Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол

2020 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 09

 

 

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Алтанлхам, улсын яллагчаар Увс аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч прокурор Б.Баярмагнай, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Л, шүүгдэгч З.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Динагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт З-ийн Т-д холбогдох 1935000110053 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1974 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Увс аймгийн Тэс сумын 6-р багт оршин суух, Б овогт З-ийн Т, регистрийн дугаар: ...............,

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч З.Т нь 65-55 УВА улсын дугаартай Зил-130 загварын тээврийн хэрэгсэл ашиглаж, 2018 оны 11 дүгээр сард тус аймгийн Тэс сумын 8 дугаар багт байрлах Нарийны голын модон гүүрнээс 47 ширхэг модыг нууцаар, хууль бусаар хулгайлж хохирогч буюу Увс аймгийн Тэс сумын Засаг даргын тамгын газарт 208’455  /хоёр зуун найман мянга дөрвөн зуун тавин тав/ төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр “Б овогт З-ийн Т нь 65-55 УВА улсын дугаартай Зил-130 загварын тээврийн хэрэгсэл ашиглаж, 2018 оны 11 дүгээр сард Увс аймгийн Тэс сумын 8 дугаар багт байрлах Нарийны голийн хуучин модон гүүрний сууринаас /гүүрнээс үлдсэн дам нурууны модноос/ 47 ширхэг буюу 208’455  /хоёр зуун найман мянга дөрвөн зуун тавин тав/ төгрөгийн үнэ бүхий модыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоов.

Дээрх үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдов.

1. “Нарийны голын гүүр гэх газарт хуучин модон гүүрний суурь байх ба гүүрний шал хэсгийн моднууд нь байхгүй байв...” гэх Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /I хх-ийн 7-13 дугаар хуудас/,

2. “...Тухайн санхүүгийн программаас 2016 оны 4 дүгээр улирлын тайлан мэдээг шалгаж үзэхэд байгууллагын регистр: 9063501, байгууллагын нэр: Сумын ЗДТГ, ерөнхий нягтлан бодогчийн нэр: Ц.Э, үндсэн хөрөнгө бүртгэлийн хэсэгт: хасагдсан байх бөгөөд хасагдсан мөнгөн дүн 25’000’000 төгрөг гэж бичигдсэн байлаа. 2017 оны тайлан мэдээг шалгаж үзэхэд модон гүүр барилга байгууламж хэсэгт бүртгэгдээгүй байлаа...” гэх Санхүүгийн цахим санд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /I хх-ийн 23-25 дугаар хуудас/,

3. “...2018 онд модон гүүрийг бүртгэлд бүртгээгүй байлаа...” гэх Баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /I хх-ийн 26-28 дугаар хуудас/

4. Увс аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 10 дугаар сарын 21-ны өдрийн А/169 дугаартай “...Тэс сумын ЗДТГ-ын Нарийны голын модон гүүрийг акталж, сумын өмч хамгаалах байнгын зөвлөлд шийдвэрлэх...” гэх тогтоолын хуулбар /I хх-ийн 52 дугаар хуудас/,

5. Увс аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 10 дугаар сарын 21-ны өдрийн хуралдааны “...Худалдах жагсаалтад дурдсан Нарийны голын модон гүүрийг акталж материалыг сумын ӨХЗөвлөлөөр үнэ тогтоож худалдахаар тогтов” гэх тэмдэглэл /I хх-ийн 53-55 дугаар хуудас/,

6. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Тэс сумын 8-р багийн нутагт байрлах Нарийны голын модон гүүрийг би сайн мэднэ. Тус гүүр нь 1977 онд ашиглалтад орсон, хар модоор барьсан. ...Жижиг 5-н гүүр, том 2 гүүр баригдсан. Засаж сэлбэж 1 том гүүр үлдсэн, тэр гүүрний нийт урт нь 127 метр гүүр байсан. Ашиглалтад ороод 42 жил болж байгаа. Сүүлд 2000-2010 оныг хүртэл төсвийн мөнгөнөөс жил бүрийн хавар 3 сая төгрөгөөр засвар хийдэг байсан. Сүүлд 2011 оны хавар 6 дугаар сараас 9 дүгээр сар хүртэл нийтдээ 25 сая төгрөгөөр тус тус засвар, үйлчилгээ хийгдэж байсан юм...” гэх мэдүүлэг /I хх-ийн 119-120 дугаар хуудас/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Манай дарга нар 2018 оны 10 сард очиж үзсэн. Тухайн гүүр нь үндсэн гурван үе шаттай бөгөөд доороос нь дамнуурга яваад хар шал давхар яваад банзаар гадарласан байсан. Бид нарыг очиход банз нь ч байхгүй хар шал ч байхгүй байсан. Зөвхөн дамнуурга л байсан. Тухайн гүүр нь 2012, 2014 онуудад актлагдсан. Миний мэдэх зүйл энэ. Шүүгдэгч З.Таас ...бүх модыг тоо ёсоор нь авсан, энэ хүнээс авах хохирол төлбөргүй, гомдолгүй...” гэх мэдүүлэг,

7. Шүүгдэгч З.Т-ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2018 оны 11 дүгээр сард гүүрний мод авсан нь үнэн. Авсан 47 ширхэг модоо тоо ёсоор нь сумын ЗДТГ-т хүлээлгэж өгсөн. Мод өгсний дараа шинжээч ирж дүгнэлт гаргасан бөгөөд 208’000 төгрөгөөр үнэлсэн байсан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа...” гэх мэдүүлэг,

8. Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 2019 оны 5 дугаар сарын 09-ны өдрийн “...Яллагдагч Ш.Ч нь гэм хэрэг үйлдэж байгаа талаар мөн өөрийн үйлдлийг хууль бус гэдгийг мэдээгүй байх тул эрүүгийн хууль заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй байна. Иймд яллагдагч Ш.Ч-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ...” гэх 5/10 дугаартай прокурорын тогтоол /II хх-ийн 73-75 дугаар хуудас/,

9. Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 2019 оны 5 дугаар сарын 09-ны өдрийн “...Яллагдагч З.М нь гэмт хэрэг үйлдэж байгаа талаар өөрөөр хэлбэл, өөрийн үйлдлийг хууль бус гэдгийг мэдээгүй байх тул эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй байна. Иймд яллагдагч З.М-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ...” гэх 5/10 дугаартай прокурорын тогтоол /II хх-ийн 76-78 дугаар хуудас/,

10. Увс аймгийн Тэс сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн “Өмч хамгаалах байнгын зөвлөл шинэчлэн байгуулах тухай” 05 дугаартай тогтоол /II хх-ийн 221 дугаар хуудас/,

11. Сумын өмч хамгаалах байнгын зөвлөлийн 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн “...Нэг. Нарийны голын гүүрний модыг үнэ тогтоох шаардлагагүй гэж дүгнэсүгэй. Хоёр. Гүүрний модыг Засаг даргын тамгын газар нь өөрийн зардлаар буулгаж орчныг цэвэрлэж далан гуу жалгыг тэгшилж аюулгүй байдлыг хангах...” гэх хурлын тэмдэглэл /II хх-ийн 223-224 дүгээр хуудас/,

12. Сумын өмч хамгаалах байнгын зөвлөлийн 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн “...Нэг. Тус сумын Нарийны голын гүүрний модыг үнэ тогтоох шаардлагагүй гэж дүгнэсүгэй. Хоёр. Гүүрний модыг Засаг даргын тамгын газар нь өөрийн зардлаар буулгаж, орчныг нь цэвэрлэж далан гуу жалгыг тэгшилж аюулгүй байдлыг хангаж ажиллах...” гэх 01 дугаартай дүгнэлт /II хх-ийн 225 дугаар хуудас/,

13. “Гэрэгэ эстимэйт” ХХК-ны 47 ширхэг модны үнэлгээг тогтоосон “47ш модны үнэ цэнийг 2018 оны 11 дүгээр сарын байдлаар 208’455 төгрөг гэж тооцоолов” гэх 19/192 дугаартай дүгнэлт /II хх-ийн 246-аас III хх-ийн 06 дугаар хуудас/ зэрэг нотлох баримт болно.

Мөрдөгч нь дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Шүүгдэгч З.Т-ы 47 ширхэг модыг авсан Нарийны голын модон гүүр нь Улаангом-Тэс сум чиглэлийн замын 141-дэх км-ээс 143 дахь км хооронд Нарийны голын салаанууд дээр 6-127 м-ийн урттай 8 гүүр байсан бөгөөд, 1974-1983 оны хооронд ашиглалтад оржээ. Дээрх модон гүүрнүүдэд их засвар хийгдээгүй, жил бүр урсгал засвар, арчлалтын ажил хийгдэж ирсэн бөгөөд 34-43 жил ашиглагдсан байна. Ашиглалтын явцад гүүрнүүдийн хийц хэсгүүд бүхэлдээ өмхөрч, цуурах, шалнууд цөмрөх, тулгуурууд суух, хазайх, хөндлөн, дагуу нуруунууд өмхөрч, үжирснээс хугарч алга болох зэргээр ашиглах боломжгүй болсон гүүрийг бусад гүүрний модоор сэлбэн засаж уг Нарийны голын нэг гүүрний суурь буюу дам нурууны моднууд үлдсэн байна.

Увс аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 10 дугаар сарын 21-ны өдрийн А/169 дугаартай тогтоолоор уг Нарийны голын модон гүүрийг акталж, Тэс сумын өмч хамгаалах байнгын зөвлөлд шилжүүлж шийдвэрлэжээ.

Уг гүүрийг 2016 онд Тэс сумын Засаг даргын Тамгын газрын санхүүгийн цахим сангийн бүртгэлээс хассан байх бөгөөд 2017 оны санхүүгийн цахим сангийн тайланд бүртгээгүй байна. Мөн Тэс сумын Засаг даргын Тамгын газрын Э-д хөрөнгийн тооллогын бүртгэлд 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр уг гүүр бүртгэгдсэн, 2018 оноос эд хөрөнгийн /цаасан/ бүртгэлд бүртгэгдээгүй байна.

2015 онд Нарийны голын бетон гүүр ашиглалтад орсноор 2017 оноос модон гүүрийг ашиглалтаас бүрэн гаргасан нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлгээр тогтоогдож байна. Мөн тухайн гүүрийг Тэс сумын Засаг дарга Ж.Н, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б нар гүүрний мод хулгайлагдахаас өмнө буюу 2018 оны 10 сард очиж үзэхэд банз, шал байхгүй зөвхөн дам нуруу нь үлдсэн байсан нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлгээр тогтоогдож байна.

Тэс сумын өмч хамгаалах байнгын зөвлөлийн 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 01 дугаартай дүгнэлтээр Нарийны голын гүүрний модыг үнэ тогтоох шаардлагагүй гэж дүгнэсэн байна.

Эд хөрөнгийг актлах гэдэг нь тухайн эд хөрөнгийг зориулалтын дагуу ашиглахгүй байх гэдэг ойлголт бөгөөд өмчлөх, эзэмших эрх дуусгавар болсон гэх ойлголт биш юм. Гэвч Увс аймгийн Тэс сумын иргэд тухайн гүүрийг акталсан гэдгийг эд хөрөнгийн эрх дуусгавар болсон гэдгээр ойлгож, гүүрний модноос авч байсан нь гэрч Г.Б-н “...2018 оны 10-11 дүгээр сард Тэс сумын 6 дугаар багийн нутагт байрлах ЗДТГ-ын байрнаас гүүрний мод автомашин /ачиж/ явж байхыг харсан. Би хэсгийн төлөөлөгч д/ч А-тэй хамт сумын төвөөр явж мод ачсан автомашиныг хайсан бөгөөд Банзрагч гэгчийн хашаан дотор мод буулгачихсан байсан. Хүмүүс нь байхгүй байхаар нь хүлээгээд зогсож байхад арын гудамжнаас Б, Б нар хажуудаа хоёр хүний хамтаар гарч ирсэн юм. Тэгээд би гүүрний мод ямар учраас авсан юм  гэхэд акталсан хэрэггүй гүүр учраас хүн болгон авч байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би сумын төвийн айлуудаар явахад Б, Б, Т, Д, Н гэх айлуудын хашаанд гүүрний моднууд их бага хэмжээгээр байсан юм...” гэх /II хх-ийн 227-228 дугаар хуудас/ мэдүүлгээр тогтоогдож байна.

Мөн шүүгдэгч З.Т-ы “...2018 оны 11 дүгээр сарын сүүлээр /хэдний өдөр болохыг тодорхой санахгүй байна/ би тус аймгийн Тэс сумын 8-р багийн нутаг дэвсгэрт байрлах Нарийны голын модон гүүрний модыг хүмүүс аваад хашаанд буулгачихсан байхыг харсан. Би Б, Б нарын хашаанд мод байгаа болохыг хараад тухайн гүүрийг акталчихсан учраас модыг нь авч болж байгаа юм байна гэж бодоод хашаандаа малын хашаа барих зорилгоор мод авахаар болсон юм...” гэх мэдүүлгээр /I хх-ийн 221-223 дугаар хуудас/ давхар нотлогдож байна.

Нарийны голын модон гүүрний өмчлөгч нь Тэс сумын Засаг даргын Тамгын газар байх бөгөөд 2017 оноос хойш тухайн эд хөрөнгөд эд хариуцагч томилоогүй, 2018 оны 10 дугаар сард тус сумын Засаг дарга Ж.Н, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б нар Нарийны голын модон гүүрийг очиж үзээд дам нуруунаас бусад хэсэг нь алга болсон байхад тухайн эд хөрөнгийн өмчлөгчийн хувьд хамгаалах арга хэмжээ аваагүй байна. Тодруулбал эд хөрөнгийг хамгаалаагүй, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваагүй нь улмаас тус сумын иргэд тухайн гүүрийг акталсан учир модыг авч болно гэдэг ойлголттой болсон байна.

Өөрөөр хэлбэл Тэс сумын иргэд тухайн гүүрний модыг авах нь хууль бус гэдгийг мэдээгүй, нийтээр хүлээн зөвшөөрөгдөх үйлдэл гэж ойлгож ухамсарласан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний эд хөрөнгө ...-д шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заасан бөгөөд энэ хэргийн хохирол нь Нарийны голын гүүрний 47 ширхэг мод болно. Хөрөнгө үнэлгээний тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд хулгайлагдсан 47 ширхэг модыг нэг бүрийн шинжээр нь үнэлж нийт 208’455 төгрөг болохыг тодорхойлсон байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн хуульчилсан тайлбарт /authentic/ “энэ зүйлийн 1 дэх хэсэгт  заасан үйлдлийн улмаас бага хэмжээний хохирол учруулсан бол гэмт хэрэгт тооцохгүй” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3 дахь заалтад “бага хэмжээний хохирол гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “энэ хуульд заасан нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна” гэж тус тус хуульчилсан болно. Өөрөөр хэлбэл хулгайлсан мод нь 300 нэгж буюу 300’000 төгрөгөөс бага үнэлгээтэй байх тул шүүгдэгч З.Ты үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг хангахгүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн хуульчилсан тайлбар “...энэ зүйлийн 2, 3 дахь хэсэгт энэ тайлбар хамаарахгүй” гэсэн байх тул шүүгдэгч З.Ты 65-55 УВА улсын дугаартай Зил-130 загварын тээврийн хэрэгсэл ашиглаж, 2018 оны 11 дүгээр сард Увс аймгийн Тэс сумын 8 дугаар багт байрлах Нарийны голийн хуучин модон гүүрний сууринаас /гүүрнээс үлдсэн дам нурууны модноос/ 47 ширхэг модыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан байна. Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувийн байдал, үйлдлийн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй байх тул гэмт хэрэгт тооцох үндэслэлгүй гэж дүгнэв.

Учир нь шүүгдэгч З.Т нь урьд өмнө Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, нийгмийн хэв журмыг зөрчиж гэмт хэрэг, зөрчил үйлдэж байгаагүй, 2017 оноос Нарийны голын модон гүүр нь байгалийн хүчин зүйл болон хүний оролцоотойгоор устаж, зөвхөн гүүрний суурь буюу дам нуруу үлдсэн байна. Тухайн гүүрний модноос иргэд авч ашиглаж байхад Тэс сумын Засаг даргын Тамгын газар өмч хариуцагчийн хувьд арга хэмжээ аваагүй нь улмаас иргэдийн дунд “Нарийны голын гүүрийг акталсан учир хэн авч болно” гэх ойлголтыг бий болгосон байна.

Нарийны голын гүүрний модыг Сумын өмч хамгаалах байнгын зөвлөлөөс тухайн модыг ашиглах боломжгүй тул үнэлгээ тогтоох шаардлагагүй гэж дүгнэсэн нь тухайн эд хөрөнгө нь өмчлөгчийн хувьд үнэ цэнгүй буюу эд хөрөнгө аливаа хэлбэрээр устаж үгүй болсноор өмчлөх эрх нь зөрчигдөх нөхцөл байдал болохгүй байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч З.Т нь 47 ширхэг модыг авахаас өмнө Нарийны голын гүүрний модыг өмчлөгчийн зүгээс бусад байдлаар ашиглах, эдийн засгийн эргэлтэд оруулах үнэ цэнгүй болсон байх тул хохирогчийн эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулсан гэж үзэх үндэслэлгүй юм.

Гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийн гэмт санаа буюу гэм буруугийн хэлбэр, байдлаас гадна учруулсан хохирол, хор уршгийн хэмжээгээр тодорхойлогддог байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх заалтыг баримтлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч З.Т-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгах үндэслэлтэй байна.

Энэ хэрэгт шүүгдэгч З.Т нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан төмөр ломбо 1 ширхгийг шүүгдэгчид буцаан олгож, 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 5/06 дугаартай  “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч нь хохирогч Тэс сумын Засаг даргын Тамгын газарт 208’455 төгрөгийн үнэ бүхий 47 ширхэг модыг хүлээлгэн өгсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь иргэний нэхэмжлэл гаргаагүй болохыг дурдаж, шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 5 дах хэсэг, 36.6, 36.9, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэг, мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Увс аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б овогт З-гийн Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1935000110053 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, Борлууд овогт Зинагийн Тыг цагаатгасугай.

2. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан төмөр ломбо 1 ширхгийг шүүгдэгчид буцаан олгож, 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 5/06 дугаартай  “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2.4-д зааснаар шүүгдэгч З.Т нь мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн үйл ажиллагааны улмаас эд хөрөнгө, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эрүүл мэнд, сэтгэл санаанд хохирол учирсан бол уг хохирлыг нөхөн төлүүлэх, үр дагаврыг арилгуулахаар цагаатгах тогтоолыг хүлээн авснаас хойш 10 жилийн дотор Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг тайлбарласугай.

4. Хохирогч Тэс сумын Засаг даргын Тамгын газарт 208’455 төгрөгийн үнэ бүхий 47 ширхэг модыг хүлээлгэн өгсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь иргэний нэхэмжлэл гаргаагүй болохыг дурдсугай.

5. Цагаатгах тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч З.Т нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй дурдаж, шүүгдэгчид авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар Прокурор, дээд шатны прокурор, оролцогч цагаатгах тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулан бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.МӨНХЗАЯА