Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 06

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч С.Насанбуян даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир                                                                                                                     
Улсын яллагч С.Сугар
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг,
Шүүгдэгч Ж.Б  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Сугараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Бт холбогдох эрүүгийн 1930003190297 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.

Монгол Улсын иргэн, Дорнод  аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багийн харьяат, 1989 оны  04 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн, 30 настай, эмэгтэй, бүрэн дунд  боловсролтой, нярав, жолооч мэргэжилтэй, ам бүл 3, ээж охины хамт Дорнод  аймгийн Хэрлэн  сумын 7 дугаар багийн 27 дугаар байрны 59 тоотод оршин суух хаягтай, одоо Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо, ХААИС-ын ... тоотод түр оршин суух,  улсаас авсан гавъяа шагналгүй,  ял шийтгэлгүй, Ж.Б.
        
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

Шүүгдэгч   Ж.Б нь Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын төвөөс зүүн хойд зүгт  22 километрт “Т” гэх газар засмал зам дээр 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 18 цагийн орчимд  32-61 УНИ улсын дугаартай цагаан өнгөтэй поробокс маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.1. “ Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна ” гэх заалтыг зөрчиж 100 орчим километр цагийн хурдтай явсны улмаас онхолдож тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч М.Мгийн амь нас хохирсон  гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн   хэлэлцүүлэгт  дараах   нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч Ж.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Дорнод аймагт  эгчийнхээ нөхрийн оршуулгын ажилд оролцохоо явсан. Улаанбаатар руу буцаж явахдаа зам тээврийн осолд орсон. Оршуулгын зардал болон бусад бүх ажилд нь манай ар гэрийнхэн бүгдээрээ тусалсан. Яг мөнгөн дүнгээр хэдэн төгрөгөөр тусалсныг мэдэхгүй байна.Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...гэв.

- Яллагдагч Ж.Бийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: Би 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 15 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын төвөөс Улаанбаатар хот руу цагаан өнгөтэй пробокс маркийн 32-61 УНИ улсын дугаартай автомашиныг жолоодож гарсан юм. Миний жолоодож явсан машин нь буруу талдаа жолооны хүрдтэй юм. Машинд надтай нийлээд нийт 9 хүн явж байсан. Урд талын суудалд М.Е, арын суудалд М.М, М.Б, Д.М охидууд нь болох М.Ма, М, О.Б,  манай охин Б.Н нар сууж явсан юм. Осол болох үед Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын нутагт орж ирж байгаа гэж бодсон. Энэ үедээ би бага зэрэг хурд хэтрүүлсэн багцаагаар 100 орчим км цагийн хурдтай явж байтал зөв талын арын дугуй буудаж хагарсан. Энэ үед зүүн гар тал руу жолооны хүрд татагдсан. Энэ үед нь би баруун гар тал  руугаа огцом хүчтэй дарсан. Ингээд баруун зүгт явсан машин засмал замын хойд тал руу унасан. Ослын улмаас Мийн охин М нас барсан. Жолооч болон жолоочийн хажуу талын зорчигч хамгаалах бүс хэрэглэсэн байсан. Бусад зорчигч хамгаалах бүс хэрэглээгүй байсан. Би “В” ангиллын жолоочийн үнэмлэхтэй 4 жил тээврийн хэрэгсэл жолоодож байна. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 81-83/,

- Хохирогч Д.Мийн: 2019 оны 07 дугаар сарын 15-ны өдөр манай эгч Мөын нөхөр бурхан болоод Улаанбаатар хотоос садангийн  нь хүмүүс явсан юм. Тэгээд 2019 оны 07 дугаар сарын 19-ны өдөр ажил явдал нь дуусаж 07 дугаар сарын 22-ны өдөр миний бие 2 охин болох Ма, М, эгч Мөын 3 хүү болох Е, Б, М, төрсөн эгчийн охин болох Бо нь охин Нийн  хамт, төрсөн дүү Оын хүү Билгүүн тамир нарын хамт Дорнод аймгаас 32-61 УНИ улсын дугаартай Пробокс маркийн тээврийн хэрэгсэлтэй Улаанбаатар хот руу 13 цагийн үед гарч 15 цагийн үед Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын нутаг дэвсгэрт явж байхад гэнэт зүүн хойд талын арын дугуй буудаж жолоо алдагдаж баруун тал  руугаа унаж зам тээврийн осол гаргасан. Тухайн үед замын эвдрэлтэй нүх рүү орж арын дугуй буудсан. Тээврийн хэрэгслийг Ж.Б нь жолоодож хөдөлгөөнд  оролцож байсан ба осол болоход 80 км/ цагийн хурдтай явж байсан шиг санаж байна,  зам тээврийн ослын улмаас миний төрсөн охин М нь нас барсан. У.Бо нь манай төрсөн эгч Мөнхтуяагийн охин учир надад нэхэмжлэх зүйл болон санал хүсэлт, гомдол санал гэхээр зүйл байхгүй. Ер нь тухайн аваар осол болсон газрын зам нь айхтар гүн нүхтэй байсны улмаас аваар гарсан.  Учир нь  тухайн зам дээр дахин зам тээврийн осол гарахгүй байх үүднээс тэмдэг тэмдэглэгээ хийж байрлуулах нь  зүйтэй...гэх мэдүүлэг / хх-ийн 25-26 хуудас/,

- Иргэний нэхэмжлэгч Л.Аын: 2019 оны 07 сарын 22-ны өдөр миний машины авч явсан Ц нь надад Түмэнцогт суманд осол гарсан талаар хэлсэн. Би Түмэнцогт суманд очиж талийгаач Мг авчирсан. Тухайн үед миний машиныг хүргэний дүү Бо жолоодож явсан байсан. Надад машины талаар ямар нэгэн гомдол санал байхгүй. Нэхэмжилж байгаа зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 19/,

- Иргэний нэхэмжлэгч Д.Мөын хэрэг бүртгэлтэнд өгсөн: 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 13 цагийн үед манай төрсөн дүү М нь Ма, М нарын хамт, Бо нь охинтойгоо, манай 3 хүү, мөн бага дүү Оын Би нар Пробокс маркийн машинтай Улаанбаатар хот руу явж байгаад зам тээврийн осолд орж М нь нас барсан ба манай 2 хүү болох Б, Е нарын биед хөнгөн гэмтэл учирсан. Б, Е нар нь насанд хүрээгүй хүүхдүүд учраас мэдүүлэг өгөх боломжгүй байна. Тухайн ослын талаар ямар нэгэн гомдол санал гэхээр зүйл байхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 23/

- Гэрч Д.Оын: 2019 оны 07 сарын 15-ны өдөр манай төрсөн эгч Мөын нөхөр бурхан болсон бөгөөд Улаанбаатар хотоос хамаатан садан нь ирсэн юм. Тэгээд 2019 оны 07 сарын 22-ны өдөр М, Бо нар нь хүүхдүүдээ аваад Улаанбаатар хот руу явах гэж байна гэж сонссон. 18 цагийн үед Бо, М нар нь осолд орсон талаар дуулсан. Тэр машин дотор манай төрсөн хүү Би явж байсан. Бит ямар нэгэн гэмтэл учраагүй. Тус ослын улмаас Мийн охин М нас барсанд харамсаж байна. Миний зүгээс гомдол санал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 35/

- Хэргийн учралын газарт  үзлэг хийсэн тэмдэглэл, /хх-ийн 7-8/

- Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 09, 10-16/,

- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл  /хх-ийн 06-09/

- 32-61 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ/хх-ийн 87/

- Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 51 дугаартай: 1.Мгийн цогцост хамар, нармай, дух, баруун зүүн чамархай, дагз ясны цөмөрч салсан ил хугарал, хуйх, хатуу хальсны урагдал, тархины няцрал, задрал, баруун нүдний эргэн тойронд, баруун чих, эгэмний дор  цус хуралт,  зүүн шанаа, баруун чихний доод хэсгийн зөөлөн эдийн няцрал, баруун дал, зүүн гарын алганы ар хэсэгт зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь амьд үед нь үүсгэгджээ. 3.Талийгаачид үхэлд нөлөөлөх архаг хууч өвчингүй байна. 4.Талийгаач М.М нь дээрх гавал тархины ил гэмтлүүдийн улмаас нас баржээ...”  гэх дүгнэлт/хх- 37-38/,

- Цогцост үзлэг хийсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд  /хх-ийн 40-42/

-    М.Мгийн нас барсны бүртгэлийн лавлагаа /хх-ийн 108/

- Д.Мийн Яаралтай тусламжийн хуудас. 2019.07.22./хх-ийн 44/

- Шүүхийн шинжилгээний албаны 2019.08.26-ны өдрийн 437 дугаартай дүгнэлтэнд: 1.Д.Мийн биед зүүн шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Уг гэмтэл нь мохоо зүйлээр үүсгэгдэх боломжтой. 3.Дээрх гэмтэл нь ШЭГЗТЖ-ийн 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 4.Цаашид эрүүл мэнд, энгийн хөдөлмөрийн чадварт  тогтмол нөлөөлөхгүй...гэжээ. /хх-ийн 45/,

- Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын эрүүл мэндийн  нэгдлийн эмчийн тодорхойлолт /хх-ийн 51/
- Ж.Бийн Яаралтай тусламжийн хуудас.2019.07.22./хх-ийн 52/

- Шүүхийн шинжилгээний албаны 2019.08.26-ны өдрийн 436 дугаартай дүгнэлтэнд: 1.Ж.Бийн биед зүүн өвдгөнд, баруун гарын чигчий хуруунд зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.  2.Уг гэмтэл нь ирмэгтэй зүйлээр үүсгэгдэх боломжтой. 3.Дээрх гэмтэл нь ШЭГЗТЖ-ийн 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид эрүүл мэнд, энгийн хөдөлмөрийн чадварт  тогтмол нөлөөлөхгүй...гэжээ/хх-ийн 53/,

- М.Еийн Яаралтай тусламжийн хуудас 2019.07.22./хх-ийн 55/

- Шүүхийн шинжилгээний албаны 2019.08.26-ны өдрийн 435 дугаартай дүгнэлтэнд: 1.М.Еийн биед баруун, зүүн гарын сарвуу, шууны шалбаралт, хүзүүний эрүүний доод хэсэгт олон тооны шарх гэмтэл  тогтоогдлоо.  2.Уг гэмтэл нь ирмэгтэй зүйлээр үүсгэгдэх боломжтой. 3.Дээрх гэмтэл нь ШЭГЗТЖ-ийн 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид эрүүл мэнд, энгийн хөдөлмөрийн чадварт  тогтмол нөлөөлөхгүй...гэжээ /хх-ийн 56/,

- М.Бйн Яаралтай тусламжийн хуудас.2019.07.22./хх-ийн 59/

- Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын эрүүл мэндийн  нэгдлийн эмчийн тодорхойлолт /хх-ийн 60/

- Шүүхийн шинжилгээний албаны 2019.08.26-ны өдрийн 434 дугаартай дүгнэлтэнд: 1.М.Бйн биед толгойд зүсэгдсэн шарх, чихэнд урагдсан шарх  гэмтэл  тогтоогдлоо.  2.Уг гэмтэл нь мохоо зүйлээр үүсгэгдэх боломжтой. 3.Дээрх гэмтэл нь ШЭГЗТЖ-ийн 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид эрүүл мэнд, энгийн хөдөлмөрийн чадварт  тогтмол нөлөөлөхгүй...гэжээ /хх-ийн 61/,

- Б.Нийн Яаралтай тусламжийн хуудас.2019.07.22./хх-ийн 64/

-Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын эрүүл мэндийн  нэгдлийн эмчийн тодорхойлолт /хх-ийн 65/,

- Шүүхийн шинжилгээний албаны 2019.08.26-ны өдрийн 433 дугаартай дүгнэлтэнд: 1.Б.Нийн биед толгойн орой хэсэгт, зүүн гарт зүсэгдсэн шарх, баруун нүдний эргэн тойронд цус хуралт гэмтэл  тогтоогдлоо.  2.Уг гэмтэл нь мохоо зүйлээр үүсгэгдэх боломжтой. 3.Дээрх гэмтэл нь ШЭГЗТЖ-ийн 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид эрүүл мэнд, энгийн хөдөлмөрийн чадварт  тогтмол нөлөөлөхгүй...гэжээ /хх-ийн 67/,

- М.Магийн Яаралтай тусламжийн хуудас.2019.07.22./хх-ийн 66/

- Шүүхийн шинжилгээний албаны 2019.08.26-ны өдрийн 432 дугаартай дүгнэлтэнд: 1.М.Магийн биед гэмтэл тогтоогдсонгүй...гэжээ /хх-ийн 69/,

- Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн Техникийн шинжээчийн 2019.10.21-ний өдрийн 68  дугаартай дүгнэлтэнд: 1. 32-61 УНИ улсын дугаартай цагаан өнгийн пробокс маркийн тээврийн хэрэгслийн жолооч Ж.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн байна. 2.Жолооч Ж.Б нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн “1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 12.2. Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна,  23.9 дараах тохиолдолд хүн тээвэрлэхийг хориглоно. a/ Тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон тооноос олон зорчигч,  б/ Тээврийн хэрэгслийн хүн тээхэд зориулаагүй хэсэгт /энэ дүрмийн 23.2, 23.3-т зааснаас бусад тохиолдолд/ гэх заалтуудыг  зөрчсөн байх үндэслэлтэй  байна. 3.Сүхбаатар аймгийн Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Э.Бат-Үйлсийн Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл болон мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахмад А.Манлайбаярын хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн шинжээч, цагдаагийн дэслэгч О.Хосбаярын гэрэл зургийн үзүүлэлт зэргээс харахад зорчих хэсэг дээр үүссэн 5 см-ийн гүнтэй 170 см-ийн урттай, 100 см-ийн өргөнтэй мөн 4 см-ийн гүнтэй 88 см-ийн өргөн, 190 см-ийн урттай эвдрэлээс 32-61 УНИ улсын дугаартай Пробокс маркийн тээврийн хэрэгслийн зүүн хойд дугуй цохигдож хагарснаас шарвалт үүсэж онхолдсон байх шарвалтын мөр байх тул Замын нөхцөл байдал зам тээврийн осол гарахад нөлөөлсөн байх үндэслэлтэй байна. 4. 32-61 УНИ улсын дугаартай цагаан өнгийн Пробокс маркийн тээврийн хэрэгслийн жолооч Ж.Б нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 12.2 Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна гэх заалтыг зөрчсөний улмаас Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн авто замын А0502 дугаартай авто замын засвар арчлалт хариуцсан компани нь МУ-ын замын хөдөлгөөний дүрмийн 27.3 “Зам ашиглалт, хот тохижилтын асуудал эрхэлсэн байгууллагын ажилтан албан тушаалтан нь зам, замын байгууламж, төмөр замын гарам болон хөдөлгөөн зохицуулах техник хэрэгслийг холбогдох норм, дүрэм, стандартын шаардлагын дагуу бүрэн бүтэн байлгах, хэрэв эдгээр нь эвдэрсэн буюу замын гадаргаа мөстсөн зэргээс хөдөлгөөнд аюул учирч болзошгүй үед түүнийг нэн даруй засах, цэвэрлүүлэх арга хэмжээ авна. Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр хавсралтын 1.2-ийн 1.1, 1.2 1.5-1.28 тэмдгийг тухайн аюул бүхий хэсгийн эхлэл хүртэл суурин газрын доторх замд 50-100 метр, суурин газрын гаднах замд 150-300 метрийн өмнө байрлуулна. Зайлшгүй тохиолдолд 7.1а тэмдгийн хамт өөр зайд байрлуулж уг нэмэлт тэмдгээр тухайн аюул бүхий хэсгийн эхлэл хүртэлх зайг заана” гэх заалтуудыг зөрчин замын эвдрэлийг засварлаагүй. Хөдөлгөөнд оролцогч нарт анхааруулах мэдээлэх тэмдэг байршуулаагүй. Мөн 32-61 УНИ улсын дугаартай цагаан өнгийн Пробокс маркийн тээврийн хэрэгслийн жолооч Ж.Б нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэх заалтыг зөрчин 100 км цагийн хурдтай явсны/Ж.Бийн өөрийн өгсөн мэдүүлгээр тогтоогдсон/ улмаас дээрх зам тээврийн осол гарах шалтгаан болсон байх үндэслэлтэй байна. 5.Дүгнэлт гарах явцад өөр зүйл илрээгүй болно...”гэжээ./хх-ийн 47-48/,

-Хохирогч М.Мийн Сүхбаатар аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-ийн 84/

- Иргэний нэхэмжлэгч Л.Аын Сүхбаатар аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-ийн 85/

- Улсын төсвийн  хөрөнгөөр 2019 онд гүйцэтгэх авто замын засвар арчлалтын ажлын захиалагч, гүйцэтгэгч нарын хооронд байгуулсан гэрээ /хх-ийн 90-95/

-    Барилга,байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт /хх-ийн 96-104/

-    ЦЕГ-ын жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 107/

-    Ж.Бийн төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 109/

-    М.Бйн төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 110/

-    О.Бын төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 111/

-    М.Мийн төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 112/

-    М.Еийн төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 113/

-    М.Магийн төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 114/

-    М.Мгийн төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 115/

- Ж.Бийн Сүхбаатар аймгийн Цагдаагийн газарт гаргасан хүсэлт /хх-ийн 116/

- Ж.Бийн Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 124/

-    Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ,

    - Ж.Бийн Хууль зүйн туслалцааны төвийн Сүхбаатар аймаг дахь салбарт гаргасан хүсэлт,

    - Ж.Бийн түр оршин суух хаягийн тодорхойлолт зэрэг баримтууд болно.


Шүүгдэгч Ж.Б нь 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 18 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын төвөөс зүүн хойд зүгт 22 километрт “Т” гэх газарт засмал зам дээр 32-61 УНИ улсын дугаартай Пробокс загварын тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино; 12.2. Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна; 12.1. Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна.... гэх заалтыг зөрчиж замын нөхцөл байдал хурд тааруулалгүй явж, замын эвдрэлд дугуй нь хагарч шарвасны улмаас онхолдож тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж зорчигч М.Б, М.Е, Б.Н нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирч, зорчигч М.Мгийн амь нас хохирсон болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
шүүгдэгч Ж.Бийн “ Би 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 15 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын төвөөс Улаанбаатар хот руу цагаан өнгөтэй Пробокс маркийн 32-61 УНИ улсын дугаартай автомашиныг жолоодож гарсан юм.Машинд надтай нийлээд нийт 9 хүн явж байсан. Осол болох үед Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын нутагт орж ирж байгаа гэж бодсон. Энэ үедээ би бага зэрэг хурд хэтрүүлсэн багцаагаар 100 орчим км цагийн хурдтай явж байтал зөв талын арын дугуй буудаж хагарсан. Энэ үед зүүн гар тал руу жолооны хүрд татагдсан. Энэ үед нь би баруун гар тал  руугаа огцом хүчтэй дарсан. Ингээд баруун зүгт явсан машин засмал замын хойд тал руу унасан. Ослын улмаас Мийн охин М нас барсан...гэх,
хохирогч Д.Мийн “2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр миний бие 2 охин болох Ма, М, эгч Мөын 3 хүү болох Е, Б, М, төрсөн эгчийн охин болох Бо нь охин Нийн  хамт, төрсөн дүү Оын хүү Билгүүн тамир нарын хамт Дорнод аймгаас 32-61 УНИ улсын дугаартай Пробокс маркийн тээврийн хэрэгсэлтэй Улаанбаатар хот руу 13 цагийн үед гарч 15 цагийн үед Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын нутаг дэвсгэрт явж байхад гэнэт зүүн хойд талын арын дугуй буудаж жолоо алдагдаж баруун тал  руугаа унаж зам тээврийн осол гаргасан. Тухайн үед замын эвдрэлтэй нүх рүү орж арын дугуй буудсан. Тээврийн хэрэгслийг Ж.Б нь жолоодож хөдөлгөөнд  оролцож байсан ба осол болоход 80 км/ цагийн хурдтай явж байсан шиг санаж байна, зам тээврийн ослын улмаас миний төрсөн охин М нь нас барсан...” гэх,
иргэний нэхэмжлэгч Д.Мөын “ 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 13 цагийн үед манай төрсөн дүү М нь охин Ма, М нарын хамт, Бо нь охинтойгоо, манай 3 хүү М.Б, М.Е, М.М, мөн бага дүү Оын хүү Би нар Пробокс маркийн машинтай Улаанбаатар хот руу явж байгаад зам тээврийн осолд орж М нь нас барсан ба манай 2 хүү болох Б, Е нарын биед хөнгөн гэмтэл учирсан...гэх мэдүүлгүүд,
иргэний нэхэмжлэгч Л.Аын “ 2019 оны 07 сарын 22-ны өдөр миний машины авч явсан Ц нь надад Түмэнцогт суманд осол гарсан талаар хэлсэн. Би Түмэнцогт суманд очиж талийгаач Мг авчирсан. Тухайн үед миний машиныг хүргэний дүү Бо жолоодож явсан байсан. Надад машины талаар ямар нэгэн гомдол санал байхгүй. Нэхэмжилж байгаа зүйл байхгүй..” гэх,
хэрэг учралын газарт  үзлэг хийсэн “ Уг хэрэг учрал болсон гэх газар нь Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 1 дүгээр баг, Т гэх газар буюу сумын төвөөс зүүн хойд зүгт 22 км-т засмал зам дээр болсон байв“ гэх тэмдэглэл,
Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, М.Мгийн 110/001080 дугаартай нас барсны гэрчилгээ,01851274 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ,
шинжээчийн 51 дугаартай“1.Мгийн цогцост хамар, нармай, дух, баруун зүүн чамархай, дагз ясны цөмөрч салсан ил хугарал, хуйх, хатуу хальсны урагдал, тархины няцрал, задрал, баруун нүдний эргэн тойронд, баруун чих, эгэмний дор  цус хуралт,  зүүн шанаа, баруун чихний доод хэсгийн зөөлөн эдийн няцрал, баруун дал, зүүн гарын алганы ар хэсэгт зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь амьд үед нь үүсгэгджээ. 3.Талийгаачид үхэлд нөлөөлөх архаг хууч өвчингүй байна. 4.Талийгаач М.М нь дээрх гавал тархины ил гэмтлүүдийн улмаас нас баржээ”  гэх дүгнэлт,
шинжээчийн 435 дугаартай “1.М.Еийн биед баруун, зүүн гарын сарвуу, шууны шалбаралт, хүзүүний эрүүний доод хэсэгт олон тооны шарх гэмтэл  тогтоогдлоо.  2.Уг гэмтэл нь ирмэгтэй зүйлээр үүсгэгдэх боломжтой. 3.Дээрх гэмтэл нь ШЭГЗТЖ-ийн 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх,  
шинжээчийн 434 дугаартай ” 1.М.Бйн биед толгойд зүсэгдсэн шарх, чихэнд урагдсан шарх  гэмтэл  тогтоогдлоо.  2.Уг гэмтэл нь мохоо зүйлээр үүсгэгдэх боломжтой. 3.Дээрх гэмтэл нь ШЭГЗТЖ-ийн 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ” гэх,
шинжээчийн 433 дугаартай “ 1.Б.Нийн биед толгойн орой хэсэгт, зүүн гарт зүсэгдсэн шарх, баруун нүдний эргэн тойронд цус хуралт гэмтэл  тогтоогдлоо.  2.Уг гэмтэл нь мохоо зүйлээр үүсгэгдэх боломжтой. 3.Дээрх гэмтэл нь ШЭГЗТЖ-ийн 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлтүүд,
Техникийн шинжээчийн 68 дугаартай “ 1. 32-61 УНИ улсын дугаартай  цагаан өнгийн пробокс маркийн тээврийн хэрэгслийн жолооч Ж. Бо нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн байна. 2.Жолооч Ж.Б нь Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино; 12.2. Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна;  23.9. дараах тохиолдолд хүн тээвэрлэхийг хориглоно. a/ Тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон тооноос олон зорчигч, б/ Тээврийн хэрэгслийн хүн тээхэд зориулаагүй хэсэгт /энэ дүрмийн 23.2, 23.3-т зааснаас бусад тохиолдолд/ гэх заалтуудыг  зөрчсөн байх үндэслэлтэй  байна.  4.3261 УНИ улсын дугаартай цагаан өнгийн пробокс маркийн тээврийн хэрэгслийн жолооч Ж.Б нь Монгол улсын замын хөдөлгөөний  дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино; 12.2. Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна;  12.1. Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэх заалтуудыг зөрчин 100 орчим км/цагийн хурдтай явсны /Ж.Бийн өөрийн өгсөн мэдүүлгээр тогтоогдсон/ улмаас дээрх зам тээврийн осол гарах шалтгаан болсон байх үндэслэлтэй байна “ гэх дүгнэлтүүд зэрэг хамаарна.

Хэргийн баримтаар Ж.Б нь Дорнод аймгаас Улаанбаатар хот руу 32-61 УНИ улсын дугаартай Пробокс загварын тээврийн хэрэгслийг жолоодон зорчихдоо замын эвдрэлтэй нөхцөл байдалд хурд тохируулалгүй буюу 100 км цагийн хурдтай явж, зам дээрх нүхэнд машины арын дугуй нь цохигдсон хагарсны  улмаас шарваж онхолдон осол гарсан үйл баримт тогтоогдох бөгөөд энэ нь Хэрэг учралын газарт  үзлэг хийсэн “ А цэгээс зүүн зүгч 53.40 метрт 2 ширхэг дөрвөлжин нүх байв. Замын хойд захаас урд зүгт 1.9 м зайд 1.7 м урт, 1 м өргөн, 0.05 м гүнтэй, замын хойд захаас урд зүгт 2.84 м зайд 1.9 м урт, 0.88 м өргөн, 0.04 м гүнтэй эвдрэл байлаа “ гэх тэмдэглэл, машины шарвалтын мөрийг бэхжүүлсэн 4,5, 8,9, 61 дугаартай, мөн замын эвдрэлийг харуулсан 62-65 дугаартай гэрэл зургийн үзүүлэлт зэрэгт тус тус тусгагдсан хийгээд үүнийг гэрч Д.М “ Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын нутаг дэвсгэрт явж байхад гэнэт зүүн хойд талын арын дугуй буудаж жолоо алдагдаж баруун тал  руугаа унаж зам тээврийн осол гаргасан. Тухайн үед замын эвдрэлтэй нүх рүү орж арын дугуй буудсан.Тээврийн хэрэгслийг Ж.Б нь жолоодож хөдөлгөөнд  оролцож байсан ба осол болоход 80 км/ цагийн хурдтай явж байсан шиг санаж байна “ гэрчлэх бөгөөд мөн шүүгдэгч Ж.Б нь “ Осол болох үед Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын нутагт орж ирж байгаа гэж бодсон. Энэ үедээ би бага зэрэг хурд хэтрүүлсэн багцаагаар 100 орчим км цагийн хурдтай явж байтал зөв талын арын дугуй буудаж хагарсан. Энэ үед зүүн гар тал руу жолооны хүрд татагдсан. Энэ үед нь би баруун гар тал  руугаа огцом хүчтэй дарсан. Ингээд баруун зүгт явсан машин засмал замын хойд тал руу унасан “ гэх мэдүүлгээрээ үгүйсгээгүй байна.  

Шүүгдэгч нь гэмт хэргийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлджээ. Тэрээр “ Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”,жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна ” гэх Замын хөдөлгөөний дүрмийн зохицуулалтыг биелүүлээгүйгээс осол гарах, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч тухайн нөхцөл байдалд дээрх зохицуулалтыг хэрэгжүүлээгүйгээс осол гаргаж, үүний улмаас бусдын амь нас хохирчээ.
    
Шүүгдэгч Ж.Бийн зам тээврийн осол гаргаж, бусын амь насыг хохироосон дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг буюу “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироох“ гэмт хэргийн шинжийг бүрэн агуулах бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.

Тухайн гэмт хэргийн улмаас М.Мгийн амь нас хохирсон, Ж.Б болон түүний гэр бүлээс нь амь хохирогчийн оршуулгын зардлыг төлсөн, дээрх хохирол, хор уршигтай холбогдуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.М нэхэмжлэл, гомдол гаргаагүй болно.

Мөн М.Б, М.Е, Б.Н нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол, иргэний нэхэмжлэгч Л.Аын машинд хохирол тус тус учирсан бөгөөд М.Б, М.Е нарын хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Д.Мө “ манай 2 хүү болох Б, Е нарын биед хөнгөн гэмтэл учирсан,ямар нэгэн гомдол, саналгүй ” гэж,
иргэний нэхэмжлэгч Л.Аын “ Тухайн үед миний машиныг хүргэний дүү Бо жолоодож явсан байсан. Надад машины талаар ямар нэгэн гомдол санал байхгүй. Нэхэмжилж байгаа зүйл байхгүй..” гэж тус тус мэдүүлсэн, хохирогч Б.Нийн хууль ёсны төлөөлөгчөөр шүүгдэгч Ж.Б тогтоогдсон ба түүнийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

Шүүгдэгч Ж.Бийн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид учирсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т тус тус заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба харин хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Тодруулбал, шүүгдэгч нь зам эвдрэлтэй, усаар дүүрсэн хэсэгт дугуй цохигдон хагарсны улмаас шарваж машинаа онхолдуулсан үйл баримт хэргийн баримтаар тогтоогдох бөгөөд энэ нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдалд хамаарна.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзэх бөгөөд шүүгдэгч Ж.Бийн үйлдсэн хэрэг нотлогдсон, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийг болгоомжгүйгээр үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан эдийн хохирлыг нөхөн төлсөн, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, тэрээр 10 настай охин, эхийн хамт Улаанбаатар хотод хувиараа ажил эрхэлж амьдардаг, гэр бүлд нь өөр ажил эрхэлж, орлого олдог, тэжээн тэтгэх хүн байхгүй байгаа, мөн тухайн хэргийн амь хохирогч нь түүний үеэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.М гомдолгүй гэсэн зэрэг тухайн хэргийн онцгой нөхцөл байдлыг харгалзан үзвэл түүнийг хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “ Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл хэсэг заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно ” гэх зохицуулалтанд хамаарах бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “  Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна ” гэх шударга ёсны зарчимд харшлахгүй болно.

Иймд шүүгдэгч Ж.Бийг Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар түүнд шүүхээс тэнссэн дээрх хугацаанд оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэлээ.
    
Шүүгдэгч Ж.Б энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Э. Боийг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.              

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан, тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Бийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар хугацаагаар тэнссүгэй.
         
3. Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Ж.Бт шүүхээс тэнссэн дээрх хугацаанд оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар Ж.Бийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
    
5. Шүүхийн шатанд шүүгдэгч Ж.Бт таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.    

6. Шүүгдэгч Ж.Б энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй буюу хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.М, иргэний нэхэмжлэгч Д.Мө, Л.А  нар  гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.




                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        С.НАСАНБУЯН