| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баянгийн Мөнхзаяа |
| Хэргийн индекс | 177/2019/0186/э |
| Дугаар | 01 |
| Огноо | 2019-12-23 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Х.Энхтуул |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 23 өдөр
Дугаар 01
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Алтанлхам, улсын яллагч Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуул, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Лхагважав, шүүгдэгч Ц.Ё нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овгийн Ц-ын Ё-д холбогдох 1935003900192 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1993 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Увс аймгийн Наранбулаг суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барилга, гэр ахуйн цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Увс аймгийн Наранбулаг сумын 1 дүгээр багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, Т овогт Ц-ын Ё, регистрийн дугаар: ................
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Ц.Ё нь 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Увс аймгийн Наранбулаг сумын төвөөс хохирогч Ц.Б-ийн 7 настай 1 тооны морийг хулгайлж 850.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар: Шүүхийн хэлэлцүүлгээр 1935003900192 дугаартай эрүүгийн хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
1. Хохирогч Ц.Б-ийн “...Манайх Наранбулаг сумын төв дээр мал маллаж амьдардаг бөгөөд би өөрийн гэсэн нийт 5 морьтой. Тэгтэл 2018 оны 10 дугаар сарын 26-ны өглөө би гэртээ тэжээж байсан хүрэн зүсмийн 7 настай буруу чих нь урдаасаа цөгрөг имтэй, буруу гуяндаа босгон галтай дэгрээ тамгатай, буруу гуяны дотор талд чоно хазсан сорвитой 1 тооны морио хашаанаас гаргаад ус руу явуулаад орой гэр дээр уг морь ирээгүй ...” /хх-ийн 6 дугаар хуудас/,
“...Би тухайн үед буюу 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс хойш дөрвөөс тав хоногийн дараа уг морь алга болсон талаар Ё-ын аав Ц ахын утас руу залгаад “би ...1 тооны хүрэн зүсмийн морь алга болоод олдохгүй байна, морио хайгаад явж байгаа тул би дараа очиж шалгалтаа өгнө гэж хэлсэн”. Би Ц гэдэг хүнээс судар заалгаж байсан. Ё аав Ц-ын хамтаар Наранбулаг сумын төв дээр нэг хашаанд амьдардаг байсан...” /хх-ийн 7 дугаар хуудас/,
“...Ё нь тухайн морийг гэртээ тэжээгээд 2018 оны 12 дугаар сард Бүрэнзэвсэг гэдэг хүнд зарчихсан байна. ...Бүрэнзэвсэг нь манай морийг тогтож өгөхгүй байхаар нь өөр морьтой сольсон байсан бөгөөд би буцааж өөрийн морийг тухайн хүнээс авсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9 дүгээр хуудас/,
2. Гэрч Ө.Б-ийн “...2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Ё-ын гэрт очоод би түүнд “би нөгөө хүрэн зүсмийн морийг чинь худалдаж авъя” гэж хэлэхэд Ё “ав ав” гэж хэлсэн. Би оронд нь юу авах вэ? гэж асуухад Ё уг хүрэн морины оронд 450’000 төгрөгөөр үнэлээд 2 эр хонь, 2 эм хонь, бэлэн 50’000 төгрөг өгөөд уг хүрэн зүсмийн морийг тэр өдөр авсан юм. Тэгээд би уг морийг тэжээж онд оруулсан. Уг морийг авах үед их туранхай байсан бөгөөд буруу чих нь өмнөө цөгрөг, буруу гуяндаа босгон дэгрээ тамгатай, буруу гуяны хойд хэсэгт чоно хазсан байрын шарх эдгэсэн байсан бөгөөд уг хүрэн зүсмийн 7 настай морь гүйгээд тогтож өгөхгүй болохоор 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Наранбулаг сумын төвд адуу тууж явсан хүн ирж явахаар нь очиж уулзаад гүйгээд тогтож өгөхгүй нэг морь байна, бэлэн мөнгөөр нь өгмөөр байна гэж хэлэхэд адуу тууж явсан хүн мөнгөөр авах боломж байхгүй, мориор солиод авахгүй юу гэж хэлэхээр нь зөвшөөрөөд Ё-аас худалдаж авсан хүрэн зүсмийн буруу гуяндаа босгон тамгатай морийг адуу тууж явсан хүнд өгөөд оронд нь бор зүсмийн морь авсан...” /хх-ийн 10-11 дүгээр хуудас/,
...Тэгээд маргааш орой над руу манай нутгийн Б гэгч утсаар залгаад надад “би өнгөрсөн жил гээсэн морио олж авлаа. Та миний адууг адуу тууж явсан хүнтэй сольж авсан байна. Та хаанаас миний морийг авсан бэ?” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Бд наад морийг чинь өнгөрсөн жил 12 дугаар сарын 13-ны өдөр Ц-ын залуу болох Ё-аас худалдаж авсан, тэгээд наад морь чинь гэр дээр тогтохгүй болохоор нь адуу тууж явсан хүнтэй солиод авчихсан юм гэж хэлсэн. ...2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр өөрийнхөө портер загварын машинаар Ё-ын адуугаар сольж авсан адууг ачаад Улаангом сумын төвд ирээд тухайн адуу тууж явсан хүнд өгөөд Ёаас худалдаж авсан адууг буцааж аваад, тухайн адууны эзэн гэх Бд өгсөн юм. ...Ё надад учирсан хохирол болох түүнээс 7 настай морь худалдаж авсан гэх 450’000 төгрөгийн өртгийг төлж барагдуулсан бөгөөд надад ямар нэгэн санал хүсэлт, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар хуудас/,
3. Гэрч Б.Б-ийн “...уг морийг манай нөхөр Ё 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр манай сумын харьяат манай хадам аав Ц-д үзүүлдэг хүн болох Б-т 450’000 төгрөгөөр тооцож зарсан бөгөөд Б-ээс 2 тооны эр хонь, 2 тооны эм хонь болон бэлнээр 50’000 төгрөг авсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар хуудас/,
4. Увс аймгийн Мал эмнэлгийн газрын улсын байцаагчийн “...хүрэн зүсмийн баруун чих нь урдаасаа цөгрөг имтэй, баруун гуяндаа галтай дэгрээ тамгатай, баруун гуяны дотор талд эдгэж үлдсэн сорвитой эр морины насыг тогтоолоо. ...уг адууг 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар 7 настай адуу гэж үзэж байна” гэх 16 дугаартай дүгнэлт,
5. Гэрэгэ эстимэйт ХХК-ий Мал үнэлсэн тухай шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн “...морины зах зээлийн дундаж үнэ 2018 оны 10 дугаар сарын 26-ны байдлаар Увс аймгийн Наранбулаг суманд 750’000 /долоон зуун тавин мянга/-н төгрөг байсан болохыг тодорхойлов. Уг морины насыг Наранбулаг сумын мал эмнэлгийн улсын байцаагч З.Буйдадын дүгнэлтэд үндэслэн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар 6 настай байсан гэж үзэв” гэх 19/235 дугаартай дүгнэлт,
6. Шүүгдэгч Ц.Ё-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Би гэрээрээ адуу тэжээдэг бөгөөд 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр өөрийн адуугаа авах гээд явж байгаад буцаад ирж байтал нэг тооны морь байсан бөгөөд холоос явсан байдалтай байсан, их ядарч туйлдсан байсан болохоор би тэр адууг авч гэртээ тэжээсэн. Энэ үйлдэл нь миний буруу. Хулгай хийсэн үйлдэлдээ гэмшиж байна” гэх мэдүүлэг зэрэг болно.
Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, нотолбол зохих байдлыг хангалттай тогтоож чадсан, адууны нас тогтоосон болон адууг үнэлсэн шинжээчийн 16, 19/235 дугаартай дүгнэлтүүдийг тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны нотлох баримт гэж үнэлэв.
Шүүгдэгч Ц.Ё нь 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Увс аймгийн Наранбулаг сумын төвөөс хохирогч Ц.Бийн 6 настай 1 тооны морийг авч өөрийн хашаандаа тэжээж байгаад 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр гэрч Ө.Б-т 450’000 төгрөгөөр худалдсан байна. Тухайн хүрэн зүсмийн адууг хулгайлаагүй, хүн нь хайж ирвэл өгөхөөр тэжээж байгаад тэжээл дуусахаар худалдсан гэж шүүгдэгчийн эхнэр Б.Б, ээж Б.О нар нь мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн байна. Гэвч шүүгдэгч нь тухайн адууг гэртээ тууж авч ирсэн, алдуул мал олсон талаарай эрх бүхий этгээд болох багийн засаг дарга, цагдаагийн байгууллагад мэдэгдэж, бүртгүүлээгүй, тухайн хүрэн зүсмийн морь алга болсон талаар шүүгдэгчтэй хамт нэг хашаанд амьдарч байсан түүний аав Ц-д хохирогч мэдэгдсэн талаар үйл баримт байх тул тухайн хүрэн зүсмийн адууг алдуул мал гэж дүгнэх үндэслэлгүй юм.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн хуульчилсан тайлбарт мал гэдэгт адуу хамаарч байна.
Шүүгдэгч Ц.Ё-ын хохирогч Ц.Б-ийн 1 тооны 6 настай адууг хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэргийн шинжийг хангаж байна. Иймд шүүгдэгч Ц.Ё-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын мал хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Б-д 750’000 /долоон зуун тавин мянга/ төгрөгийн хохирол учирсан байна. Шүүгдэгч Ц.Ё нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн болох нь “...би буцааж өөрийн морийг тухайн хүнээс авсан юм. Надад Ё-аас нэхэмжлэх зүйл болон ямар нэгэн санал хүсэлт байхгүй...” гэх хохирогч Ц.Б-ийн мэдүүлэг /хх-ийн 8-9 дүгээр хуудас/-ээр тогтоогдож байна. Иймд шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч Ц.Ё нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ц.Ё нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан “учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэмжээний дотор нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч нь 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хулгайлсан 1 тооны адууг гэрч Ө.Б-т худалдаж 450’000 төгрөгийг орлого олсон бөгөөд тухайн мөнгийг гэрч Ө.Бүрэнзэвсэгт буцаан өгсөн гэх үйл баримт тогтоогдсон.
Төр иргэнийг гэмт хэрэг үйлдсэнийх нь төлөө шийтгэл оногдуулчхаад дахин Монгол улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан эд хөрөнгийн эрхэд нь халдаж, улсын төсөвт орлого хуримтлуулах нь шударга ёсонд үл нийцнэ. Хууль шударга ёсыг тогтоох, бэхжүүлэх, хамгаалах зорилготой бөгөөд хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор шударга ёсыг үгүйсгэж болохгүй юм. Иймд улсын яллагчийн “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 хэсэгт заасан үндэслэлээр 450’000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, улсын орлого болгох” гэх саналыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Ц.Ё-аас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүхээс шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийн дагуу дахин шинжээч томилж шинжилгээ хийлгэхтэй холбогдон гарсан зардал болох шинжээч нарыг тээвэрлэхэд гарсан бензиний үнэ 108’900 төгрөгийг гаргуулж Увс аймаг дахь шүүхийн тамгын газарт, шинжээчийн хөлс 58’000 төгрөгийг гаргуулж Увс аймгийн Наранбулаг сумын мал эмнэлгийн улсын байцаагч З.Буйдадат тус тус олгох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ц.Ё нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овогт Ц-ын Ё-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ё-д 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч Ц.Ё нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ё-аас шинжээч нарыг тээвэрлэхэд гарсан бензиний үнэ болох 108’900 төгрөгийг гаргуулж Увс аймаг дахь шүүхийн тамгын газарт, шинжээчийн зардалд 58’000 төгрөгийг гаргуулж Увс аймгийн Наранбулаг сумын мал эмнэлгийн улсын байцаагч З.Буйдадат тус тус олгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЗАЯА