| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Авирмэдийн Отгонцэцэг |
| Хэргийн индекс | 101/2016/00755/И |
| Дугаар | 50 |
| Огноо | 2016-12-26 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 12 сарын 26 өдөр
Дугаар 50
Н.Оргилмаагийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч М.Наранцэцэг, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2016/06289 дүгээр шийдвэртэй,
Нэхэмжлэгч Н.Оргилмаа,
Хариуцагч М.Энхбаярт холбогдох,
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 43 991 000 төгрөгийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,
2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн зээлийн гэрээ, 2013 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн зээлийн гэрээ, 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-г тус тус хүчин төгөлдөр буст тооцуулах, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Ургах наран хороолол, 6 дугаар байрны 43 тоот хаягт орших 61.2 м.кв, 2 өрөө байраа буцааж авах, уг байрыг буцааж өгөх боломжгүй бол байрны төлөгдөөгүй зөрүү 60 000 000 төгрөгийг буцаан авах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,
Нэхэмжлэгч Н.Оргилмаагийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жанчив,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жанчив, өмгөөлөгч Н.Энхчимэг нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Оргилмаа миний бие М.Энхбаяртай 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдөр болон 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдрүүдэд “Зээлийн гэрээ”-г бичгээр байгуулсан болно. Талуудын байгуулсан 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн гэрээний хугацаа 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр, 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн гэрээний хугацаа 2015 оны 05 дугаар сарын 10-ны өдөр дуусгавар болсон ба зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш М.Энхбаяр нь үүргийн гүйцэтгэлийг хангаж, зээлийн өр төлбөрийг барагдуулах талаар ямар нэг арга хэмжээ аваагүй өдийг хүрч байна.
2014 оны 10 дугаар сарын 16-ны өдөр багйгуулагдсан зээлийн гэрээ нь сарын 5 хувийн хүү болон үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зээлийн гэрээний хугацаа хэтэрсэн хоног тутам 0.5 хувийн алданги тооцож төлүүлэхээр заасан ба Н.Энхбаяр нь тус гэрээний үүргийн гүйцэтгэлд 8 009 000 төгрөгийг хүүнд төлсөн байна. 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар төлөгдөөгүй хүү 6 991 000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар алданги 9 000 000 төгрөг, нийт төлөх үнийн дүн 40 991 000 төгрөг болсон байна. 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр байгуулагдсан гэрээний үүргийн гүйцэтгэлийг огт хангаагүй болно. Иймд М.Энхбаяраас 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдөр болон 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдрүүдэд байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 43 991 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Амарбаясгалан, өмгөөлөгч С.Энхтуяа нар шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч М.Энхбаяр нь нэхэмжлэгч Н.Оргилмаатай 2012 оны эхээр танилцсан бөгөөд 2012 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 25 000 000 төгрөгийг анх зээлэн авсан байдаг. Уг мөнгийг зээлж авахдаа талууд ямар нэгэн бичгийн гэрээ хийлгүйгээр амаар тохиролцож аман гэрээ хийсэн байдаг. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт зааснаар бичгээр байгуулаагүй гэрээ нь хүү авах эрхгүй байхад Н.Оргилмаа нь аман гэрээний дагуу зээлсэн 25 000 000 төгрөгөөс сарын 10 хувийн хүү бодон, сүүлдээ төлж чадаагүй хүүнээс хүү бодож, зарим тохиолдолд төлөгдөөгүй хүүн дээр зээлийн гэрээг байгуулж байсан. Тухайлбал, 2013 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр М.Энхбаярын охин Б.Аззаяаг дагуулан гарч 10 000 000 төгрөг зээлсэн мэтээр зээлийн гэрээг хийж, түүнээсээ хүү бодсоор 85 000 000 төгрөг боллоо хэмээн уг мөнгөн дээр дахин зээлийн гэрээг охин Б.Аззаяатай нь байгуулсан байдаг.
85 000 000 төгрөгийн зээлийн хүүг мөнгө хүүлэгчид төлнө гэдэг М.Энхбаярын гэр бүлд асар хүнд байсан төдийгүй, өдөр бүр хүүгээ нэхэмжлэх тэдний дарамтнаас болж 2013 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр өөрийн амьдарч байсан Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороо, Ногоон зоорь /13180/ Ургах наран хороолол, 6 дугаар байрны 43 тоот хаягт байрлах 61.2 м.кв, 2 өрөө орон сууцаа 85 000 000 төгрөгт шилжүүлэн өгч өөрсдөө гудамжинд гарсан байдаг.
Хариуцагч М.Энхбаярыг хууль, бичиг үсэг мэдэхгүйг нь далимдуулж, анх өгсөн 25 000 000 төгрөгөө хэд нугалан хүүлж, түүндээ түүний орон сууцыг шилжүүлэн авч, гадаа гудамжинд гэр бүлийнх нь хамт хөөж, М.Энхбаярыг хөлний хагалгаанд ороод эмнэлэгт хэвтэж байх үед нь гаргасныг дахин дахин дурдахыг хүсэж байна. Тухайн үед буюу байр шилжүүлэн өгөх үед дээр дурдагдсан байр нь “Хас банк” ХХК-ийн лизингтэй байсан бөгөөд үлдэгдэл нь 57 125 000 төгрөг байсан байдаг. Яг тухайн үед уг мөнгийг төлөх санхүүгийн боломжгүй байсан учир “Хас банк” ХХК-д Н.Оргилмаа 57 125 000 төгрөгийг төлсөн байдаг. Ингэхдээ 30 000 000 төгрөгт нь М.Энхбаярын гэрт байсан бүх тавилгыг үнэлж үзээд худалдан авсан бөгөөд 2 000 000 төгрөгийг буцаагаад Н.Оргилмаад бэлнээр өгсөн, үлдэх 25 000 000 төгрөгийг Н.Оргилмаагаас М.Энхбаярт зээлсэн хэмээн талууд 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн зээлийн гэрээг байгуулсан.
Дээрх 57 125 000 төгрөгийн задаргааг Н.Оргилмаа хүлээн зөвшөөрдөг бөгөөд
201525011758 дугаартай эрүүгийн хэрэгт өгсөн Н.Оргилмаагийн мэдүүлгээр нотлогдох бөгөөд 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Баянзүрх дүүргийн прокурорын 2676 дугаар тогтоолоор тогтоогдсон байдаг. Н.Оргилмаа нь М.Энхбаярт 42 489 998 төгрөгийг бодитоор зээлсэн бөгөөд үүн дээр байрны зөрүүнд хийсэн зээлийн гэрээ буюу 25 000 000 төгрөг, нийт 67 489 998 төгрөгийг өгсөн. Харин хариуцагч М.Энхбаярын хувьд Н.Оргилмаад 57 137 000 төгрөгийг дансаар шилжүүлж, дээр нь 85 000 000 төгрөгийн үнэтэй байраа шилжүүлэн өгч, нийт 142 137 000 төгрөгийг шилжүүлэн өгсөн байдаг.
2015 оны 05 дугаар сарын эхээр талууд уулзах үед М.Энхбаяр би чамд илүү мөнгө өгчихсөн учраас 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан 25 000 000 төгрөг зээлсэн зээлийн гэрээний дагуу 15 504 000 төгрөгийг төлсөн, төлөгдөөгүй 9 496 000 төгрөг болоод түүний хүүг миний илүү төлсөн мөнгөнөөс хасаад бүх зүйл дуусгавар болж байгааг хэлж талууд ойлголцсон байдаг. Гэтэл 2015 оны 06 дугаар сараас эхлэн М.Энхбаярыг хүнд гэмт хэрэгт гүтгэн цагдаагийн байгууллагаар олон удаа шалгуулж, дарамтлуулан сүүлдээ үнэн мөн нь илрэх үед 74 647 002 төгрөгийг илүү авсан нь хөдлөшгүй баримтаар тодорхой байхад 43 991 000 төгрөг нэмж нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Амарбаясгалан, өмгөөлөгч С.Энхтуяа нар шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Хариуцагч нь анх Н.Оргилмаагаас 25 000 000 төгрөгийг аман гэрээний үндсэн дээр зээлсэн. Түүнээс хойш cap бүр уг 25 000 000 төгрөгийн хүүг төлж ирсэн боловч явцын дунд төлбөрийн чадвар муудаж, сарын хүүгээ хугацаанд нь төлөх боломжгүй болсон. Тэр үед зээлдүүлэгч Н.Оргилмаа нь төлөөгүй хүүгээс нь нэмж хүү бодсоор 2014 оны 10 дугаар сард “70 000 000 төгрөг болсон шүү” яаралтай төл гэсэн. Тухайн үед зээлдэгч М.Энхбаяр нь хөлний хагалгаанд орж яах ч аргагүй эмнэлэгт байсан бөгөөд гэр бүлийн санхүүгийн байдал болоод сэтгэл санааны байдал ч хүнд байсан. Улмаар зээлдүүлэгч Н.Оргилмаа нь анх зээлсэн 25 000 000 төгрөгөөсөө хүү, хүүнээс нь хүү бодсоор 70 000 000 төгрөг гэж амаар тооцоод зээлдэгч М.Энхбаярын охин Б.Аззаяаг дагуулан явж 2013 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 3231 тоот зээлийн гэрээгээр 60 000 000 төгрөг, мөн өдрөө 3232 тоот зээлийн гэрээгээр 10 000 000 төгрөгийг зээлсэн мэтээр мөнгө аваагүй атлаа зээлийн гэрээг нотариатад хийлгүүлсэн.
Эхний нотариат 60 000 000 төгрөгийг зээлж байгаа юмуу, бэлнээр зээлнэ гэсэн байна мөнгөө гаргаад тавь гэхэд Н.Оргилмаа уурлан гарч яваад өөр нотариат дээр очиж зээлээгүй, амаар тохиролцож 25 000 000 төгрөгийг зээлээд түүнээсээ талыг нь авчихсан атлаа 25 000 000 төгрөгийн хүүнээс хүү бодсоор байгаад хууль бусаар мөнгөний тоог өсгөж 70 000 000 төгрөгийн авлагатай болсон. Уг мөнгөө зээлийн гэрээ болгон хууль бусаар баталгаажуулсан. Бодит байдал дээр анх амаар байгуулсан гэрээний үндсэн дээр авсан мөнгөө бүгдийг нь төлж барагдуулсан байдаг.
Үүний дараа том охин Б.Аззаяа нь 60 000 000 төгрөгийн хүүг cap бүр яаж төлөхийн бэ гээд сэтгэл санааны хувьд хүнд болж, зээлдэгч М.Энхбаярын биеийн байдал ч муу байсан тул арга буюу 85 000 000 төгрөгийн үнэтэй өөрийн шинээр захиалан авсан 2 өрөө байраа охин Б.Аззаяатай байгуулсан Н.Оргилмаагийн аваагүй 60 000 000 төгрөгт тооцон, үлдэгдэл 25 000 000 төгрөгийг “Хас банк” ХХК-д төлүүлэхээр тохиролцсон. Гэтэл уг 25 000 000 төгрөгөө зээлийн гэрээ хэмээн М.Энхбаяраас хүү, алдангийн хамт нэхэмжилсэн нь хууль бус юм. Өөрөөр хэлбэл М.Энхбаяр өөрийн 2 өрөө байраа зах зээлийн ханшаар буюу 85 000 000 төгрөгт тооцон Н.Оргилмаад зарахаар болж уг мөнгөнөөсөө охин Б.Аззаяагийн 60 000 000 төгрөгийн төлбөрийг хасаад үлдэгдэл 25 000 000 төгрөгийг “Хас банк” ХХК-д Н.Оргилмаа төлөхөөр тохиролцсон.
Тухайн үед М.Энхбаярын уг байр “Хас банк” ХХК-ийн лизингд 57 000 000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан бөгөөд уг мөнгийг Н.Оргилмаа төлсөнөөр байрыг шилжүүлэн авсан. Уг 57 000 000 төгрөгөөс Н.Оргилмаа нь М.Энхбаяраас 30 000 000 төгрөгт тооцон уг байрны бүх шинэ тавилгыг шилжүүлэн авч, “Хас банк” ХХК-д төлсөн үлдэх 27 000 000 төгрөгөөс 2 000 000 төгрөгийг М.Энхбаяраас тухайн өдрөө бэлнээр авч үлдэгдэл 25 000 000 төгрөгийг нэмж “Хас банк” ХХК-д төлөхөөр болсон. Ер нь бодит байдал дээр 2012 оноос хойш өнөөдрийг хүртэл М.Энхбаяр нь Н.Оргилмаагаас 42 489 998 төгрөг зээлчихээд, түүний төлбөрт 57 462 000 төгрөгийг Н.Оргилмаад дансаар, түүний аавд бэлнээр 1 500 000 төгрөг, 1 000 000 орчим төгрөгийн сэлбэг, мөн 85 000 000 төгрөгийн 2 өрөө байраа өгч өөрөө юу ч үгүй хоцроод байна.
Энэ хугацаанд амаар тохиролцож зээлсэн мөнгөө өндөр хүүтэй авч хүү төлөлгүй удахад хүүгээс хүү бодож бас цагдаагаар айлгаж ирсэн. Тиймээс нэхэмжлэлийн шаардлага болох 2013 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 3818 тоот зээлийн гэрээг баталсан Баянзүрх дүүргийн нотариатч Ш.Алтай, 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн зээлийн гэрээг баталсан Чингэлтэй дүүргийн нотариатч Х.Цогзолмаа, 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээг баталсан Баянзүрх дүүргийн нотариатч Г.Хужаа нарын нотариатын үйлдэлүүд нь Нотариатын үйлдэл хийх зааврын 14.6, Нотариатын тухай хуулийн 35 дугаар зүйлд “тэмдэглэл үйлдэж баримт бичигт хавсаргана.” гэж заасныг зөрчсөн байна. Тиймээс дээрх 3 үйлдэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасны дагуу хүчин төгөлдөр бус байна. Мөн 2014 оны 10 дугаар сарын 17-ны орон сууц худалдах, худалдан авах гэрээ нь 85 000 000 төгрөгийн үнэтэй байрыг 30 000 000 төгрөг хэмээн татвараас зайлсхийх зорилгоор дүр үзүүлэн хийсэн хэлцэл юм.
2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн зээлийн гэрээ нь мөн дүр үзүүлэн хийсэн гэрээ бөгөөд М.Энхбаярын Н.Оргилмаад зарсан байрны төлбөрийн нэг хэсэг юм. Өөрөөр хэлбэл орон сууц худалдах, худалдан авах гэрээний төлбөр болохоос зээлсэн мөнгө биш юм. 2013 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн зээлийн гэрээний дагуу мөнгө өгөөгүй буюу Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасны дагуу мөнгө шилжүүлээгүй буюу талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй учир хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Мөн дээр дурдсан 3 гэрээг хүчин төгөлдөр буст тооцохоос гадна, орон сууцыг 85 000 000 төгрөгөөр зарахаар тохиролцсон ч 60 000 000 төгрөгийг одоо болтол өгөөгүй тул уг мөнгийг буцаан олгуулах эсвэл дээр дурдсан орон сууцыг буцаан шилжүүлэхийг даалгаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жанчив, өмгөөлөгч Н.Энхчимэг нар сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Н.Оргилмаа нь М.Энхбаяртай охин Б.Аззаяагаар нь дамжуулан танилцаж зээлийн гэрээний харилцааг 2012 оноос эхлүүлэн зээлийн гэрээг харилцан тохиролцсоны үндсэн дээр эхлүүлж байсан. Тухайн үед М.Энхбаяр банк болон эрх бүхий этгээдээс зээл авахад шаардлага хангахгүй тул барьцаагүйгээр зээл олгож өгөөч гэж удаа дараа гуйж зээл авч байсан. Зээл төлөх хугацаа болоход зээлээ төлөхөөс зайлсхийж, хуурч мэхлэх арга хайж байна.
Талуудын хооронд байгуулж буй гэрээний утга, агуулгыг чөлөөтэйгөөр хуульд нийцүүлэн, харилцан тохиролцсоны үндсэн дээр тухай бүрт зээлийн гэрээг байгуулж байсан. Хариуцагч М.Энхбаяр нь гэрээний утга, агуулгыг ойлгож хэлцэл хийсэн тул үндсэн зээл болон түүний хүүг төлөхгүй гэж үзэх үндэслэлгүй юм. М.Энхбаяр нь талуудын хооронд үүссэн маргаантай асуудлаар шүүх болоод цагдаагийн байгууллагуудад бичиг үсэг мэдэхгүй гэж хэлж, ямар нэгэн байдлаар тодорхойлох зүйлийг гаргаж өгч байгаагүй.
Хэргийн материалд авагдсан материалуудаас үзвэл банк, улсын бүртгэл төлөөллийн харилцаанд орж буй итгэмжлэл, талуудын хооронд байгуулагдсан гэрээ зэрэг бүхий л харилцаанд уг харилцааны утга болоод агуулгыг ойлгож гарын үсгээ зурж батлуулж байсан нь харагддаг. М.Энхбаярын банктай үл хөдлөх хөрөнгийн барьцаат зээлийн гэрээний харилцаа тогтоосон, түүнтэй холбогдох бусад харилцаанд оролцож байснаас үзвэл бичиг үсэг мэддэг болох нь батлагдана.
Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнүүд нь хуулийн хүчин төгөлдөр, хүсэл зоригийг бодитоор илэрхийлсэн болно. М.Энхбаяр нь зээлийн гэрээ байгуулснаа хүлээн зөвшөөрч утга агуулгыг нь бүрэн ойлгож байсан нь 2015 оны 01 дүгээр сарын 15, 01 дүгээр сарын 30, 02 цугаар сарын 15, 02 дугаар сарын 28, 03 дугаар сарын 15, 03 дугаар сарын 30, 04 дүгээр сарын 15, 04 дүгээр сарын 30-ны өдрүүдэд 2014 оны 10 сарын 16-ны өдөр байгуулагдсан 25 000 000 төгрөгийн зээлийн хүүд 625 000 төгрөгийг төлж байснаас нь давхар харагддаг. Хүсэл зоригийн илэрхийллээ талууд гаргасан ба хүчин төгөлдөр хэлцлийг ямар нэгэн журам, зааврыг үндэслэн хүчингүй болгох үндэслэл байхгүй болно. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч М.Энхбаяраас 3 000 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.Оргилмаад олгож, 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 25 000 000 төгрөгийн зээлийн гэрээ, 2013 оны 11 дүгээр сарын 14-ны өдрийн 15 000 000 төгрөгийн зээлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр буст тооцож, нэхэмжлэлийн шаардлагаас 40 991 000 төгрөг гаргуулах, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр буст тооцуулах, Баянзүрх дүүргийн 1-1 дүгээр хороо, Ургах наран хороолол, 6 дугаар байрны 43 тоот хаягт орших 61.2 м.кв, 2 өрөө байраа буцааж авах, уг байрыг буцааж өгөх боломжгүй бол байрны төлөгдөөгүй зөрүү 60 000 000 төгрөгийг буцаан авах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 377 905 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Энхбаяраас 62 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.Оргилмаад олгох, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн сөрөг нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсен болохыг дурьдаж, нэхэмжлэгчээс сөрөг нэхэмжлэлийн хангагдсан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 357 950 төгрөг гаргуулж улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Н.Оргилмаа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, нотлох баримтыг дутуу үнэлсэн байх тул давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэн зөв үнэлж чадаагүй нь хэргийг бүхэлд нь буруу шийдвэрлэх үндэс болсон. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримтаар авагдсан нотариатаар гэрчлүүлсэн гэрээ болоод нотлох баримтын шаардлага хангасан мөнгөн шилжүүлэг хийсэн банкны баримтыг тал бүрээс нь бодитойгоор нотлох баримт хоорондын уялдаа холбоо, хамаарал, тогтоогдож буй байдал, тухайн үйл баримтыг нотолж чадаж буй эсэх зэрэгт үнэлэлт дүгнэлт өгөлгүй хэрэг маргааныг хянан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон байна.
Шүүхийн зүгээс хууль хэрэглээний тал дээр талуудын хооронд байгуулагдсан хэлцэл түүний хүчин төгөлдөр байдал, хүсэл зоригийн тайлбар, хэлбэр, хэлцлийн хүчин төгөлдөр байдал зэргийг харгалзаж үзэлгүй гэрээний харилцааг зөв үнэлэлгүй хэт нэг талыг барин шийдвэрлэж алдаа гаргасан болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах журмаар бүхэлд нь хянаж хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Н.Оргилмаа нь 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээлийн үлдэгдэл 25 000 000 төгрөг, төлөгдөөгүй хүү 6 991 000 төгрөг, алданги 9 000 000 төгрөг, 2015 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл 3 000 000 төгрөг, нийт 43 991 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг М.Энхбаярт холбогдуулан гаргасныг хариуцагч эс зөвшөөрч марган,
2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 25 000 000 төгрөгийн зээлийн гэрээ, 2013 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 15 000 000 төгрөгийн зээлийн гэрээ, 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр буст тооцуулж, уг гэрээгээр шилжүүлсэн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Ургах наран хороолол, 6 дугаар байрны 43 тоот хаягт орших 61.2 м.кв, 2 өрөө байрыг буцааж авах, байрыг буцаах боломжгүй бол байрны үнийн төлөгдөөгүй зөрүү 60 000 000 төгрөгийг буцаан гаргуулах шаардлага бүхий сөрөг нэхэмжлэлийг гаргажээ.
1/ Үндсэн нэхэмжлэлийн талаар
Зохигчид 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 1 жилийн хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй, үүрэг зөрчсөн тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги төлөх нөхцөлтэйгээр 25 000 000 төгрөгийн зээлийн гэрээг бичгээр, мөн 2015 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 1 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэй, 3 000 000 төгрөгийн зээлийн гэрээг бичгээр байгуулсан нь хэрэгт авагдсан ба хариуцагч татгалзлаа 25 000 000 сая төгрөгийг зээлийн гэрээний дагуу бодитоор шилжүүлэн аваагүй, харин 3 000 000 сая төгрөгийг авч, буцаан төлсөн гэх үндэслэлээр гаргажээ.
Хариуцагч М.Энхбаяр нь 2012 оноос хойш аман болон бичгийн хэлцлээр нэхэмжлэгч Н.Оргилмаагаас мөнгө зээлж, хүүтэйгээр буцаан төлж ирсэн байх бөгөөд Н.Оргилмаагийн ХААН банк дахь 5020759900 дугаар дансны дэлгэрэнгүй хуулгаар 2012 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс 2015 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл 15 удаа нийт 42 897 998 төгрөгийг М.Энхбаярт дансаар шилжүүлсэн, М.Энхбаярын мөн банк дахь 5069045866 дугаар дансны дэлгэрэнгүй хуулгаар 2012 оны 7 дугаар сарын 07-ны өдрөөс 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл 52 удаа нийт 57 112 000 төгрөгийг Н.Оргилмаад шилжүүлсэн үйл баримт тогтоогджээ.
Талууд дээр дурдсан хугацаанд бүх зээлийн гэрээг бичгээр хийгээгүй тул мөнгөн шилжүүлэг, төлбөрийг хэзээ хийсэн, хэдэн төгрөгийг ямар нөхцөлтэй зээлийн гэрээний үүрэгт шилжүүлснийг тодорхойлох боломжгүй байх ба зохигчид зээлийн үлдэгдлийг гэрээ тус бүрээр дүгнэж, тооцсон баримтыг шүүхэд гаргаагүй байна.
Нэхэмжлэгч Н.Оргилмаа нь 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 25 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулах болсон нөхцөл байдлыг тайлбарлахдаа “2012 оноос хойшхи М.Энхбаярын төлбөл зохих зээлийн төлбөрийн үлдэгдэл нь 85 000 000 төгрөг болсон ба зээлдэгчийн өөрийнх нь хүсэлтээр түүний өмчлөлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Ургах наран хороолол, 6 дугаар байрны 43 тоот хаягт орших 61.2 м.кв, 2 өрөө байрыг төлбөрт шилжүүлэн авсан, ийнхүү шилжүүлэх үед Хас банкны лизийнгийн төлбөрийн үлдэгдэл 57 100 000 төгрөгийг төлөөд 30 000 000 төгрөгөөр тавилгыг худалдан авахаар тооцож, үлдэх 25 000 000 төгрөг дээр зээлийн гэрээ байгуулсан” гэснийг хариуцагч М.Энхбаяраас үгүйсгэж, “зээлийн төлбөрийг төлөх зорилгоор өөрийн өмчлөлийн орон сууцыг 85 000 000 төгрөгт тооцон Н.Оргилмаад худалдсан тул Хас банканд 30 810 ам.доллар буюу 57 100 000 төгрөгийг Н.Оргилмаа төлсөн, үлдэх хэсэг нь зээлийн төлбөрт тооцогдсон” гэж тайлбарлан маргажээ.
Нотлох үүргийн хуваарилалтаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, түүний тайлбарын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох буюу шаардах эрхтэй болохыг нотлох баримтыг гаргаж өгөх үүрэгтэй. Гэвч нэхэмжлэгч нь 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл ямар үндэслэл, тооцооллоор М.Энхбаярт 85 000 000 төгрөгийн зээлийн өр хуримтлагдсаныг баримтаар нотлоогүй байна. Мөн 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдөр М.Энхбаярын охин Б.Аззаяатай 60 000 000 төгрөгийн зээлийн гэрээг байгуулсан гэх боловч энэ тухай бичгийн гэрээ хэрэгт авагдаагүй байна.
Түүнчлэн 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Орон сууц, худалдах, худалдан авах гэрээнд /хх1-178/ зээлийн төлбөрт шилжүүлсэн болон 85 000 000 төгрөгийн үнийн дүнтэй худалдсан талаарх агуулга тусгагдаагүй байна.
Дээрх зээлийн төлбөрийн үлдэгдэлд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Ургах наран хороолол, 6 дугаар байрны 43 тоот хаягт орших 61.2 м.кв, 2 өрөө байрыг шилжүүлэн авахдаа банкны лизингийн төлбөрийг төлсөн гэх нэхэмжлэлийн үндэслэл нь хэргийн бусад баримтаар нотлогдоогүй, эргэлзээгүй үнэн зөв гэж үзэх боломжгүй байх бөгөөд шүүх 25 000 000 төгрөгийг зээлийн гэрээний дагуу бодитоор шилжүүлсэн үйл баримт тогтоогдоогүй гэж дүгнэн, зээлийн гэрээг байгуулсанд тооцоогүй нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсгийг зөрчөөгүй ба нэгэнт гэрээ байгуулагдсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэгчид шаардах эрх үүсэхгүй.
Иймд шүүх нэхэмжлэлийн энэ хэсгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь зөв гэж үзнэ.
Харин хариуцагч М.Энхбаяр 2015 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн гэрээний дагуу зээлсэн 3 000 000 төгрөгийг эргүүлэн төлсөн гэх боловч уг тайлбараа баримтаар нотлоогүй тул нэхэмжлэлийн энэ хэсгийн шаардлагыг шүүх хангасан нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасанд нийцжээ.
2/ Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн талаар:
Нэхэмжлэгч Н.Оргилмаа нь 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 25 000 000 төгрөгийн зээлийн гэрээ, 2013 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 15 000 000 төгрөгийн зээлийн гэрээ, 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийллийн дагуу хийгдсэн хүчин төгөлдөр хэлцэл гэх үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.
2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн зээлийн гэрээгээр 25 000 000 төгрөгийг зээлдэгч М.Энхбаярт бодитоор шилжүүлээгүй, Н.Оргилмаагийн “Хас” банканд төлсөн 57 100 000 төгрөгийн төлбөр нь М.Энхбаярын тус банкинд төлөх ёстой төлбөрт төлсөн болох нь хэргийн баримтаар эргэлзээгүй тогтоогдоогүй. Иймд тухайн үед хийсэн 25 000 000 төгрөгийн зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар байгуулагдаагүйд тооцогдоно.
Шүүх дээрх сөрөг нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг үндэслэлтэй зөв дүгнэж, 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцсон боловч шийдвэрийн тогтоох хэсэгт хэрэглэвэл зохих хуулийн зүйл заалтыг хэрэглээгүйг зөвтгөн өөрчлөлт оруулна.
Харин 2013 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 15 000 000 төгрөгийн зээлийн гэрээний тухайд уг гэрээний үүргийг хариуцагч М.Энхбаяр нь хүлээн зөвшөөрч төлбөрийг барагдуулсан, дуусгавар болсон гэрээ гэж нэхэмжлэгч Н.Оргилмаагаас тайлбарласан, нэгэнт үр дагаваргүй гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох шаардлагагүй байх тул шүүхийн шийдвэрийн сөрөг нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангасан хэсгийг өөрчилж, тус сөрөг шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
2014 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн орон сууц, худалдах, худалдан авах гэрээний тухайд хариуцагч М.Энхбаяраас өөрийн өмчлөлийн орон сууцыг хүсэл зоригийн дагуу зээлийн төлбөр хааж Н.Оргилмаад шилжүүлснээ үгүйсгээгүйгээс гадна өмчлөх эрхийг Н.Оргилмаад шилжүүлэн бүртгэсэнтэй маргаагүй байна.
Иймд дээрх гэрээг хүчин төгөлдөр гэж үзэж, сөрөг нэхэмжлэлийн энэ хэсгийг хэрэгсэхгүй болгохдоо шүүх Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 196 дугаар зүйлийн 196.1.1 дэх заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн ба уг гэрээг дүр үзүүлэн хийсэн гэх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байна.
Дээрх үндэслэлүүдээр хэргийг буруу шийдвэрлэсэн гэх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй бөгөөд харин шүүхийн шийдвэрт сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосон болон хууль хэрэглээний өөрчлөлтийг оруулж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2016/06289 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч М.Энхбаяраас 3 000 000 /гурван сая/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Н.Оргилмаад олгон, үлдэх 40 991 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсгийг баримтлан хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг ханган, 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 25 000 000 төгрөгийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр буст тооцож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан үндэслэлгүй тул сөрөг нэхэмжлэлээс үлдэх 2013 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 15 000 000 төгрөгийн зээлийн гэрээ болон 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн “Орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр буст тооцуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 362 905 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХТӨР
ШҮҮГЧИД М.НАРАНЦЭЦЭГ
А.ОТГОНЦЭЦЭГ