Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 221/МА2021/0055

 

   “А-И” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гантогтох, нэхэмжлэгчийн төлөөлөгч Ё.П, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.С нарыг /цахимаар/ оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 128/ШШ2020/0724 дүгээр шийдвэртэй, “А-И” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Эрүүл мэндийн яаманд холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 128/ШШ2020/0724 дүгээр шийдвэрээр:  Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6, 4.1.10, 6 дугаар зүйлийн 6.6.6, 11 дүгээр зүйлийн 11.1.16, 14 дүгээр зүйлийн 14.2.3, 42 дугаар зүйлийн 42.7-д заасныг тус тус баримтлан “Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэгт баригдах Геронтологийн төв ахмадын 60 ортой барилгын нэмэлт ажлын гэрээг 15740165 735 /арван таван тэрбум, долоон зуун дөчин сая, нэг зуун жаран таван мянга, долоо зуун гучин тав/-төгрөгөөр байгуулахгүй байгаа Эрүүл мэндийн яамны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, нэмэлт ажлын гэрээ байгуулахыг Эрүүл мэндийн яаманд даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэгч “А-И” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ё.П давж заалдах гомдолдоо: “...Мөн 2011 онд Хан-Уул дүүрэгт баригдах Геронтологийн төв ахмадын 60 ортой эмнэлгийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэж эхэлсэн. Барилга угсралтын ажлыг гүйцэтгэж байх явцад барилгын нийт төсөвт өртөг хүрэлцэхгүй, ажлын тоо хэмжээ дутуу тооцогдсон. Энэ талаар захиалагч байгууллагад албан ёсоор мэдэгдэж талууд 2012 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр тус барилгын төсөвт өртөг хүрэлцэхгүй болсон талаар хуралдаж, тус барилгын тендерийг зарлахдаа төсөвт өртгийг барилгын зургаар биш тендерийн баримт бичигт заасан ажлын тоо хэмжээгээр тооцсон, барилгын зураг төсөл нь экспертизээр батлагдаагүй байхад 2006 онд улсын төсөвт м.кв үнэ 238000 төгрөгөөр тооцсон төсөвт өртгөөр 2011 онд тендер зарласан, тендерт ажлын тоо хэмжээ дутуу, нэгжийн үнийг Засгийн газраас тогтоосон жишгээс хэт доогуур төсөвт тусгасан зэрэг зөрчлүүд илэрснийг хэлэлцсэн. Хурлаар барилгын төсөвт өртгийг дахин тооцож экспертизээр баталгаажуулсан төсвийн дагуу Сангийн яаманд хандаж улсын төсөвт тусгаж барилга угсралтын ажлыг үргэлжлүүлэн ажиллахаар талууд харилцан зөвшилцсөн. Үүний дагуу Барилгын хөгжлийн төв төсөвт магадлал хийж, нийт төсөвт өртөг 7392867000 төгрөг болж батлагдсан.

Геронтологийн төвийн 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн ЗД-01/18 дугаартай Геронтологийн үндэсний төвийн 60 ортой ахмадын эмнэлгийн барилгын зураг төсөлд өөрчлөлт оруулах ажлын даалгавар, Эрүүл мэндийн яамны 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн ЗД-01/2019 дугаартай Геронтологийн төв ахмадын 60 ортой эмнэлгийн барилгын зураг төсөлд өөрчлөлт оруулах ажлын даалгавар гарч барилгын зураг төслийн “ЭЗТ” ХХК, “С ц д” ХХК, “А к” ХХК-иудтай гэрээ хийж зураг төслийг иж бүрэн боловсруулж 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 1497/2019 дугаар Барилгын хөгжлийн төвийн магадлалаар 13850086362 төгрөгөөр батлагдаж, барилгын нийт төсөвт өртөг 17 545 323 019 төгрөг болсон.

ТБОНӨХБАҮХАтХ-ийн 34 дүгээр зүйлийн 34.1.4-т үндэслэн нэмэлт ажлын өртөг анхны гэрээний үнийн 15 хувь болон энэ хуулийн 8.1.1-д заасан харьцуулалтын босго үнийн аль багаас хэтрээгүй нөхцөлд тендер шалгаруулалтаар худалдан авсан ажлын нэмэлт болон түүнтэй ижил төстэй ажлыг давтан хийх тохиолдолд дахин тендер шалгаруулалт явуулснаар илүү сайн санал ирэхгүй гэж үзвэл” гэсэн зохицуулалтыг үндэслэсэн. Гэтэл ТБОНӨХБАҮХАтХ-д манай компанийн тохиолдолд тохирох зохицуулалт огт байхгүй гэдгийг удаа дараа хэлж байгаа. Анхны гэрээний үнийг хэд дахин үнэтэй гэдэг нь тогтоогдсон. Шүүхээс нэмэлт гэрээ хийхэд тендерийн хуулийн 34 дүгээр зүйлийг л үндэслэх ёстой гэсэн байр суурьтай байдаг. Гэвч тендерийн хуулийн 34 дүгээр зүйл нэмэлт ажлын өртгийн асуудлыг зохицуулж байгаа гэдгийг огт ойлголгүй хэрэглэсэн. Бид нэмэлт ажил биш тухайн эмнэлгийг бүрэн болгож барихад шаардлагатай гэрээг байгуулах хүсэлтэй байна.

Захиргааны ерөнхий хуульд хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмыг 2016 онд анх тусгай захиргааны байгууллага хууль ёсны дагуу гэрээ, хэлэлцээр, дүрэм, журам, хуулийн хүрээнд иргэн, аж ахуйн нэгжтэй харилцаж байсан хожим хууль тогтоомж өөрчлөгдсөнөөр дагаж өөрчлөгдөхгүй гэдэгт итгэлтэй байхыг шалтгаалах нөхцөлд хэрэглэхээр тусгасан. Өөрөөр хэлбэл хэрэв сүүлд өөрчлөгдсөн хууль, эрх зүйн акт нь иргэнд үүрэг хүлээлгэсэн, эсхүл сөрөг үр дагавар үүсгэхээр байгаа бол тухайн хуулийг захиргаанаас буцааж хэрэглэхийг хориглодог гэж бид ойлгодог. Захиргааны шүүх тус зарчмын үндсэн агуулгыг огт ойлгож, хэрэглэхгүй байгаад нэхэмжлэгчийн зүгээс гайхаж байна. Засгийн газраас ТБОНӨХБАҮХАтХ-ийн 40 дүгээр зүйлийн 40.4, Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.9 дэх зүйлийг тус тус баримтлан 40-с дээш хувийн гүйцэтгэлтэй барилгын ажлуудын шууд гэрээг байгуулж 2018, 2019, 2020 онуудад үргэлжлүүлж ирсэн. Ийм төрлийн маргаанууд маш олон байгаа учир 2013-2018 оны хүртэл 200 гаран хөрөнгө оруулалтын төсөл, хөтөлбөрүүдийг царцаах бодлого баримталсан тул эдгээр төсөл, хөтөлбөрүүдийг хэрхэн үргэлжлүүлэх гэдэг асуудал их үүсч байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 724 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу нэхэмжлэгч “А-И” ХХК-ийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд шүүхийн шийдвэрийг хянаад хүчингүй болгох үндэслэлгүй байх тул хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхилоо.

“А-И” ХХК-иас “Геронтологийн төв, ахмадын 60 ортой эмнэлгийн барилгын нэмэлт ажлын гэрээг 15,740,165,735.0 төгрөгөөр байгуулахгүй байгаа Эрүүл мэндийн яамны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, гэрээ байгуулахыг даалгах” шаардлага гаргажээ.

Анхан шатны шүүхээс “Төсвийн тухай хуулийн 4.1.6, 4.1.10, 6.6, 6.6.6, 11.1, 11.1.16, 14.2, 14.2.3, 42.7-д тус тус зааснаар хуулиар аливаа санхүүжилтийн эх үүсвэр нь батлагдаагүй тохиолдолд санхүүжүүлэхийг хориглодог, ... нэмэлт ажлыг санхүүжүүлэх эх үүсвэр төсвийн хуулиар батлагдаагүй” гэх үндэслэлээр дээрх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэл болон давж заалдах гомдолдоо “...  2011 онд ахмадын 60 ортой А, Б, В гэх блокуудыг барих тендер анх 7 тэрбумын төгрөгөөр зарлагдаж, барилгыг барих явцад зарлага нь тооцоолсноос их, ажлын тоо хэмжээ зөрүүтэй, түүнээс хойш дахин мөн шалтгаануудаар барилгын ажил гүйцэтгэхтэй холбоотой төсвийг нэмэгдүүлсэн, тендерийн хуулийн 34 дүгээр зүйл нэмэлт ажлын өртгийн асуудлыг зохицуулж байгаа гэдгийг огт ойлголгүй хэрэглэсэн, бид нэмэлт ажил биш тухайн эмнэлгийг бүрэн болгож барихад шаардлагатай гэрээг байгуулах хүсэлтэй байна, Захиргааны шүүх хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмыг үндсэн агуулгыг огт ойлгож, хэрэглэхгүй байгаад гайхаж байна, уг хөтөлбөр, хөрөнгө оруулалтыг царцаах бодлого баримталсан” гэжээ.

Нэхэмжлэгч “А-И” ХХК нь анх 2011 онд 2,9 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй, Геронтологийн төв буюу ахмадын 60 ортой эмнэлгийн барилгын ажил гүйцэтгэх тендер сонгон шалгаруулалтад оролцож, “2 995 162 425” төгрөгийн үнийн саналтай төсөл нь “хамгийн сайн” тендерээр шалгарсны үндсэн дээр захиалагч Эрүүл мэндийн яамтай 2011 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн “Геронтологийн төв, ахмадын 60 ортой эмнэлгийн барилгын угсралтын ажлын гэрээ”-г байгуулан ажилласан байна.

Үүнээс үзвэл нэхэмжлэгч болон хариуцагчийн хооронд үүссэн харилцаа нь Төрийн болон орон  нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль болон Иргэний хуулиар зохицуулагдана.

Захиалагч нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн (цаашид Хуулийн гэх) 46 дугаар зүйлийн 46.1.4-д “Захиалагч нь худалдан авах бараа, ажил, үйлчилгээг батлагдсан төсөвт багтаан үр ашигтай төлөвлөж, зохион байгуулах” гэж зааснаас үзвэл захиалагч Эрүүл мэндийн яам нь худалдан авах ажиллагааг төсөвт өртөгт багтаан зохион байгуулах үүрэгтэй.

Харин ямар нэгэн шалтгаанаар гэрээнд тусгагдаагүй нэмэлт ажил гүйцэтгэх шаардлагатай болвол Хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.4-д “нэмэлт ажлын өртөг нь анхны гэрээний үнийн 15 хувь болон энэ хуулийн 8.1.1-д заасан харьцуулалтын босго үнийн аль багаас хэтрээгүй нөхцөлд тендер шалгаруулалтаар худалдан авсан ажлын нэмэлт болон түүнтэй ижил төстэй ажлыг давтан хийх тохиолдолд дахин тендер шалгаруулалт явуулснаар илүү сайн санал ирэхгүй гэж үзсэн бол” шууд гэрээ байгуулах замаар шийдвэрлэж болохоор заажээ.

Хуульд үүнээс өөр нэмэлт санхүүжилт олгож болохоор зохицуулаагүй байх тул анхны төсөвт өртгөөс ойролцоогоор 5 дахин нэмэгдүүлсэн 15,7 тэрбум төгрөгийг олгохгүй байгаа захиалагчийн эс үйлдэхүйг хууль бус гэж үзэх үндэслэлгүй тул уг санхүүжилтийг олгохыг даалгах боломжгүй юм.

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо “...тендерийн хуулийн 34 дүгээр зүйл нэмэлт ажлын өртгийн асуудлыг зохицуулж байгаа гэдгийг огт ойлголгүй хэрэглэсэн, бид нэмэлт ажил биш тухайн эмнэлгийг бүрэн болгож барихад шаардлагатай гэрээг байгуулах хүсэлтэй байна” гэх боловч анхнаасаа тендерийн үндсэн дээр төрийн хөрөнгөөр уг барилгын ажлыг гүйцэтгэх эрх олж авсан этгээдийн хувьд тендерийн хуульд зааснаас өөр байдлаар төсвийн хөрөнгөөс санхүүжилт олж авах эрх үүсэхгүй. “Тухайн эмнэлгийг бүрэн болгож дуусгах” ажлыг батлагдсан төсөвт өртөгт багтаах, шаардлагатай бол дээрх хуульд заасны дагуу нэмэлт ажлыг шууд гэрээ байгуулж гүйцэтгүүлэх боломжийн хүрээнд хийгдэхээр байна. Хэрэв хуульд заасан нэмэлт ажлын өртгийн хязгаараас давсан “нэмэлт ажил” биш бол захиалагчаас гүйцэтгэгчид хуульд заасан нэмэлт ажлын өртгийн хэмжээнээс хэтэрсэн санхүүжилт олгох бүрэн эрхгүй байна.

Харин нэхэмжлэгчийн хувьд анхнаасаа захиалагч нь тендерийн баримт бичигт ажлын тоо хэмжээ, тооцоо, судалгаа буруу хийгдсэн буюу тендер шалгаруулалтын үед тендерийг үнэлгээг хийхдээ алдаа гаргаснаас гэрээнд заасан үнэ нь ажлыг бүрэн гүйцэтгэхэд хүрээгүй гэж үзсэн бол Хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.2-т “Худалдан авах гэрээг захиалагч энэ хуулийн 27, 28, 29 дүгээр зүйлд заасан журмыг зөрчиж гэрээ байгуулсан тохиолдолд хүчин төгөлдөр бус гэж үзнэ” гэж заасны дагуу гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, учирсан хохирлоо зохих журмаар нэхэмжлэх эрхтэй. Учир нь төрийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах гэрээний нэг тал болох захиалагч төрийн байгууллага нь өөрөө санхүүжилтийн эх үүсвэрийг гаргадаггүй, батлагдсан төсвийн хүрээнд худалдан авах ажиллагааг зохион байгуулдаг этгээд байдаг.  Хэрэв худалдан авах ажиллагааг зохион байгуулахдаа захиалагч алдаа гаргаснаас барилгын ажил дуусахгүйд хүрвэл гэрээний гүйцэтгэгч нь дээрх хуулийн дагуу гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, учирсан хохирлоо нэхэмжилж зөрчигдсөн эрхээ хамгаалах боломжтой.

Дээрх нөхцөл байдлаас үзвэл тендер шалгаруулалтын үндсэн дээр байгуулагдсан гэрээний дагуу төрийн хөрөнгөөр барилгын ажил гүйцэтгэгч болсон нэхэмжлэгчийн хувьд холбогдох хууль тогтоомжид заасан захиалагчийн бүрэн эрх, чиг үүргийн хүрээнд санхүүжилт олгохыг шаардах эрхтэй бөгөөд анхны гэрээний үнэ ... төгрөгийг 5 дахин нэмэгдүүлж 15 тэрбум төгрөгийн санхүүжилтийг ямар нэгэн тендер шалгаруулалтгүйгээр олгуулах асуудал нь хуулиас давсан шаардлага байх тул “...хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмыг баримтлаагүй, барилгын ажлыг дуусгах боломжгүй болсон, царцаах бодлого баримталсан, төсөвт суугаагүй үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон” гэх гомдлыг хүлээн авч шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй байна.

Мөн нэхэмжлэгчийн зүгээс удаа дараа гаргаж байсан “... гүйцэтгэх ажлын тоо хэмжээний зөрүүтэй байдал, төсөвт нэмэлт хөрөнгө тусгуулах, мөн зураг төслийг өөрчлөн батлуулах, магадлагааг шинэчлэх” зэрэг хүсэлтүүд, мөн удаа дараа шүүхэд хандасны дагуу анхны гэрээний үнээс илүү, тодорхой хэмжээний санхүүжилт олгуулахаар шийдвэрлүүлсэн, зарим санхүүжилтийг олгосон, Засгийн газраас өгсөн үүрэг чиглэлийн дагуу төсөвт тусгуулахаар хариуцагчийн зүгээс холбогдох албан байгууллагууд руу албан бичиг явуулсан боловч Эрүүл мэндийн яамны төсөвт тусгагдаагүй бөгөөд Төсвийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.7-д “... төсөвт тусгагдаагүй шинэ хөтөлбөр, арга хэмжээг санхүүжүүлэхийг хориглоно”  гэж заасан тул  төсөвт тусгагдаагүй 15,9 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгоогүй Эрүүл мэндийн яамны эс үйлдэхүй дээрх хуулийг зөрчөөгүй, уг эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 128/ШШ2020/0724 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж,  нэхэмжлэгч “А-И” ХХК-ийн төлөөлөгч Ё.П-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “А-И” ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                    Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                   Э.ЛХАГВАСҮРЭН

    ШҮҮГЧ                                                   С.МӨНХЖАРГАЛ