Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 04

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир,
Улсын яллагчаар хяналтын прокурор С.Сугар
Шүүгдэгч П.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаярын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн П.Бд холбогдох 1930004960299 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

   Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1983 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүд, ахын хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэр ... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй П.Б  

   Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

Шүүгдэгч П.Б нь 2019 оны 10 дугаар сард Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Бичигт боомт 60 айлын хашааны гадна байсан 49-67 БЧ улсын дугаартай ногоон өнгийн чиргүүл буюу автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэгт холбогджээ.
                
     ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 - Шүүгдэгч П.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Эзэнгүй зүйл гэж байхгүй шүү дээ, тухайн үед таньж, мэдэх хүмүүсээс нь зөвшөөрөл авч аваад явж болохгүй байсан юм Тухайн үед таньж, мэдэх хүн байхгүй байсан учир хэлээгүй авсан. Боомтын захиргаанд хэлээд авч болох байсан. Чиргүүлийг нь буцаагаад өгсөн. Хүний эд зүйлийг зөвшөөрөлгүй авч ойлгож байгаа...гэв.
 
- Яллагдагч П.Бгийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: Би Дорнод аймгийн Хэрлэн сумын харьяат иргэн бөгөөд эхнэр 2 хүүхдийн хамт Хэрлэн сумын 10 дугаар баг ... тоотод амьдардаг байсан юм. Сүүлд манай эхнэрийн бие өвдөөд одоогоор Улаанбаатар хот Баянгол дүүргийн 4 дүгээр хороо ... тоотод амьдарч байна. Би 2019 оны 10 дугаар сарын 20-д гаргаад /өдрийг нь сайн санахгүй байна/ ӨМӨЗО-ны Улиастайгаас Потон гэх маркийн тээврийн хэрэгслийг 11.200 юан буюу Монгол мөнгөөр 4.312.000 төгрөгөөр Хятад хүнээс авсан бөгөөд би тэр машиныг Дорнод аймгийн харьяат Буд гэх хүнд өрөндөө өгөх санаатай оруулж ирсэн. Одоо тэр тээврийн хэрэгслийн бичиг баримт авто тээврийн газар дээр байгаа юм. Ер нь бол бичиг баримт Буд гэх хүний нэр дээр гарах юм. Би өмнө нь Улиастайгаас 2000 тоосго худалдаж аваад Гаалийн Шараваа гэх хүний хашаанд хадгалчихсан байсан ба тэр тоосгоо ачаад Дорнод аймаг явах санаатай унаа олдохгүй болохоор нь Бичигт боомтын хойно ногоон өнгийн чиргүүл байхаар нь тэр чиргүүлд 2000 тоосгоо дугуйгүй байхад нь ачиж дуусгаад 4 дугуй хийж, урдаас оруулж ирсэн Потон маркийн тээврийн хэрэгсэлд тус чиргүүлийг залгаж Бичигт боомтноос Дорнод аймаг руу гарч ойролцоогоор 20 гаруй км яваад машины дугуй цасанд хий эргээд байхаар нь таньдаг ах Сэлэнгэ гэх хүн хүү залгаж “та цас гайгүй болохоор нь миний машиныг ирээд авчихаарай, би Улаанбаатар хот руу явлаа, эхнэрийн бие тааруухан байна” гэж хэлээд тэр өдөртөө замын унаанд сууж Дорнод аймаг руу ороод тэндээсээ шууд Улаанбаатар хот руу явсан. Тэр өдрийнхөө маргааш нь Сэлэнгээ ах Дорнод аймгаас очиж миний машиныг чиргүүлтэй нь очиж аваад Дорнод аймаг руу орж тоосгыг нь манай гэр болох Хэрлэн сумын 10 дугаар баг ... тоот хашаанд буулгаж Потон маркийн тээврийн хэрэгслийг манай хашаанд орхисон харин чиргүүл нь хашаанд багтахгүй болохоор нь өөр айлын хашаанд оруулж тавьсан юм. Би тухайн чиргүүлийг хэний эзэмшлийнх болохыг нь мэдээгүй. Бичигт боомтон дээр байхдаа нэг Истанагийн жолоочоос асуухад “наадах чиргүүл чинь энд бараг жил гаруй болж байгаа, харин хэнийнх нь мэдэхгүй байна” гэхээр нь би хэрэглэчихээд буцаагаад авчираад өгчихье гэж санаад холбогдох хүмүүст нь хэлээгүй аваад явчихсан юм. Би Улаанбаатар хотод байх үедээ тэр чиргүүл хэний эзэмшлийнх болохыг сураглахад манай хамаатны эгч Дуламцуу гэх хүн нь “наадах чиргүүл чинь Түвшинтөгс гэх хүний чиргүүл байна” гэхээр нь би Түвшинтөгсийн утас руу залгаж “чиний чиргүүл гэдгийг мэдсэнгүй, би буцаагаад аваачиж тавиулах гээд хүн гаргачихсан шүү” гэхэд надад нээх юм хэлээгүй утсаа тасалсан. Би хүний юмыг зөвшөөрөлгүй авч явсан үйлдэлдээ харамсаж байна. Тэр чиргүүлийг буцаагаад байсан байранд нь Сэлэнгээ гэх ахыг гуйж тавиулсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 38-40/

- Иргэний нэхэмжлэгч Д.Тийн: Би Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 1 дүгээр баг Бичигт боомтонд “Х” ХХК-ийн менежерээр 2015 оноос хойш ажиллаж байна. “Х” ХХК нь уул уурхайн тээвэр хийдэг компани юм. Тус компанийн захирлаар Ж.М гэх хүн ажиллаж байгаа бөгөөд гадаадын хөрөнгө оруулалтгүй Монгол компани юм. Манай компанийн эзэмшлийн Ligng shan маркийн 49-67 БЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийн ногоон өнгийн чиргүүл 2018 оны 11 сараас хойш Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 1 дүгээр баг Бичигт боомтонд 60 айлын зүүн хойно байх булангийн хашаанд байсан бөгөөд 2019 оны 03 дугаар cap хүртэл манаач хардаг байсан юм. Энэ оны 03 дугаар сараас хойш хүн харахаа больсон ба тус чиргүүлнээс 16 дугуй, чиргүүл дотор байх хийн баллон, 2 ком нум, 1 тэнхлэг, 3 стүц, зэрэг эд зүйлсийг хүмүүс тоноод дуусгасан. Тухайн чиргүүлийг би ажлынхаа зав чөлөөгөөр хардаг байсан юм. Хамгийн сүүлд 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр тус чиргүүл нь байсан. Би 10 дугаар сарын 18-ны өдөр урагшаа Улиастай /Шилийн гол аймгийн зүүн үзэмчин хошуу/-руу гараад 10 сарын 21-ний өдөр ирсэн бөгөөд 10 сарын 26-ны өдөр алга болсон байсныг мэдсэн. Тэгээд хүмүүсээс хайж сурагласан боловч сураг гараагүй. 2019 оны 10 сарын 28-ны үед байх Дорнод аймгийн газрын тосны жолооч болох манай найз Түвшинбаяр нь “танай компанийн машины чиргүүлийг хүн чирээд Дорнод аймаг руу явж байна” гэхээр нь би хэд хоногийн дараа цагдаагийн байгууллагад хандсан. 2019 оны 11 сарын 10-ны үед Б гэх залуу над руу залгаад “чиний чиргүүл байсныг мэдсэнгүй, тухайн үед эзнийг нь хайгаад олдохгүй болохоор нь аваад явчихсан юм” гэхээр нь би “цагдаад өгчихсөн байгаа шалгах байх” гэж хэлээд утсаа тасалсан. Б гэх залууг би сайн танихгүй, зүс л харж байсан. Б нь манай машины чиргүүлийг авахдаа надад болон манай байгууллагын удирдлага нарт хэлээгүй дур мэдэж тэр чиргүүлийг аваад явсан байгаа юм. Би тус чиргүүлийг 25.000.000 \хорин таван сая\ төгрөгөөр үнэлж байна. Тус чиргүүлийг 2019 оны 11 сарын дундуур байх буцаагаад байсан байранд нь тавьсан байсан бөгөөд манай компанийн захирал Ж.М нь тус чиргүүлийн хойд тэнхлэгийг бүрэн бүтэн болгоод өгчихвөл санал гомдол байхгүй гээд байгаа юм. П.Б нь тухайн тэнхлэгийг гүйцээж өгсөн болохоор гомдол санал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 11-12/,

- Гэрч Ж.Сийн: 2019 оны 10 сарын сүүлээр над руу таньдаг дүү болох П.Б нь залгаад “ахаа та надад тус болооч, би урдаас машин оруулж ирсэн юм. Тэгээд Дорнод аймаг руу явж байгаад цасанд халтираад явж болохгүй байна, дээрээс нь эхнэрийн бие муудаад хагалгаанд орно гэж байна, би эндээсээ шууд Улаанбаатар хот руу явлаа, та миний машиныг ирээд авчихаарай ” гэхээр нь маргааш нь би замын унаанд сууж Бгийн машин дээр очиход ногоон өнгийн чиргүүлтэй дээр нь тоосго ачсан байсан. Би тэр өдөртөө машиныг нь асаагаад Дорнод аймаг орсон бөгөөд тоосгыг нь машинтай нь цуг Бгийн хашаа болох Ялалтын 16-15 тоотод үлдээсэн. Харин чиргүүл хашаанд нь багтахгүй болохоор нь өөр айлын хашаанд аваачиж тавьсан юм. Тэгсэн хэд хоногийн дараа П.Б нь дахин над руу залгаад “ахаа та тэр чиргүүлийг буцаагаад Бичигт боомтны хамгийн хойд айлын хашааны гадаа аваачаад тавьчих” гэхээр нь би зам гайгүй байна гэхээр нь зөвшөөрч анх зөөж авчирсан машинаар боомт руу аваачиж буцаад ирсэн. Намайг Дорнод аймагт гэртээ байхад цагдаагаас залгаад “та маргааш Сүхбаатар аймгийн цагдаагийн газарт ир” гэхээр нь би юу болоод байгаа талаар Бгээс асуухад тэр ногоон өнгийн чиргүүлийг зөвшөөрөлгүй авсан талаараа надад хэлсэн юм. Өөр надад мэдэх зүйл байхгүй. Би Бг өвчин зовлонтой хэцүү байх үед тусалчихъя гэж бодоод тусалсан. Тэрнээс өөр зүйл бол мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 14/- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-4/

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-4/

- Чиргүүлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-7/

- Ашид билгүүн ХХК-ны 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1000300 дугаартай Авто машин, техникийн үнэлгээний тайланд:LP92GHH29B8LPC317 загварын 49-67-БЧ дугаартай ногоон өнгийн, дугуйгүй чиргүүл- үнэ 32.000.000 төгрөг гэжээ/хх- 47/

- Авто тээврийн үндэсний төвийн Тээврийн хэрэгслийн лавлагаа: улсын дугаар 49-67-БЧ, Марк Jidong, эзэмшигч Х энержи ХХК гэжээ/хх- 53/

- Х энержи ХХК-ны 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 19/12 дугаартай өргөдөл/хх-ийн 8/

- Х энержи ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээ№ 000140414 /хх- 45/

- Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  /хх-ийн 19-20/

- Прокурорын “ Эд хөрөнгө битүүмжлэх тухай “ 5/49 дугаартай тогтоол /хх-ийн 21-22/

- Вендо хөрөнгийн үнэлгээний компанийн 2019 оны 12 дугаар сарын 02-ний өдрийн Р18/019 дугаартай Авто машин техникийн үнэлгээний тайланд: Фотон 6950/ Foton/ маркийн арлын дугаар LVBSMFKB77H1469888 тээврийн хэрэгсэл 2007 онд үйлдвэрлэгдэж, 2019 онд Монгол улсад орж ирэхдээ 70%-ийн элэгдэлтэй байсан, орж ирснээс хойг 6.25% элэгдэлтэй, үнэ 4.500.000 төгрөг” гэжээ /хх-ийн 27/

-    П.Бгийн Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх- 41/,

-    П.Бгийн Оршин суугаа хаягийн тодорхойлолт/хх- 42/

-    П.Бгийн Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/ хх- 43/

- П.Бгийн Сүхбаатар аймгийн Прокурорын газарт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт/хх-ийн 36/
- Хэргийн зүйлчлэл, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх прокурорын 2019 оны 12 дугаар сарын  24-ний өдрийн 108 дугаартай санал /хх-62/ зэрэг баримтууд болно.
Шүүгдэгч П.Б нь 2019 оны 10 дугаар 20-дын орчимд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Бичигт боомт 60 айлын хашааны гадна байсан Х энержи ХХК-ны эзэмшлийн 49-67 БЧ улсын дугаартай ногоон өнгийн чиргүүлийг тоосго зөөвөрлөх зорилгоор завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан болох нь:
П.Бгийн “ Би 2019 оны 10 дугаар сарын 20-д гаргаад ӨМӨЗО-ны Улиастайгаас Фотон гэх маркийн тээврийн хэрэгслийг оруулж ирсэн. Өмнө нь Улиастайгаас 2000 тоосго худалдаж аваад Гаалийн Шараваа гэх хүний хашаанд хадгалчихсан байсан ба тэр тоосгоо ачаад Дорнод аймаг явах санаатай унаа олдохгүй болохоор нь Бичигт боомтын хойно ногоон өнгийн чиргүүл байхаар нь тэр чиргүүлд 2000 тоосгоо дугуйгүй байхад нь ачаад 4 дугуй хийж, урдаас оруулж ирсэн Фотон маркийн тээврийн хэрэгсэлд тус чиргүүлийг залгаж Бичигт боомтноос Дорнод аймаг руу явсан. Би тухайн чиргүүлийг хэний эзэмшлийнх болохыг нь мэдээгүй. Бичигт боомтон дээр байхдаа нэг Истанагийн жолоочоос асуухад “наадах чиргүүл чинь энд бараг жил гаруй болж байгаа, харин хэнийнх нь мэдэхгүй байна” гэхээр нь би хэрэглэчихээд буцаагаад авчираад өгчихье гэж санаад холбогдох хүмүүст нь хэлээгүй аваад явчихсан юм ” гэх,
иргэний нэхэмжлэгч Д.Тийн “ Би Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 1 дүгээр баг Бичигт боомтонд “Х” ХХК-ийн менежерээр ажилладаг. Манай компанийн эзэмшлийн Ligng shan маркийн 49-67 БЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийн ногоон өнгийн чиргүүл 2018 оны 11 сараас хойш Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 1 дүгээр баг Бичигт боомтонд 60 айлын зүүн хойно байх булангийн хашаанд байсан бөгөөд чиргүүлнээс 16 дугуй, чиргүүл дотор байх хийн баллон, 2 ком нум, 1 тэнхлэг, 3 стүц, зэрэг эд зүйлсийг хүмүүс тоноод дуусгасан. Тухайн чиргүүлийг би ажлынхаа зав чөлөөгөөр хардаг байсан юм. Хамгийн сүүлд 2019 оны 10 дугаар сарын 26-ны өдөр алга болсон байсныг мэдсэн. 2019 оны 10 сарын 28-ны үед байх Дорнод аймгийн газрын тосны жолооч болох найз Түвшинбаяр нь “танай компанийн машины чиргүүлийг хүн чирээд Дорнод аймаг руу явж байна” гэсэн. 2019 оны 11 сарын 10-ны үед Б гэх залуу над руу залгаад “чиний чиргүүл байсныг мэдсэнгүй, тухайн үед эзнийг нь хайгаад олдохгүй болохоор нь аваад явчихсан юм гэсэн “ гэх,
гэрч Ж.Сийн “ ..2019 оны 10 сарын сүүлээр над руу таньдаг дүү болох П.Б нь залгаад “ ахаа та надад тус болооч, би урдаас машин оруулж ирсэн юм. Тэгээд Дорнод аймаг руу явж байгаад цасанд халтираад явж болохгүй байна, дээрээс нь эхнэрийн бие муудаад хагалгаанд орно гэж байна, би эндээсээ шууд Улаанбаатар хот руу явлаа, та миний машиныг ирээд авчихаарай ” гэхээр нь маргааш нь би замын унаанд сууж Бгийн машин дээр очиход ногоон өнгийн чиргүүлтэй дээр нь тоосго ачсан байсан. Би тэр өдөртөө машиныг нь асаагаад Дорнод аймаг ороод тоосгыг ,машинтай нь цуг Бгийн хашаанд үлдээсэн. Чиргүүл хашаанд нь багтахгүй болохоор нь өөр айлын хашаанд аваачиж тавьсан юм. Хэд хоногийн дараа П.Б нь дахин над руу залгаад “ахаа та тэр чиргүүлийг буцаагаад Бичигт боомтны хамгийн хойд айлын хашааны гадаа аваачаад тавьчих” гэхээр нь би зам гайгүй байна гэхээр нь зөвшөөрч анх зөөж авчирсан машинаар боомт руу аваачсан..гэх мэдүүлгүүд,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Чиргүүлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Авто тээврийн үндэсний төвийн Тээврийн хэрэгслийн “ улсын дугаар 49-67-БЧ, Марк Jidong, эзэмшигч Х энержи ХХК “ гэх лавлагаа,
- Ашид билгүүн ХХК-ны 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1000300 дугаартай Авто машин, техникийн үнэлгээний “ LP92GHH29B8LPC317 загварын 49-67-БЧ дугаартай ногоон өнгийн, дугуйгүй чиргүүл- үнэ 32.000.000 төгрөг гэх тайлан зэрэг тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.

Засгийн газрын 2018 оны 239 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.2.2. “автомашин” гэж мотоцикл, трактор, өөрөө явдаг машин механизмаас бусад механикжсан тээврийн хэрэгслийг; 1.2.23. “ механикжсан тээврийн хэрэгсэл” гэж Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1.2-т заасныг; 1.2.32. “ тээврийн хэрэгсэл ” гэж Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1.1-д заасныг; 1.2.50. “чиргүүл” гэж механикжсан тээврийн хэрэгслээр чирэхэд зориулсан тээврийн хэрэгслийг; мөн дүрмийн
2.1. Механикжсан тээврийн хэрэгслийг дор дурдсанаар ангилна: M-трактор, өөрөө явдаг машин механизм, тэдгээрийн чиргүүл буюу ажлын тоног төхөөрөмжтэй бүрэлдэхүүнийг тус тус хамааруулан ойлгохыг тодорхойлсон хийгээд П.Бгийн тоосго тээвэрлэсэн гэх 49-67-БЧ улсын дугаартай Жидонг/ Jidong/ загварын чиргүүл нь дээрх дүрэмд заасан механикжсан тээврийн хэрэгсэлд хамаарах байна.

        Хэргийн баримтаар П.Б нь Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 1 дүгээр багийн нутаг дахь Бичигтийн боомтоос Дорнод аймгийн төв рүү тоосго зөөх зорилгоор уг боомтод орхигдож тоногдсон Х энержи ХХК-ны эзэмшлийн 49-67-БЧ улсын дугаартай Жидонг/ Jidong/ загварын чиргүүлд дугуй тавьж эзэмшигчийнх нь зөвшөөрөлгүйгээр дур мэдэн авч явсан үйл баримт тогтоогдох хангалттай нотлогдох бөгөөд гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ.
    Тэрээр бусдын тээврийн хэрэгслийг өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч болохгүйг, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа тоосго тээвэрлэх зорилгоор чиргүүлийг дур мэдэн авч эзэмшигчийн эд хөрөнгийн эрхэд хохирол учруулжээ.

    Өөрөөр хэлбэл, П.Б нь уг чиргүүлийг өөрийн өмч болгох гэсэн, завших зорилгогүй, тоосго тээвэрлэх зорилгоор авсан дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэргийн шинжийг агуулах бөгөөд бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.

    Тухайн гэмт хэргийн улмаас иргэний нэхэмжлэгчид учирсан хохирол нөхөн төлөгдсөн буюу шүүгдэгч П.Б уг чиргүүлийг биет байдлаар буцаан өгсөн, иргэний нэхэмжлэгч нь хохирлын талаар гомдолгүй гэдгээ хэрэгт “ П.Б нь тухайн чиргүүлийн тэнхлэгийг гүйцээж өгсөн болохоор гомдол санал байхгүй “ гэж мэдүүлжээ.
Ашид билгүүн ХХК-ны 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1000300 дугаартай Авто машин, техникийн үнэлгээний тайлангаар уг чиргүүлийг 32.000.000 төгрөгөөр үнэлжээ/хх- 47/.

    Шүүгдэгч П.Бгийн гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба харин мөн хуулийн  6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.            
    
П.Бгийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт тус тус хамаарах бөгөөд мөн хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлүүдэд заасан эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдлууд бүрэн хангагдсан байна.
Тухайлбал, шүүгдэгч П.Бгийн үйлдсэн хэрэг нотлох баримтаар нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг биет байдлаар нөхөн төлсөн, иргэний нэхэмжлэгч нь “ нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй ” гэсэн, тэрээр өөрт холбогдох хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу прокурорын сонгосон ялыг хүлээн зөвшөөрсөн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн түүний мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдсон байна.

Иймд П.Бд холбогдох хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана ” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
    
    Шүүгдэгч П.Б энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.


    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч П.Бг  автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

    `2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Бг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
    
     3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

    4. Шүүгдэгч П.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, гэмт хэргийн улмаас Х энержи ХХК-нд учирсан хохирол нөхөн төлөгдсөн буюу чиргүүл биет байдлаар буцаан олгогдсон, иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Т гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
    
    5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

    6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

    7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 



ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           С.НАСАНБУЯН