| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэрдамбын Насанбуян |
| Хэргийн индекс | 174/2020/0008/э |
| Дугаар | 07 |
| Огноо | 2019-12-27 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Э.Хосбаяр |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 27 өдөр
Дугаар 07
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир
Улсын яллагч хяналтын прокурор Э.Хосбаяр,
Шүүгдэгч Ө.Ш нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаярын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө.Шд холбогдох эрүүгийн 1930004130302 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1976 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Т” гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 446 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 251 цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, Ө.Ш.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч Ө.Ш нь 2019 оны 06 дугаар сард өөрийн адуунд нийлсэн 1 тооны адууг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж хохирогч Н.Бд 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талууд дараах нотлох шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч Ө.Ш шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 06 дугаар сард манай хонгор азаргатай адуунд уг адуу нийлсэн.Хохирогчид учруулсан хохирлоо төлсөн. Хүлээн зөвшөөрч байна. Маргаан байхгүй...гэв.
- Яллагдагч Ө.Шын хэрэг бүртгэлтэнд өгсөн: Би Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 1 дүгээр багийн нутаг “ Билэгтийн хөндий " гэх газарт өөрийн малыг маллаж амьдардаг. 2019 оны 06 дугаар сарын дундуур манай азаргатай адуунд “нүдтэй зуузай” тамгатай хонгор байдас ирээд 3 сар гаран болсон юм. Уг байдсыг надаас хүн сураглахгүй, эзэн гарахгүй байхаар нь мөнгөний хэрэг гараад махлаад Улаанбаатар хотод авч очиж борлуулсан нь үнэн. Тэгсэн уг байдас Баганаа гэж хүнийх болж таараад надаас угшилтай, хурдны эрлийз цус орсон гээд 2 сая төгрөгөөр төлүүлнэ гэж ярьж байсан. Үнэлгээ нь бас тэгж гарсан байхаар нь өөрийн буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрөөд хохирлыг нь бүрэн барагдуулсан. Одоо Баганаа бид хоёрын хооронд ямар нэг хохирлын маргаан байхгүй. Баганаагаас уучлалт гуйсан байгаа. Би хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна. Надад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18/,
- Хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.Бын: Би Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 1 дүгээр багийн нутаг “Ж” гэх газарт өөрийн малыг маллаж амьдардаг юм. 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр “Х” гэх газарт Ө.Шын адуунд өөрийн хонгор байдас байсныг олж харсан юм. 2019 оны 09 дүгээр сарын 21-нд “Х” гэх газар руу Г гэх хүний унага тамгалахаар очиход Г надад хэлэхдээ “таны хонгор байдас чинь байхгүй байна” гэж надад хэлсэн юм. Тэгээд би тэр хавиар адуугаа сураад хүн амьтанд хэлсэн юм. 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өглөө Ө.Шыг адуу хийгээд Улаанбаатар хот руу явсныг мэдээд би цагдаагийн байгууллагад хандсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7/,
- Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын үнэлгээний комиссын Эд зүйлийн үнэлгээ: Орос Будиан азарганы 25 %-тай хонгор байдас- 2.000.000 төгрөг /хх-ийн 26/
- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан мэдээлэл / хх-ийн 03/
- Ө.Шын Иргэний үнэмлэхний лавлагаа /хх- ийн 23/
- Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 501 дугаартай тодорхойлолт /хх- 22/
- Ө.Шын Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-19/
- Хохирогч Н.Бын Сүхбаатар аймгийн Цагдаагийн газарт гаргасан “ Батбагана би Хадат гэх газраас 2019 оны 09 сард хонгор гүү алдсан. 2019 оны 09 сарын 23-нд Ө.Ш нь зах зээлд борлуулсан байсан.2019 оны 10 сарын 30-ны өдөр хохирол 2.000.000 төгрөгөөр барагдуулсан нь тул надад гомдол санал байхгүй “ гэх тодорхойлолт /хх-ийн 24/
- Ө.Шын Сүхбаатар аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-ийн 30/
- Эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх прокурорын 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 01 дугаартай санал /хх-31/ зэрэг баримтууд болно.
Шүүгдэгч Ө.Ш нь 2019 оны 09 дугаар сард өөрийн адуунд нь нийлсэн байсан “ нүдтэй зуузай ” тамгатай хонгор байдсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж махалж зарж борлуулан завшиж хохирогч Н.Бд 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Ө.Шын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн “2019 оны 06 дугаар сарын дундуур манай азаргатай адуунд “нүдтэй зуузай” тамгатай хонгор байдас ирээд 3 сар гаран болсон юм. Уг байдсыг надаас хүн сураглахгүй, эзэн гарахгүй байхаар нь мөнгөний хэрэг гараад махлаад Улаанбаатар хотод авч очиж борлуулсан нь үнэн “ гэх,
хохирогч Н.Бын “ Би Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 1 дүгээр багийн “Ж” гэх газарт мал маллаж амьдардаг. 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр “Х” гэх газарт Ө.Шын адуунд өөрийн хонгор байдас байсныг олж харсан юм. 2019 оны 09 дүгээр сарын 21-нд “Х” гэх газар руу Г гэх хүний унага тамгалахаар очиход Г надад хэлэхдээ “таны хонгор байдас чинь байхгүй байна” гэж надад хэлсэн. Тэгээд би тэр хавиар адуугаа сураад хүн амьтанд хэлсэн юм. 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өглөө Ө.Шыг адуу хийгээд Улаанбаатар хот руу явсныг мэдээд би цагдаагийн байгууллагад хандсан...” гэх мэдүүлгүүд,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан мэдээлэл,
Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын үнэлгээний комиссын Эд зүйлийн “Орос Будиан азарганы 25 %-тай хонгор байдас- 2.000.000 төгрөг “ гэх үнэлгээ зэрэг тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдож байна.
“Алдуул мал” гэдэг нь гэм буруутай этгээдийн ямар нэг оролцоогүй, өмчлөгч буюу эзэмшигчийн хүсэл зоригоос шалтгаалахгүй, гадны хүчин зүйл буюу аадар бороо, цасан шуурга зэрэг байгалийн давагдашгүй хүчинд автагдах зэрэг шалтгаанаар ижил сүргээсээ тасран салж, нутаг бэлчээрээсээ холдож, хараа хяналтгүй болсон, өмчлөгч эзэмшигч нь чухам хэн болох нь тодорхой мэдэгдэхгүй байгаа малыг ойлгох бөгөөд алдуул мал олсон иргэн Иргэний хуулийн 117 дугаар зүйлд зааснаар тухайн орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад мэдэгдэж малын эзнийг тогтоох хүртэл өөрийн эзэмшилд байлган маллах, орон нутгийн захиргаа, цагдаагийн байгууллагад шилжүүлэх үүрэгтэй байна.
Шүүгдэгч Ө.Шын хувьд ижил сүргээсээ салж, нутаг бэлчээрээсээ холдож өөрийнх адуунд нийлсэн адууг бусдын өмчлөлийн болохыг мэдсээр атлаа хуульд заасан дээрх иргэний үүргээ биелүүлэлгүй, ашиг хонжоо олохоор зарж борлуулан завшсан болох нь хэргийн баримтаар хангалттай нотлогджээ.
Ө.Ш нь гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ. Тэрээр бусдын эд хөрөнгийг авч болохгүйг буюу өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа өөрийн адуунд нийлсэн бусдын алдуул малыг завшиж бусдын өмчлөх эрхэд зориуд хохирол учруулжээ.
Шүүгдэгч Ө.Шын, хохирогч Н.Бын алдуул нэг адууг авсан дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завших гэмт хэргийн шинжийг бүрэн агуулах бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас хохирогч Н.Бд учирсан 2.000.000 төгрөгийн хохирол нөхөн төлөгдсөн болох нь түүний цагдаагийн газарт гаргасан “ Ө.Ш нь 2019 оны 10 сарын 30-ны өдөр хохирол 2.000.000 төгрөгөөр барагдуулсан нь тул надад гомдол санал байхгүй “ гэх хүсэлтээр нотлогдох ба шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болно.
Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Малын үнэлгээгээр хохирогч Н.Бын “Орос будиан” азарганы 25 хувьтай байдасыг 2.000.000 төгрөгөөр үнэлжээ /хх-26/.
Шүүгдэгч Ө.Шын тохиолдлын шинжтэй нөхцөл байдлаас буюу ижил сүрэг, нутгаасаа тасарч, алдагдан өөрийн адуунд нийлсэн нэг адууг завшсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан эдийн хохирлыг нөхөн төлсөн нь мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т тус тус заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдлууд болох ба харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Ө.Шын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарах ба мөн хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлүүдэд заасан эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдлууд бүрэн хангагдсан байна.
Тухайлбал, шүүгдэгч Ө.Шын үйлдсэн хэрэг нотлох баримтаар нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогч “ нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй” гэсэн, тэрээр өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гарган, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу прокурорын сонгосон ялыг хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн түүний мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдсон байна.
Иймд Ө.Шд холбогдох хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана ” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхээр тогтоолоо.
Шүүгдэгч Ө.Ш нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдъя.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсгүүд, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ө.Шыг алдуул мал завших буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Шыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүхийн шатанд ялтан Ө.Шд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.
4. Ялтан Ө.Ш энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч Н.Бд учирсан 2.000.000 төгрөгийн хохирол нөхөн төлөгдсөн, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН