| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэрдамбын Насанбуян |
| Хэргийн индекс | 174/2020/0004/э |
| Дугаар | 03 |
| Огноо | 2019-12-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Хосбаяр |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 25 өдөр
Дугаар 03
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Насанбуян даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир,
Улсын яллагчаар хяналтын прокурор С.Сугар
Шүүгдэгч С.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүй лийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн С.Сад холбогдох 1930000000315 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1989 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бага боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар баг “Т” гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, С.С
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч С.С нь 2019 оны 12 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэр “Б” гэх газарт иргэн Ж.Быг зодож, эрүүл мэндэд нь “тархи доргилт, хүндэвтэр хэлбэр нүүрэнд нэлэнхүйдээ цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөгний гадна хэсэгт язарсан шарх, духны баруун, зүүн хэсэг, хамар, баруун суганы доод хэсэг, баруун шууны гадна дунд хэсэгт, 2 гарын алганы ар хэсэгт зулгаралт ” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд яллах болон хөнгөрүүлэх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч С.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би Улаанбаатар хотод байж байгаад хөдөө мал руугаа явъя гээд хөдөө явсан юм. Хөдөө хадам ээжийндээ очоод пиво уугаад сууж байхад Ж.Б ирсэн. Ж.Быг ирэхээр нь аймаг машинаа бариулж яваад архи, пиво худалдаж аваад буцаад гэртээ ирээд ууцгаасан. Эхэндээ би Ж.Бтой морь яриад сууж байсан. Гэтэл хадам ээж Ж.Быг эгчийнхээ үхрийг хөөж хэрэггүй гэж ярихаар нь ээжийн үхрийг хөөлөө гээд маргалдсан. Энэ хэрэг архинаас болж гарсан.Хохирогчийн эмчилгээний зардалд 350.000 орчим төгрөг өгсөн. Одоо нэхэмжилсэн зүйл байхгүй. Хохирогч Ж.Бтой эвлэрсэн. гэв.
- Яллагдагч С.Сын хэрэг бүртгэлтэнд өгсөн: Би Ж.Быг “чи хөгшөөн, манай хадам ээжийн үхрийг битгий хөөгөөд бай” гэсэн юм. Гэтэл Ж.Б нь “ чи манай нутагт ирчихээд зайл, би чамаас олон жил энд амьдарч байна” гээд эхэлж миний баруун нүд рүү гараараа цохисон. Би зодолдох гэтэл ээж намайг хэрэггүй гээд болиулсан юм. Гэтэл Ж.Б нь миний куртикны малгайнаас намайг чирж гаргаад намайг цохисон. Тэгээд бид хоёр гадаа хоорондоо зодолдсон бөгөөд би Ж.Быг газар унасан байхад нь хөлөөрөө зүүн хөмсөг орчим хэсэгт нь өшиглөсөн. Нүүр рүү нь 2-3 удаа өшиглөсөн. Ж.Бын эрүүл мэндэд гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /хх-ийн 19-20/,
- Хохирогч Ж.Бын хэрэг бүртгэлтэнд өгсөн: ...Би 2019 оны 12 дугаар сарын 14-ний орой 19 цагийн орчим Баруун-Урт сумын 8 дугаар баг “Б” гэх газарт байх манай хөрш айл Дашаа гэдэг эгч намайг машин бариад аймаг яваад өгөөч гэж гуйхаар нь би машиныг нь бариад аймаг ороод аймгаас 2 шил “Ерөөл” нэртэй шилтэй архи, 2 ширхэг “Нийслэл” пиво аваад буцаад хөдөө явсан юм. Хөдөө очоод манай хөрш Дашаа эгч, хүргэн нь Хадаа гээд энэ хоёр хүн архи уусан юм. Дашаа эгчийн хүргэн Хадаа нь архи ууж байгаад над руу “чи манай хадам ээжийн үхрийг туулаа” гээд надад агсан тавиад зодсон юм. Миний зүүн хөмсөг сэтэрсэн, баруун хавирга гэмтсэн. Намайг эмнэлэгт хэвт гэсэн. Намайг гараараа болон хөлөөрөө өшиглөж зодсон. ...Би С.Стай хохирлын талаар хоорондоо харилцан тохиролцсон. Надад эмчилгээний зардал мөнгө гэж 310.000 төгрөг өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 6-7/
- Гэрч С.Дын хэрэг бүртгэлтэнд өгсөн: Би аймгаас зүүн хойш “Б” гэх газарт мал маллаж амьдардаг юм. Тус өдрийн орой хүргэн Стай хамт аймаг дээрээс хөдөө гэр рүү очсон. С нь аймгаас гэр рүүгээ явахдаа 0.75 литрийн архитай очсон бөгөөд ганцаараа манайд ирсэн. Б гэх залууг гуйж машинаа бариулаад надтай хамт аймаг орж 2 шил архи, 2 том пиво авч буцаад хөдөө гэр рүүгээ ирсэн. Б нь архи уудаггүй гээд 2 том пиво ганцаараа уусан. Харин С нэг шилтэй архиа ганцаараа уусан. Архи ууж байхдаа хоорондоо адуу мал яриад сууж байсан юм. Би тухайн үед Быг эгчийнхээ хэдэн үхрийг битгий хөөж бай гэсэн юм. Гэтэл С “чи манай хадам ээжийн цөөхөн хэдэн үхрийг битгий хөөгөөд бай” гэтэл Б нь “битгий хуцаад бай, муу гуйлгачид өөрсдөө зайлцгаа” гэсэн. Үүнээс болж хоорондоо хэрэлдэж маргалдаж муудаж байгаад Б нь өөрөө эхэлж Сыг нүд рүү нь цохисон. Би Сыг “битгий зодолдоорой” гэж зодолдуулаагүй. Гэтэл Б босоод ирэхээр нь би урдаас нь босоод очтол миний хоолойг боосон юм. Тэгээд С нь миний ээжийг зодлоо гээд хоорондоо зодолдсон. Зодолдож байхдаа Ж.Б нь Сын куртикнээс нь зулгаагаад аваад гарсан. Тэгээд гадаа гараад хоорондоо зодолдоод байсан. Тухайн үед цаг 00 цаг өнгөрсөн байсан болохоор гадаа харанхуй байсан. Ямар ч байсан дээр доороо орж зодолдоод байсан. Зодолдож дуусаад Ж.Б, С.С нар буцаад гэрт орж ирсэн. Тухайн үед тэр хоёрыг харахад Ж.Бын баруун хөмсөг нь язарсан, нүд нь хөхөрсөн, дух нь улаан эрээн болсон байсан. Харин С.Сын баруун нүд нь улайж хөхөрсөн байсан. Манай үхрийг Ж.Б нь хөөж туусан юм. Үүнийг би хэлснээс болж С намайг өмөөрч Ж.Бтой маргалдаж муудсан. Ж.Б, С.С хоёр нилээн согтуу байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 10/
- Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 14 дугаартай дүгнэлтэнд: Ж.Бын биед тархи доргилт, хүндэвтэр хэлбэр нүүрэнд нэлэнхүйдээ цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөгний гадна хэсэгт язарсан шарх, духны баруун, зүүн хэсэг, хамар, баруун суганы доод хэсэг, баруун шууны гадна дунд хэсэгт, 2 гарын алганы ар хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байна. Мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөх нь эдгэрэлтийн байдлаас хамаарна... гэжээ /хх-ийн 18/,
- Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар багийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 8/1023 дугаартай тодорхойлолт /хх-21/
-С.Сын Иргэний үнэмлэхийн хуулбар/ хх-ийн 22/,
-С.Сын Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 23/
-Хохирогч Ж.Бын Сүхбаатар аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-ийн 31/
-С.Сын Сүхбаатар аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-ийн 32/
- Эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх прокурорын 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 106 дугаартай санал /хх-33/ зэрэг баримтууд болно.
Шүүгдэгч С.С нь 2019 оны 12 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнийн 00 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэр “Б” гэх газарт иргэн Ж.Быг зодож, эрүүл мэндэд нь “тархи доргилт, хүндэвтэр хэлбэр нүүрэнд нэлэнхүйдээ цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөгний гадна хэсэгт язарсан шарх, духны баруун, зүүн хэсэг, хамар, баруун суганы доод хэсэг, баруун шууны гадна дунд хэсэгт, 2 гарын алганы ар хэсэгт зулгаралт ” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь түүний хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн “Ж.Быг ирэхээр нь аймаг машинаа бариулж яваад архи, пиво худалдаж аваад буцаад гэртээ ирээд ууцгаасан. Эхэндээ би Ж.Бтой морь яриад сууж байсан. Гэтэл хадам ээж Ж.Быг эгчийнхээ үхрийг хөөж хэрэггүй гэж ярихаар нь ээжийн үхрийг хөөлөө гээд маргалдсан “ мэдүүлгүүд,
хохирогч Ж.Бын “ 2019 оны 12 дугаар сарын 14-ний орой 19 цагийн орчим манай хөрш айлын Дашаа гэдэг эгч намайг машин бариад аймаг яваад өгөөч гэж гуйхаар нь би машиныг нь бариад аймаг ороод аймгаас 2 шил “Ерөөл” нэртэй шилтэй архи, 2 ширхэг “Нийслэл” пиво аваад буцаад хөдөө явсан. Хөдөө очоод манай хөрш Дашаа эгч, хүргэн нь Хадаа гээд энэ хоёр хүн архи уусан. Хадаа нь архи ууж байгаад над руу “чи манай хадам ээжийн үхрийг туулаа” гээд надад агсан тавиад зодсон юм. Миний зүүн хөмсөг сэтэрсэн, баруун хавирга гэмтсэн “...гэх,
гэрч С.Дын “ Хүргэн С нь Б гэх залууг гуйж машинаа бариулаад надтай хамт аймаг орж 2 шил архи, 2 том пиво авч буцаад хөдөө гэр рүүгээ ирсэн. Б нь архи уудаггүй гээд 2 том пиво ганцаараа уусан. Харин С нэг шилтэй архиа ганцаараа уусан. Архи ууж байхдаа хоорондоо адуу мал яриад сууж байсан юм. Би тухайн үед Быг эгчийнхээ хэдэн үхрийг битгий хөөж бай гэсэн юм. Гэтэл С “чи манай хадам ээжийн цөөхөн хэдэн үхрийг битгий хөөгөөд бай” гэтэл Б нь “битгий хуцаад бай, муу гуйлгачид өөрсдөө зайлцгаа” гэсэн. Үүнээс болж хоорондоо хэрэлдэж маргалдаж муудаж байгаад Б нь өөрөө эхэлж Сыг нүд рүү нь цохисон. Би Сыг “битгий зодолдоорой” гэж зодолдуулаагүй. Гэтэл Б босоод ирэхээр нь би урдаас нь босоод очтол миний хоолойг боосон юм. Тэгээд С нь миний ээжийг зодлоо гээд хоорондоо зодолдсон. Зодолдож байхдаа Ж.Б нь Сын куртикнээс нь зулгаагаад аваад гарсан. Тэгээд гадаа гараад хоорондоо зодолдоод байсан. Тухайн үед цаг 00 цаг өнгөрсөн байсан болохоор гадаа харанхуй байсан. Ямар ч байсан дээр доороо орж зодолдоод байсан. Зодолдож дуусаад Ж.Б, С.С нар буцаад гэрт орж ирсэн. Тухайн үед тэр хоёрыг харахад Ж.Бын баруун хөмсөг нь язарсан, нүд нь хөхөрсөн, дух нь улаан эрээн болсон байсан. Харин С.Сын баруун нүд нь улайж хөхөрсөн байсан. Ж.Б, С.С хоёр нилээн согтуу байсан “ гэх мэдүүлгүүд,
шинжээчийн 14 дугаартай “ Ж.Бын биед тархи доргилт, хүндэвтэр хэлбэр нүүрэнд нэлэнхүйдээ цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөгний гадна хэсэгт язарсан шарх, духны баруун, зүүн хэсэг, хамар, баруун суганы доод хэсэг, баруун шууны гадна дунд хэсэгт, 2 гарын алганы ар хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байна. Мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлтүүд зэрэг тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдож байна.
Тухайн хэрэг үйлдэгдсэн шалтгаан нь шүүгдэгч С.Сын “ чи манай хадам ээжийн цөөхөн хэдэн үхрийг битгий хөөгөөд бай ” гэх хэлсэн асуудлаас эхтэй ба уг асуудлаас хохирогч Ж.Б нь маргаан үүсгэн эхэлж цохиж тэдгээр нь хоорондоо зодолдсон үйл баримт хэргийн баримтаар хангалттай нотлогджээ.
С.С гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ.Тэрээр бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу бусдыг цохиж зодсоноор эрүүл мэндэд нь гэмтэл, хохирол учирч болохыг ухамсарлаж мэдсээр атлаа хохирогчийг гараараа цохих, өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь зориуд хохирол учруулжээ.
Шүүгдэгч С.Сын, хохирогч Ж.Быг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг агуулах бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.
С.Сын үйлдлийн улмаас хохирогч Ж.Бын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд тэрээр хохирогчийн эмчилгээний 310.000 төгрөг нөхөн төлсөн, хохирогч нь нэхэмжлэл зүйлгүй, гомдолгүй гэдгээ хэрэгт мэдүүлжээ.
Шүүгдэгч С.Сын гэмт хэргийн улмаас бусдад учруулсан эдийн хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
С.Сын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарах ба мөн хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлүүдэд заасан эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдлууд бүрэн хангагдсан байна.
Тухайлбал, шүүгдэгч С.Сын үйлдсэн хэрэг нотлох баримтаар нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан эдийн хохирлыг нөхөн төлсөн хохирогч “ нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй ” гэсэн, тэрээр өөрт холбогдох хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу прокурорын сонгосон ялыг хүлээн зөвшөөрсөн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн түүний мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдсон байна.
Иймд С.Сад холбогдох хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана ” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч С.С энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 8 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С.Сыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Сыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүхийн шатанд ялтан С.Сад таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.
4. Ялтан С.С энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, гэмт хэргийн улмаас хохирогч Ж.Бод учирсан эмчилгээний зардал 310.000 төгрөгийн хохирол нөхөн төлөгдсөн, тэрээр нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН