Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 02

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир,
Улсын яллагчаар хяналтын прокурор С.Сугар
Шүүгдэгч Э.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Сугарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Э.Мд холбогдох 1930000000313 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

   Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1991 оны 10 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто машины засварчин мэргэжилтэй, Х ХХК-д засварчин ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт  сумын 8 дугаар баг ... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Э.М.

   Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

Шүүгдэгч Э.М нь 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 23 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багийн нутаг Дөрвөлж хотхоны гадаа иргэн Ч.Өг ямар ч шалтгаангүйгээр зодож эрүүл мэндэд нь “хоёр шүдний булгарал, буйланд цус хуралт, доод уруулын дотор салстад язарсан шарх” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт  хэрэгт холбогджээ.
                
     ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 - Шүүгдэгч Э.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  Би тухайн үед согтуу байсан. Ч.Өг манай эхнэр дуудсан нь үнэн. Би сайн санахгүй байна. Энэ хэрэг архинаас болсон. Хохирогчид 1.7000.000 төгрөг өгсөн. Одоо өөр нэхэмжилж байгаа хохирол төлбөр байхгүй. Гэмт хэрэг үйлдсэнээ зөвшөөрч байна. Торгуулийн ялыг 3 сарын хугацаанд төлөх саналтай байна...гэв.

- Яллагдагч Э.Мгийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: Би сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна. Би тус өдрийн орой 18 цагийн үед хөдөөнөөс ирсэн О.А гэдэг найзтай хамт гэрт нь 0.5 литрийн “Хараа” нэртэй 2 шил архи хувааж уусан.  Тэгээд архи ууж дуусгаад орой 22 цагийн үед эхнэрээ такси аваад хүрээд ир гэтэл манай эхнэр Өн нь Ө гэдэг таксинд явдаг ахтай цуг ирсэн.  Манай эхнэр Өн нь ирчихлээ гэхээр нь би Амарбатын гэрээс гарч очсон. Нэг мэдсэн чинь би Ө гэдэг жолооч ахтай маргалдаж байсан бөгөөд Өгийн нүүр рүү толгойгоороо мөргөж гэмтэл учруулсан. Ямар нэгэн шалтгаан байхгүй. Би Өтэй уулзаж эвлэрсэн. Бид хоорондоо хохирлын талаар тохиролцсон байгаа... гэх мэдүүлэг/хх- 19-20/,

- Хохирогч Ч.Өгийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: Миний бие 2019 оны 12 дугаар сарын 09-ны шөнө 23 цагийн үед манай эхнэрийн ажлын газрын А.Өн нь манай эхнэр болох П рүү залгаад “ намайг ирээд нөхөр бид хоёрыг хүргээд өг “ гэхээр нь би Баруун-Урт сумын 1 дүгээр баг, Грийн тауны хойд талд өөрийн эзэмшлийн Приус-11 маркийн 33-11 СҮЭ улсын дугаартай тээврийн хэрэгслээр ирэхэд Өн нь нөхөр болох Мягмарсүрэнгийн хамт байсан. Тэгээд Мягмарсүрэнг машиндаа суулгах гэтэл Мягмарсүрэн нь  гэр рүүгээ явахгүй гээд миний нүүр рүү нэг удаа мөргөж миний биед гэмтэл учруулсан. Миний үүдэн 3-4 шүд хөдөлсөн их хэмжээний хөндүүртэй, уруулын доод хэсэг дотор талдаа язарсан гэмтэл учирсан. Мягмарсүрэн нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн согтуу байсан. Тухайн үед Мягмарсүрэн, түүний эхнэр Өн бид гурав  байсан. Би Мягмарсүрэнтэй хохирлын талаар хоорондоо харилцан тохиролцсон. Миний эмчилгээний зардлыг бүрэн барагдуулж өгнө гэсэн. Би шүүх хуралд оролцохгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 6-7/,

- Гэрч А.Өнийн: Манай ажил 22 цаг өнгөрөөгөөд тарсан бөгөөд нөхөр Мягмарсүрэн нь “ Дөрвөлж хотхонд байна, намайг ирээд ав “ гэхээр нь Дөрвөлж хотхон руу очсон юм. Намайг очих үед Мягмарсүрэн нь Дөрвөлж хотхоны 2 дугаар байрны гадаа хэвтэж байсан. Тэгээд би Мягмарсүрэнг босгоод явах гэтэл босохгүй, намайг танихгүй байхаар нь такси дуудсан. Удалгүй Ө гэдэг манай ажлын газрын эгчийн нөхөр ирсэн. Тэгээд машинд суулгах гэтэл Мягмарсүрэн нь машинд суухгүй, би ганцаараа явна гээд намайг түлхсэн. Гэтэл хажууд байсан жолооч Ө ах “чи эхнэрээ ингэж болохгүй” гэтэл Мягмарсүрэн нь агсан согтуу тавиад, гэнэт Ө ахын уруул руу нь толгойгоороо мөргөсөн бөгөөд цагдаагаа дууд гээд байхаар нь Ө ах өөрөө цагдаа дуудсан. Дээд үүдэн 3 шүд нь хөдөлсөн гэж байсан. Тухайн үед бага зэрэг цус гарч байсан. Мягмарсүрэн нь нэлээн согтуу байсан. Мягмарсүрэн нь согтуудаа намайг түлхсэн юм. Үүнээс болоод Ө ах чи эхнэрээ ингэж болохгүй гэж хэлсэн. Ингээд хоорондоо муудах шалтгаан болсон байх. Ө ах, манай нөхөр Мягмарсүрэн бид гурваас өөр хүн байгаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 10/,           

- Яаралтай тусламжийн хуудас.2019.10.15 /хх- 17/

- Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 7 дугаартай дүгнэлтэнд: 1. Ч.Өгийн биед хоёр шүдний булгарал, буйланд цус хуралт, доод уруулын дотор салстад язарсан шарх, гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн  нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 4. Дээрх хоёр шүдний булгарал гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул  Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн, доод уруулын язарсан шарх гэмтэл нь 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 5. Цаашид хоёр шүдний булгарал гэмтэл нь 1.52.2-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтыг 10% алдагдуулна. Доод уруулын шарх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй... гэжээ /хх-ийн 12/,

-Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 2019.12.10-ны өдрийн 8/1103 дугаартай тодорхойлолт /хх-ийн 21/

-Э.Мгийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 22/

-Э.Мгийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг  шалгах хуудас /хх-ийн 23/

- Хохирогч Ч.Өгийн Сүхбаатар аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-ийн 30/

- Эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх прокурорын 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 107 дугаартай санал /хх-39/ зэрэг баримтууд болно.


 Шүүгдэгч Э.М нь 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 23 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багийн нутаг Дөрвөлж хотхоны гадаа иргэн Ч.Өг ямар ч шалтгаангүйгээр зодож эрүүл мэндэд нь “хоёр шүдний булгарал, буйланд цус хуралт, доод уруулын дотор салстад язарсан шарх” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь
түүний хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн  “Би тус өдрийн орой 18 цагийн үед хөдөөнөөс ирсэн О.А гэдэг найзтай хамт гэрт нь 0.5 литрийн “Хараа” нэртэй 2 шил архи хувааж уусан.  Тэгээд архи ууж дуусгаад орой 22 цагийн үед эхнэрээ такси аваад хүрээд ир гэтэл манай эхнэр Өн нь Ө гэдэг таксинд явдаг ахтай цуг ирсэн. Нэг мэдсэн чинь би Ө гэдэг жолооч ахтай маргалдаж байсан бөгөөд Өгийн нүүр рүү толгойгоороо мөргөж гэмтэл учруулсан. Ямар нэгэн шалтгаан байхгүй “ гэх,
хохирогч Ч.Өгийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: Миний бие 2019 оны 12 дугаар сарын 09-ны шөнө 23 цагийн үед А.Өн нь манай эхнэр П рүү залгаад “ намайг ирээд нөхөр бид хоёрыг хүргээд өг “ гэхээр нь би Баруун-Урт сумын 1 дүгээр баг, Грийн тауны хойд талд өөрийн Приус-11 маркийн 33-11 СҮЭ улсын дугаартай машинаар ирэхэд Өн нь нөхөр болох Мягмарсүрэнгийн хамт байсан. Мягмарсүрэнг машиндаа суулгах гэтэл Мягмарсүрэн нь  гэр рүүгээ явахгүй гээд миний нүүр рүү нэг удаа мөргөж миний биед гэмтэл учруулсан. Миний үүдэн 3-4 шүд хөдөлсөн их хэмжээний хөндүүртэй, уруулын доод хэсэг дотор талдаа язарсан гэмтэл учирсан...гэх,
гэрч А.Өнийн “22 цаг өнгөрөөгөөд нөхөр Мягмарсүрэн “ Дөрвөлж хотхонд байна, намайг ирээд ав “ гэхээр нь очиход Мягмарсүрэн нь Дөрвөлж хотхоны 2 дугаар байрны гадаа хэвтэж байсан. Тэгээд би Мягмарсүрэнг босгоод явах гэтэл босохгүй, намайг танихгүй байхаар нь такси дуудсан. Удалгүй Ө гэдэг ах ирсэн. Мягмарсүрэн нь машинд суухгүй, би ганцаараа явна гээд намайг түлхсэн. Гэтэл хажууд байсан жолооч Ө ах “чи эхнэрээ ингэж болохгүй” гэтэл Мягмарсүрэн нь агсан согтуу тавиад, Ө ахын уруул руу нь толгойгоороо мөргөсөн. Дээд үүдэн 3 шүд нь хөдөлсөн гэж байсан. Тухайн үед бага зэрэг цус гарч байсан...гэх мэдүүлгүүд,           
 Яаралтай тусламжийн хуудас.2019.10.15,
Шинжээчийн 7 дугаартай “ 1. Ч.Өгийн биед хоёр шүдний булгарал, буйланд цус хуралт, доод уруулын дотор салстад язарсан шарх, гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн  нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 4.Дээрх хоёр шүдний булгарал гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул  Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн, доод уруулын язарсан шарх гэмтэл нь 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 5. Цаашид хоёр шүдний булгарал гэмтэл нь 1.52.2-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтыг 10% алдагдуулна. Доод уруулын шарх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй... гэх дүгнэлт зэрэг тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн дараах нотлох баримтуудаар нотлогдож байна.

Хэргийн баримтыг үндэслэвэл, шүүгдэгч Э.М согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ түүнийг авах гэж очсон жолооч Ч.Өгийн нүүрэн тус газарт мөргөж  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан хийгээд гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ.
    Тэрээр бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу бусдыг цохиж зодсоноор эрүүл мэндэд нь гэмтэл, хохирол учирч болохыг ухамсарлаж мэдсээр атлаа согтуурсан үедээ ямар нэгэн шалтгаангүйгээр хохирогчийн нүүрэн тус газарт мөргөж эрүүл мэндэд нь зориуд хохирол учруулжээ.
    
    Шүүгдэгч Э.Мгийн, хохирогч Ч.Өг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг агуулах бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.

    Э.Мгийн үйлдлийн улмаас хохирогч Ч.Өгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд тэрээр хохирогчийн эмчилгээний зардалд 1.7000.000 төгрөг нөхөн төлсөн, хохирогч нь нэхэмжлэл зүйлгүй, гомдолгүй гэдгээ хэрэгт мэдүүлжээ.

        Шүүгдэгчийн гэмт хэргийн улмаас бусдад учруулсан эдийн хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дүгээр зүйлийн 1.2-т заасан  эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Э.Мгийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарах ба мөн хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлүүдэд заасан эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдлууд бүрэн хангагдсан байна.
Тухайлбал, шүүгдэгч Э.Мгийн үйлдсэн хэрэг нотлох баримтаар нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн,  гэмт хэргийн улмаас бусдад учруулсан эдийн хохирлыг нөхөн төлсөн хохирогч “ нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй ” гэсэн, тэрээр өөрт холбогдох хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу прокурорын сонгосон ялыг хүлээн зөвшөөрсөн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн түүний мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдсон байна.

Иймд Э.Мд холбогдох хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана ” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
        
    Шүүгдэгч Э.М энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.
    

    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 8 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Э.Мг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

    2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Мг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

    3. Шүүхийн шатанд ялтан Э.Мд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

    4. Ялтан Э.М энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэрээр хохирогч Ч.Өгийн эмчилгээний зардалд 1.7000.000 төгрөгийг нөхөн төлсөн, хохирогч нэхэмжлэл зүйлгүй, гомдолгүй гэснийг тус тус дурдсугай.

    5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

    6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

    7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 


                                ДАРГАЛАГЧ:
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     С.НАСАНБУЯН