Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 10

 

 

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Алтанлхам, улсын яллагч Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр, шүүгдэгч Ц.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Ш овогт Ц-ий М-т холбогдох 2035000010013 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1992 оны 5 дугаар сарын 01-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, Амарсанаа ХХК-д нярав ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр багийн 701 дүгээр байр 29 тоотод оршин суудаг, урьд  ял шийтгүүлж байгаагүй, Ш овогт Ц-ий М /РД: ............/

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Ц.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Гранд зочид буудлын урд талын зогсоол дээр 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 2019 12 дугаар сарын 25-нд шилжих шөнө иргэн С.Б-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас харилцан зодолдож, улмаар С.Б-гийн эрүүл мэндэд  хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар: Шүүхийн хэлэлцүүлгээр 2035000010013 дугаартай эрүүгийн хэрэгт авагдсан бичгийн болон эд мөрийн баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Хохирогч С.Бгийн “...2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Амарсанаа ХХК-ий шинэ жилийн баяр Гранд ресторанд болж би оролцсон. Би баярын үеэр архи согтууруулах ундаа хэрэглэсэн тул нэлээн согтсон. Энэ үеэр би барилгын нярав М-тай юунаас нь мэдэхгүй маргалдсан. Нэлээн согтуу байсан тул маргалдсан шалтгаанаа санахгүй байгаа юм. М бид хоёр маргалдаад 2 дугаар давхрын ресторанаас гадагш гарах гээд шатны хэсэгт иртэл М миний урд явж байгаад эргэж хараад миний нүүр, амны дээд тал руу 1 удаа шанаадаж цохитол тэр үед бид хоёрын хажуугаар зөрж явсан хэн нь мэдэхгүй хүмүүс бид хоёрыг салгаж 2 тийш болгоод 2-3 хүн нь М-ыг бариад шатаар уруудаж доош буусан. ...М хүмүүсээс бага зэргийн зайд гарч холдоод надаас “чи яагаад надтай хавираад байгаа юм бэ” гэхээр нь би “чи яагаад намайг цохиж байгаа юм бэ” гэтэл М уурлаад миний хувцаснаас заамдаж барихаар нь би зөрүүлээд Мын хувцаснаас барих гэтэл намайг түлхтэл давхцаад миний гутал халтирч би газарт  унасан. Газарт унаад босох гээд өндийж байтал М миний нүүрний хэсэг рүү 2 удаа өшиглөж цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,

2. Гэрч П.Б-гийн  “...2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр миний ажилладаг “Амарсанаа” ХХК-ий шинэ жилийн баяр “Гранд” ресторанд болж би ажилчидтайгаа оролцсон. ...Б буцаад Мын ширээ рүү очоод Мтай маргалдаж байгаад дагалдаад гадагш гарсан. Би араас нь дагаад гарахаар явсан ба шатны хэсэгт М урд нь гараад Б араас явж байсан чинь Б М-ын араас дагз, шил хэсэг рүү гараараа чичих шиг болсон чинь М зөрүүлээд нүүр лүү нь цохих шиг болоод барьцалдсан. Би тэр хоёрын дундуур орж салгаж холдуулчаад буцаж ресторан руу орж гадуур хувцас, бэлэг гэсэн зүйлсээ авсан. Тэд нар гадагш гарсан байсан. Гадна гарсан чинь зогсоолын урд Б, М 2 маргалдаж, зодолдсон байдалтай байхаар нь очиж салгаж 2 тийш болгосон ба Бгийн нүүрний хэсэг цус болсон байдалтай байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41 дүгээр хуудас/,

3. Гэрч Б.Б-ий “...Тэд нар рестораны үүдээр гараад шат руу ортол хүмүүс бужигналдахаар нь би очоод үзтэл Б М 2 хувцаснаас барьцалдсан тэр хоёрын араас Г, М-ын толгой руу гараараа 2-3 удаа цохисон. Мөн Б тэнд байсан тэд нарыг салгах гэсэн байсан. Би Г-ыг тэд нараас салгаж аваад дотогш орсон. Харин бусад тэндээ үлдсэн тул юу болсныг мэдээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43 дугаар хуудас/,  

4. 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн “...Үзүүлэгч С.Б-н биед гэмтэл учирсан байна. Баруун хөмсөг язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, дээд, доод уруулын салстад цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацар, эрүүний баруун урд хэсэгт цус хуралт гэмтэл учирсан байна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь тогтоолд заасан болсон хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой. Шинээр үүссэн гэмтлүүд байна. Баруун хөмсөгт язарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтэл тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно...” гэх шинжээчийн 46 дугаартай дүгнэлт /хх-ийн 10 дугаар хуудас/,

5. Шүүгдэгч Ц.М-ын яллагдагчаар өгсөн “...Гадна гараад тамхи татаад зогсож байтал байтал 10 орчим минутын дараа Б гадуур хувцас, куртикаа өмссөн гарч ирээд намайг харангуутаа над руу дайраад гараараа нүүр лүү цохихоор нь би буцаагаад Б-г нэг удаа өшиглөсөн. Тэгтэл тэнд байсан хүмүүс салгаж 2 тийш болгосон. ...Б над руу хүрч ирээд над руу дайрахаар нь би эхлээд гараараа нэг удаа Б-гийн нүүр лүү цохисон чинь газар унасан. Тэхээр нь нүүр лүү 1 удаа өшиглөсөн... ” /хх-ийн 56-57 дугаар хуудас/ гэх мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримт болно.

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, нотолбол зохих байдлыг хангалттай тогтоож чадсан, 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 46 дугаартай “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ”-ний дүгнэлтийг тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ үнэн зөвийг хариуцах чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны нотлох баримт гэж дүгнэв.

Хэрэгт авагдсан баримтаас дүгнэхэд шүүгдэгч Ц.М, хохирогч С.Б нар нь архидан согтуурч, маргалдсаны улмаас харилцан зодолдох явцад хохирогч С.Б-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь тогтоогдож байна. Энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул шүүгдэгч Ц.М-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлуудыг хянаад хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

Гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна. Шүүгдэгч Ц.М гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн болох нь хохирогч С.Б-гийн“...Биедээ гэмтэл авсан. Учирсан хохирлын талаар баримт байхгүй боловч М-тай ярилцаад 200’000 төгрөг хохиролд авахаар тохиролцож авсан. Одоо надад ямар нэгэн гомдол, санал, хүсэлт байхгүй.....” /хх-ийн 30 дугаар хуудас/ гэх мэдүүлгээр тогтоогдож байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан гэж дүгнэв. Иймд шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч Ц.М нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдсон, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М-т 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450’000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээнд тохирсон гэж дүгнэв.

Шүүгдэгч Ц.М нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сидиг хэргийн хамт хадгалж, шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ш овогт Ц-ий М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М-т 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450’000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Ц.М нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

4. Шүүгдэгч Ц.М нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан сидиг хэргийн хамт хадгалсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М-т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

         

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.МӨНХЗАЯА