араас Д.Г түргэн дагуулаад ирсэн...” гэжээ. /хх-ийн 22-23 тал/

 

Гэрч Г.Үржинханд мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр гэртээ байж байтал 20 цагийн орчим манай ах Баатарцэнд над руу залгаад “Д.Г хүн хутгалсан байна, чи гэрт хурдан хүрээд ирээрэй” гэж надад хэлсэн. Тэгээд Д.Г-ын гэрт очтол найз нь гэх Г.Б-н зүүн гарны булчин хэсгээс цус гарч гэрийн баруун хэсгийн шал цус мэт зүйлээр бохирлогдсон байдалтай байсан...” гэжээ. /хх-ийн 24-25 тал/

           

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 08 тоот дүгнэлтэд

1. Г.Б-ийн биед зүүн бугалганы нэвт хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь хурц ир үзүүр бүхий зүйлийн 1 удаагийн үйлчиллээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл.

3. Дээрхи гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 27 тал/

 

- Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4 тал/

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-7 тал/

- Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 8 тал/

- Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-10 тал/

- Д.Г-ын гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 19-21, 32-34 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч ......... овогт Д.Г нь 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, Тээвэрчидийн 6-27 тоотод орших гэртээ хохирогч Г.Б-тай архидан согтуурах явцдаа үл ялих шалтгааны улмаас маргалдаж улмаар зүүн бугалга тус газар нь хутгаар хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч Г.Б, гэрч Д.Баатарцэнд, Г.Үржинханд нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 08 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

 

Шүүгдэгч Д.Г-т холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Төрболдоос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Д.Г-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч Д.Г-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 460 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх санал гаргасныг харгалзан шүүгдэгч Д.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 460 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460.000 /дөрвөн зуун жаран мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Д.Г нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй байна. 

 

Хохирогч Г.Б нь шүүгдэгч Д.Г-тай эвлэрсэн, гаргах гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Д.Гыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.   

 

Шүүгдэгч Д.Г нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ажлын хэсэг нь 9 см, бариул хэсэг нь 10 см, нийт 19 см урттай хуванцар хар өнгийн иштэй хутга 1 /нэг/ ширхэгийг устгах, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Д.Г-ын ...........  тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.    

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ..... овогт Д.Г-ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г-ыг 460 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460.000 /дөрвөн зуун жаран мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г-ын хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Д.Г-ын ................ регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ажлын хэсэг нь 9 см, бариул хэсэг нь 10 см, нийт 19 см урттай хуванцар хар өнгийн иштэй хутга 1 /нэг/ ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Г-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Л.БАТЖАРГАЛ