Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 27

 

 

Х.Бадамаад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч Н.Мөнхжаргал, Б.Дамба нарын бүрэлдэхүүнтэй, шүүгдэгч Х.Бадамаа, түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал, прокурор А.Анхбаяр, нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг нарыг оролцуулан

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 69 дугаар цагаатгах тогтоолтой, Х.Бадамаад холбогдох эрүүгийн 201721000063 дугаартай хэргийг прокурорын эсэргүүцлийг  үндэслэн, 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч шүүгч Б.Дамбын илтгэснээр нээлттэйгээр хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1963 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд төрсөн, 54 настай, эмэгтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй Ноён Цорос овогт Хулганаагийн Бадамаа нь нь 2016 оны 05 сарын 23-ны өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын талаас Монгол Улс руу Дорноговь аймгийн Замын Үүдийн боомтоор хил нэвтрэхдээ Бүгд Найрамдах Хятад Ард Улсад үйлдвэрлэгдсэн, Монгол Улсад хэрэглэхийг зөвшөөрч бүртгэсэн эмийн бүртгэлийн жагсаалтад бүртгэгдээгүй “TRAIMCINOLONE ACETONIDE ACETATE INJECTION” гэх 50 ширхэг эмийг хууль бусаар импортолж 2016 оны 05 сарын сүүлээр иргэн У.Тунгалагт 5 ширхэг эм, 2016 оны 09 дүгээр сард иргэн Д.Алтанхүүд 15 ширхэг эмийг худалдсан гэмт хэрэгт холбогджээ.

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ноён цорос овогт Хулганаагийн Бадамаад Ховд аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн 198 дугаар зүйлийн 198.2-т  зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлаж, Эрүүгийн хуулийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг болгон өөрчилж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 –д зааснаар шүүгдэгч Х.Бадамаад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар эрүүгийн 201721000085 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар  хураагдсан “TRAIMCINOLONE ACETONIDE ACETATE INJECTION”  10 ширхэг эмийг цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, Шүүгдэгч Х.Бадамаа нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор эсэргүүцэл болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүх хэргийг дүгнэхдээ прокуророос 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 198 дугаар зүйлийн 198.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэн, зүйлчилсэн атлаа шүүгдэгч Х.Бадамаа нь “TRAIMCINOLONE ACETONIDE ACETATE INJECTION” гэх 50 ширхэг эмийг хууль бусаар импортлож, 2016 оны 05 дугаар сарын сүүлээр иргэн У.Тунгалагт 5 ширхэг эм, 2016 оны 09 дүгээр сард иргэн Д.Алтанхүүд 15 ширхэг эмийг худалдсан үйлдэл нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй гэж дүгнэсэн нь учир дутагдалтай байна. Мөн Эрүүгийн хуулийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт эм, эмийн түүхий эд, био бэлдмэл үйлдвэрлэх, импортлох, худалдах, түгээх үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүйгээр явуулсан бол гэж заасан байтал шүүгдэгч Х.Бадамааг дээрх гэмт хэргийн субьект биш гэж дүгнэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар” гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгасан нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна. Х.Бадамааад Эрүүгийн хуулийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдах үндэслэлтэй байна. Мөн хавтаст хэрэгт авагдсан гэрч Д.Алтанхүү, У.Тунгалаг, Ц.Ичинхорлоо нарын мэдүүлэг,болон шүүгдэгч Х.Бадамаагийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн “ Би Эрүүгийн хуулийн тусгай ангийн 198 дугаар зүйлийн 198.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт ял сонсож, яллагдагчаар татаж байгааг хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг, Хил хамгаалах Ерөнхий газрын 2017 оны 05 дугаар сарын02-ны өдрийн 72/3215 дугаартай албан бичиг, хавсралт зэрэг баримтуудаар шүүгдэгч Х.Бадамаа нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон байхад хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоогүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2002 оны Эрүүгийн хуулийн 198 дугаар зүйлийн 198.2-т зааснаар сэжигтэн, яллагдагчаар тооцоод шүүх дээр ирсэн. Гэтэл шинэ Эрүүгийн хуулийн 20.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “эм, эмийн түүхий эд, биобэлдмэл, эмнэлгийн хэрэгслийн хангамжийн үйл ажиллагаа эрхэлж байгаа хүн …” гэж заачихаад тус зүйлийн 2 дахь хэсэгт “эм, эмийн түүхий эд, биобэлдмэл үйлдвэрлэх, импортлох, худалдах, түгээх үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүйгээр явуулсан бол ...” гэж заасан. Ийм байдлаар хоёр утгатай байгаа. Шүүхийн хувьд субъект биш байна гэдэг үндэслэлээр цагаатгах тогтоол гаргасан. Миний хувьд цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна гэв.                                              

                                                                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

Цагаатгах тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.  Учир нь:

Х.Бадамаа нь 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын талаас Монгол Улс руу Дорноговь аймгийн Замын- Үүд боомтоор хил нэвтрэхдээ Бүгд Найрамдах Хятад Ард Улсад үйлдвэрлэгдсэн, Монгол улсад хэрэглэхийг зөвшөөрч бүртгэсэн эмийн бүртгэлийн жагсаалтад бүртгэгдээгүй “TRAIMCINOLONE ACETONIDE ACETATE INJECTION“ гэх 50 ширхэг эмийг хууль бусаар импортолж, 2016 оны 5 дугаар сарын сүүлээр иргэн У.Тунгалагт 5 ширхэг эм, 2016 оны 9 дүгээр сард иргэн Д.Алтанхүүд 15 ширхэг эмийг худалдсан гэмт хэрэгт холбогджээ. Ховд аймгийн прокурорын газраас Х.Бадамааг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 198 дугаар зүйлийн 198.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт буруутгаж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх Х.Бадмаад холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Ховд аймгийн Прокурорын газраас Х.Бадамаагийн үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 198 дугаар зүйлийн 198.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинжийг эм, эмийн түүхий эд, био бэлдмэл үйлдвэрлэх, импортлох, худалдах,түгээх үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүйгээр явуулсан бол гэмт хэрэгт тооцохоор заасан атал Х.Бадмаа нь “TRAIMCINOLONE ACETONIDE ACETATE INJECTION“ гэх 50 ширхэг эмийг хууль бусаар импортолж  2016 оны 5 дугаар сарын сүүлээр иргэн У.Тунгалагт 5 ширхэг эм, 2016 оны 9 дүгээр сард иргэн Д.Алтанхүүд 15 ширхэг эмийг худалдсан гэх боловч энэ хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогоогүй, Х.Бадамаа нь дээрх гэмт хэргийн субъект болох нь тогтоогдохгүй байна гэх үндэслэлээр Х.Бадмааг цагаатгасан анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцээгүй, хууль зүйн үндэслэлтэй болж чадаагүй байна.

Өөрөөр хэлбэл шүүх Х.Бадмаад холбогдох хэргийн нотлох баримтанд хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

Энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

Иймд прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн авч анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 69 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгож уг хэргийг дахин хэлэлцүүлэхээр Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүхэд очтол Х.Бадмаад урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

3. Гомдол эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Н.ТУЯА

 

                                               ШҮҮГЧИД                                       Н.МӨНХЖАРГАЛ

 

                                                                                                       Б.ДАМБА